Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00386

 

С.А-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02344 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2311 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч С.А-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч “О” ХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт холбогдох,

“О” ХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Г.Дэжидмаагийн 2017/03 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмч менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.А-ы гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Г.Дэжидмаа, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.А- нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “О” ХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хөдөлмөрийн гэрээ байгуулан эмч менежерийн албан тушаалд томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ямар нэгэн сахилгын зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2017/03 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. “О” ХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь С.А-ыг ноцтой зөрчил гаргасан гэдэг. Ноцтой зөрчил гаргасан талаар хэн шалгаж, тогтоосон нь тодорхойгүй байна. Зөрчилтэй холбоотой ямар нэгэн тайлбар аваагүй. Сахилгын шийтгэл оногдуулсан талаар баримт байдаггүй. С.А- нь “О” ХК-д 2 удаа тайлбар гаргасан. Эхний тайлбар нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 9 цагийн үед орон гэрт хулгай орсон талаар орой нь мэдээд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр цагдаад хулгайн дуудлага өгч, хэргийн газрын үзлэг хийлгэж, цагдаад мэдүүлэг өгснөөс болж ажлаа тасласан гэдгээ хүлээн зөвшөөрч 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тайлбар өгсөн. Дараагийн тайлбар дээрээ ажлын цаг ашиглалт, ажлын цагийн зөрүү гарсан асуудал дээр хүлцэл өчье гэсэн болохоос биш алдаа дутагдал гаргасан, хуурамч тайлан, бүртгэл үйлдсэн талаар тайлбар гаргаагүй. С.А-ы явуулсан тайланг хуурамч тайлан гэдгийг ямар эрх бүхий байгууллага хэрхэн яаж тогтоосон талаар баримт байдаггүй.

Иймд “О” ХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үндэслэлгүй гарсан гэж үзэж 2017/03 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмч менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С.А- нь тус байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан эмч төлөөлөгчийн өдөр тутамд хийж гүйцэтгэхээр тохиролцсон ажил үүргийн хуваарьт заасан компанийн болон хамтрагчдын эмийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх ажлыг 2017 оны 03 дугаар сарын 07, 2017 оны 04 дүгээр сарын 27, 2017 оны 05 дугаар сарын 25, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрүүдэд гүйцэтгээгүй. Эмч нартай уулзалт хийгээгүй байж хийсэн мэтээр тайлагнаж бусад хүмүүсийн мэдээллийг хуурамчаар мэдүүлсэн нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотоод хяналтаар тогтоогдсон. Ажлын байрны тодорхойлолтын 1.1, 2.1.3-т хийх ажлын үндсэн үүргийг заасан байна. Тухайн хуваарийг зөрчсөн нь уулзалтын төлөвлөгөөгөөр нотлогддог. 2 дугаар улирлын уулзалтын төлөвлөгөө гаргаж, чиглэлээ тогтоож, уулзалтуудаа хийдэг. Нэр бүхий эмч нартай уулзсан гэж зөвлөөд программаар тайланг өгдөг. Гэтэл энэ тайланг худал өгсөн нь Сонгинохайрхан дүүргийн амбулаторын эмч н.Чимэгсүрэнгийн өгсөн мэдээллээр батлагдсан. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан заалтуудыг ноцтой зөрчсөн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, мөн хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.2, 4.3.3, 4.3.12 дахь заалтыг үндэслэж ажлаас чөлөөлсөн болно. 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ ирээгүй байсан учраас асуухад Мөнгөн гүүр эмнэлэг дээр байна гэсэн. Тэр эмнэлэгт очиход байхгүй байсан талаар мессэжүүд байдаг. Тэгээд энэ талаараа орон гэрт хулгай орж, цагдаад мэдүүлэг өгч гэрийн хаалганы цоожийг зайлшгүй солих шаардлага гарсан гэсэн тайлбар өгсөн. Ажилтан С.А- 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж, ажлын үр дүн багатай байсан тул сануулах сахилгын шийтгэл ногдуулж, цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг гаргуулан авч ажилласан боловч 2017 оны төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн ажил үүргийн гүйцэтгэлийн талаар хуурамчаар мэдүүлсэн болох нь холбогдох материалаар нотлогдсон болно.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02344 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “О” ХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2017/03 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмч менежер ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 236 002 төгрөгийг хариуцагч “О” ХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас гаргуулж, нэхэмжлэгч С.А-д олгож, 416 460 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч С.А-ы эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “О” ХК-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “О” ХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас 98 726 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2311 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02344 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О” ХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 726 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Ажил олгогч “О” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 201/03 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.А-ыг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасан болох, хэзээ гаргасан зөрчлийг хэзээ, хэний шийдвэрээр хэрхэн илрүүлсэн болох, илрүүлсэн зөрчлийг С.А-д танилцуулсан эсэх, түүнд уг зөрчлийг танилцуулсны үндсэн дээр уг зөрчилтэй холбогдуулан түүнээс ямар нэгэн тайлбар аваагүй байдаг бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй болно.

Түүнээс гадна С.А-ыг сахилгын зөрчил давтан гаргасан гэж тайлбарлаад түүнд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж, ажлын үр дүн багатай байсан тул ­­“Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан гэж уг тушаалыг шүүхэд ирүүлсэн. Гэтэл С.А- нь өмнө нь буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Сануулах” сахилгын шийтгэлтэй гэдгээ мэдээгүй байсан бөгөөд хариуцагчийн тайлбартаа хавсаргаж ирүүлсэн байснаас үзэж мэдсэн болно. Түүнд “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулснаа ажил олгогч танилцуулаагүйгээс үзэхэд С.А-ыг сахилгын шийтгэлтэй байхдаа дахин сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг хуульд заасан аль үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна.

...Шүүх хөндлөнгийн байх, тодруулбал хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэж байна. Ажил олгогч нь С.А-ыг эмийн мэдээлэл өгөх ажлыг гүйцэтгээгүй, эмч нартай уулзаагүй байж хийсэн мэтээр бусад хүмүүсийн мэдээллийг хуурамчаар мэдүүлсэн нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотоод хяналтаар тогтоогдсон, нэр бүхий эмч нартай уулзаад программаар тайлангаа өгдөг боловч энэ тайланг худлаа өгсөн нь Сонгинохайрхан дүүргийн амбулаторийн эмч н.Чимэгсүрэнгийн мэдээллээр батлагдсан гэдэг. Хариуцагч нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхийн тулд үзлэг хийлгэх, гэрч асуулгах хүсэлт гаргаагүй байхад шүүх зохигчийн уг эрх, үүргийг санаачилгаараа хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд талууд хүсэлт гаргаагүй байхад өөрийн санаачилгаар хэргийн оролцогчоос нотлох баримтаа үнэлүүлэхийн тулд үзлэг хийх хүсэлтэй байгаа эсэхийг тодруулах нь шүүх хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулна гэж үзэж байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн эрх, үүргийг талуудад тайлбарлаж өгсөөр байтал хэргийн оролцогч уг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Үүнээс үзэхэд зохигч өөрөө нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй, өөрийн шаардлага, татгалзлыг нотолсон баримтыг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр гарган өгөх, үүний үндсэн дээр уг нотлох баримтыг үнэлүүлэхийн тулд тодорхой ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах учиртай.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын агуулгаас үзэхэд ажилтан С.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн хууль бус шийдвэрийн үндэслэлийг нотлуулах үүднээс шийдвэрийг хүчингүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх, шүүх хөндлөнгийн байх, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх гэх хуульд заасан зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Түүнээс гадна С.А- өөрийн хийсэн ажлын тайланг цаг тухай бүрт нь программаар шивж оруулдаг байсан бөгөөд тэдгээр мэдээллийг өнөөдөр ажил олгогч нь ажлаас халах тушаалын үндэслэл болгож цаасан дээр буулган өгч байгааг тухайн мэдээлэл үнэн зөв гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд уг мэдээлэл ажил олгогчид хадгалагдаж байгаа нөхцөлд өнөөдөр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж, уг мэдээлэлд үзлэг хийсэн ч ажил олгогчийн мэдээлэл зөв гэдгийг нотлохгүй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2311 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2344 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3., 6.4.-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцдог байна.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, шүүхэд гаргасан бичгийн нотлох баримт хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй бол шүүх тэдгээрийг ямар зөрчилтэй болохыг нь заах, хүлээн авахаас татгалзах, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах зэргээр хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцлийг  бүрдүүлэх үүрэгтэй болно.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн авсан атлаа үндэслэл, шалтгааныг тодорхой заалгүйгээр “үнэлэх боломжгүй” гэж үзсэнээр хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг зөрчжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааны талаар зөв дүгнэж, магадлалд тодорхой тусгасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн  168.1.3., 168.3.-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2311 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН