Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00446

 

А.П-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2019/00301 дүгээр шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дүгээр магадлалтай,

А.П-ын нэхэмжлэлтэй,

ЗДд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Ажилтныг ажилд томилсон Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн Б/33 дугаартай 2 захирамжийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч А.П- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаартай захирамжаар Дэд бүтэц, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхөөр томилогдон ажилласан. Миний бие Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажлын байранд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилласан, төрийн үйлчилгээний ажилтан юм.

Гэтэл ЗД Б.Дүгэржав нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б/63 дугаартай захирамж гарган А.П- намайг ажлаас халсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн дээрх захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэж, ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах процедурыг зөрчсөн зэргээр эрх зүйн алдаатай болжээ. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай захирамжийн удиртгалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан атлаа А.П- надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ тусгаагүй нь эрх зүйн зөрчилтэй, хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй талаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т тодорхой заажээ.

Гэтэл ЗДас А.П- надад хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй атлаа гэнэтхэн л ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан нь мэдэгдэх сонсгох зарчмыг зөрчсөн. Иймд нэхэмжлэгч миний гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.П- нь ЗДд холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай захирамжаар нэхэмжлэгч А.П-ыг Дэд бүтэц, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажлаас чөлөөлсөн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан 3 үндэслэлийн алинаар нь чөлөөлсөн нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тохиолдолд 30 хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх ёстойг хуульчилсан. Энэ зүйл заалтыг мөн зөрчсөн. Иймд тухайн тушаал нь үндэслэлгүй гарсан гэж үзэх шалтгаан байна.

Хариуцагчийн хувьд улс төрийн албан тушаалтан гэж байсан боловч тухайн ажлын байр нь хөдөлмөрийн гэрээ байгуулж цалинждаг байнгын ажлын байр юм. Иймд үүнийг улс төрийн албан тушаал гэж үзэх үндэслэл байхгүй байна. Харин төрийн үйлчилгээний албан тушаал гэж үзэх үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 болон 24 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогч ажилтан хоёрын хооронд байгуулсан гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан байна. Мөн нийгмийн даатгалын дэвтэр дээр нь ажилд томилсон бичилт нь байна. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн боловч хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаснаас өөр нэмж баримт өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 6.4-д улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл  мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14-д заасан улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан чөлөөлөгдөхөөр заасан.

Улс төрийн албан тушаалтан нь сонгуулийн томилолтын дагуу ажилладаг. Томилолтын дагуу ажиллана, нэг бол үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үндэслэл байхгүй. Д.Галсандондог гэдэг хүний бүрэн эрхийн хугацаа дууссанаар А.П- гэдэг хүний ажиллах хугацаа дуусгавар болохыг хуульд заасан байдаг. Дараагийн Засаг дарга томилогдож бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд надад үйлчлэх Дэд бүтэц, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажил үүрэг гүйцэтгэх хүн шаардлагагүй гэж үзсэн учраас А.П-ыг ажлаас нь чөлөөлсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар А.П-ыг томилохдоо Д.Галсандондог дарга томилоод хөдөлмөрийн гэрээг нь Тамгын газар байгуулсан байна. Иймд Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд зааснаар Тамгын газар нь Засаг даргын хэрэгжүүлэгч байгууллага. Тухайн А.П-ын ажиллаж байсан ажлын байр одоогоор байхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ЗД Д.Галсандондог нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр А.П-той хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Хөдөлмөрийн гэрээний 1.5-д хөдөлмөрийн хөлсний код, сүлжээний түвшин ТҮ-11-4 гэжээ. Харин А.П-ыг ажилд томилсон 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаартай захирамжуудад үндсэн цалинг ТҮ- 11-1 718 985 төгрөг, ТҮ-8-3 572 230 төгрөг байхаар заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д үндсэн цалингийн хэмжээг хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон байхаар заасан байна. Дээрх баримтуудаас харахад ажил олгогч болон ажилтан нь үндсэн цалинг тохиролцоогүй болох нь тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д зааснаар гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцдоггүй. 

Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14-д засаг даргын зөвлөх нь засаг даргын бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх албан тушаалтан байхаар заасан байдаг. Засаг даргын зөвлөхийн ажлын байр нь байнгын ажлын байр биш юм. Гэтэл 2018 онд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээний 1.7-д байнгын ажлын байранд хугацаагүй гэж заасан байна. Төрийн албаны тухай хууль /2002 он/ болон Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар гэж зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах ёстой байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан.

Дээрх үндэслэлүүдээр 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

ЗД Д.Галсандондог нь А.П-ыг ажилд томилохдоо 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Б/33 дугаартай 2 өөр захирамжийг гаргасан байдаг. Энэ нь утга агуулгын хувьд өөрөөр хэлбэл цалинг өөр өөр шатлалаар олгохоор заасан, захирамжийн удиртгал хэсэгт нэг захирамжид нь Төрийн албаны тухай хуулийн заалт, нэг захирамжид нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалт барьсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт илт хууль бус байхаар заасан байна. Иймд захиргааны дээрх 2 актыг хүчингүй болгох үндэслэлтэй юм.

Нэгэнт нэхэмжлэгч А.П- нь Засаг даргын 2018.10.18-ны өдрийн Б\63 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул энэхүү захирамжийн үндэслэлтэй холбоотой дээрх захирамжийг хүчингүй болгуулах, хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасны дагуу ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хууль, Засгийн газрын тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын чиглэл зэргээс үзэхэд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний Хууль, эрх зүйн хэлтэст аймгийнхаа Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, ажил олгогчийнхоо тухайд ажилтантайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхгүй юм.

Засгийн газрын тогтоолоор Хууль, эрх зүйн хэлтсийг Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд эрх зүйн үйлчилгээ үзүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж болгон баталснаас бус Засаг даргынхаа захирамжийг хүчингүй болгуулж, байгуулсан гэрээг нь хүчин төгөлдөр бусад тооцуул гэж батлаагүй болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн гэжээ. Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэг бүхий Тамгын газар, түүний Хууль, эрх зүйн хэлтсээс Засаг даргынхаа гаргасан шийдвэр, үйл ажиллагааг буруушааж, хүчингүй болгуулах, хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардаад байвал Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 1, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байх Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтууд зөрчигдөнө.

Мөн түүнчлэн Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т мэргэшсэн, тогтвортой байх тусгай зарчим хэрэгжихгүй.

Энэ мэт зарчимгүй, төрийн байгууламжийн нэгдмэл байдалд харшилсан хууль бус үйл ажиллагаатай эвлэрэхгүй бөгөөд энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх болно.

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу ЗДас орон тооны зөвлөх А.П-той хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж, төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлд хамааруулж, ТҮ-8-3 дахь шатлалаар цалинжуулж, ур чадварын нэмэгдлийг 30 хувиар тооцон олгожээ.

Үүнээс үзэхэд Засаг даргын зөвлөхийн ажлын байр нь түр, байнгын ажлын байр биш, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах ёстой гэх сөрөг нэхэмжлэл эрх зүйн үндэслэлгүй юм. Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар Х.Алтантуяг 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Засаг даргын хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхөөр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахаар шийдвэрлэсэн нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүйг батална.

Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Б/33 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24.1 дэх заалтуудыг баримтлан А.П-ыг орон тооны зөвлөхийн ажилд томилжээ.

Мөн түүнчлэн ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг тодорхойлон тусгаж, гарын үсэг зурж, албажуулснаар мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичиг болжээ. Ийм байхад ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэл эрх зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1- т үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэжээ.

Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийг Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг, хариуцагчийг А.П- гэж дурдсан нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байна. Учир нь сөрөг нэхэмжлэлийг хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан гаргахаас бус нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулж гаргадаггүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө нэхэмжлэгч гэж тодорхойлох нь сөрөг нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй. Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч гэх ойлголт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд огтхон ч байхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1- т энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн 65.1.5-т нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, 65.1.11-т энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхаар заажээ. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2019/00301 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.П-ыг Дэд бүтэц, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгч А.П-ын ажилгүй байсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх 7 сар 15 өдөрт ногдох олговор 8 715 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.П-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.П-ын ажилгүй байсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзоригийн нэхэмжлэгч А.П-т холбогдуулан гаргасан ЗД Д.Галсандондогийн А.П-той байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ховд аймгийн засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид нийт 224 603 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2019/00301 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар аймгийн Засаг дарга чөлөөлөгдвөл энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14-д заасан ажилтан буюу Засаг даргын зөвлөх ажлаас чөлөөлөгдөхөөр заасан. Өөрөөр хэлбэл тухайн ажилтны хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгохоор зохицуулсан байна. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан. Гэтэл Засаг даргын зөвлөх буюу улс төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох үндэслэлийг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслэл болгон тайлбарлан хэрэглэсэн нь буруу юм.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд ЗД болон А.П- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь талуудын хооронд үүссэн шаардлагатай холбоотой өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа хөдөлмөрийн гэрээг үндэслэн Засаг даргын зөвлөхийг томилсон захирамж гарсан гэдэг тул үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдэгдэх ёстой.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч А.П- нь ЗДд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтныг ажилд томилсон Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн Б/33 дугаартай 2 захирамжийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч А.П-ыг Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаартай захирамжаар “дэд бүтэц, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан аймгийн Засаг даргын орон тооны зөвлөх”-өөр томилсон байна.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 6 дугаар зүйлийн 6.1.12.-т зааснаар бүх шатны Засаг дарга улс төрийн албан тушаалтанд хамаарах, 6.1.14.-т улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал мөн улс төрийн албан тушаалтанд хамаарахаар зохицуулжээ.

Иймд нэхэмжлэгч А.П-ыг улс төрийн албан тушаалтан байсан гэж үзнэ.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 6.4.-т Улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл энэ зүйлийн 6.1.14.-т заасан ажилтан чөлөөлөгдөнө. Гэхдээ шинээр сонгогдсон буюу томилогдсон улс төрийн албан тушаалтан хүсвэл уг ажилтныг өөрт нь үйлчлэх орон тооны ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулж болно гэжээ.

Хуулийн дээрх заалтаар А.П-ын ажил, албан тушаал нь тодорхой хугацаатай буюу түүнийг ажилд томилсон улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөх хүртэл хугацаатай байх байтал ажил олгогч хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1. дэх заалтыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч А.П-ыг аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхөөр томилсон Засаг дарга Д.Галсандондог ажлаасаа чөлөөлөгдсөнөөр А.П-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болжээ.

Гэвч шинээр томилогдсон Засаг дарга ажилтны ажиллаж байсан ажлын байранд буюу албан тушаалд орон тооны зөвлөх авч ажиллуулахгүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу биш гэж үзлээ.

Харин хариуцагчаас ажилтантай тохиролцсон гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1. дэх заалтыг тушаалын үндэслэлд заасан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч энэ үндэслэлийг зөвшөөрөөгүй тул хуулийн дээрх заалтыг ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан нь хуульд нийцээгүй боловч энэ нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Ажилтныг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгох, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн хариу тайлбарын үндэслэл гэж үзэхээр байх тул сөрөг нэхэмжлэлд тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

Хоёр шатны шүүх ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийг хэрэглээгүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2019/00301 дүгээр шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул ЗДд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахыг хүссэн А.П-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзоригийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД