Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02311

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02311

 

 

 

С.Амарсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02344 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Амарсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Олайнфарм ХХК-ийн Монгол дах төлөөлөгчийн газарт холбогдох

Олайнфарм ХК-ийн Монгол дах төлөөлөгчийн газрын захирал Г.Дэжидмаагийн 2017/03 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмч менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Амарсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Амарсайхан нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Олайнфарм ХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хөдөлмөрийн гэрээ байгуулан эмч менежерийн албан тушаалд томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ямар нэгэн сахилгын зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2017/03 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Олайнфарм ХК-ийн Монгол дах төлөөлөгчийн газар нь С.Амарсайханыг ноцтой зөрчил гаргасан гэдэг. Ноцтой зөрчил гаргасан талаар хэн шалгаж, тогтоосон нь тодорхойгүй байна. Зөрчилтэй холбоотой ямар нэгэн тайлбар аваагүй. Сахилгын шийтгэл оногдуулсан талаар баримт байдаггүй. С.Амарсайхан нь Олайнфарм ХК-д 2 удаа тайлбар гаргасан. Эхний тайлбар нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 9 цагийн үед орон гэрт хулгай орсон талаар орой нь мэдээд 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр цагдаад хулгайн дуудлага өгч, хэргийн газрын үзлэг хийлгэж, цагдаад мэдүүлэг өгснөөс болж ажлаа тасалсан гэдгээ хүлээн зөвшөөрч 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тайлбар өгсөн. Дараагийн тайлбар дээрээ ажлын цаг ашиглалт, ажлын цагийн зөрүү гарсан асуудал дээр хүлцэл өчье гэсэн болохоос биш алдаа дутагдал гаргасан, хуурамч тайлан, бүртгэл үйлдсэн талаар тайлбар гаргаагүй. С.Амарсайханы явуулсан тайланг хуурамч тайлан гэдгийг ямар эрх бүхий байгууллага хэрхэн яаж тогтоосон талаар баримт байдаггүй. Иймд Олайнфарм ХК-ийн Монгол дах төлөөлөгчийн газрын захирлын ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үндэслэлгүй гарсан гэж үзэж 2017/03 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмч менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С.Амарсайхан нь тус байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан эмч төлөөлөгчийн өдөр тутамд хийж гүйцэтгэхээр тохиролцсон ажил үүргийн хуваарьт заасан компанийн болон хамтрагчдын эмийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх ажлыг 2017 оны 3 дугаар сарын 7, 2017 оны 4 дүгээр сарын 27, 2017 оны 5 дугаар сарын 25, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрүүдэд гүйцэтгээгүй. Эмч нартай уулзалт хийгээгүй байж хийсэн мэтээр тайлагнаж бусад хүмүүсийн мэдээллийг хуурамчаар мэдүүлсэн нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дотоод хяналтаар тогтоогдсон. Ажлын байрны тодорхойлолтын 1.1, 2.1.3-д хийх ажлын үндсэн үүргийг заасан байна. Тухайн хуваарийг зөрчсөн нь уулзалтын төлөвлөгөөгөөр нотлогддог. 2 дугаар улирлын уулзалтын төлөвлөгөө гаргаж, чиглэлээ тогтоож, уулзалтуудаа хийдэг. Нэр бүхий эмч нартай уулзсан гэж зөвлөөд программаар тайланг өгдөг. Гэтэл энэ тайланг худал өгсөн нь Сонгинохайрхан дүүргийн амбулаторын эмч н.Чимэгсүрэнгийн өгсөн мэдээллээр батлагдсан. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан заалтуудыг ноцтой зөрчсөн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, мөн хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.2, 4.3.3, 4.3.12 дахь заалтыг үндэслэж ажлаас чөлөөлсөн болно. 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ ирээгүй байсан учраас асуухад Мөнгөн гүүр эмнэлэг дээр байна гэсэн. Тэр эмнэлэгт очиход байхгүй байсан талаар мессэжүүд байдаг. Тэгээд энэ талаараа орон гэрт хулгай орж, цагдаад мэдүүлэг өгч гэрийн хаалганы цоожийг зайлшгүй солих шаардлага гарсан гэсэн тайлбар өгсөн. Ажилтан С.Амарсайхан 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж, ажлын үр дүн багатай байсан тул сануулах сахилгын шийтгэл ногдуулж, цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг гаргуулан авч ажилласан боловч 2017 оны төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн ажил үүргийн гүйцэтгэлийн талаар хуурамчаар мэдүүлсэн болох нь холбогдох материалаар нотлогдсон болно.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Олайнфарм ХК-ийн Монгол дах төлөөлөгчийн газрын захирлын 2017/03 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмч менежер ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 236 002 төгрөгийг хариуцагч Олайнфарм ХК-ийн Монгол дах төлөөлөгчийн газраас гаргуулж, нэхэмжлэгч С.Амарсайханд олгож, 416 460 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч С.Амарсайханы эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Олайнфарм ХК-ийн Монгол дах Төлөөлөгчийн газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Олайнфарм ХК-ийн Монгол дах төлөөлөгчийн газраас 98.726 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай компани хөдөлмөрийн харилцаанд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хуулийг чанд мөрдөж ажилладаг. Ажилтан ажлын цагаа баримталж, үүрэгт ажлаа чанартай биелүүлэх ёстой бөгөөд бид тохирсон цалинг өгсөөр ирсэн. Компани бүтээгдэхүүнээ сурталчлах, таниулах, бүтээгдэхүүний талаарх цогц мэдээллийг эмч, эм зүйчдэд хүргэх зорилгоор эмнэлэг, эмийн сангуудаар ажиллах менежерийг өндөр цалинжуулан ажиллуулж байгаа билээ.

Менежерийн үндсэн үүрэг бол хуваарийн дагуу өдөр бүр эмнэлэг дээр очиж эмч нартай уулзаж мэдээлэл өгөх, эмийн хэрэглээ, үр дүнгийн талаар тэднээс мэдээлэл авах ажлаа бодитой хийх ёстой бөгөөд үүний үр дүнд бид судалгаа шинжилгээ хийж ажлаа төлөвлөдөг. Харин энэ ажлыг бодитой хийхгүй, худал тайлан мэдээ гаргаж өгөх нь бидэнд хэрэггүй, өндөр цалинжуулсны ач холбогдол ч байхгүй юм. Менежертэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, уулзалтын графикийг нотлох баримтаар шүүхэд өгсөн.

Гэтэл нэхэмжлэгч С.Амарсайхан нь 2017 оны 03 дугаар сарын 7, 2017 оны 4 дүгээр сарын 27, 2017 оны 5 дугаар сарын 25, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрүүдэд эмч нартай уулзсан талаар ажлаа тайлагнаж ирүүлсэн боловч шалгаад үзтэл тухайн эмч нартай ерөөсөө уулзаагүй, худал мэдээлэл бичиж өгсөн байдаг. Эдгээр зөрчлийг бид дотоод шалгалтаар илрүүлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ ажил бол С.Амарсайханы хийх ёстой үндсэн ажил. Анхан шатны шүүх ажилтны гаргасан зөрчлийг нотлох баримтуудыг хэлж тайлбарласаар байхад огтхон ч үнэлээгүй, ажилд нь эргүүлэн томилох гэсэн зорилгод хөтлөгдсөн гэж үзэж байна. С.Амарсайхан нь эмч нартай уулзсан тухай тайлангаа компанийн CRM систем буюу харилцагчдын мэдээллийн ФАРМАКОД гэдэг програм дээр бичиж тайлагнах ёстой. Энэ талаар нотлох баримтыг шүүхэд өгсөн. Уг баримтыг шүүх үнэлээгүй, эргэлзэж байсан бол үзлэг хийж болох байсан. Гар утасны мессеж, компьютерт үзлэг хийлгэхийг хүссэн боловч хийгээгүй. Энэ баримтыг монгол хэл дээр хөрвүүлэх эсэх, хэн энэ тайланг программд оруулах боломжтой болохыг ч асууж тодруулсангүй.

С.Амарсайханы уулзалтын хуваарийн дагуу төлөөлөгчийн газрын тэргүүн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дотоод шалгалт хийхээр тухайн эмнэлэг дээр очиход нэхэмжлэгч ажилдаа ирээгүй, хуурамчаар ирсэн гэж цагаа бүртгүүлсэн байсан. Шүүх үүнийг хуурамч мэдээлэл гэж үзээгүй.

Нэхэмжлэгчийн тайлан болох 2017 оны 3 дугаар сарын 7, 2017 оны 4 дүгээр сарын 27, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн уулзалтын баримтууд дээр нэхэмжлэгч нь уулзсан эмчийн овог нэр, эмнэлгийн нэр, тэдэнтэй уулзсан цагийг бүртгэж ирүүлсэн байдаг. Энэ нь уулзалт хийх хуваарийн дагуу ажлаа хийсэн гэдгээ хэлж байгаа бөгөөд хэрэгт нотлох баримтаар өгсөн нэхэмжлэгч С.Амарсайханы уулзалт хийгдсэн гэх тайлангуудыг шалгаж тэнд тусгагдсан эмч нарын ажлын байран дээр ажиллаж буй эмч нартай нэг бүрчлэн уулзахад тайланд бичигдсэн зарим эмч нар ажиллаагүй, зарим нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа, заримтай нь огт уулзаагүй, бидний уулзах зорилтот эмч нар биш буюу мэс заслын эмч, бага эмч нарын нэрсийг оруулсан нь илэрсэн. Тэдгээр эмч нарын хэлсэн тайлбарыг бичиж, гарын үсгийг зуруулан дотоод хяналт хийсэн тайланг өгсөн. Энэ нь тухайн амбулаторийн буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2-р амбулаторийн дарга н.Чимэгсүрэнгийн тодорхойлолт буюу албан бичгээр давхар тогтоогдсон. Эдгээр баримтуудыг шүүхэд өгсөн. Тайланг бүтнээр нь ирүүлэх албагүй гэж бодож байна.

Ажлаа ерөөсөө хийгээгүй, худал тайлан мэдээ гаргаж өгсөн нь тогтоогдоод байхад шүүх үнэлэхгүй байгаад гомдолтой байна. Хэрэв манайхаас өгсөн Амарсайханы уулзалтын тайланг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж шүүх үзсэн бол тэр дор нь хүлээн авахаас татгалзах ёстой, тэгвэл бид зохих ёсоор орчуулга хийлгээд өгөх байсан. Орчин үед ийм баримтыг боловсролтой хэн ч уншиж ойлгож байгаа, утасны мессеж, и мэйл, сайтуудаар латинаар бичиж хэвшсэн тул хэн ч энэ баримтыг ойлгоно. Шүүх мэтгэлцэх эрхийг шударгаар хэрэгжүүлэхэд анхаарсангүй гэж үзэж байна. С.Амарсайхан нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр удирдлагадаа ажлаа хийсэн мэтээр худлаа мэдүүлсэн нь буруу боловч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Мөн ажлаас халах тухай тушаалд эмч нартай уулзаагүй өдрийг шууд зааж тусгасан боловч 2017 оны 6-р сарын 16-ы өдрийг оруулан тооцоогүй байна гэжээ. Энэ талаар шүүх дүгнэх шаардлагагүй гэж үзэж байна. Манай компани нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацааны дотор ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан. С.Амарсайхантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болох байсан. Энэ хүнийг цаашид ажиллуулахгүй байх өөр сонирхол байсан бол гэрээ дуусгавар болтол хүлээж болох байсан. Гэвч удирдлага шударга байж, ажилтнуудад тэгш хандах ёстой тул илт ажлаа хийгээгүй, худал хуурмаг үйлдэл гаргасаар байгаа хүнийг ажиллуулаад байх нь ёс зүйд нийцэхгүй тул гэрээнд заасны дагуу ажлаас халах тушаал гаргасан. Нэгэнт гэрээний хугацаа дууссан байхад шүүх ажилд эргүүлэн тогтоох үндэсгүй, өөрөөр хэлбэл шүүх гэрээний хугацааг сунгах ёсгүй. С.Амарсайхантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.2-т бусад хүмүүсийн мэдээлэл, тэр дундаа тэдний асуулга, ажлын үнэлгээ зэрэг бичиг баримтыг хуурамчаар мэдүүлэх, эсхүл нуун дарагдуулсан бол ноцтой зөрчил гэж үзэхийг, 4.3.3-т ажлын цагийг бүрэн гүйцэтгэхгүй, эсвэл ажлын цагийн бүртгэлийг буруу үйлдсэн бол, 4.3.12-т худал хуурмаг үйлдэл хийсэн бол ноцтой зөрчилд тооцохыг заасан байдаг. Менежерийн үндсэн ажил нь эмч мэргэжилтнүүдтэй уулзах, тэдний эрэлт хэрэгцээг тодорхойлох, бүтээгдэхүүний талаарх цогц мэдээллийг өгөх зорилготой байдаг тул үүрэгт ажлаа үнэнч, шударга хийх нь чухал юм. Тийм учраас бид үндсэн ажлыг нь үр дүнтэй, зохих ёсоор явуулахын тулд гэрээндээ ийм заалтууд оруулж, зөрчвөл шууд ноцтой зөрчил гэж үзэхийг тохирсон. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд үндсэн ажлаа хуурч мэхлэх, худал тайлан мэдээ гаргах зэргээр хийсэн. Иймд бид энэ хүнийг цаашид ажиллуулах боломжгүй болно.

Хөдөлмөрийн хуулиар ажилтны эрх ашгаас гадна ажил олгогчийн эрх ашиг ч гэсэн хамгаалагдана. Бид хөдөлмөрийн хуульд заасны дагуу цалин, ээлжийн амралт олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөх зэрэг бүхий л ажлаа хуулийн дагуу хийж байгаа ба ажилтныг ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангадаг. Иймд хэрэгт байгаа баримтыг дүгнэж нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгох эсхүл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэргийг шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Амарсайхан нь хариуцагч Олайнфарм ХХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт холбогдуулан Олайнфарм ХК-ийн төлөөлөгчийн газрын захирал Г.Дэжидмаагийн 2017/03 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмч менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

С.Амарсайхан нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Олайнфарм ХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хөдөлмөрийн гэрээ байгуулан эмч менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба тус газрын захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2017/03 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажил олгогчийн дээрх тушаалд ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, мөн хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.2, 4.3.3, 4.3.12 дахь заалтыг үндэслэл болгосон байна.

Талууд хөдөлмөрийн гэрээний 4-р зүйлийн 4.3.2, 43.3, 4.3.12-д заасан үйлдлүүдийг ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон.

Шүүх маргааны үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх боломжгүй болжээ. Нэхэмжлэгч С.Амарсайханыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэх үйл баримтыг дүгнэхийн тулд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэх шаардлагатай.

Хариуцагч татгалзлаа нотлохоор нэхэмжлэгчийн ажлын төлөвлөгөөний дагуу уулзалт хийсэн тухай цахим тайлан, уг тайланг дотоод хяналтаар шалгасан тухай баримт, цахим хэлбэрээр гаргасан мэдээллүүдийг шүүхэд гаргахдаа цаасан дээр буулган өгчээ. /хх-54-57,62-68,74-75/

Эдгээр баримт нотлох баримтын шаардлага хангаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нотлох баримтаас хасах ба хэргийн оролцогч түүнтэй холбоотой гомдол гаргах түүнчлэн уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн шаардлага хангуулсан хэлбэрээр гаргах эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангагдах учиртай.

Гэтэл шүүх маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой баримтууд цахим хэлбэрээр байгаа тохиолдолд хэргийн оролцогч үзлэг хийх хүсэлттэй эсэхийг тодруулаагүй, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй атлаа нотлох баримтаар үнэлэх боломжгүй, шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр нотлох баримтыг үнэлэхгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Энэ талаар бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй болно.

Шүүхийн шийдвэрт хэргийн 54-58, 60-69 дэх талд авагдсан нотлох баримтууд ямар шалтгааны улмаас нотлох баримтын шаардлага хангаагүй болохыг тодорхой заагаагүй, хэргийг хянаж шийдвэрлэхэд хамааралтай нотлох баримтыг үнэлээгүйн хууль зүйн болон бодит үндэслэл ойлгомжгүй, тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй маргааны үйл баримтыг дүгнэхэд шаардлагатай баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх түүнчлэн үнэлэх журам зөрчсөн байгаа нөхцөлд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02344 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Олайнфарм ХХК-ийн Монгол дах төлөөлөгчийн газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 726 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Б.НАРМАНДАХ