Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2019/01669

 

 

 

 

 

 

   2019 оны 08 сарын 20 өдөр

      Дугаар 181/ШШ2019/01669

            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК

Барилгын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагчийн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 02 дугаар сард Б ХХК-д барилгын инженерийн ажилд орсон. Ажилд орсон цагаасаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн гүйцэтгэж ирсэн бөгөөд ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Гэтэл тус компанийн гүйцэтгэх захирал Н.О нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б/28 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж намайг халсан бөгөөд тушаалыг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр надад өгсөн. Миний зүгээс уг тушаалтай танилцахад миний хариуцсан ажил үүрэгт хамааралгүй асуудлаар, миний ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй, надад огт хамааралгүй асуудлуудыг үндэслэл болгож ажлаас халах тушаал гаргасан байна. Тодруулбал тендерийн тухай болон туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах холбогдох журмыг зөрчин ашиг сонирхлын зөрчилтэйгээр140 айлын орон сууцны төмөр бетон каркас угсралтын туслан гүйцэтгэгч компаниар “Е г Э” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээнд заасан үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, зураг төсөл зохиогч компани болох “Г Ө” ХХК-д хуульд зааснаар мэдэгдээгүй, нуун дарагдуулсан гэх мэт надад огт хамааралгүй, миний ажил үүрэгт тусгагдаагүй, хийж гүйцэтгэсэн ажил болон хийж гүйцэтгэж байгаа ажлуудыг хийгээгүй мэтээр тушаалын үндэслэл болгон ажлаас халсан үндэслэлийг эс зөвшөөрч байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний бие 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 129.2-т заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг дутуу, цалин хөлсөнд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар тодорхой тусгах, холбогдох баримтуудыг хавсаргаж шүүхэд өгөөгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан боловч надад энэ талаар мэдэгдээгүй болно. 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өөрийн биеэр шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ талаар асуухаар очиход шүүгчийн туслахаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай захирамж гарч, шуудангаар илгээсэн боловч тухайн үед гэрт шуудан хүлээж авах боломжгүй байсан тул шуудангаас буцаагдаад шүүхэд ирсэн байсныг мэдэж 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 406 тоот өрөөнөөс захирамж болон материалаа хүлээж авсан. Хариуцагчийн хаягийг бичихдээ хороо гэдэг үгийг дутуу бичсэн байсан. Харин нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бичигдсэн гэж үзэж байгаа бол 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б/28 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг миний зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа цалин хөлс тодорхойгүй гэсний тухайд нэхэмжлэгч миний бие энэ хэргийн шүүх хурлын огноо тодорхойгүй байгаа тул мэдэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 энэ хуулийн 36.1, 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байдаг ба ажилд эргүүлэн тогтоосон өдрөөр буюу шүүх хурал болох өдрөөр нэхэмжилж байгаа цалин хөлсөө тодорхойлж өгөх болно. Иймд Г.Г намайг “Б” ХХК-ийн барилгын инженерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг тус тус гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Г хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. “Б” ХХК нь 2019.05.17-ны өдрийн Б/28 тоот тушаалаараа нэхэмжлэгч Г.Г ажлаас халсан байдаг. Г.Г нь 2014 оноос эхлэн тус компанид талбайн инженерээс хяналтын инженер хүртэл ажиллаж байсан. Г.Г ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т удаа дараа ноцтой зөрчил гаргаж сахилгын шийтгэл оногдуулсан, 40.1.5 гэдэг нь ажил олгогчийн итгэлийг алдан хөрөнгө шамшигдуулсан гэдэг заалтуудаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г барилгын бүхий л процессыг буруу явуулснаас манай компанид их хэмжээний хохирол учирсан гэж тайлбарлаж байна. Ажлаас халсан үндэслэл нь удаа дараа оногдуулсан сахилгын шийтгэл юм бол яг хэдэн сарын хэдний өдөр алдаа, зөрчил гаргаж байсан, арга хэмжээ авч байсан талаарх баримт нь алга. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн компанийн барилгын бүхий л ажил, бичиг цаас боловсруулах ажилд нь оролцдог юм байна лээ. Хөдөлмөрийн хуулийн ямар, ямар заалтыг зөрчсөн болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах ёстой. Гэтэл хөндлөнгийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн Г.Г буруутай үйл ажиллагаанаас болж компанид их хэмжээний хохирол учирлаа гээд ажлаас халсан. Г.Г нь нэгдүгээр давхар, хоёрдугаарт давхарт инженерийнхээ улаан шугамны тэмдэглэгээг хөтөлж байсан. Энэ тэмдэглэгээгээр тухайн ажлыг хийж байсан нь тогтоогдож байгаа. Гэтэл энэ хүний хийж байсан ажил нь хийгдэж байсан. Г.Г буруутай үйл ажиллагаанаас болж “Б” ХХК-д хэдэн төгрөгийн хохирол учирсан юм бэ. 2019 онд сахилгын шийтгэл аваад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй юм бол тэр баримт нь хаана байна. Хариуцагч тал Г.Г Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний аль заалтыг зөрчсөн талаар тайлбарлаж чадахгүй байна. “Б” ХХК нь “О-У” группийн дотоод журмаар Г.Гг ажлаас халсан байна. Г.Г нь “О-У” групптэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хариуцагч байгууллага нь Г.Гын хөдөлмөрлөх эрхийг зөрччихөөд дараа нь баримт бүрдүүлж байгаа юм. Г.Г гэлтгүй, хамт ажлаас халагдсан 4 хүн нь мөн адил сэтгэл санаагаар унаж хямарсан байна. Ажил хийж байсан хүмүүсийг нэгийг нь нөгөөдөхөөр нь тодорхойлуулж тодорхойлолт бичүүлдэг хууль зүйн үндэслэл хаана байгаа юм бэ. Энийг мэргэжлийн байгууллага нь тогтоох ёстой. Хэрэв мэргэжлийн ур чадвар нь хүрэхгүй байгаа бол үүнийг эрх бүхий байгууллага нь тогтооно. Хариуцагч байгууллага нь хувь хүний нууцыг задруулж байна. Г.Гыг эмнэлэгт хэвтэж байх хооронд нь ажлаас нь халсан, мөн Г.Г нь листний мөнгөө авч чадаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 гэсэн заалт нь эд хөрөнгө хариуцагч санхүүгийн ажилтан байна гэж Улсын дээд шүүх тайлбарласан байдаг. Миний үйлчлүүлэгч хууль мэдэхгүй учраас надад ажил үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ширээ, сандал, компьютер зэргийг өгсөн. Эдгээрийг би хариуцах ёстой гэж хэлсэн. Г.Г нь уг барилгыг зурагдсан зургийнхаа дагуу баригдаж байгаа эсэх дээр хяналт тавих үүрэгтэй болохоос биш одоо баригдаж байгаа барилгын хэсгээс өмчлөөд авчихсан буюу түүнийг захиран зарцуулах эрх байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг УДШ-ийн тайлбар дээр хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж тайлбарласан байдаг. Г.Г тийм эрх бүхий этгээд биш талбайн инженер юм. “Б” ХХК-ийн 2019.05.17-ны өдрийн Б/28 тоот ажлаас халсан тушаал нь миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг нь зөрчсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг зөрчиж гаргасан тушаал юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. “Б” ХХК-ийн 2017.05.17-ны өдрийн Б/28 тоот ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй тушаал гэж үзэж байна гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Г нь 2014 оноос хойш “Б" ХХК-нд барилгын инженерээр 2019.05.17-ны өдрийг Iхүртэл ажилласан. “Б” ХХК-ийн 2019.05.17-ны өдрийн 6/28 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Г.Гыг ажил олгогчийн санаачлагаар ажлаас халсан. Тендерийн хууль болон туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах холбогдох журмыг зөрчин ашиг сонирхлын зөрчилтэйгээр 140  айлын орон сууцны төмөр бетон каркас угсралтын туслан гүйцэтгэгч компаниар “Е г Э” ХХК-ийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус компанийн ажлын гүйцэтгэлд  гэрээнд заасан үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 163 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Бетон ба төмөр бетон бүтээц үндсэн дүрэм” (бнбд 52-01-10)-ийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 140 айлын орон сууцны В2, В1, 1, 2-р давхарт чанар муутай барилга бариулж, компанид их хэмжээний хохирол учруулсан, энэ нь МУ-ын ШУТИС-ийн Реконстракшн төвийн 2018.09.13-ны өдрийн 51/18 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн уг чанаргүй барилга барьсан алдаа зөрчлөө мэдсэн даруй 140 айлын барилгын зураг төсөл зохиогч Iкомпани болох “Голомт өргөө” ХХК-нд хуульд зааснаар мэдэгдээгүй, нуун дарагдуулсан зэрэг  мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргасан нь тогтоогдсон тул ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийг доорхи байдлаар тайлбарт дурдсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой “зөрчил гаргасан” нь түүнтэй байгуулсан 2016.01.01-ний өдрийн хг/18 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 10.3.1 дүгээр зүйлийн 6-д “Ажилтан... байгууллагын хүний нөөцийн журмын 2.1.47-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан. Үүнд: b. Компанийн эд хөрөнгөд хохирол учруулсан, шамшигдуулсан, е. компанийн өмч хөрөнгийн чанарыг дордуулсан, h. компанийн нэр хүндийг унагах үйлдэл гаргасан, компанийн нэр хүндэд нөлөө үзүүлэхүйц хэмжээний гомдол ирсэн”, k.компанийг хохиролд учруулахуйц шударга бус, буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, n. Барилга угсралтад технологийн алдаа гаргаж, тухайн хэсгийн ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон нь тогтоогдсон эсвэл маш их хэмжээний нэмэлт зардал, хөрөнгө гарахаар болсон, p. ажлын талбай дээр осол болон осолд дөхсөн тохиолдол гарсан нь нотлогдсон, r. Зургаас ажлын тоо хэмжээг буруу гаргасан” эдгээр Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ болон мөн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-т “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэдэг нь Хөдөлмөрийн гэрээний 8.1-т “зааснаар байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол хохирлыг төлж барагдуулан байгууллагыг хохиролгүй болгоно” гэж заасны дагуу эд хөрөнгийн хохирол учруулсан эсэх талаар цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа “О-У” группийн хөдөлмөрийн дотоод журмын 10.7.7-т компанийн өмч хөрөнгийн чанарыг доройтуулсан, 10.7.9 байгууллагын ёс зүйн дүрмийг зөрчсөн, ёс зүйн ашиг сонирхлын зөрчил гаргасан нь нотлогдсон, 10.7.13-т хууль бус үйлдэл хийсэн болон аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, журам, зааврыг зөрчсөний улмаас хөдөлмөрийн ноцтой осол, техникийн аваар саатал гаргасан, гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, 10.7.18-д үүрэгт ажил албан тушаалаа урвуулан ашигласан, хувийн зорилгодоо группийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон.

Барилгын тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.4 барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 33.1.20-д /барилгын үйл ажиллагаанд мөрдөх гэрээний загвар батлах/ заасан гэрээг байгуулж ажиллах, 37.1.5-т барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулж, холбогдох зардлыг хариуцах, 37.1.6-т байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхой “байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах”, 37.1.8-т “барилгын үе шатны ажилд эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлага, зааварчилгааг биелүүлэх, 37.1.13-т барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл, хохирлыг хариуцах, 37.1.19-т “барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил, далд ажлын актыг баталгаажуулах, 37.4-т “Захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин барилга угсралтын ажлыг 2018 онд 2-р давхараас 16 давхар, техникийн давхар хүртэл барилга угсралтын ажлыг явуулж, хяналт тавьж 140 айлын орон сууцны барилгын талбайд ажилласан барилгын инженер нь Г.Л юм. О ХХК-ийн Комплаесийн газрын 2018.12.03-ны өдрийн аудитын дүгнэлтээр 140 айлын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа барилгын инженер, ерөнхий инженер нараас Барилгын тухай хуулийн 18.2, мөн хуулийн 43-р зүйлийг зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан. Барилгын угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлгүй иргэн хүнтэй байгуулсан зэрэг ноцтой ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг байгуулж ажиллаж байсныг тогтоосон. Мөн уг аудитын дүгнэлтээр албан даалгаврыг Б ХХК-нд өгсөн байдаг ба уг албан даалгаварт барилга угсралтын үйл ажиллагаатай холбоотой наад захын ажлын шаардлагыг биелүүлж хууль, журам зөрчихгүй ажиллахыг даалгасан байдаг.

Барилгын инженерээр ажиллаж байсан Г.Гыг ажлаас халахдаа тушаалд дээрх хууль, журмын заалтыг үндэслэл болгон ажлаас халсан бөгөөд энэхүү тушаалын тушаах хэсэгт барьсан хуулийн заалтыг зөрчсөн болох нь доорхи нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:

1. “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014.06.02-ны өдрийн 14/38 дугаартай тушаалаар Г.Гыг 140 айлын орон сууцны талбайн инженерээр 2014.06.02-ны өдрөөс томилсон.

2. “О-У” группын хүний нөөцийн журмын 2.1.47-т заасан хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийг хүний үйл ажиллагаанд дагаж мөрдөх нарийвчилсан зохицуулалтыг зөрчсөн.

3. “О-У” группын хөдөлмөрийн дотоод журмын 10.7.7, 10.7.9, 10.7.13, 10.7.18 тус тус зөрчин хөдөлмөрийн дотоод журмын сахилгын болон эд хөрөнгийн хариуцлагыг зохицуулалтыг зөрчсөн.       

4. Г.Гтай байгуулсан 2016.01.01-ний өдрийн хг/32 дугаартай хөдөлмөрийн гэрээний 10.3.1.6- т зөрчиж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан.

5. “О-У” группын толгой компани болох О ХХК-ийн Комплаенсийн газрын 2018 онд “Б” ХХК-нд аудит хийсэн ажлын тайланд 140 айлын орон сууцны барилга угсралтын ажилд гарсан алдаа зөрчлийг төрөлжүүлэн дурдсан.

6. Дээрх аудитын мөрөөр “Б” ХХК-нд 140 айлын орон сууцны барилга угсралтын ажилд цаашид анхаарах, засч сайжруулан хэрэгжүүлэх ажлын талаар 2018.11.23-ны өдөр үүрэг болгосон албан даалгаварт зөрчлийг тодорхой дурдсан.

7. Дээрх аудитыг хийхдээ хөндлөнгийн барилгын мэргэшсэн инженер Э.Г 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлын явцад хөндлөнгийн хяналт хийлгэсэн бөгөөд уг дүгнэлтэд 6 зөрчил дутагдал гарсныг дурьдсан. Дүгнэлт зөвлөмжид 4 зүйлийг заавал хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөсөн байна.

8. “Б” ХХКнь 2018 Голомт банкнаас орон сууц барих санхүүжилтийг зээлийн гэрээ байгуулан санхүүжилтийг авч барилга угсралтын ажлыг явуулж байсан бөгөөд цаашид барилга ашиглалтад оруулахад борлуулалтын үйл ажиллагаанд Голомт банктай хамтран Ипотекийн зээлийн гэрээг байгуулан ажиллах саналыг тавьж, тус банкнаас 2019 оны 03 дугаар сард 360 Үнэлгээний тайлан 140 айлын барилгын талбай дээр явуулсан бөгөөд үнэлгээний тайлангаар барилга угсралтын ажил алдаатай, эрсдэлтэй тул зэрэглэлээр ипотекийн зээл олгох боломжгүй гэж барилга угсралтын ажил муу үнэлгээтэй гарсан байна

9. “О” ХХК-тай 2018.05.29-ний өдрийн 18/23 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр 140 айлын 1-р давхарын дам нурууны хүчитгэлийг ажлыг 67.000.000 төгрөгөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан, 2018.09.04-ний өдрийн 24/18 дугаартай албан тоотоор мөн өдөр “Оригакен” ХХК-наас хүчитгэлийн ажлыг хүлээлцэх албан тоот ирүүлэн, ажил гүйцэтгэсэн актыг мөн өдөр ерөнхий инженер Д.О гарын үсэг гэрээний гүйцэтгэлийг хүлээн авсан. Үүгээр 1-р давхарыг алдаа зөрчилтэй барьсан нь тогтоогдож, түүнийг дам нурууг хүчитгэл хийж зассан нь тогтоогдож байна.

10. “О” ХХК-наас 2018.09.26-ны өдрийн 26/18 албан тоотоор гэрээгээр 140 айлын орон сууцны барилгын В1-р давхрын 23 дам нуруунуудад 63.700.000 төгрөг, 1-р давхарын нийт багануудад 47.900.000 төгрөг, 2-р давхарын нийт багануудад 47.900.000 төгрөгөөр тус тус хүчитгэл хийх үнийн саналыг ирүүлсэн. Үүгээр В1, 1, 2-р давхруудад барилгын алдаа зөрчилтэй барьсан нь тогтоогдож байна.

11. “О” ХХК-наас 2018.08.20-ны өдрийн 23/18 дугаартай албан тоотоор 2-р давхарын баганын хүчитгэл, бэхэлгээг 47.900.000 төгрөгөөр хийх үнийн санал ирүүлсэн бөгөөд энэ нь мөн 2-р давхарт алдаа зөрчилтэй барилга угсралтын ажил явуулсныг нотолж байна.

12. ШУТИС-н барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Реконстракшн төвийн 2018.05.23-ны өдрийн Барилгын экспертизийн тайлангийн зөвлөмжид барилгын 1-р давхарын төмөр бетон дам нурууны бетоны бат бэх бага, ан цавтай байгаа учир төмөр бетон дам нурууг хүчитгэх шаардлагатай гэж дүгнэсэн

13. ШУТИС-н барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Реконстракшн төвийн 2019.09.13-ны өдрийн 51/18 дугаартай дүгнэлтээр 2-р давхар баганын бетоны бат бэх зураг төслийн шаардлага хангахгүй тул хүчитгэх шаардлагатай гэж дүгнэсэн.

14. Голомт өргөө ХХК нь уг барилгын зураг төслийн зохиогч бөгөөд дээрх В1, В2, 1, 2-р давхарт гарсан алдаа зөрчлийг мэдээгүй байсан гэдэг ба мэдсэн даруй 2019.04-р сард зохиогчийн хяналт хийж 2019.04.29-ний өдрийн 39 дугаартай албан тоотоор хөндлөнгийн дүгнэлтийг ирүүлсэн байдаг. Үүнд: 2-р давхарын багана, дам нуруу, хучилт, хөшүүн хананд, 12, 13-р давхарын багана, дам нуруу, хучилт, хөшүүн хананд, 16-р давхар болон техникийн давхарын цутгамал төмөр бетон бүтээц хүйтэн сэрүүний улиралд цутгагдсан тул хөндлөнгийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж ирүүлсэн байна.

15. Б ХХК-ийн 2018.06.21-ний өдрийн 04 дугаар батлагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээний удирдамжаар ажилласан ажлын хэсэг 140 айлын орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр сонгон шалгаруулсан туслан гүйцэтгэгч нар ашиг сонирхлын зөрчилтэй сонгон шалгаруулалтгүй сонгогдож ажилласан талаар гаргасан талаар хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хэсгийн тайлан, зөвлөмжид зөрчил илрүүлсэн байна.

16. 140 айлын орон сууцны зураг төслийн компани болох Голомт өргөө ХХК-наас 2019.04.29ний өдрийн 39, 2019.07.22-ны өдрийн 33 дугаартай албан бичгээр барилгын 2-р давхар болон бусад алдаа зөрчлийг илрүүлсэн талаар зохиогчийн хяналт хийсэн дүгнэлт.

17. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаах тасгаас 2019.06.01-ний өдөр шинжээч томилсон тогтоол, Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн барилгын инженер нарын хамтран гаргасан шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтаар 140 айлын орон сууцны барилга угсралтын ажилд В2, В1, 1, 2-р давхарт алдаа зөрчилтэй барьж, чанар муутай гэсэн шинжээчийн дүгнэлт, барилга дээр ажилласан судалгааны тайлангийн хавсралтаар нотлогдож тогтоогдсон байна.

Г.Гыг барилгын инженерийн үндсэн цалинг 1.100.000 төгрөг үүн дээр ГГҮ хувийг 100 хувиар тооцож 2.200.000 төгрөгийн цалинг сар болгон олгож, түүний ажлын хөлсийг тогтмол нэмэгдүүлэн компаниас түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаагүй, харин ажиллах аятай таатай нөхцөлөөр ханган ажиллаж ирсэн. Г.Г нь компаний энэхүү өндөр итгэл найдварыг хөсөрдүүлэн барилга угсралтын ажилд удаа дараа мэргэжлийн алдаа зөрчил гарган ажилласан.

Иймд барилгын инженерээр ажиллаж байсан Г.Г нь 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байхдаа ноцтой барилгын угсралтын алдаа гаргаж, барилга угсралтын ажлыг зөрчилтэйг нь мэдсээр байж зураг төслийн компани буюу зохиогчийн хяналтыг хийлгээгүй ажилласан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Г.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлтэй халсан гэж маргасан.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага нь хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүх байна.

            Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол”-ыг шүүх хянан шийдвэрлэхээр тус тус заасан байна.

            Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан ба хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэгч шүүхэд гомдлоо гаргасан байх тул нэхэмжлэгч Г.Гын хариуцагчид холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргааныг тус шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Г нь “Б” ХХК-тай Барилгын инженерийн ажлын байранд 2016 оны 01 сарын 01-ний өдөр хг/18 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-6-10 тал/-г байгуулан ажиллаж байгаад 2019 оны 05 сарын 17-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэсэн гомдлыг шүүхэд гаргасан.

Хариуцагч нь 2019 оны 05 сарын 17-ны өдрийн Б/28 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-11, 34 тал/-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Тендерийн хууль болон туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах холбогдох журмыг зөрчин ашиг сонирхлын зөрчилтэйгээр 140 айлын орон сууцны төмөр бетон каркас угсралтын туслан гүйцэтгэгч компаниар “Есөн гол Эрдэнэ” ХХК-ийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус компанийн ажлын гүйцэтгэлд гэрээнд заасан үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 163 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан Бетон ба төмөр бетон бүтээц үндсэн дүрэм (бнбд 52-01-10)-ийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж, чанар муутай барилга бариулж, компанид их хэмжээний хохирол учруулсан, чанаргүй барилга барьсан алдаа зөрчлөө мэдсэн даруйд 140 айлын барилгын зураг төсөл зохиогч компани “Голомт өргөө” ХХК-д хуульд зааснаар мэдэгдээгүй, нуун дарагдуулсан зэрэг мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргасан гэх үндэслэлийг зааж, барилгын инженер Г овогтой Гг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас  нь чөлөөлжээ.

2019 оны 05 сарын 17-ны өдрийн Б/28 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Г.Гыг Тендерийн хууль болон туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах холбогдох журмыг зөрчин ашиг сонирхлыг зөрчилтэйгөөр 140 айлын орон сууцны төмөр бетон каркас угсралтын туслан гүйцэтгэгч компаниар Есөн гол эрдэнэ ХХК-ийг сонгон шалгаруулсан, тус компанитай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, тус компанийн ажлын гүйцэтгэлд гэрээнд заасан үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, чанар муутай барилга бариулж, компанид их хэмжээний хохирол учруулсан, чанаргүй барилга барьсан алдаа зөрчлөө мэдсэн даруйд 140 айлын барилгын зураг төсөл зохиогч компани “Голомт өргөө” ХХК-д хуульд зааснаар мэдэгдээгүй, нуун дарагдуулсан зэрэг мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргасан талаар дурдсан байна.

Тушаалд хувийн хэвшлийн компанийн барилгын инженерийг Тендерийн хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах тул хувийн өмчийн хуулийн этгээдүүдийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамааралгүй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж, мөн хуулийн 40.1.5-д “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдхүй” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байхаар тус тус зохицуулсан байдаг.

            Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна. Сахилгын зөрчил нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

            Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг. 

Гэтэл маргаж буй талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.1-ийн 6-д “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсвэл “Байгууллагын хүний нөөцийн журам”-ын 2.1.47-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан тохиолдлыг а-v-д зааж, ажил олгогч нь эдгээр зөрчлүүдийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах”-аар заасан бөгөөд энэхүү заалтад заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байхад ажил олгогч буюу “Бүтээгч” ХХК-ийн захиргаа нь ажилтан Г.Гыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэв.

Тушаалд нэхэмжлэгч Г.Гыг туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах холбогдох журмыг зөрчин ашиг сонирхлын зөрчилтэйгөөр 140 айлын орон сууцны төмөр бетон каркас угсралтын туслан гүйцэтгэгч компаниар Есөн гол эрдэнэ ХХК-ийг сонгон шалгаруулсан, тус компанитай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, тус компанийн ажлын гүйцэтгэлд гэрээнд заасан үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, чанар муутай барилга бариулж, компанид их хэмжээний хохирол учруулсан гэж дурдсан боловч хариуцагчийн зүгээс туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад ямар журам баримталдаг талаар болон Г.Гын ашиг сонирхлын зөрчил нь ямар зөрчил байсныг баримтаар нотлоогүй, барилгын инженер нь туслан гүйцэтгэгч болон бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулахад оролцдог гэх боловч сонгон шалгаруулалтад түүний оролцоо байсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Тушаалд нэхэмжлэгч Г.Гыг туслан гүйцэтгэгч компанийн ажлын гүйцэтгэлд гэрээнд заасан үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй зөрчил гаргасан талаар дурдсан боловч, туслан гүйцэтгэгч компанийн ажлын гүйцэтгэлд гэрээнд заасан үүргийн дагуу хяналт тавьж ажиллах нь барилгын инженерийн гүйцэтгэх ажил үүрэгт хамаарч болох хэдий ч тухайн барилгын талбай дээр нэхэмжлэгч Г.Г нь талбайн инженерээр ажиллаж байсан гэсэн тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар барилгын талбайд талбайн инженерээс гадна өөр бусад барилгын инженер ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул тушаалд дурдсан туслан гүйцэтгэгч компанийн ажлын гүйцэтгэлд гэрээнд заасан үүргийн дагуу хяналт тавьж ажиллах чиг үүрэг нь хэнд байсныг тогтооход нэхэмжлэгч Г.Гын гүйцэтгэх ажил үүргийг тодорхойлсон ажлын байрны тодорхойлолт ач холбогдолтой бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7 дахь заалтад Ажилтан энэхүү гэрээний 1.2-т дурдсан ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргүүдийг гүйцэтгэнэ гэж зааснаас өөрөөр барилгын инженерийн гүйцэтгэх ажил үүргийн талаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан зохицуулалт байхгүй байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байр буюу барилгын инженерийн ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд өгсөн нь хэргийн 89-91 дэх талд авагдсан байх боловч тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийн алийг нь ямар байдлаар зөрчсөнийг тогтоосон талаар баримт байхгүй байна гэж үзлээ.

Ажилтныг халсан тушаалд нэхэмжлэгч Г.Гыг чанар муутай барилга бариулж, компанид их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр халсан боловч барилгын чанарын талаар тухайн барилгын чанарт хяналт тавих чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын зүгээс гаргасан аливаа дүгнэлт байхгүй, компанид их хэмжээний хохирол учруулсан гэх боловч хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагаас тодорхойлж, тогтоосон баримт авагдаагүй байна. Тэрээр нариуцагчийн төлөөлөгч нь “...140 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байхдаа ноцтой барилгын угсралтын алдаа гаргаж, барилга угсралтын ажлыг зөрчилтэйг нь мэдсээр байж зураг төслийн компани буюу зохиогчийн хяналтыг хийлгээгүй ажилласан...” гэж тайлбарлан хэрэгт хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх удирдамж, Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, Барилга угсралтын ажил гүйцэтгэх Б-УБ-2014-10-08 дугаартай гэрээ, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлүүд, Мөрдөгчийн тогтоол зэрэг баримтыг хавсаргасан боловч энэхүү нөхцөл байдал нь барилгын инженер Г.Гын гаргасан буруутай үйлдэл, эс үйлдхүйгээс болсныг нотлоогүй гэж дүгнэв.

Иймээс, хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг  үгүйсгэн татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзээд Б ХХК нь Г.Гыг үндэслэлгүй ажлаас халсан байх тул нэхэмжлэгч Г.Гыг Б ХХК-ийн барилгын инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор заасан.

Урьд авч байсан дундаж цалин хөлсийг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцохоор заасныг баримтлах бөгөөд нэхэмжлэгч Г.Гын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх дэвтэр /хх-12-14 дэх тал/-т бичигдэн баталгаажсан сүүлийн 3 сарын цалин хөлс буюу 2019 оны 2 дугаар сарын цалин хөлс 2,019,960 төгрөг, 3 дугаар сарын цалин хөлс 2,671,765 төгрөг, 4 дүгээр сарын цалин хөлс 1,679,522 төгрөг, нийт 6 371 247 төгрөгөөс нэг сарын дундаж цалин хөлсийг тооцоход 2 123 749 төгрөг, үүнээс нэг өдрийн дундаж цалин хөлсийг сарын дундаж хоног болох 22 хоногт хуваан тооцоход 96 534 төгрөг, үүнийг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2019 оны 05 сарын 17-ны өдрөөс шүүх хуралдаан болсон 2019 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 65 хоногт  тооцоход  ажилгүй  байсан  хугацааны  цалинтай  тэнцэх олговрын хэмжээ нь

6 274 710 төгрөг болж байх тул хариуцагч “Б” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 274 710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гад олгох нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Г.Гын ажилласан хугацаанд хамаарах  нийгмийн  болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Б ХХК-д даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь: 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1  дэх  хэсэгт заасныг  баримтлан нэхэмжлэгч Г.Гыг “Б” ХХК-ийн барилгын инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Б” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 274 710 /зургаан сая хоёр зуун далан дөрвөн мянга долоон зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гад олгосугай.

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гын ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч “Б” ХХК-д үүрэг болгосугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид  185 545 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулж улсын орлого болгосугай. 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ТҮМЭНЦЭЦЭГ