Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2017/02344

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.А- ы нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  О  компанийн Монгол дах Төлөөлөгчийн газарт холбогдох

 

О  ХК-ийн төлөөлөгчийн газрын захирал Г.Д-ийн 2017/03 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмч менежер ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.-Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөчг төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.   

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд О  компанийн Монгол дах төлөөлөгчийн газарт эмч, төлөөлөгчөөр ажиллаж байсан. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2017/03 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тус тушаалыг үндэслэлгүй гаргасан байгаа тул О  компанийн Монгол дах төлөөлөгчийн газарт эмч, төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг эргүүлэн олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилтийг хийлгэж өгнө үү.

Удвалцэцэг гэдэг эмч бол 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш ажиллаагүй байна. Гэхдээ хүүхдийн тасаг дээрээ ажилтай явж байсан. Эрдэнэ-Очир эмч дотрын эмч биш гэсэн байгаа. Манай компанийн эмийн жор бичилттэй холбоотой дотрын эмч гэж оруулсан. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр надад ногдуулсан талаар хэргийн материалтай танилцахдаа мэдсэн. Сахилгын шийтгэл авч байгаагүй. 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн талаар манайд өмнөх өдөр орой 9 цагийн үед хулгай орсон байсныг мэдсэн. Маргааш нь цагдаа дээр очих болсон ийм зүйл болсон” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг Дээд шүүхийн тогтоолд тайлбарласан байна. С.А ыг ноцтой зөрчил гаргасныг хэн шалгаж, хэн тогтоогоод байгаа юм. С.А аас зөрчилтэй холбоотой тайлбар авсан зүйл байхгүй. С.А ы өөрийнх явуулсан тайлан гээд байна. Үүнийг юугаар тогтоогоод байгаа юм. 9 дүгээр сарын 21-ний өдөр нотариатаар баталсан байна. Үүнийг яаж батлуулсан юм. Компьютерын программыг хараад нотариатаар баталсан явдалд гайхаж байна.

Шүүх үүн дээр нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлж өгөхийг хүсч байна. Тушаалын үндэслэл дээр тухайн өдрүүдэд зөрчил гаргасныг хэн тогтоосон юм. Сахилгын шийтгэл авсан талаар нотлох баримт судлахдаа харсан. Сахилгын шийтгэлийг яаж оногдуулсан, хэрхэн тогтоосон талаар баримт байхгүй байна. Мөн О  компанийн Монгол дах төлөөлөгчийн газрын гэрчилгээ байна. Төлөөлөгчийн газар өөртөө ашиг олох, аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн байна.

С.А  2 тайлбар гаргаж өгсөн байдаг. 6 дугаар сарын 15-ны өдөр хулгай орсныг орой нь мэдээд, 6 дугаар сарын 16-ны өдөр цагдаад дуудлага өгөх, хэргийн газрын үзлэг хийлгэх, цагдаад мэдүүлэг өгөх зэргээс болж ажлаа тасалсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ дээр 6 дугаар сарын 22-ны өдөр тайлбар авсан байдаг. Яг тэр цагтаа уулзаагүй ч тэр өдрөө гүйцэтгэх ажлаа хийсэн. Ажлын цаг ашиглалт, ажлын цагийн зөрүү гарсан дээр хүлцэл өчье гэсэн тайлбар өгсөн болохоос алдаа дутагдал гаргасан, худал мэдүүлэг өгсөн гэсэн байна. Худал тайлан гэдгийг ямар эрх бүхий байгууллага тогтоосон талаар баримт байхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О  компанийн Монгол дах төлөөлөгчийн газрын захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 03 дугаар тушаалаар ажлаас халсан. Тушаалын заалт бол Хөдөлмөрийн тухайн хуулийн 37.1.8, 38.1.2, 40.1.4 дэх заалт, мөн хөдөлмөрийн гэрээний 4.3.2, 4.3.3, 4.3.12 дах заалтыг үндэслэж ажлаас чөлөөлсөн.

Энэ нь менежер нь ажлын цагийн бүртгэлийг худлаа мэдүүлж, 2017 оны 1 дүгээр сараас хойш очоогүй эмнэлэг, уулзаагүй эмч нартай уулзсан баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан.

Энэ нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр уулзснаар тайлбарласан нь 22-ны дотоод хяналтаар тогтоогдсон. Хөдөлмөрийн хуулийн 40.1.3-т ноцтой зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлөх тухай заасан байдаг.

Ноцтой зөрчилд Хөдөлмөрийн гэрээний 4.3.2 ... ажлын үнэлгээний баримтыг хуурамчаар мэдүүлэх, эсвэл нуун дарагдуулсан бол гэсэн байгаа.  4.3.3 бол ажлын цагийн бүрэн гүйцэтгэхгүй бол ..., 4.3.12 худал хуурмаг үйлдэл хийсэн бол гэсэн үндэслэлүүд байдаг. С.А д ажлын байрны тодорхойлолтын дагуу ямар ажил хийхийг тодорхой заагаад өгсөн байна. Ажлын байрны тодорхойлолтын 1.1 дээр хийх ажлын үндсэн үүргийг заасан байгаа. 2-р зүйлийн 2.3.1 дээр үндсэн үүргийг тодорхой заасан байгаа. Энэ хуваарийг зөрчсөн. Энэ нь баримтаар өгсөн уулзалтын төлөвлөгөөгөөр нотлогддог.

Үүн дээр 2 дугаар улирлын уулзалтын төлөвлөгөө гаргаад, чиглэлээ тогтоогоод уулзалтуудаа хийдэг. Нэр бүхий  эмч нартай уулзсан гэж зөвлөөд, программаар тайлангаа өгдөг. Гэтэл энэ тайланг худлаа өгсөн нь Сонгинохайрхан дүүргийн амбулторын эмч н.Чимэгсүрэнгийн өгсөн мэдээллээр батлагддаг. Эдгээрийг нотлох баримтаар өгсөн байгаа. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ноцтой зөрчил юм.

Үүнээс гадна 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ ирээгүй болохоор яасан бэ гэхэд Мөнгөн гүүр эмнэлэг дээр байна гэсэн. Очоод байхгүй байна гэсэн талаар мессэжүүд байдаг. Үүнийг орон гэрт хулгай орж, цагдаад мэдүүлэг өгч гэрийн хаалганы цоожийг солих зайлшгүй шаардлага гарсан гэсэн тайлбар өгсөн.

Сая баримт өгөхдөө 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэсэн баримт өгсөн. Энэ дээр 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэсэн байгаа. Энэ хүн ажилтай эсэх талаараа захиралдаа мэдэгдэх ёстой. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 07 дугаар тушаалаар ажлын гүйцэтгэл муу байгаа талаар сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. Энэ сахилгын шийтгэлтэй холбоотой 2016 оны 11,12 сард нэмэлт ажлын төлөвлөгөө гаргаж, ажиллаж байсан баримт байгаа.

Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэж ажлаас чөлөөлсөн” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                     

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч С.А  нь хариуцагч О  компанийн Монгол дахь төлөөлөгчийн газарт холбогдуулан О  компанийн төлөөлөгчийн газрын захирлын 2017/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан эмч менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь С.А  Хөдөлмөрийн гэрээний 4.3.2, 4.3.3, 4.3.12 дэх заалтуудад заасан ажлын цагийн бүртгэлийг худал мэдүүлж, визит хийгээгүй хэрнээ төлөвлөгөөт визитийн ажлын байрны зургийг визит хийж байгаа мэтээр явуулах, өдөр тутмын тайланг хуурамчаар үйлддэг гэх ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

 

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн О  компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2017/03 тоот тушаалын 1 дэх заалтаар “О  компанийн Монгол дахь төлөөлөгчийн газарт эмч-менежер ажилтай Сарантуяа овогтой Амарсайхан нь ажлын цагийн бүртгэлийг худал мэдүүлж, визит хийгээгүй хирнээ визитийн төлөвлөгөөт ажлын байрны зургийг визит хийж байгаа мэтээр явуулах, өдөр тутмын тайланг хуурамчаар үйлддэг нь 2017 оны 01 дүгээр сараас хойш огт очоогүй эмнэлэг, уулзаагүй эмч нартай 2017.03.01, 2017.04.27, 2017.05.25, 2017.06.22-ны өдрүүдэд уулзсанаар тайлагнасан нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотоод шалгалтаар тогтоогдсоноор, ажлын цагийг бүрэн гүйцэтгээгүй, ажлын цагийг худлаа бүртгүүлж хуурамч тайлан, бүртгэл үйлдсэн, ажлын цагт гүйцэтгэвэл зохих ажил үүргийг гүйцэтгээгүй зэрэг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан  тул 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.3.2, 4.3.3, 4.3.12-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.А ыг ажлаас нь чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч С.А ыг ажлын цагийн бүртгэлийг худал мэдүүлж, визит хийгээгүй хирнээ визитийн төлөвлөгөөт ажлын байрны зургийг визит хийж байгаа мэтээр явуулах, өдөр тутмын тайланг хуурамчаар үйлддэг нь 2017 оны 01 дүгээр сараас хойш огт очоогүй эмнэлэг, уулзаагүй эмч нартай 2017.03.01, 2017.04.27, 2017.05.25, 2017.06.22-ны өдрүүдэд уулзсанаар тайлагнасан нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотоод шалгалтаар тогтоогдсоноор, ажлын цагийг бүрэн гүйцэтгээгүй, ажлын цагийг худлаа бүртгүүлж хуурамч тайлан, бүртгэл үйлдсэн, ажлын цагт гүйцэтгэвэл зохих ажил үүргийг гүйцэтгээгүй зэрэг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.2-т заасан бусад хүмүүсийн мэдээлэл, тэр дундаа тэдний асуулга, ажлын үнэлгээ зэрэг бичиг баримтыг хуурамчаар мэдүүлэх, эсвэл нуун дарагдуулсан үйлдлийг ноцтой зөрчилд тооцсон байна.

 

Нэхэмжлэгч С.А  нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр компанийн удирдлагад ажлаа хийсэн мэтээр мэдүүлсэн нь буруу боловч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, мөн ажлаас халах тухай тушаалд эмч нартай уулзаагүй өдрийг шууд зааж тусгасан боловч 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг оруулан тооцоогүй байна.

 

Нэхэмжлэгч С.А ы Чингэлтэй дүүрэг, Шадивлангийн задгайд байрлах зуслангийн байшинд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хулгай орсон үйлдлийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа болох нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 14/1-2457 тоот албан бичгээр тогтоогдож байна

 

Хариуцагч нь ноцтой зөрчил гаргасан болохыг нотлох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн  Эрүүл мэндийн төвийн 2 дугаар амбулаторийн даргын тодорхойлолт /хх-ийн 70 дахь тал/-ыг шүүхэд гаргасан бөгөөд уг тодорхойлолт нь дангаараа нотлох баримт болохгүй ба хүснэгтэд дурдсан эмч нартай холбоотой  тушаал, болон бусад нотолгооны хэрэгсэлтэй хамт шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

 

Хариуцагч нь эмч нартай уулзалтын тайланд нэрлэн заасан эмч нартай уулзаагүй гэж тайлбарлах боловч уулзалт хийгээгүй болохыг баримтаар нотлоогүй тул уулзалт хийгээгүй гэж үзэх боломжгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан “ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох бөгөөд хэрэв ноцтой зөрчил гаргасан бол түүнийг шалгаж, баримтаар нотолсны эцэст ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

Хариуцагч талаас гаргасан хавтаст хэргийн 54-58 дахь тал, 60-69 дэх талд авагдсан бичгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул үнэлээгүй, мөн ажлаас чөлөөлөх тухай 2017/03 дугаар тушаалд “...2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотоод шалгалтаар тогтоогдсоноор” гэж дурдсан атлаа дотоод шалгалтын тайланг шүүхэд баримтаар ирүүлээгүй тул нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч С.А ыг эмч менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс ажлын 57 хоногоор тооцож 5.652.462 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар түүний сүүлийн 3 сарын дундаж цалин 2.181.662 төгрөгийг ажилгүй байсан хугацааг ажлын 54 хоногоор тооцоход  5.236.002 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 416.460 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч С.А ы нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иймд О  ХК-ийн Монгол дах төлөөлөгчийн газрын захирал Г.Дэжидмаагийн 2017/03 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмч менежер ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 5.236.002 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч С.А ы эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар О  ХК-ийн Монгол дах төлөөлөгчийн газрын захирлын 2017/03 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмч менежер ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.236.002 төгрөгийг хариуцагч О  ХК-ийн Монгол дах төлөөлөгчийн газраас гаргуулж, нэхэмжлэгч С.А д олгож, 416.460 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч С.А ы эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч О   хувьцаат компанийн Монгол дах Төлөөлөгчийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч О  ХК-ийн Монгол дах төлөөлөгчийн газраас 98.726 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР