Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00447

 

Д.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 44 дүгээр магадлалтай,

Д.Х-гийн нэхэмжлэлтэй,

С газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч З.Давааням, хариуцагчийн өмгөөлөгч О.Отгонбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч О.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С газрын дарга ажилтай З.Давааням нь цэвэр өөрийн дотоод үзэмж болон намын ялгаварлаар намайг удаа дараа ажлаас халж, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол амсуулж буй тул би маш их гомдолтой байгаа болно. ...Миний бие нь 2016 оны 11 сарын 04-ний өдрийн дугаар №6/192 тоот “Монгол Шуудан” ХК-ийн захирлын Орон тоо нэмж батлах, ажилд томилох, ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай тушаалаар Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын Логистик менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж, тус тушаал өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа болно. ...Миний албан тушаал дээр 2-оос 3 хүнийг ээлжлүүлэн албан тушаалын нэршлийг дур мэдэн удаа дараа албан тушаалаа ашиглан өөрчлөн ажиллуулж байсан болно. 2018 он гарахад дахин миний хөдөлмөрийн гэрээг сунган 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан Хөдөлмөрийн тухай хуульд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаа бичдэггүй шүү дээ гэхэд би мэдэж байна заавал хугацаа бич гэж хэлдэг байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь миний ажлын байр хэвээр байгаа нь нотлогдож байна. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлаас цомхотголоор халах болсон гэсэн мэдэгдэл дээр би хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдэгдсэн. Тэр даруй би “Монгол шуудан” ХК-ийн Стратеги Төлөвлөлтийн Газрын захирал Д.Баттулгаас та нар яагаад намайг цомхотголд оруулж байгаа юм гэхэд танай дарга орон тооныхоо төлөвлөгөөг гаргаж өгч батлуулсан тул бид сайн мэдэхгүй байна гэсэн хариу өгсөн.

Ингээд би З.Даваанямын ажлын өрөөнд 2 уулаа улзан асуусан яагаад намайг цомхотгож байгаа юм энэ мэдэгдэл чинь буруу байна шдээ гэхэд З.Давааням нь чи тайван бай би чамайг халахгүй чиний Логистикийн Менежерийн /ачаа тээврийн/ ажил чинь хэвээрээ байгаа санаа зоволтгүй би зохицуулна гэсэн. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №311 тоот Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний Хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр миний бие нь ажлаасаа үндэслэлгүй халагдсан нь тогтоогдож ажилдаа эгүүлэн томилогдсон болно. Гэтэл дахин ажлаасаа үндэслэлгүй халлаа. ...З.Давааням нь ямар ч үндэслэлгүй намайг удаа дараа ажлаас халж байгаа нь цэвэр намын харьяаллаар гэх шалтгаанаар албан тушаалаа хэтрүүлэн хувь хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Цомхтгол нэрээр ажлын байрны нэршлийг өөрчлөлт оруулаад дараа нь намайг ажлаас халж дахин нэр томьёог оруулж өөр хүн ажилд авна. Хэдийгээр хувьцаат компани боловч ингэж дураараа аашлан дуртай үедээ албан тушаалын нэрийг өөрчлөн, өөрт таалагдахгүй шударга үнэн шаардлага тавьсан хүнд дургүйцлээ илэрхийлэн ажил, амьдралыг минь хохироож байгаад гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Давааням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 онд баталсан орон тоо бүтцийн дагуу Д.Х-г ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн хуулийн дагуу нэг сарын өмнө ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Ингээд Д.Х-г хуулийн дагуу 2018 оны 07 сарын 25-ны өдрийн 22 дугаартай тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлж 2 сарын тэтгэмж олгосон. Миний гаргасан тушаал хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Тоодог овогт Долгормаагийн Хандсүрэнг С газарт Логистик менежерийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 7 657 434 /долоон сая зургаан зуун тавин долоон мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг хариуцагч С газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлд зохих өөрчлөлт оруулж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 207 669 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар тус тус зааж, эрх бүхий этгээд шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 44 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Х-г С газар гаалийн бүрдүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж, өөрчлөн шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Давааням, хариуцагчийн өмгөөлөгч О.Отгонбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан.

Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг дахьСгазарт “Логистик менежер”-ийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд уг албан тушаал цомхтгогдсон буюу орон тоо хасагдсан шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн.

Талуудын мэтгэлцээний гол сэдэв орон тоо хасагдсан эсэх, Сэлэнгэ аймаг дахьСгазрын даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай тушаал үндэслэлтэй, хуулийн дагуу эсэх байсан.

Анхан шатны шүүх уг маргааныг хуулийн дагуу шийдвэрлэх талуудын мэтгэлцээн, эрх зүйн үндэслэлийг нь хуулийн дагуу тайлбарлан үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Түүнчлэн ажлаас чөлөөлөх тушаалдаа ажил хүлээлцэх хугацааны болон ажилтны ажилласан хугацааны амралт зэргийг оруулаагүй байхаас гадна ажилтны албан тушаалыг “ложистикийн менежер гэж* буруу бичсэн байгаа зэрэг нь уг тушаалыг хүчингүй болгох үндэслэл болж байна” гэж,

Мөн үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан албан тушаал цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна” гэж бичсэн байх бөгөөд шүүх хуралдааны төгсгөлд хуралдаан даргалагч шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа уг зүйл заалтыг дурдан өөр ажил албан тушаалд ажиллуулах ёстой байсан гэж тайлбарлаж байсан тул шийдвэрийн үндэслэл нь дээрх хоёр заалт гэж ойлгон дараах тайлбарыг гаргаж байна.

Ажлаас чөлөөлөх тушаалдаа ажил хүлээлцэх хугацааны болон ажилтны ажилласан хугацааны амралт зэргийг оруулаагүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь ажлаас чөлөөлсөн 22 тоот тушаалын 1 дэх заалтад “    2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй" гэж,

2 дахь заалтад “...2 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохыг нягтлан бодогч /С.Нороврэнцэн/-д зөвшөөрсүгэй” гэж,

3 дахь заалтад “Ажлаас чөлөөлөгдсөн ажилтан холбогдох тооцоог хийж дуусгахыг нягтлан бодогч /С.Нороврэнцэн/-д даалгасугай” гэж тус тус заасан тушаалаас уг ажилтны ажлаас чөлөөлөгдсөн, хүлээлцсэн хугацаа тодорхой байх бөгөөд холбогдох тооцоог хийж дуусгах гэдэг нь ээлжийн амралтын тооцоо болоод бусад санхүү, бараа материал, эд хариуцагчийн тооцоо байвал тооцоог хийж дуусгахыг илтгэдэг тул тушаал хуулийн бөгөөд албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу гарсан гэж үзэж байна.

Ажилтны албан тушаалыг “ложистикийн менежер гэж” буруу бичсэн. “Логистикийн менежер” гэхийг “ложистикийн менежер” гэж тушаалд бичсэн техникийн чанартай алдаа гарсан байдаг. Энэ алдаа нь тушаалыг хүчингүй болгох үндэслэл биш гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч талаас уг нэршил дээр маргаан гаргаагүй, мөн тухайн байгууллагад Логистикийн менежер, ложистикийн менежер гэж тус тусдаа албан тушаал байдаггүй нэг албан тушаалыг бичихдээ алдаа гаргасан байдаг. Мөн шүүх хуралдааны явцад хуралдаан даргалагч нь уг нөхцөл байдлын талаар тодруулаагүй, талуудаас тайлбар аваагүй хирнээ ямар үндэслэлээр “г”, “ж” үсгийн буруу шивэлтээс тушаалыг үндэслэлгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүхээс иргэний хэрэг үүсгэхдээ “Логистик менежерийн ажлыг гаалийн бүрдүүлэгчийн ажилд” эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэрээр Логистик менежерийн ажилд эгүүлэн тогтоосон. Хэрэв шүүхээс уг тушаалын “Ложистик менежер” гэсэн бичилтийн байдлаас тушаалыг үндэслэлгүй болгож байгаа бол ямар үндэслэлээр “Логистик менежерийн ажлыг гаалийн бүрдүүлэгчийн ажилд” эгүүлэн тогтоох гэсэн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгээд, түүнийгээ хянан хэлэлцээд Логистик менежерийн гэх албан тушаалд томилоод байгаа нь өөрөө логикийн хувьд ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтын тухайд шүүхээс уг заалтыг дурдсан нь ойлгомжгүй байх бөгөөд орон тоо цомхтгосон нь үндэслэлтэй байна. Гэхдээ өөр ажилд авах ёстой байсан байна гэсэн утгыг илэрхийлээд байна уу, эсвэл хариуцагч талд Логистикийн менежер гэсэн албан тушаал байхгүй бол өөр албан тушаалд эгүүлэн томилох ёстой шүү гэсэн утгыг илэрхийлээд байна уу гэдэг нь тодорхойгүй тэгсэн хирнээ шүүхийн шийдвэрээр Логистикийн менежер гэсэн албан тушаалд эгүүлэн томилсон байгаа зэрэг нь ойлгомжгүй байна.

Маргааны гол агуулга болох орон тоо цомхтгогдсон нь үндэслэлтэй юм бол тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Учир нь Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаар “Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд” гэсэн зөвлөмжөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан зохицуулалт зөвхөн энэ зүйлд буюу 36 дугаар зүйлийн 36.1-д заасан ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах ажил олгогчийн үүрэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Хуулиар ногдуулсан энэ үүргээ ажил олгогч тухайн орон тоо цомхтгогдсоноос болж биелүүлж чадахгүйд хүрэх тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зохицуулсан байна гэж тодорхой тайлбарласан байдаг. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт буюу орон тоо хасагдсан гэх үндэслэл байх бөгөөд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар орон тоо хасагдсан нь үндэслэлтэй гэж тогтоогдож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг хамаарахааргүй байна. Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзээгүйгээр барахгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчин хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэнгүй.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа "Логистикийн менежерийн ажлыг гаалийн бүрдүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох” гэж тодорхойлсон бөгөөд уг шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүх хянаж үзээд 2019.04.26-ны өдрийн 001/ХТ2019/00594 тоот тогтоолын 4 дэх талд “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ логистикийн менежерийн эсхүл гаалийн бүрдүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардаж буй нь тодорхой бус байхад анхан шатны шүүх түүнийг логистикийн менежерийн ажилд эгүүлэн тогтоосон нь ойлгомжгүй болжээ” гэж үзэн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

2019.08.15-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдаанд хуралдаан даргалагч нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Логистик менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох” гэж тодорхойлсон. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг танилцуулан нэхэмжлэлийн шаардлагыг лавлан тодруулж байсан бөгөөд талуудын мэтгэлцээн уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд явагдаж анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэлгүй логистик менежерийн ажлын байрны тодорхойлолт нь гаалийн бүрдүүлэгчийн ажлын байрны тодорхойлолттой ижил байна гэж дүгнэн гаалийн бүрдүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон нь ойлгомжгүй байна.

Д.Х- нь Логистикийн менежерийн албан тушаалд томилогдож, уг албан тушаал дээрээ Хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж, цаашлаад уг албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд Гаалийн бүрдүүлэгчийн ажил үүргийг гүйцэтгэж байгаагүй болно.

Логистикийн менежер, Гаалийн бүрдүүлэгчийн орон тоо нь тус тусдаа 1, 1 хүний орон тоотой албан тушаал бөгөөд нэхэмжлэгчийг Логистикийн менежерийн албан тушаалд томилогдоход байсан албан тушаал болохоос логистикийн менежер гэснийг гаалийн бүрдүүлэгч гэж нэршил өөрчилсөн албан тушаал биш юм.

Мөн давж заалдах шатны шүүх Гаалийн бүрдүүлэгчийн ажлын байрны тодорхойлолт нь логистик менежерийн ажлын байрны тодорхойлолтоос өөр болох нь тогтоогдохгүй, ажил үүргийн хуваарь нь нэг болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна’’ гэж дүгнэсэн ойлгомжгүй байна. Давж заалдах шатны шүүх хавтаст хэргийн хэддүгээр хуудсанд авагдсан ямар нотлох баримтыг үнэлсэн нь тодорхойгүй байх бөгөөд хавтаст хэргийн 51, 88 дугаар хуудсан Тээврийн мэргэжилтний гэх Ажлын байрны тодорхойлолт авагдсан байх бөгөөд логистикийн менежер, Гаалийн бүрдүүлэгчийн ажлын байрны тодорхойлолт гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад хаанаас ямар баримтыг үнэлэн дүгнэлт хийсэн тодорхойгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Х- С газарт холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, логистикийн менежерийн тоо хасагдаж, ажлын байр байхгүй болсон гэх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, Д.Х-г С газрын логистик менежерийн ажилд эгүүлэн тогтоосон, давж заалдах шатны шүүх албан тушаалын нэршил өөрчлөгдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг гаалийн бүрдүүлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар ажилтныг ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба хуулийн дээрх заалтад аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулжээ.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ажил олгогч нотлох үүрэгтэй.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал С газрын бүтэц орон тоонд өөрчлөлт оруулан логистикийнг менежерийн албан тушаалыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хассан тул Д.Х-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч тушаалын үндэслэл болсон “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирлын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн С газрын бүтэц, орон тоо, зохион байгуулалтад өөрчлөлт орох болсон үндэслэл, шалтгаан, ажил олгогчийн ямар тушаал шийдвэрээр дээрх өөрчлөлтийг хийсэн, 2017 онд ямар бүтэцтэй ажиллаж байсан, 2018 онд ямар өөрчлөлт орсон, хэдэн орон тоо цөөрч, хэдэн ажлын байр хасагдсан  талаар хэрэгт ач холбогдол бүхий баримтгүй, ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрээ үндэслэл бүхий баримтаар нотлоогүй байна.

Тухайлбал: “Монгол Шуудан” ХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2016/23 дугаартай тогтоолоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталж, шинэчилсэн бүтэц зохион байгуулалтаар Бизнес хөгжлийн газарт тээвэр логистикийн хэлтэстэй байна гэж заажээ. Дээрх тогтоолыг үндэслэн “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/192 тогтоолоор С газрын шуудангийн логистик менежерийн орон тоог шинээр нэмж, Д.Х-г томилохыг С газрын даргад даалгасан, 2016 оны 11 дүгээр  сарын 05-ны өдрийн 24 тушаалаар Д.Х-г С газрын шуудангийн логистик менежерийн албан тушаалд томилжээ.

“Монгол Шуудан” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар  сарын 22-ны өдрийн №17/28 тогтоолоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан бөгөөд шинэчилсэн бүтэцээр тээвэр зууч, логистикийн газартай байхаар батлагдсан, үүнээс хойш дахин бүтэц, орон тоо өөрчлөгдсөн тухай баримтгүй байна.

Хариуцагчийн хариу тайлбарын үндэслэл болох хэргийн 1 дүгээр хавтасны 18 дугаар талд авагдсан С газрын даргын боловсруулсан 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөх орон тооны төлөвлөгөө гэх хүснэгтээр логистикийн менежер албан тушаалын орон тоог хассан “0” гэж тэмдэглэсэн боловч тухайн албан тушаалын цалин цалингийн сангаас  хасагдаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр ажил олгогч ажилтныг ажил, албан үүргээс нь чөлөөлснөө үндэслэл бүхий баримтаар нотлоогүй тул ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасан үндэслэлд нийцээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Х- нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд тэрээр логистикийн менежер албан тушаалаас халагдсан байхад давж заалдах шатны шүүх гаалийн байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосон нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхийн шийдвэр гарах хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардаагүй ажил үүрэгт томилсон нь ойлгомжгүй, нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 44 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч З.Давааням, хариуцагчийн өмгөөлөгч О.Отгонбаяр нарын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч С газраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207 669 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД