Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 151

 

Л.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01620/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа,  С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 922 дугаар шийдвэртэй,

           Нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Б.М-д холбогдох

           “худалдах худалдах авах гэрээний үүрэг 1.200.000 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг

           Нэхэмжлэгч Л.Б-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Б.М-, хариуцагчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б-ээс:

Миний бие Б.М-тай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Тоёота приус маркийн машин худалдсан. Машиныг Б.М- нь 10 600 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 1 500 000 төгрөг төлсөн. Үлдэгдлийг нь 7 хоногт 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлж 2017 оны 7 дугаар сарын 13-нд төлж дуусгахаар тохиролцсон. Энэ тохиролцоогоо зөрж Б.М- нь найман долоо хоног өнгөрч 1 200 000 төгрөг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн. Б.Мөнхтулгын тайлбараас тэрээр цаашид гэрээг үргэлжлүүлэх сонирхолгүй татгалзаж байгаа нь тодорхой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэрээний 2.5-д заасан үүргээ удаа дараа зөрчсөн, санаатайгаар бусдын өмчийг барьцаалж хохирол учруулсан шалтгаанаар гэрээг цуцалж, 62-07 УБК дугаартай, Приус 20 маркийн машин болон торгууль 76800 төгрөг, гэрээнээс учруулсан хохирол 2 750 000 төгрөг, нийт 2 826 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М-, өмгөөлөгч А.Гантуяа нараас:

2016 оны 05 дугаар сарын 12-нд хүнээс уг машиныг худалдаж аваад 2017 оны 05 дугаар сарын 13-нд надад зарсан. Энэ хүн эвдрэлээ өөрөө мэдэхгүй нэг хоног болгоод надад зарсан байсан. Би Л.Б-д уг машиныг худалдаж аваад 2 хоногийн дараа эвдэрхий юм байна гэхэд та засчих өгөх мөнгөнөөсөө хасъя гэсэн. Би засварын газарт очтол 320,000 төгрөг болно нүүрний аппарат эвдэрсэн гэсэн. Би удаа дараа утасдахад та засуулчих л гэсэн. Сүүлдээ уг машины зай нь эвдэрсэн байсан. Тэгээд засуулахад 1,200,000 төгрөг болох  юм байна гэхэд за яаж 1,200,000 төгрөгийг хасалтай биш гээд наймаа буцъя гэсэн. Хоёр иргэний хооронд худалдах худалдан авах гэрээ хийсэн гэж үзэж байна. Батерейг анх шалгаж аваагүй. Уг машиныг унаж үзээгүй авсан. 1 хоногийн дотор уг машины бүрэн бүтэн байсан үгүйг мэдээгүй байсан. Засварт 674,000 төгрөг зарцуулсан байна. Нэмэгдүүлсэнээс буцаж байгаа учир 674,000 төгрөгийг шаардахаа больж байна. Иргэний хуулийн 205.1-д зааснаар энэ бүх шаардлагаа гаргуулмаар байна гэжээ.

Хариуцагч Б.М-ас  сөрөг нэхэмжлэлдээ:

Л.Б-тэй автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан Приус 20 маркийн 2004 онд үйлдвэрлэсэн, Монголд 2014 онд орж ирсэн, цагаан өнгөтэй автомашиныг 10 600 000 төгрөгөөр худалдан авахаар болж, урьдчилгаа 1 513 000 төгрөг төлөөд авсан. Л.Б- нь машинаа зарахдаа их сайн машин байгаа, ямар ч хийх юм байхгүй гэж зарсан боловч уг машин нь унаад яваад үзэхэд рулийн аппарат нь эвдэрсэн байсан. Энийг Л.Б-д хэлэхэд хэсэгчлээд янзлуулчихъя гэсэн. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр рулийн аппаратыг засварын газраар 120 000 төгрөгөөр засуулсан боловч бүтнээр нь солихоос өөр засвар авахгүй байсан. Энэ тухай Л.Б-д хэлээд биечлэн уулзая гээд Улаанбаатар хот ороод утсаар ярихад та аваад тавьчих надад өгөх ёстой мөнгөнөөсөө хасаад тооцчих гэсэн. Ингээд би 350 000 төгрөгөөр рулийн аппарат авч тавьсан. Мөн дугуй, аккумлятор, амартизатор, пурш зэрэг маш их эд анги авч тавьсан. Би 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 4 508 000 төгрөг, сэлбэгэнд 490 000 төгрөг нийт 5 000 000 төгрөг зарцуулсан тул гаргуулж өгнө үү, машиныг буцааж өгөхөд татгалзахгүй гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б- хариу тайлбартаа: 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.М-  машин доголдолтой байсан талаар хэлж байгаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа доголдол ярьж байна. 2015 оны 10 сард уулзахад орлого муудсан тул төлбөрөө төлж чадахгүй байна гэсэн. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 3.7-д зааснаар эвдрэлээ өөрөө хариуцана. Автомашиныг өнөөдрийг хүртэл 8 сар ашигласан буруу ашигласан байх боломжтой мөн гэрээний 2.6-д зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөр болон явцын төлбөрийг буцааж олгохгүй гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 922 дугаар шийдвэрээр:  

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-, хариуцагч Б.М- нарын хооронд байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж,  хариуцагч Б.М-ас 62-07 УБК улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн, NHW203004189 арлын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгөтэй автомашин, 76 800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, 2750 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Л.Б-ээс 4 722 000 төгрөг гаргуулж хариуцагч Б.М-д олгож, 266 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Л.Б-ийн 136166 төгрөг, хариуцагч Б.М-ын  95000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Б-ээс 28121 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, 90502 төгрөг гаргуулж хариуцагч Б.М-д олгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Л.Б-  давж заалдсан гомдолдоо:

Бидний хийсэн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээгээр худалдан авсан машины чанар байдлын талаар доголдолтой эсэхийг өөрөө хүлээн авахдаа шалгаж үзэх боломжтой байсан, хэрэв тухайн үед доголдлыг мэдсэн бол шилжүүлэн авснаас Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах ёстой байсан. Гэтэл энэ талаар надад гомдлын шаардлага гаргаж байгаагүй байж шүүхэд шаардлага гаргаж байсан мэт тайлбарыг хийсэн.

Би шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа машины доголдлын талаар Б.М- надад огт хэлж байгаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа доголдлын талаар ярьж байна гэдгийг тодорхой хэлж мэдүүлсээр байхад ташаа дүгнэлт  шүүх хийсэн. Машин хэвийн ажиллаж Б.М- таксинд явж ашиг орлого олж байсан. Ашиг олох болохоор ашгийг Б.М- авдаг эвдрэл хохирол гарвал худалдагч би төлөөд байдаг ёс байхгүй. Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв мэдүүлэг тайлбар гаргах үүрэгтэй байсан атал худал хушаа зүйл хэлж шүүхийн шийдвэрийг өөрт ашигтай байдлаар гаргуулж үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа Б.М-аас би хэрэг хянан шийдвэрлэх  явцад гаргасан хохирлоо нэхэмжилж авмаар байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хууль буруу хэрэглэж гарсан байгаа учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  хохирлоо гаргуулах, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, эрх ашгаа хамгаалуулах хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэх үүднээс анхан шатны шүүх руу буцааж дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.М- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Уг машин нь авсан өдрөөсөө хойш маш их эвдэрч завсар үйлчилгээ хийлгэдэг байсан. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүгчийн захирамжаар автомашиныг битүүмжилсэн бөгөөд энэ өдрөөс хойш би нэг ч удаа асааж унаагүй байхад миний машиныг 7 сарын турш хаяж батерей эвдэлсэн гэж бичиж байгаа нь үнэнд нийцэхгүй байна.  Л.Б- нь мөнгөө өгөөд машинаа авна гэж явчихаад мөнгөө одоо хүртэл өгөлгүй 1 жил гарах болж, битүүмжлүүлсэн машинаа өөрөө авч яваад 4 сар болж байгаа мөртлөө шүүхэд хандан баахан худлаа  баримт нотолгоогүй юм бичиж  намайг гүтгэн доромжилж байгаад маш их гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдол нь хуулийн үндэслэл бүхий  байх тул  хангах нь  зүйтэй.

            Нэхэмжлэгч Л.Б- хариуцагч  Б.М-д  холбогдуулан  худалдах худалдан авах гэрээний  үүрэгт  1.200.000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад  нэхэмжлэлийн   шаардлагаа  “худалдах худалдан авах гэрээг цуцалж, 62-07 УБК  улсын дугаартай  Тоёота Приус-20  маркийн  автомашиныг  буцаан  авах, хохирол 2.750.000 төгрөг, торгууль  76.800 төгрөг нийт 2.826.000 төгрөг  гаргуулах  шаардлага,  хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан  машины төлбөрт шилжүүлсэн  4.388.000 төгрөг,  засвар, сэлбэгийн үнэ 490.000 төгрөг  нийт  4.878.000 төгрөг  гаргуулах  сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг  зохигчид хэн аль нь  хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Тус хэргийг шүүх  шийдвэрлэхдээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг  ноцтой зөрчсөн байх ба энэ нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсэгт заасан  шүүхийн шийдвэр хүчингүй болох   үндэслэл  болж байна.

Дээд  шүүхийн  2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 001\ХТ2017\00726 дугаар  тогтоолыг  анхан шатны  шүүх 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан, Дархан-Уул  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчдийн зөвлөгөөний 08 дугаар сарын 14-ний өдрийн  161 дүгээр  тогтоолоор  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  хугацааг  сунгаж, 08 дугаар сарын  31-ний өдрийн  771 дүгээр  ерөнхий шүүгчийн  захирамжаар  шүүх хуралдаан даргалагчийг  томилж, 09 дүгээр сарын 01-ний өдрийн  3992  дугаар  шүүгчийн захирамжаар  шүүх хуралдааныг  09 дүгээр сарын 06-ны өдрийн  10.00 цагт  хийхээр товложээ.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т  зааснаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа  мэтгэлцэх үндсэн  дээр  хэрэгжинэ. Мэтгэлцэхдээ талууд тэгш эрхтэй байна.

Харин  талуудад  мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг  шүүх хангах  үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлд  заасан эрхийн  хүрээнд  мэтгэлцэнэ.

Тухайлбал: Хэргийн материалтай танилцах, шаардлагатай зүйлийг бичиж, тэмдэглэж авах, шүүх бүрэлдэхүүн ба шүүх хуралдааны оролцогчдыг татгалзах хүсэлт гаргах, нотлох баримтыг шинжлүүлэх, зохигч бусад оролцогчдод асуулт тавих, хүсэлт гаргах, гэрч асуулгах, шинжээч томилуулах,  нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл  нотлох баримтаас хасуулах, шүүхэд тайлбараа амаар болон бичгээр гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх,  шүүх хуралдааныг хойшлуулах, шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, тухайн шатны шүүх хуралдаанд биечлэн  оролцох зэрэг эрхийг эдлэх  замаар  мэтгэлцэх зарчим хэрэгжинэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  76 дугаар зүйлийн 76.1.1, 76.1.2-т   шүүх  хуралдааны  бэлтгэл  хангах ажиллагааны  талаар  заажээ.  Түүний дотор хэргийн оролцогчдыг хэргийн  баримттай танилцах  боломжоор  хангах,  шүүх хуралдааны  мэдэгдлийг   хэргийн  оролцогчдод шүүх хуралдаанд  бэлтгэх, шүүх хуралдаанд оролцох  боломжит хугацаанд хүргүүлэх   үүргийг  шүүх хүлээхээр хуульчилсан  байна.

Хэргийн үйл баримтыг  судалж үзэхэд  анхан шатны шүүх  хуулийн дээрх заалтуудыг  бүрэн хангаж ажиллаагүй  байдал  тогтоогдлоо.

Үүнд:Хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж  2017 оны  09 дүгээр сарын 01-ний өдөр гарсан байхад  шүүх хуралдааны товыг  08 дугаар сарын  31-ны өдөр  буюу  хугацааны хувьд  уг захирамж гарахаас өмнө  мэдэгдсэн \х.х 119 дүгээр тал\, шүүхийн мэдэгдэх хуудсыг  зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн  ажилтнаар  биечлэн хүргүүлж,  мэдэгдсэнээ баримтжуулсан байх шаардлагатай боловч баталгаажуулсан баримтаас  хэрхэн  мэдэгдсэн нь тодорхойгүй, \х.х 120 дугаар тал\, хариуцагчид хэргийн материалыг  шүүх хуралдаан болсон өдөр танилцуулж, нэхэмжлэгчид хэргийн материалыг  танилцуулаагүй \х.х 129 дүгээр тал\ байна.

Үүнээс үзвэл анхан шатны шүүх  нэхэмжлэгчид шүүх хуралдаан хэзээ, хаана  болохыг боломжит хугацаанд мэдэгдээгүй,  нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдаан хийх  үндэслэл бүрдээгүй байхад  түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй  байна.

Нэхэмжлэгчийн  хуулиар  олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн  тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж,  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  буцаах нь  зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам  зөрчсөн  үндэслэлээр  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул  хэргийн  үйл баримт, маргааны талаар дүгнэлт  хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 922 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.502 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ           

                                       ШҮҮГЧИД                                                Л.АМАРСАНАА

                                                                                                        С.ЭНХЖАРГАЛ