Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00448

 

Г.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01669 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1750 дугаар магадлалтай,

Г.Гын нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболдын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г миний бие 2014 оны 2 дугаар сард “Б” ХХК-д барилгын инженерийн ажилд орсон. Ажилд орсон цагаасаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн гүйцэтгэж ирсэн бөгөөд ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Гэтэл тус компанийн гүйцэтгэх захирал Н.Оюунжаргал нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Б/28 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж намайг халсан бөгөөд тушаалыг надад 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өгсөн. Миний зүгээс уг тушаалтай танилцахад миний хариуцсан ажил үүрэгт хамааралгүй асуудлаар, миний ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй, надад огт хамааралгүй асуудлуудыг үндэслэл болгож ажлаас халах тушаал гаргасан байна.

Тодруулбал, тендерийн тухай болон туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах холбогдох журмыг зөрчин ашиг сонирхлын зөрчилтэйгээр 140 айлын орон сууцны төмөр бетон каркас угсралтын туслан гүйцэтгэгч компаниар “Есөн гол Эрдэнэ” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээнд заасан үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, зураг төсөл зохиогч компани болох “Голомт Өргөө” ХХК-д хуульд зааснаар мэдэгдээгүй, нуун дарагдуулсан гэх мэт надад огт хамааралгүй, миний ажил үүрэгт тусгагдаагүй, хийж гүйцэтгэсэн ажил болон хийж гүйцэтгэж байгаа ажлуудыг хийгээгүй мэтээр тушаалын үндэслэл болгон ажлаас халсан үндэслэлийг эс зөвшөөрч байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Миний бие 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг дутуу, цалин хөлсөнд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар тодорхой тусгах, холбогдох баримтуудыг хавсаргаж шүүхэд өгөөгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан боловч надад энэ талаар мэдэгдээгүй болно. 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өөрийн биеэр шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ талаар асуухаар очиход шүүгчийн туслахаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай захирамж гарч, шуудангаар илгээсэн боловч тухайн үед гэрт шуудан хүлээж авах боломжгүй байсан тул шуудангаас буцаагдаад шүүхэд ирсэн байсныг мэдэж 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 406 тоот өрөөнөөс захирамж болон материалаа хүлээж авсан. Хариуцагчийн хаягийг бичихдээ хороо гэдэг үгийг дутуу бичсэн байсан.

Харин нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бичигдсэн гэж үзэж байгаа бол 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Б/28 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг миний зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа цалин хөлс тодорхойгүй гэсний тухайд нэхэмжлэгч миний бие энэ хэргийн шүүх хурлын огноо тодорхойгүй байгаа тул мэдэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байдаг ба ажилд эргүүлэн тогтоосон өдрөөр буюу шүүх хурал болох өдрөөр нэхэмжилж байгаа цалин хөлсөө тодорхойлж өгөх болно.

Иймд Г.Г намайг “Б” ХХК-ийн барилгын инженерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Г нь 2014 оноос хойш “Б” ХХК-д барилгын инженерээр 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилласан. “Б” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 6/28 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Г.Гыг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан. Тендерийн хууль болон туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах холбогдох журмыг зөрчин ашиг сонирхлын зөрчилтэйгээр 140 айлын орон сууцны төмөр бетон каркас угсралтын туслан гүйцэтгэгч компаниар “Есөн гол Эрдэнэ” ХХК-ийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус компанийн ажлын гүйцэтгэлд гэрээнд заасан үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 163 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Бетон ба төмөр бетон бүтээц үндсэн дүрэм (бнбд 52-01-10)-ийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 140 айлын орон сууцны В2, В1, 1, 2-р давхарт чанар муутай барилга бариулж, компанид их хэмжээний хохирол учруулсан, энэ нь МУ-ын ШУТИС-ийн Реконстракшн төвийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 51/18 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн уг чанаргүй барилга барьсан алдаа зөрчлөө мэдсэн даруй 140 айлын барилгын зураг төсөл зохиогч компани болох “Голомт өргөө” ХХК-д хуульд зааснаар мэдэгдээгүй, нуун дарагдуулсан зэрэг мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргасан нь тогтоогдсон тул ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийг доорх байдлаар тайлбарт дурдсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь түүнтэй байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хг/18 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 10.3.1 дүгээр зүйлийн 6-д Ажилтан... байгууллагын хүний нөөцийн журмын 2.1.47-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан. Үүнд: b. Компанийн эд хөрөнгөд хохирол учруулсан, шамшигдуулсан, е. компанийн өмч хөрөнгийн чанарыг дордуулсан, h. компанийн нэр хүндийг унагах үйлдэл гаргасан, компанийн нэр хүндэд нөлөө үзүүлэхүйц хэмжээний гомдол ирсэн, k.компанийг хохиролд учруулахуйц шударга бус, буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, n. Барилга угсралтад технологийн алдаа гаргаж, тухайн хэсгийн ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон нь тогтоогдсон эсвэл маш их хэмжээний нэмэлт зардал, хөрөнгө гарахаар болсон, p. ажлын талбай дээр осол болон осолд дөхсөн тохиолдол гарсан нь нотлогдсон, r. Зургаас ажлын тоо хэмжээг буруу гаргасан эдгээр Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ болон мөн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэдэг нь Хөдөлмөрийн гэрээний 8.1-т зааснаар байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол хохирлыг төлж барагдуулан байгууллагыг хохиролгүй болгоно гэж заасны дагуу эд хөрөнгийн хохирол учруулсан эсэх талаар цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа Очир-Ундраа группийн хөдөлмөрийн дотоод журмын 10.7.7-т компанийн өмч хөрөнгийн чанарыг доройтуулсан, 10.7.9 байгууллагын ёс зүйн дүрмийг зөрчсөн, ёс зүйн ашиг сонирхлын зөрчил гаргасан нь нотлогдсон, 10.7.13-т хууль бус үйлдэл хийсэн болон аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, журам, зааврыг зөрчсөний улмаас хөдөлмөрийн ноцтой осол, техникийн аваар саатал гаргасан, гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, 10.7.18-д үүрэгт ажил албан тушаалаа урвуулан ашигласан, хувийн зорилгодоо группийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон. Барилгын тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.4-т барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 33.1.20-д /барилгын үйл ажиллагаанд мөрдөх гэрээний загвар батлах/ заасан гэрээг байгуулж ажиллах, 37.1.5-т барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулж, холбогдох зардлыг хариуцах, 37.1.6-т байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхой байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах, 37.1.8-т барилгын үе шатны ажилд эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлага, зааварчилгааг биелүүлэх, 37.1.13-т барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл, хохирлыг хариуцах, 37.1.19-т барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил, далд ажлын актыг баталгаажуулах, 37.4-т Захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчин барилга угсралтын ажлыг 2018 онд 2-р давхраас 16 давхар, техникийн давхар хүртэл барилга угсралтын ажлыг явуулж, хяналт тавьж 140 айлын орон сууцны барилгын талбайд ажилласан барилгын инженер нь Г.Лхагва-очир юм.

“ОЧУН” ХХК-ийн Комплаесийн газрын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн аудитын дүгнэлтээр 140 айлын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа барилгын инженер, ерөнхий инженер нараас Барилгын тухай хуулийн 18.2, мөн хуулийн 43 дугаар зүйлийг зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан. Барилгын угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлгүй иргэн хүнтэй байгуулсан зэрэг ноцтой ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг байгуулж ажиллаж байсныг тогтоосон. Мөн уг аудитын дүгнэлтээр албан даалгаврыг “Б” ХХК-д өгсөн байдаг ба уг албан даалгаварт барилга угсралтын үйл ажиллагаатай холбоотой наад захын ажлын шаардлагыг биелүүлж хууль, журам зөрчихгүй ажиллахыг даалгасан байдаг. Барилгын инженерээр ажиллаж байсан Г.Гыг ажлаас халахдаа тушаалд дээрх хууль, журмын заалтыг үндэслэл болгон ажлаас халсан бөгөөд энэхүү тушаалын тушаах хэсэгт барьсан хуулийн заалтыг зөрчсөн болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:

1. “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 14/38 дугаартай тушаалаар Г.Гыг 140 айлын орон сууцны талбайн инженерээр 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс томилсон.

2. Очир-Ундраа группийн хүний нөөцийн журмын 2.1.47-т заасан хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийг хүний үйл ажиллагаанд дагаж мөрдөх нарийвчилсан зохицуулалтыг зөрчсөн.

3. Очир-Ундраа группийн хөдөлмөрийн дотоод журмын 10.7.7, 10.7.9, 10.7.13, 10.7.18 тус тус зөрчин хөдөлмөрийн дотоод журмын сахилгын болон эд хөрөнгийн хариуцлагыг зохицуулалтыг зөрчсөн.

4. Г.Гтай байгуулсан 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн хг/32 дугаартай хөдөлмөрийн гэрээний 10.3.1.6- т зөрчиж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан.

5. Очир-Ундраа группийн толгой компани болох “ОЧУН” ХХК-ийн Комплаенсийн газрын 2018 онд “Б” ХХК-д аудит хийсэн ажлын тайланд 140 айлын орон сууцны барилга угсралтын ажилд гарсан алдаа зөрчлийг төрөлжүүлэн дурдсан.

6. Дээрх аудитын мөрөөр “Б” ХХК-д 140 айлын орон сууцны барилга угсралтын ажилд цаашид анхаарах, засч сайжруулан хэрэгжүүлэх ажлын талаар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үүрэг болгосон албан даалгаварт зөрчлийг тодорхой дурдсан.

7. Дээрх аудитыг хийхдээ хөндлөнгийн барилгын мэргэшсэн инженер Э.Ганбаатараар 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлын явцад хөндлөнгийн хяналт хийлгэсэн бөгөөд уг дүгнэлтэд 6 зөрчил дутагдал гарсныг дурдсан. Дүгнэлт зөвлөмжид 4 зүйлийг заавал хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөсөн байна.

8. “Б” ХХК нь 2018 Голомт банкнаас орон сууц барих санхүүжилтийг зээлийн гэрээ байгуулан санхүүжилтийг авч барилга угсралтын ажлыг явуулж байсан бөгөөд цаашид барилга ашиглалтад оруулахад борлуулалтын үйл ажиллагаанд Голомт банктай хамтран ипотекийн зээлийн гэрээг байгуулан ажиллах саналыг тавьж, тус банкнаас 2019 оны 3 дугаар сард 360 Үнэлгээний тайлан 140 айлын барилгын талбай дээр явуулсан бөгөөд үнэлгээний тайлангаар барилга угсралтын ажил алдаатай, эрсдэлтэй тул зэрэглэлээр ипотекийн зээл олгох боломжгүй гэж барилга угсралтын ажил муу үнэлгээтэй гарсан байна

9. “Оригакен” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18/23 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр 140 айлын 1-р давхрын дам нурууны хүчитгэлийг ажлыг 67 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан, 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 24/18 дугаартай албан тоотоор мөн өдөр “Оригакен” ХХК-иас хүчитгэлийн ажлыг хүлээлцэх албан тоот ирүүлэн, ажил гүйцэтгэсэн актыг мөн өдөр ерөнхий инженер Д.Одгэрэл гарын үсэг гэрээний гүйцэтгэлийг хүлээн авсан. Үүгээр 1-р давхрыг алдаа зөрчилтэй барьсан нь тогтоогдож, түүнийг дам нурууг хүчитгэл хийж зассан нь тогтоогдож байна.

10. “Оригакен” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 26/18 албан тоотоор гэрээгээр 140 айлын орон сууцны барилгын В1-р давхрын 23 дам нуруунуудад 63 700 000 төгрөг, 1-р давхрын нийт багануудад 47 900 000 төгрөг, 2-р давхрын нийт багануудад 47 900 000 төгрөгөөр тус тус хүчитгэл хийх үнийн саналыг ирүүлсэн. Үүгээр В1, 1, 2-р давхруудад барилгын алдаа зөрчилтэй барьсан нь тогтоогдож байна.

11. “Оригакен” ХХК-иас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 23/18 дугаартай албан тоотоор 2-р давхрын баганын хүчитгэл, бэхэлгээг 47 900 000 төгрөгөөр хийх үнийн санал ирүүлсэн бөгөөд энэ нь мөн 2-р давхарт алдаа зөрчилтэй барилга угсралтын ажил явуулсныг нотолж байна.

12. ШУТИС-н барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Реконстракшн төвийн 2018.05.23-ны өдрийн Барилгын экспертизийн тайлангийн зөвлөмжид барилгын 1-р давхрын төмөр бетон дам нурууны бетоны бат бэх бага, ан цавтай байгаа учир төмөр бетон дам нурууг хүчитгэх шаардлагатай гэж дүгнэсэн

13. ШУТИС-н барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Реконстракшн төвийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 51/18 дугаартай дүгнэлтээр 2-р давхар баганын бетоны бат бэх зураг төслийн шаардлага хангахгүй тул хүчитгэх шаардлагатай гэж дүгнэсэн.

14. “Голомт өргөө” ХХК нь уг барилгын зураг төслийн зохиогч бөгөөд дээрх В1, В2, 1, 2-р давхарт гарсан алдаа зөрчлийг мэдээгүй байсан гэдэг ба мэдсэн даруй 2019 оны 4 дүгээр сард зохиогчийн хяналт хийж 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дугаартай албан тоотоор хөндлөнгийн дүгнэлтийг ирүүлсэн байдаг. Үүнд: 2-р давхрын багана, дам нуруу, хучилт, хөшүүн хананд, 12, 13-р давхрын багана, дам нуруу, хучилт, хөшүүн хананд, 16-р давхар болон техникийн давхрын цутгамал төмөр бетон бүтээц хүйтэн сэрүүний улиралд цутгагдсан тул хөндлөнгийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж ирүүлсэн байна.

15. “Б” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаар батлагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээний удирдамжаар ажилласан ажлын хэсэг 140 айлын орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр сонгон шалгаруулсан туслан гүйцэтгэгч нар ашиг сонирхлын зөрчилтэй сонгон шалгаруулалтгүй сонгогдож ажилласан талаар гаргасан талаар хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хэсгийн тайлан, зөвлөмжид зөрчил илрүүлсэн байна.

16. 140 айлын орон сууцны зураг төслийн компани болох “Голомт өргөө” ХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 39, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай албан бичгээр барилгын 2-р давхар болон бусад алдаа зөрчлийг илрүүлсэн талаар зохиогчийн хяналт хийсэн дүгнэлт.

17. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаах тасгаас 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр шинжээч томилсон тогтоол, Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн барилгын инженер нарын хамтран гаргасан шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтаар 140 айлын орон сууцны барилга угсралтын ажилд В2, В1, 1, 2-р давхарт алдаа зөрчилтэй барьж, чанар муутай гэсэн шинжээчийн дүгнэлт, барилга дээр ажилласан судалгааны тайлангийн хавсралтаар нотлогдож тогтоогдсон байна.

Г.Гыг барилгын инженерийн үндсэн цалинг 1 100 000 төгрөг үүн дээр ГГҮ хувийг 100 хувиар тооцож 2 200 000 төгрөгийн цалинг сар болгон олгож, түүний ажлын хөлсийг тогтмол нэмэгдүүлэн компаниас түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаагүй, харин ажиллах аятай таатай нөхцөлөөр ханган ажиллаж ирсэн. Г.Г нь компанийн энэхүү өндөр итгэл найдварыг хөсөрдүүлэн барилга угсралтын ажилд удаа дараа мэргэжлийн алдаа зөрчил гарган ажилласан.

Иймд барилгын инженерээр ажиллаж байсан Г.Г нь 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байхдаа ноцтой барилгын угсралтын алдаа гаргаж, барилга угсралтын ажлыг зөрчилтэйг нь мэдсээр байж зураг төслийн компани буюу зохиогчийн хяналтыг хийлгээгүй ажилласан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Г.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01669 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гыг “Б” ХХК-ийн барилгын инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Б” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 274 710 /зургаан сая хоёр зуун далан дөрвөн мянга долоон зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гын ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч “Б” ХХК-д үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид 185 545 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1750 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01669 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 345 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасны дагуу гомдол гаргаж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасныг тус тус зөрчин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин, мөн Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Г.Г нь шүүхэд 2019.07.22-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа “Б ХХК-ийн барилгын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг тус тус гаргаж байна” гэжээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5, 63 дугаар зүйлийн 63.1.1-т зааснаар мөнгөн дүнгээр тодорхойлох нэхэмжлэлийн үнийг нэхэмжлэгч тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж бичгээр гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Мөн Г.Гын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн дүнгээр буюу 2 200 000 төгрөгийн цалинтай гэж тооцон ажилгүй байсан хугацааны цалинг бодсон нь буруу юм. Г.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалинг 1 000 000 төгрөг гэж тохиролцож гэрээ байгуулан ажилласан ба гэрээний 1.5-т үндсэн цалин дээр ажлын гүйцэтгэлийн үр дүнд үндэслэн гүйцэтгэлийн урамшууллыг сар бүр олгож байхаар заасан байгаа. Шүүхээс тухайн саруудад ажил гүйцэтгээгүй Г.Гын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг яаж дүгнээд 2 200 000 төгрөгөөр бодож гаргасан нь ойлгомжгүй юм. Г.Гын үндсэн цалин болох 1 000 000 төгрөг дээр тухайн ажилласан сар бүрийн ажлын гүйцэтгэлийг ажил олгогч үнэлгээ өгч 70-100 хувийн цалингийн нэмэгдэл өгч ажилладаг ба шүүхийн шийдвэрт заасан үндэслэлээр Г.Г нь ажиллаагүй саруудынхаа үнэлгээг 100 хувь давуулан гүйцэтгэж ажилласан мэтээр шийдвэрлэсэн нь манай компанийн хөдөлмөрийн болон цалин хөлс олгох журмыг зөрчиж компанийн дотоод хэм хэмжээг үл хайхран шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Г.Гыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-т зааснаар “Б” ХХК нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь Г.Гтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон эрх бүхий хөндлөнгийн байгууллагын дүгнэлтүүдээр нотлогдож тогтоогдож байна гэж дүгнэсэн хэрнээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар “сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчиж хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно ажлаас халсан нь үндэслэлгүй байна гэж хуулийг буруу тайлбарлаж  хэрэглэсэн байна. Учир нь Г.Гыг манай байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-т зааснаар Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан болохоос түүнд сахилгын шийтгэл ногдуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ авч тушаал гаргаагүй болно. Давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Нямдаваа чанар муутай барилга барихдаа барилгын инженер Г.Гтай ашиг сонирхлын зөрчлийн холбоо тогтоон компанийн эсрэг ажиллаж байсан бөгөөд эдгээр хүмүүс барилгыг алдаа зөрчилтэй барьснаа мэдэж байсан ба үүнийгээ зургийн автор болох “Голомт өргөө” ХХК-наас нуун дарагдуулж, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр барилгын алдаа зөрчил гаргасныг мэдсэн атлаа барилгын 2-р давхар дээр нууцаар “Оригакен” ХХК-иар хүчитгэл явуулан засч компанид 67 000 000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн бусад давхарт гаргасан алдаа зөрчлийг одоо манай компани хүчитгэл болон засах ажлыг мэргэжлийн байгууллагын хяналт доор гүйцэтгэж байгаа бөгөөд нэмэлтээр одоогийн байдлаар 70 000 000 төгрөгийн хохирол нэмж учраад байгаа билээ. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Нямдавааг 2019.02.18-ны өдөр хууль бус үйлдэл хийсэн нь тогтоогдсон тул ажлаас халж, түүний араас ерөнхий инженер Д.Одгэрэл, барилгын инженер Г.Лхагва-Очир нарыг 2019.04.22-ны өдөр алдаа зөрчил гарган ажиллаж байсныг мэдэн ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан. Харин нэхэмжлэгч Г.Гыг 2019.05.17-ны өдөр уг барилгын В2, В1, 1, 2-р давхарт барилгын талбай хариуцсан инженерээр ажиллаж байхдаа алдаа зөрчил гаргаж чанар муутай барилга барьсан гэдгийг мэдсэн даруй Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан билээ. Өөрөөр хэлбэл шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Н.Оюунжаргал нь дээрх “Б” ХХК-д ажиллаж байсан барилгын инженерүүд нь алдаа зөрчил гарган Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин, барилгын норм дүрмийг үл хайхран чанар муутай барилга барьж байсныг мэдсэн даруй эрх бүхий байгууллагаас урьд нь гаргасан дүгнэлттэй танилцсан даруй ажлаас нь халсан байгааг шүүх нягтлан үзэж дүгнэлт хийгээгүй. Урьд нь хууль бус байдлыг бий болгон, түүнтэй эвлэрэн ашиг сонирхлын зөрчилтэй ажиллаж байсан гүйцэтгэх захирал Б.Нямдаваа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар Г.Гад сахилгын арга хэмжээ авах ёстой мэтээр дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Нямдаваа нэхэмжлэгч Г.Гад сахилгын арга хэмжээ авах нь битгий хэл өөрөө энэхүү зөрчилтэй эвлэрээд барилгын инженерүүдтэйгээ хуйвалдан компанийн эд хөрөнгө, санхүүгээс их хэмжээний мөнгө завшсан гэсэн үндэслэлээр эдгээр хүмүүс цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуульд заасан 2 зүйлчлэлээр шалгагдаж байгаа билээ.

Иймд дээрх 2 үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байгаа тул гомдлыг хүлээн авч, хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Г “Б” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон боловч ажил олгогч хуульд заасан хугацаанд хариуцлага тооцоогүй, хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...”Б” ХХК-д 2014 оноос хойш барилгын инженерээр ажиллаж байгаа, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ирсэн, алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Гүйцэтгэх захирлын Б/28 тушаалаар миний хариуцсан ажил үүрэгтэй хамааралгүй асуудлыг үндэслэл болгож ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч байна...” гэжээ.

Хариуцагч “Б” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5., Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4., 37.1.5., 37.1.6., 37.1.8., 37.1.13., 37.1.19., 37.4., Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.7.7., 10.7.9., 10.7.13., 10.7.18., “ОЧУН” ХХК-ийн Аудитын дүгнэлтийг үндэслэн Тендерийн хууль болон туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах холбогдох журмыг зөрчин ашиг сонирхлын зөрчилтэйгээр 140 айлын орон сууцны төмөр бетон каркас угсралтын туслан гүйцэтгэгч компаниар “Есөн гол Эрдэнэ” ХХК-ийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус компанийн ажлын гүйцэтгэлд гэрээнд заасан үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 163 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан Бетон ба төмөр бетон бүтээц үндсэн дүрэм /бнбд 52-01-10/-ийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас 140 айлын орон сууцны В2, В1, 1, 2-р давхарт чанар муутай барилга бариулж, компанид их хэмжээний хохирол учруулсан, энэ нь МУ-ын ШУТИС-ийн Реконстракшн төвийн 2018.09.13.-ны өдрийн 51/18 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн уг чанаргүй барилга барьсан алдаа зөрчлөө мэдсэн даруй 140 айлын барилгын зураг төсөл зохиогч компани болох “Голомт өргөө” ХХК-д хуульд зааснаар мэдэгдээгүй, нуун дарагдуулсан зэрэг мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргасан нь тогтоогдсон тул барилгын инженер Г.Гын хөдөлмөрийн гэрээг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зөв тодорхойлсон боловч хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар, татгалзал, үндэслэлээ нотолж гаргасан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй,  ажилтны ажил үүрэгтэй холбоотой хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргаснаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг тодорхойлж, ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, үндэслэл бүхий болжээ.

Харин ажил олгогч ажилтанд хариуцлага тооцох хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон алдаа гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.

Хэрэгт авагдсан “Б” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 14/37 дугаартай тушаалаар “Очир-Ундраа” ХХК-ийн захиалгаар Улаанбаатар хотын БГД-ийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хосолмол цутгамал хийц бүхий 16 давхар, 140 айлын орон сууц, үйлчилгээний барилгын төслийг хэрэгжүүлэхээр Инженер техникийн ажлын баг томилж, тус төсөлд талбайн инженерээр Г.Г ажиллахаар томилогджээ.

Нэхэмжлэгч нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байхдаа удаа дараа мэргэжлийн алдаа зөрчлүүд, барилга угсралтын ноцтой алдаа гаргаж, барилга угсралтын ажлыг зөрчилтэйг нь мэдсээр байж зураг төсөл зохиогч компанид мэдэгдээгүй, нуун дарагдуулсан, зураг төслийн компани буюу зохиогчийн хяналтыг хийлгээгүй ажилласан нь нотлогдсон талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.

Шинээр томилогдсон ажил олгогч барилгын зураг төслийг зохиогч “Голомт өргөө” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дугаартай хөндлөнгийн дүгнэлтээр “Б” ХХК-д ажиллаж байгаа барилгын инженерүүд алдаа зөрчил гаргаж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин, барилгын норм, дүрмийг үл хайхран чанар муутай барилга барьж байсныг мэдсэн даруй эрх бүхий байгууллагаас урьд гаргасан дүгнэлттэй танилцаж, ажилтанд 2019 оны 05 дугаар сарын 17-нд хариуцлага тооцсон нь зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын хугацаанд хариуцлага тооцох Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2. дахь заалтыг зөрчөөгүй бөгөөд ажилтны гаргасан зөрчил буюу барилгын доголдол нь барилгын тухай хуульд заасан  чанар стандартын шаардлага хангаагүй, зөрчил үргэлжилсэн хэвээр байсан тул ажилтанд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

Түүнчлэн ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. дахь заалтыг үндэслэл болгосон байх бөгөөд хуулийн дээрх заалтад заасан “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь баримтаар тогтоогдсон, тухайн албан тушаалтны гаргасан зөрчилд хугацаа тооцох шаардлагагүй тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй.

Иймд ажилтанд хариуцлага тооцсон ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй тул ажилд эгүүлэн тогтоолгож, үр дагаврыг шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01669 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1750 дугаар магадлалыг тус тус хүчингүй, болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Б” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболдын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115 345,36 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД