Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 153/2019/00066/И |
Дугаар | 001/ХТ2020/00397 |
Огноо | 2020-07-21 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2020/00397
Д.О-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00188 дугаар шийдвэр,
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Д.О-
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэг
Ховд аймгийн Жаргалант сум Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны Б/04, 2018 оны Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: тус цэцэрлэгийн эрхлэгч нь 2019-01-07-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1, 131.1.2, байгууллагын дотоод журмын 10.1.3-ын Б,Ж,К, байгууллагын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг тус тус үндэслэн надад үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Энэхүү шийдвэр нь дараах байдлаар үндэслэлгүй.Би ажлын байран дээрээ хүүхдүүдийг нэг ч удаа хараа хяналтгүй орхиж байгаагүй, миний буруутай үйлдлийн улмаас хүүхдүүд гэмтсэн тохиолдол гараагүй болно. Харин өндөр настан Х.Цэрэндорж гэдэг хүн гомдол гаргасан бөгөөд оршин суух хаяг, он cap өдөр байхгүй тус гомдолд ач охин А-нь хэзээ, хэний, ямар үйлдлээс болж хэрхэн гэмтэж, гэмтлийн ямар зэрэг тогтоогдсон болон тус гэмтлээс болж ямар эмчилгээ сувилгаа хийсэн эсэх нь тодорхойгүй байна. Энэ гомдлыг үнэн мөнөөр нь шалгаж тогтоогоогүй байж надад сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. А-гэмтсэн талаар гомдлыг гаргамагц эмнэлэг дээр очиж үзүүлэхэд ямар ч гэмтэл тогтоогдоогүй байдаг. Тус гомдол гаргасан гэж байгаа А-н ээж Б нь манай цэцэрлэгт ажилладаг бөгөөд цэвэр хувийн сэдэлтээр, магадгүй хэн нэгний ятгалгад автаж гаргасан худал гомдлыг үндэслэн халсанд харамсаж байна. 2019-01-07-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг надад тус өдрөө гардуулж өгсөн. Тус тушаалыг хүлээн авч танилцахад намайг ...сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа төрийн болон багшийн ёс зүйн зөрчил гаргасан... гэж бичсэн байсан бөгөөд өмнө ямар сахилгын шийтгэл оногдуулсныг лавлахад тус эрхлэгчийн 2018-05-31-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар надад сануулах сахилгын шийтгэл оногдуулсныг мэдсэн. Үүнээс өмнө надад ийм сахилгын шийтгэл оногдуулсан талаараа албан ёсоор мэдэгдэж тушаалын эх хувийг гарын үсэг зуруулан өгч байгаагүй. Би багшийн ёс зүй зөрчсөн нэг ч үйлдэл гаргаагүй бөгөөд намайг Т.Х- багшийг удаа дараа доромжилж бүдүүлэг зан авир гаргасан, ялгаварлан гадуурхаж хэрэлдсэн, байгууллага хамт олны эв нэгдлийг хангахгүй зүй бус авирлах зэргээр багшийн ёс зүй зөрчсөн нь байгууллагын ёс зүйн дүгнэлтээр тогтоогдсон гэж сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Би байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний нэг ч заалтыг зөрчөөгүй болно. Иймд эрхлэгчийн 2019 оны Б/04., 2018 оны Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Д.О- нь 2017-04-19-с эхлэн цэцэрлэг шинээр нээгдэхэд дуу хөгжмийн багшийн ажлын орон тоон дээр томилогдон 2 дахь жилдээ ажиллаж байна. Хөгжмийн багш Д.О- нь туслах багш Т.Х-ыг удаа дараа дайрч доромжилж ялгаварлан гадуурхаж ажлын байран дээр нь дарамталж,сэтгэл санааны хямралд оруулж байсан талаар уг туслах багшийн 2018-05-23-ны өдөр гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч 2018-05-24-ний өдөр цэцэрлэгийн ёс зүйн зөвлөл хуралдаж уг зөвлөлийн гаргасан дүгнэлтийн дагуу зохих сахилгын шийтгэл ногдуулсан байна. 2018-09-26-ны өдрийн №21-09/043/228 тоот улсын байцаагч Ц.Алтанхишигийн зөвлөмж даалгавар гарч хөгжмийн багш Д.О- нь мэргэжлийн бус багш байгаа тул мэргэжлийн багш авч ажиллуулах шаардлагатай байна гэсэн зөвлөмжийг өгсөн билээ. Үүний дагуу цэцэрлэгийн эрхлэгч уг зөвлөмжийг хэрэгжүүлэн 1 сарын хугацаатай албан тоотоор мэдэгдэх хуудсыг багш Д.О-д өгсөн. 2018-12-07-ны өдөр иргэн Х.Цэрэндоржийн өргөдөл гомдол, эцэг эхчүүд болон багш ажилчдын санал гомдол ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Д.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмын холбогдох заалтыг баримтлан дараагийн шат дараалсан сахилгын шийтгэл болох цалингийн зохих хувиар торгох шийтгэл оногдуулсан байна гэж үзэж байна. Х.Цэрэндорж нь өргөдөл дээрээ он сар өдөр бичсэн байгаа. Мөн А-н ээж Б- гэх хүн манай цэцэрлэгт байхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 153/ШШ2019/00188 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 129.1-д заасныг баримтлан Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00188 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч тал гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг болохыг дурдсан байна.
Хариуцагчийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалтыг зөрчсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “... бичлэг болон гэрчийн мэдүүлэг, цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр ажилтан Д.О-ийг хүүхэдтэй ажиллах багшийн хараа хяналтгүйгээс болж хүүхдүүд нэг нэгнээ гэмтээсэн..” мөн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5-н “...хүүхдийг эзэнгүй орхисноос зөрчил дутагдал гарч хүүхэд гэмтэж бэртсэн..” гэх зөрчил тогтоогдоогүй .... Д.О- нь ажлын байраа орхиж, хүүхдүүдийг хараа хяналтгүй орхисон гэх үйл баримт тогтоогдоогүй... багш ажлын байран дээрээ байсан байна...” гэдэг дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 3.1-д “Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих, сургуульд бэлтгэхэд оршино” гэжээ. Цэцэрлэгт хүмүүжиж байгаа 2 насаас сургуульд элсэх насны хүүхдүүд нь эрх зүйн чадамжгүй, байнгын асран хамгаалалт шаардлагатай байдгийн хувьд тухайн хүүхдүүдийг хариуцаж байгаа багш нь дээрх хуульд заасны дагуу хүүхдүүдийг асрах, хамгаалах үүрэгтэй. Д.О- нь хуульд заасан хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүйг шүүх багшийн зөв гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдож байна. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1-д “...хүүхдийг эзэнгүй орхисноос зөрчил доголдол гарч хүүхэд гэмтэж бэртсэн, хүүхдийн эрхийг зөрчсөн, эцэг, эх хамт олны гомдол санал ирсэн...”-зохих хариуцлагыг хүлээж сахилгын шийтгэл ногдуулж улмаар ажлаас халж, чөлөөлөхөөр тохиролцжээ. Багш Д.О- нь хуулиар хүлээсэн бага насны хүүхдийг асрах, хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас 4 настай А.А-тайзнаас унаж гэмтсэн, хүүхэд унаж гэмтсэн талаар эцэг эхийн гомдол ирсний дагуу тус цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гарч багш Д.О- нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан зохих заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх “Цэцэгхэн” 15 дугаар цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлтэд дүгнэлт өгөөгүй атлаа багш Д.О- хүүхдүүдийн дэргэд байсан байна гэсэн өрөөсгөл дүгнэлт хийж байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй ИХШХШТХ-г зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан. Багш хүүхдүүдтэйгээ сууж байхад хойд талд нь хүүхэд тайзнаас унасан үйл баримт нь багшийн ёс зүйн зөрчил гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6.3-д “Сургалтын байгууллагад суралцаж байгаа хүүхэд бүрийг тухайн орчинд бие махбодийн шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт үл хайхрах байдал, гэмт хэрэг зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.. ”, хүүхдийн эрхийн коневенцийн 19-р зүйлд: "хүүхдийг хайр халамжгүй орхих”- гүй байх талаар бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэж заажээ. Багш Д.О- нь тухайн бүлгийн хүүхдүүдийг хариуцаж байхдаа хүүхдүүдийг хайр халамжгүй орхиж, үл хайхрах байдалтай байснаас хүүхэд тайзнаас унаж гэмтсэн болох нь тогтоогдсон байхад шүүх энэ нөхцөл байдалд багшийг зөвтөгсөн тайлбар хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн үндэслэлээ тайлбарлахдаа: “Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-д “эрүүл аюулгүй орчин амьдрах... эрхтэй, “16-ийн 6-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй...-гэж заажээ. Хүүхдийн харж хандах асрах үүргийг хүлээж байгаа ажилтан Д.О- нь дээрх хуульд заасан хүүхдийн эрхийг зөрчсөн гэж боломжгүй байна.”-гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-д Тэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална.”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т ...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх... нь иргэн бүрийн журамт үүрэг мөн”-гэж хуульчилжээ. Багш Д.О- нь Үндсэн хуулиар олгосон журамт үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд унаж бэртсэн нь нотлогдсоор байхад шүүх Д.О-ийг үүргээс чөлөөлсөн дүгнэлт хийж байгаа нь хууль зөрчиж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Д.О- 2019-01-23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн Арван тавдугаар цэцэрлэгт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ажил олгогчийн 2019-01-07-ны өдрийн Б/04, 2018-05-31-ний өдрийн Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулахыг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “...хүүхдүүдийг хараа хяналтгүй орхиж байгаагүй...ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй...үндэслэлгүй гомдлын дагуу арга хэмжээ авсан...тушаалыг танилцуулаагүй...” гэсэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “... 2018 оны Б/16 дугаар тушаал хуульд нийцсэн байгаагаас гадна ажилтан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна...2019-01-07-ний өдрийн Б/04 дугаар тушаал үндэслэл бүхий гарсан байна...” гэсэн дүгнэлт хийжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, “... нэхэмжлэгч ажлын байрандаа байсан нь мөн цэцэрлэгийн хүүхдүүдийг хараа хяналтгүй орхисон гэх үйл баримт тогтоогдоогүй...” гэсэн үндэслэлээр 2019 оны Б\04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Хоёр шатны шүүх Д.О-ийн нэхэмжлэлээс 2018-05-31-ний өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, үүнд зохигч гомдол гаргаагүй байна.
Иймд нэхэмжлэлийн үлдэх шаардлага буюу 2019 оны Б\04 дүгээр тушаалыг шүүх хүчингүй болгосныг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.
2. Хариуцагч 2019-01-07-ны өдөр Б/04 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 10.1.3-ын Б, Ж, К дахь заалтууд, Байгууллагын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг тус тус үндэслэн, “...хүүхэд бүрийг хөгжүүлэх, дуу хөгжим урлагийн авьяас чадварыг мэргэжлийн түвшинд зааж сургах үйл ажиллагаа нь хангалтгүй, хүүхэдтэй ажиллах багшийн хараа хяналтгүйгээс болж хүүхдүүд нэг нэгээ гэмтээсэн талаар эцэг эхийн болон ажилчдын санал гомдол гарч, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа төрийн албан хаагчийн болон багшийн ёс зүйн зөрчил гаргасан...” гэж Д.О-д “үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах “ сахилын шийтгэл ногдуулжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2018-12-05-ны өдөр 3 настай Т.А-гэдэг хүүхэд хөгжмийн танхимын “тоглолтын тайз”-с унасан, энэ талаар асран хамгаалагч нарт нь мэдэгдээгүй, иргэн Х.Цэрэндорж 2018-12-07-ны өдөр ажил олгогчид энэ талаар гомдол гаргасан зэрэг үйл баримт нотлогдсон байна.
Зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.7-д “....хүүхдийг..эзэнгүй орхих,аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлж,хайрлан хамгаалах...” үүрэгтэй талаар, мөн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд “..хүүхдийг эзэнгүй орхисноос зөрчил доголдол гарч хүүхэд гэмтэж бэртсэн, санал гомдол ирсэн..” нь ажилтанд сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл болох талаар тус тус заасан байх тул ажил олгогч 2019-01-07-ны өдөр Б/04 дугаар тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хийсэн дүгнэлт үндэслэлгүй болжээ.
Д.О- ажил үүргээ гүйцэтгэж байхдаа унаж бэртэх эрсдэлтэй газар /тухайлбал, 2018-12-05-ны өдрийн хувьд тоглолт хийдэг тайз/ тоглож байгаа хүүхдүүдийг хараа хяналтгүй орхисноос хүүхэд гэмтэж бэртсэн асуудлыг ажил олгогч зөрчил гэж үзсэн байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.
Багшийн хараа хяналтгүйгээс Х.Цэрэндоржийн гомдолд дурдсан үйл явдал болсон нь хэрэгт авагдсан камерын бичлэг, бусад баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан зөрчлүүд мөн байна.
Ажил олгогч нь ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд өөрийн эрх хэмжээний хүрээнд тохирсон гэж үзсэн сахилгын шийтгэлийг ногдуулах эрхтэйгээс гадна ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгоно.
Анхан шатны шүүх хэрэгт буй баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ