Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Батцэцэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Б.Батцэцэг, түүний өмгөөллөгч Д.Хуягбаатар, прокурор А.Анхбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолтой Б.Батцэцэгт холбогдох эрүүгийн 18360000000139 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 37 настай, дээд боловсролтой, хүнсний химичийн мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Буянхишигийн Батцэцэг нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг Олзвойн 01-02 тоотод байрлах өөрийн гэртээ 2018 оны 08 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед иргэн Б.Азжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ Шүүгдэгч Боржигон овогт Буянхишигийн Батцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Батцэцэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Батцэцэгт оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг нэг сард 150000 төгрөгөөр тооцож, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Батцэцэгт тайлбарлаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжээчийн 488 дугаартай дүгнэлт болон шинжээч эмч Б.Цэндхүүгийн мэдүүлгээс харахад хохирогч Б.Азжаргалын биед тархи доргилт гэх гэмтэл үүссэн нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шалгуур шинж тогтоогдсон гэж үзэж гэмтлийн зэрэгт хамруулсан байдаг. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан шалгуур шинж нь гэмтэл, үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагаанд хямрал үүсгэж, эрүүл мэндтйг тодорхой хугацаагаар сарниулсан байхыг шаардсан байгаа. Хохирогч Б.Азжаргалын биед учирсан гэмтлийн улмаас үйл ажиллагаанд нь хямрал үүсгээгүй, эрүүл мэндийг сарниулаагүй болох нь нотлогдож байгаа. Хохирогч Б.Азжаргалын биед учирсан тархи доргилт гэх гэмтэл нь хэдий хугацаанд эд эрхтэний бүтэц алдагдаж, үйл ажиллагаанд хямрал үүсгэсэн, хэдий хугацаанд ямар эмчилгээ хийгдэж эрүүл мэндийг сарниулсан болох нь тодорхой бус, нотлогдохгүй байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамруулсан нь шинжилгээ бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй шинжээчийн дүгнэлт гарчээ гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийг гаргуулах, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж Б.Батцэцэгийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Батцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг зөвхөн нэг талыг барьж огт хийгээгүй хэргийг хүчээр тулган хилс хэрэгт тулгаж, хууль бус ял оноосон. Шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй, хэргийн үнэнийг олж тогтоогоогүй, гэм буруутай байдалд бодит дүгнэлт хийгээгүй, нотолбол зохих байдлыг бүрэн үнэн зөвөөр нотлоогүй.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Б.Батцэцэг нь гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэргийг тал бүрээсс нь шалгаж тогтоосон ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж гаргасан шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул 177 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж Б.Батцэцэг болон түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх  шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Батцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан   байна.

Шүүгдэгч Б.Батцэцэг нь 2018 оны 08 сарын 27-ны орой өөрийн дүү Б.Майнбаярын хамарнаас цус  гарсан талаар Ховд аймгийн БОЭТ-д дуудлага өгч, Жаргалант сумын Цамбагарав багийн 01-02 тоотод оршин суух, Б.Батцэцэгийн гэрт 103-ын дуудлагын эмчээр Б.Азжаргал, дагалдан эмчээр О.Өлзийжаргал нар ирж Б.Майнбаярын биеийг үзэх үед Б.Батцэцэг нь дүү Б.Майнбаярын хамраас гарсан цус тогтоох зорилгоор Дицинон гэх тариаг эмчид өгч судсаар хийлгэх хүсэлттэйгээ байгаагаа хэлэхэд дуудлагын эмч Б.Азжаргал нь урд нь тухайн тариаг хийлгэж байгаагүй тул судсанд хийх  эрсдэлтэй гэдгийг хэлээд Б.Майнбаярын булчинд  хийсэн тул Б.Батцэцэг нь “дуудлага хугацаа алдаж ирлээ,  цус тогтоох Дицинон гэх тариаг судсанд хийж өгсөнгүй” гэж  эмч Б.Азжаргалтай маргалдаж, түүний хоёр гараас татаж, толгойнд  гараараа цохиж , хөл рүү нь өшиглөж улмаар Б.Азжаргалын эрүүл мэндэд шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоосон “ тархи доргилт “ гэх хөнгөн хохирол учруулсан болох нь Хохирогч Б. Азжаргалын  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн “ Ховд аймгийн БОЭТ-д 2018 оны 08 сарын 27-ны өдөр 103 -т дуудлагын эмчээр ажиллаж байсан. Цамбагарав багийн 01-01 тоотоос “хамраас цус гарсан” гэх дуудлага ирсэн. Тэгээд Цамбагарав багийн 01-01 тоот хашаанд очиход хашаанаас хүн гарч ирэхгүй байсан. Тэгээд сигналдаж байтал дээд талын хашаанаас Б.Батцэцэг  гарч ирээд “хол очоод сигналдаад зогсоод байх юм” гээд уурлаж байсан. Би дадлагажигч эмч О.Өлзийжаргалын хамт явж байсан. Гэрт ороход  хоймор хэсэгт ор засаад Б.Майнбаяр хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад хамраас цус гараад тогтчихлоо гэсэн. Өвчтөнийг үзэхэд амин үзүүлэлтүүд тогтвортой, хамраас цус гарахгүй байсан.  Тэгтэл Б.Батцэцэг “дицинон” гэдэг тариаг хийгээд өг гэсэн. Би анх удаа хийлгэж байгаа юу, өмнө нь хийлгэж байсан уу гэж асуухад хийлгэж байгаагүй гэсэн. Тэгэхээр нь анх удаа хийлгэж байгаа бол булчинд хийдэг, судсаар хийхэд эрсдэлтэй гэхэд “булчингаар хийх байсан чамайг яах гэж дууддаг юм бэ” гээд уурласан. Судсаар хийвэл  эрсдэлтэй гэхэд яадаг юм гээд уурлаад байсан. Тэгээд тариагаа хийгээд бостол “чи яасан их мэдлэгтэй дипломын гол вэ” гээд уурлаад дэвсгэр дээр гишгэчихлээ гээд намайг 2-3 удаа өшиглөөд “гараад зайл” гэхээр нь биксээ аваад гарах гэтэл араас татаад байсан. Тэгээд О.Өлзийжаргал хажуунаас болиоч гэсэн. Бид хоёр гарах гэтэл Б.Батцэцэг толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан.Тухайн үзүүлсэн залуу эрүүл байгаагүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б.Батцэцэг нь  араас ирж машин өшиглөсөн. Би гаднаас орж ирэхдээ бухимдалтай орж ирээгүй, өвчтөнийг үзээгүй гэж мэдүүлж байгаа Б.Батцэцэгийн мэдүүлэг үндэслэлгүй. Тухайн гэрт хоол хийж байсан хүн байгаагүй. Биднийг ороход Б.Батцэцэг, дүү Б.Майнбаяр, бага насны  хүүхэд  байсан. Сүүлд  гарахад хүүхэд байхгүй байсан. Би Б.Батцэцэгийг цохих ямар нэгэн үйлдэл хийгээгүй, өөрийгөө л хамгаалсан. Б.Майнбаярын хамраас цус гарч байсан бол эмнэлэг рүү авч явах заалтынхаа дагуу авч явах байсан. Тухайн үед цус гарахгүй байсан тул цус тогтоох тариаг булчинд хийсэн. Би дуудлаганаас хойш толгой өвдөөд байсан дагалдан гарч байсан эмч О.Өлзийжаргалаар үзлэгээ хийлгэж байсан. Тухайн шөнийн 02 цагт Цагдаагийн байгууллагад дуудлага өгч, эмчид үзүлсэн, маргааш өглөө  нь тархины зураг авахуулсан, шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулсан. Миний толгой өвдөж, дотор муухайрч, огиулж байсан. 103 дээр байхад хаван буулгах манитол гэх тариа хийлгэсэн. 103- ын эм тарианы зарлагын баримт дээр байгаа. Би 8 сарын 28, 29-ний өдрүүдэд гэрээрээ эмчилгээ  хийлгэж, Номин дэлгүүрийн урд талд байдаг Хоньчин гэх  хүнээр тархиа бариулсан. Эрхэмбаяр болон Цэрэнбадам эмч нарт үзүүлэхдээ толгой өвдөж байгаа гэх зовиураа хэлж байсан. Би ажлаасаа чөлөө аваагүй хэдий ч миний толгой өвдөж байсан тул зохих эмчилгээг гэрээр хийлгэсэн. Би тухайн үед энгийн хувцастай байгаагүй, ажлынхаа улаан өнгийн хувцастай  байсан.  Надад нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17,218 дугаар тал/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 сарын 31- ний өдрийн 488 дугаартай... Б.Азжаргалын биед гэмтэл учирсан байна. Б.Азжаргалын биед тархи доргилт, зүүн гуянд 3х3 см, зүүн шилбэнд 2х3 см, 2х2 см, гарын бугалганд 1х1 см, 1х0.5 см тус тус цус хуралтууд, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Б.Азжаргалын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.Азжаргалын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Б.Азжаргалын биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хх-ийн 38 дугаар тал/

Гэрч шинжээч эмч  Б.Цэндхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт    өгсөн “... Би Б.Азжаргалын биед 2018 оны 08 сарын 28- ны өдрийн 13 цаг 30 минутын үед үзлэг хийсэн. Тухайн үед Б.Азжаргалын биед тархи доргилтын шинж илэрсэн,   үзэхэд дагзны хэсгээр булчингийн хөшингө илэрсэн,  мэс заслын болон гэмтлийн эмчийн үзлэг, рентген зураг, биеийн хэсэг гадаргууд цус хуралтууд үүссэн зэргийг үндэслэн тархи доргилт үүссэн гэх дүгнэлтийг гаргасан. Тархи доргилтын үед тухайн хүний өөрийнх нь биеийн эрүүл мэндийн байдлаас хамаараад ажлаа хийгээд яваад байх боломжтой. Заавал ажлаас чөлөө авах шаардлага байхгүй. Тархи доргилтын үед эмийн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Миний хувьд шинжлүүлэгчид бодит үзлэг хийсэн, рентген зурагны хариу болоод эмчийн үзлэг зэргийг үндэслэн дүгнэлтээ гаргасан. Тархи доргилтын 3 ба түүнээс дээш шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тархи доргилт гэж үздэг. Хохирогч нь гэмтэл авсны дараа ирж үзүүлсэн тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасныг үндэслэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна  гэх дүгнэлтийг гаргасан...гэх мэдүүлэг /хх- 45-46,  224-227 дугаар тал/

Гэрч  О.Өлзийжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт   өгсөн “ Би 2018 оны 08 сарын 27-ны өдөр 103 -д дагалдан эмчээр дуудлаганд явж байсан. Б.Азжаргал эмчийн хувьд Б.Батцэцэгийг цохисон асуудал байхгүй. Өвчтөн Б.Майнбаяр зөвшөөрсөн тул булчинд тариаг нь хийсэн.  Тариаг судсаар хийгээгүй гэснээс маргалдсан. Би тэр хоёрын дундуур нь орж салгасан. Миний толгой дээгүүр Б.Батцэцэгийн  гар нь явж байсан хаана нь цохисон талаар мэдэх зүйл байхгүй. Доогуур 2-3 удаа өшиглөж байсан. Гэрт хоол хийсэн  хүн байгаагүй.. Шороотой гутлаараа угаасан хивсэн дээр гишгэлээ гэж хэлж байсан.   “Хурдан гараа яваа” гээд зүүн тал руу эргэхээд хутга авах гэж байгаа юм байна гээд хурдан гарсан. Араас гарч ирээд миний талын машины хаалгыг өшиглөж байсан. Машин дотор суугаад явж байхад Б.Азжаргалын гар хөхөрсөн байсан. Дипломын гол шороотой гутлаараа хивсэн дээр гишгэлээ гээд маргалдсан. Тухайн шөнө дуудлаганд явж байхад  эмч Б.Азжаргал толгой өвдөж байна гээд үзлэгийг би хийж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26,228-234 дүгээр тал/

Гэрч Б.Майнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт   өгсөн “... Би гэртээ байж байтал хамарнаас цус гарсан. Манай найз эгчийнхээ утсаар дуудлага өгсөн. Дуудлага ирэх хооронд эгчийнхээ гэрт ирсэн. Хамраас цус байнга гараад байсан. Дуудлагаар ирсэн Б.Азжаргал эмч манай эгчийг цохисон, тэгснээ инээлдээд гараад явсан. Бараг нэг литр цус гарсан байх. Миний толгой эргээд байсан тул сайн мэдэхгүй байна. Хамраас цус гараад эмнэлэгт хэвтэж байсан. Цус тогтоох дицинон гэх тариаг тариулж байсан. Авгай минь хивсээ угаачих гээд маргалдсан. Эгч даргад нь хэлнэ гээд хойноос нь гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28,235-243 дугаар тал/

Шүүгдэгч Б.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт   өгсөн “... 2018 оны 08 сарын 27-ны өдөр гадуур явж байтал дүү Б.Майнбаярын найз нь залгаад “ Б.Майнбаярын хамарнаас нь цус гараад байна, гэхээр нь 103 дууд” гэсэн. Тэгээд Б.Майнбаярлуу ярихад манай гэр лүү явж байна гэхээр нь гэртээ ирсэн. Б.Майнбаярын хамарнаас цус гарсан байхаар нь  хамарт нь чихээс хийж өгөөд ор засаж хэвтүүлсэн. Би өөрөө 103-т дуудлага өгсөн, 40 орчим минут хүлээгээд ирээгүй тул  хотын 103-т мэдэгдсэн. Дахин  БЭОТ-ийн 103 руу ярихад дуудлага их байна удахгүй очно гэсэн хариу өгсөн. Хэсэг хугацааны дараа манай доод талын хашаан дээр дуудлагын машин ирсэн тул би өөрөө гарч эмч  нарыг авч орж ирсэн. Дуудлагын эмч орж ирээд манай дүүг үзээгүй, хаягандаа байхгүй гэсээр маш их бухимдалтай орж ирсэн. Би цус тогтоох Дицинон гэх тариаг авсан байсан тул судсаар хийгээд өгөөч гээд өгсөн.  Тэгтэл судсаар хийх  заалт байхгүй гээд булчинд нь  ямар ч  ариутгал хэрэглэхгүйгээр шууд тарьсан. Би булчинд хийх байсан бол би өөрөө хийчихдэг байж гэтэл “ балай авга” гэж доромжилсон. Мөн гарахдаа миний нуруу руу цохисон. Зүүн гарын булчин руу цохисон. Миний зүүн гарын чигчий хуруу тулсан. Би баруун гарандаа хагалгаа хийлгэсэн тул ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй. Би хуруугаа ч хөдөлгөөгүй байхад тархи доргилт гэх хөнгөн гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийн дагуу шударга үнэ зөвөөр шийдвэрлэж өгнө үү... “гэх мэдүүлэг /хх-ийн 50-51,214-215/ зэрэг нотлох баримтуудаар  тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч  Б.Батцэцэгийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу,хувийн байдал,үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Шүүгдэгч Б.Батцэцэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Уг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан  нь хуульд нийцэж байна. 

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн  “...  хохирогчийн толгой өвдөнө,шилэн хүзүү хөшинө, дотор мухайрна гэж хэлснээр гэмтлийн эмчийн гэмтлийн гаралтай тархи доргилт гэх гэмтэл үүсэн гэж оношилсныг нь үндэслэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамруулсан нь шинжилгээ бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй,эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ДАМБА

 

                                              ШҮҮГЧИД                                     М.НЯМБАЯР

 

                                                                                                    Н.ТУЯА