Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 182/2018/03080/И |
Дугаар | 001/ХТ2020/00347 |
Огноо | 2020-07-07 |
Маргааны төрөл | Бэлэглэл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2020/00347
Т.У-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00389 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 915 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Т.У-
Хариуцагч: Б.М-
Хариуцагч: Ю.А- нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Б.М-, Ю.А- нарын 2018-09-04-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.У-, түүний өмгөөлөгч Б.Наранцацрал, хариуцагч Б.М-ын төлөөлөгч Г.Намуун, нарийн бичгийн даргад А.Энхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би Б.М-т холбогдуулан тус дүүргийн шүүхэд 2018-08-13-ны өдөр гэр бүл цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Б.М- нь 2018-09-05-ны өдөр маргаантай орон сууц болох ЧД-н ..-р хороо, ..-р байрны .. тоот үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг Ю.А-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна.Гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаантай байхад зарим хэсгийг бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжүүлснээс гэр бүлийн бусад гишүүдэд ногдох хэсэгт өөрчлөлт орно. Иймд Б.М-, Ю.А- нарын хооронд 2018-09-04-ний өдөр хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ю.А- тайлбартаа: Т.У- нь миний хүү Б.М-тай 2007 онд гэр бүл болж, 2012 оноос тусдаа амьдрах болсон. Б.М-, Т.У- нар 2010 онд Голомтбанкнаас зээл авч .. тоот байрыг худалдан авсан ч “...зээлээ төлж чадахгүй байна, боломжтой болохоороо танд буцаагаад өгнө..” гээд надаар зээлээ төлүүлдэг байсан. Миний бие Б.М-ыг нас бие гүйцтэл нь өсгөн хүмүүжүүлж, ач нарыгаа бүхий л хэрэгцээгээр хангаж өдийг хүрсэн. Иймд насанд хүрсэн хүмүүс надад хэлсэндээ хүрж банкинд төлүүлсэн зээлийн мөнгөө буцааж өгөхгүй байсан тул дээрх байрыг хамтран өмчилж тал мөнгийг нь авахаар тохиролцсон. Нэхэмжлэлээс үзэхэд дээрх байрны зээлийг хойшид төлөхгүй нь тодорхой тул би өөрийн өмчлөлд шилжүүлэн авна. Зээлээс нэг ч төгрөгийг Б.М-, Т.У- нар төлж байгаагүй эд нар орон сууцыг өмчлөх эрхгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Б.М- тайлбартаа: Бид гэрлэлтээ бүртгүүлснээс хойш Голомт банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, .. тоот байрыг худалдан авсан хэдий ч миний ээж Ю.А- зээлийг төлдөг байсан. Хамгийн сүүлд ээж маань өөрийн БГД-н ..б-.. тоот байрыг зарж зээлийн үлдэгдэл 11,853,789 төгрөгийг төлж дуусгасан учир тэрээр ... тоот байрыг өмчлөх эрхтэй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 182/ШШ2019/00389 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8.-д заасныг баримтлан Б.М-, Ю.А- нарын 2018-09-04-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх” гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д заасныг баримтлан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-.......666 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн, .. дугаар хороо, .. дугаар хороолол, .... дугаар байрны .. тоот, 58.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Ю.А-гийн нэрийг хасч бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас 144 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 915 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00389 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч талаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Т.У-, Б.М- нарыг хамтдаа амьдарч байх үед нь хариуцагч Ю.А-гийн төрсөн дүү Ю.Алимаа нь ЧД-ийн 6-р хороо, Г.Бумцэнд гудамжинд орон сууцны барилга барьсан бөгөөд Ю.А- нь дүүгийнхээ барьсан барилгаас маш хямд үнээр буюу 30сая төгрөгөөр 2 өрөө байр худалдан авах боломжийг Б.М- нэхэмжлэгч Т.У- нарт олгосон тул тэд Голомтбанктай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулан .. тоотод орших орон сууцыг банкны зээлээр худалдан авсан байна. Гэтэл зээл авсан өдрөөс эхлэн Б.М-, Т.У- нар зээлийнхээ эргэн төлөлтийг огт хийхгүй, эгчээсээ хямдхан авсан байраа банкны барьцаанд алдах эрсдэл бий болоод байсан тул арга буюу Ю.А- нь сар бүр зээлийн төлбөрийг төлж байгаад 2013-07-18-ны өдөр өөрийн ....-38 тоотод орших орон сууцыг зарж, зээлийн үлдэгдэл төлбөр 11,853,789 төгрөгийг төлж дуусгасан байдаг. Хариуцагч Ю.А- нь үндсэндээ Б.М-, Т.У- нарын өмнөөс найман жилийн турш зээлийг нь төлж, нийт 58,296,270 төгрөгний төлөлтийг ганцаараа төлж дуусгасан болно. Хэдийгээр Б.М-, Т.У- нар ээждээ байр худалдаж авсан 58,296,270 төгрөгийг нь буцааж төлнө гэдэг байсан боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг ээждээ буцааж өгөөгүй бөгөөд хойшид ч дээрхи төлбөрийг бэлэн мөнгөөр ээждээ өгөх ямарч боломжгүй гэдэг нь тодорхой юм. Иймд Б.М- нь орон сууцыг дангаар өмчилж байсан тул өөрсдийн өр төлбөрт тооцож орон сууцны хамтран өмчлөгчөөр Ю.А-г нэмж бүртгүүлсэн байдаг. Т.У- нь орон сууцны зээл төлж байсан найман жилийн турш ганц ч удаа зээлийн төлбөрийг төлж байгаагүй бөгөөд, зээлийг төлж байгаа эсэхэд санаа ч зовдоггүй байсан байж Ю.А-г өөрийнхөө байрыг заран байж зээлийн төлбөрийг нь төлж дуусгамагц л гэнэтхэн өмч хөрөнгөтэй хүн гэдгээ санасан юм шиг хүүгээс нь гэрлэлтээ цуцлуулан дундын өмчлөлийн хөрөнгөө хувааж авна хэмээн орон сууцыг 100сая төгрөгөөр үнэлж шүүхэд нэхэмжлэл гаргасанд хариуцагч Ю.А- маш их гомдолтой байдаг юм. Гэсэн хэдий ч нэгэнт дээрх орон сууцны өмчлөгчөөр зөвхөн Б.М- бүртгэлтэй байсан бөгөөд Т.У- уг байрны өмчлөгчөөр нэмүүлэх тухай нэхэмжлэлийг урьд нь шүүхэд огт гаргаж байгаагүй тул орон сууцны төлбөрийг зуун хувь төлж дуусгасан хүн болох Ю.А-г өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн хариуцагч нарын хэлцэл Иргэний хуулийн 183.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Гэтэл шүүгч хариуцагч Ю.А-гийн 7 жилийн турш зээл төлж байсан баримтаа шүүхэд нотлох баримтаар өгч, уг зээлийг бүхэлд нь Ю.А- төлсөн бөгөөд Б.М-, Т.У- нар нэг ч төгрөг төлөөгүй гэж мэтгэлцэн, талууд энэ тухай маргаангүй тайлбар өгсөөр байтал шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Б.М-, Ю.А- нар зээлийн төлбөрийг төлсөнтэй талууд маргаагүй хэмээн Б.М-ыг зээлийн төлбөрийг төлж байсан мэтээр бичсэн байгаа нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан болохыг харуулж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Т.У- 2018-12-05-ны өдөр Б.М-, Ю.А- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ..-р хороо, ..-р байрны .. тоот орон сууцны /цаашид .. тоот гэх/ бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсан бөгөөд “...гэр бүлийн дундын хөрөнгө болох .. тоотын зарим хэсгийг Ю.А-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна...” гэсэн үндэслэл заажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... Б.М-, Т.У- нар 2010 онд Голомтбанкнаас зээл авч .. тоот байрыг худалдан авсан ч зээлээ төлж чадаагүй тул Ю.А- төлж дуусгасан ...” гэж маргасан байна.
Анхан шатны шүүх 2018-09-04-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, .. тоотын гэрчилгээнд Ю.А-гийн нэрийг хасч бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “..... тоот нь гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө байна... Б.М- гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн зарим хэсгийг бусдад бэлэглэхдээ нэхэмжлэгчээс зөвшөөрөл аваагүй... тул бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байна...” гэсэн үндэслэл заажээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, хуульд нийцсэн гэж дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч гомдолдоо “...Ю.А- нь Б.М-, Т.У- нарын өмнөөс найман жилийн турш зээл нийт 58,296,270 төгрөгийг ганцаараа төлж дуусгасан... мөнгийг нэхэмжлэгч буцааж төлөөгүй тул хамтран өмчлөгчөөр Ю.А-г нэмж бүртгүүлсэн.... нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Т.У-, Б.М- нар 2007-07-25-ны өдөр гэр бүл болж, 2007-11-11-ний өдөр М.Үүрийнцолмон, 2011-05-29-ний өдөр М.Энх-Амгалан нар төрсөн нь, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ..-р хороо, ..-р хороолол, ...-р байрны .. тоот, 2 өрөө орон сууцыг зохигч гэр бүл болсноосоо хойш буюу 2010-11-10-ны өдөр Б.М-ын өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлж, Б.М-, Т.У- нар амьдарч байсан нь тус тус тогтоогдсон байна. Түүнчлэн, гэрлэгчид 2010-11-18-ны өдөр орон сууцны төлбөрийг төлөхөөр “Голомт банк” ХХК-иас 30,000,000 төгрөг зээлсэн, уг зээлийг хариуцагч нар төлсөн, орон сууц нэг хүний буюу Б.Магнайбайрын өмчлөлд байх үед хариуцагч нар 2018-09-04-ний өдөр 12,500,000 төгрөгийн үнийн дүнтэй бэлэглэлийн гэрээ байгуулж орон сууцны өмчлөгчөөр Ю.А- нэмж бүртгүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.
Зохигч нар нь Ю.А-г .. тоотын өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн нь хуульд нийцсэн эсэх асуудлаар маргажээ.
Гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүсэх бөгөөд гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна.
Т.У-, Б.М- нар гэр бүл болсноос хойш Б.М- .. тоотын өмчлөгч болсон байх бөгөөд уг эд хөрөнгийг түүний хуваарьт хөрөнгө гэх баримт хэрэгт байхгүй байна. Иймд хоёр шатны шүүх ..95 тоотыг Т.У-, Б.М-, М.Үүрийнцолмон, М.Энх-Амгалан нарын хамтран өмчлөх дундын өмч гэж үзсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.2.1, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.
Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахад гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах тухай заасан бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хуульд зааснаар хүчин төгөлдөр бус юм.
Хэрэгт авагдсан баримтаар, Б.М- Ю.А-тэй бэлэглэлийн гэрээ байгуулж, .. тоотын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхдээ Т.У-ын зөвшөөрлийг аваагүй нь тогтоогдсон байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3., 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Иймд шүүх 2018-09-04-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь зөв байна.
Ю.А- нь “...Т.У-, Б.Магнайбайр нар орон сууц худалдан авахдаа зээл авсан бөгөөд тэр зээлийг нь Ю.А- төлсөн...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрдөг боловч энэ нь хяналтын гомдлыг хангах нөхцөл болохгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар Ю.А- нь .. тоотыг худалдаж аваагүй, харин зээл төлсөн нь тогтоогджээ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр,магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхино.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн мөн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь дутагдалтай болжээ.
а/. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Өөрөөр хэлвэл, хуулиар хориглосон хэлцэлийг хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
Бэлэглэлийн гэрээ хийхийг хуулиар хориглоогүй ч хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн бол уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжтой.
Анхан шатны шүүх хариуцагч нарын хооронд 2018-09-04-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн атлаа 56.1.1 дэх хэсгийг давхар баримталсан нь буруу юм.
б/. Өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл” гэдэг.
Иргэн, хуулийн этгээд өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ. Улсын бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа бүртгэлд бус, харин гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна.
Иймд шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг үндэслэл болгосныг хасаж, үл хөдлөх эд хөрөнгийн “гэрчилгээ”-д бус, харин “бүртгэл”-д өөрчлөлт оруулахыг эрх бүхий байгууллагад даалгах байдлаар шийдвэр, магадлалыг өөрчилж, бусад заалтуудыг нь хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 915 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00389 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан Б.М-, Ю.А- нар 2018-09-04-ний өдөр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн, ... дугаар хороо, ... дугаар хороолол, .... дугаар байрны ... тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-........666 дугаар бүртгэлээс Ю.А-н нэрийг хасаж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай...” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ