Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/00395

 

Г.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01249 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1385 дугаар магадлалтай,

Г.Аын нэхэмжлэлтэй

МИАТ ХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваабилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваабилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А нь 2012 оны 5 сарын 16-ны өдрөөс МИАТ ХК-д Агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 4-ний өдрөөр ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Компани ажлаас халсан үндэслэлээ албаны визийг хувийн зорилгоор ашигласан, сургалтанд хамрагдаагүй ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Ажлаас халах тушаалаа 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөр гаргасан боловч 2018 оны 3 дугаар сарын 22-иы өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байдаг. Нэхэмжлэгч Г.Аын хувьд сургалтанд суугаагүй нь үнэн бөгөөд биеэ эмчлүүлэхээр өөрийн хувийн визээр БНСУ-ын Бусан хотруу явсан. Буцаж ирээд эмнэлэгт хэвтсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, энэ талаараа компанидаа мэдэгдсэн. Мөн Иргэний нисэхийн дүрмийн 121.611-т заасан “...агаарын хөлгийн үйлчлэгчийн ур чадвар гэсэн хэсэгт заасан сүүлийн 12 сарын хугацаанд аихан болон давтан сургалтанд хамрагдсан байх шаардлага нь агаарын хөлгийн үйлчлэгчээр анх томилоход хамааралтай. Гэтэл бодит байдал дээр 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн МИАТ ХК-ийн зүгээс нислэгт огт гаргадаггүй. Компанийн удирдлагууд нислэгт очиход нэхэмжлэгчийг өөр газарт хүмүүстээ уулзуулах зэрэг ажил үүрэгт байхгүй шаардлага тавьсан бөгөөд түүнийг зөвшөөрөөгүй учраас ажил хийлгэдэггүй байсан. Ажилдаа оръё гээд очихоор "Чамайг авахгүй, чи өргөдлөө өг” гэх байдлаар тайлбар хэлдэг. Гэхдээ 3 сарын 22-ны өдрөөс өмнө ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг байсан байдаг. Г.Аын цалин хөлс нислэгээс хамаарч илүү цаг янз бүр бодогддог учраас дундаж цалин хөлс тооцох журмаар цалингийн дунджаа тооцоод 3, 4, 5, 6 сараас шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэлх хугацааны цалинг тооцоход 48 034 184 төгрөг болж байна. Иймд Г.Аыг ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинд нийт 48 034 184 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Мөн энэ хэрэг 3 шатны шүүхээр хэлэлцэгдсэн бөгөөд хариуцагч тал өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан ч юм шиг, аль эсвэл хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан юм шиг тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гүйцэтгэх захирлын 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/457 тоот тушаалаар Г.Аыг бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст Агаарын хөлгийн үйлчлэгчээр түр томилон хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд нислэгийн ачааллын үеийг даван туулах болон компанийн хэвийн үйл ажиллагааг хангах, мөн ажилтны өөрийн хүсэлтийг харгалзан 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд хөдөлмөрийн гэрээг сунган ажиллаж байсан. "МИАТ" ХК-ийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн үйлчлэгч нь жилд 1 удаа гэрээт сургалтын төв /одоогоор БНСУ-н Корейн Эйр компанийн сургалтын төв/ авран хамгаалах сургалтанд хамрагдах сертификат авдаг бөгөөд сертификат нь тухайн жилдээ агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллах эрх болдог. "МИАТ" ХК-ийн нийт агаарын хөлгийн үйлчлэгч нарын 2018 оны /сертификат авах/ давтан сургалтыг 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд БНСУ-н Корейн Эйр компанийн сургалтын төвд зохион байгуулахаар хуваарь гарган төлөвлөж, "Корейн Эйр" компаниас урилга авсан байсан. Тус сургалтанд хамрагдахаар Г.А нь визний материалаа бүрдүүлэн БНСУ-ын виз авсан бөгөөд сургалтанд хамрагдалгүй, хэлтэстээ мэдэгдэлгүй хувийн журмаар БНСУ-ын Бусан хот руу зорчихдоо ашигласан байсан нь нотлогдсон. Г.А нь хувийн визээрээ явсан гэж байгаа боловч албаны болон хувийн виз гэж байхгүй. Хэрэв энэ хүн визтэй байсан бол дахин виз авахаар нэрийг нь өгөх шаардлага байхгүй. Компаниас тогтоосон хуваарийн дагуу 2018 оны 2 дугаар сарын 7-ноос 10-ны хооронд сургалтанд хамрагдах ёстой байсан боловч энэ хугацаанд хамрагдах боломжгүй талаараа мэдэгдсэн бөгөөд 3 дугаар сарын 8-наас 11-ний хооронд хамрагдах талаар хойшлуулсан боловч сургалтанд суугаагүй. Нэгэнт 2018 оны холбогдох сургалтандаа хамрагдаагүй, ажиллах боломжгүй болсон тул бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын саналыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Агаарын хөлгийн үйлчлэгч нь жил бүр уг сургалтанд хамрагдаж байж, цаашид ажиллах эрхээ авдаг, иймд энэ үүргээ биелүүлээгүй. Иймд Г.Аыг ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан явдал нь хуулинд нийцэж буй тул Г.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01249 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Аын МИАТ ХК-ийн агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1385 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01249 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Аыг МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 26 569 278 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 21 564 908 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай. гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч МИАТ ХК-иас 166 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ад олгож, хариуцагчаас 290 796 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд хяналтын гомдолдоо: Магадлалд дараах үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Анхан шатны шүүх хэлэлцээд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Г.А нь БНСУ-ын Сөүл хотын Корейн Эйр сургалтын төвд Агаарын хөлгийн үйлчлэгчийн давтан сургалтанд хамруулах зорилгоор компаниас нэгдсэн журмаар зохион байгуулж авсан БНСУ-д зорчих визийг ашиглаж, хувийн ажлаар БНСУ-ын Пусан хотруу зорчихдоо ашигласан, энэ талаар тэрээр өөрийн харъяалагдах Бүхээгийн үйл ажиллагааны хэлтэстээ мэдэгдээгүйн улмаас тэрээр 2018 оны давтан сургалтанд хамрагдаагүй нөхцөл байдлыг зөв дүгнэж, түүнийг хөдөлмөрийн гэрээний 9.4.12-т заасан “...Иргэний нисэхийн хууль, дүрэм, заавар, компанийн үндсэн заавар тусгагдсан үйл ажиллагаа, заавар, дүрэм, журмын холбогдох заалтыг зөрчсөн...” заасан ноцтой зөрчил гаргасан гэж зөв дүгнэсэн. Г.А нь Агаарын хөлгийн үйлчлэгчийн давтан сургалтанд хамрагдаагүй учраас Иргэний нисэхийн багц дүрмийн холбогдох хэсэг, Нисэхийн сургалтын байгууллагын зааврын 5.3.2 дах хэсэгт заасны дагуу түүнийг нислэгт гаргах, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу Агаарын хөлгийн үйлчлэгчийн ажил, үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. “МИАТ” ТӨХК нь агаарын хөлгийн үйлчлэгчийн давтан сургалтанд жилд 1 удаа 30 хүний бүрэлдэхүүнтэй 1 ээлжийн танхимын хичээлийн зардалд 2500 ам.доллар, хүн тус бүрийн нислэгийн тийз, зочид буудал, хоолны мөнгө, визний хураамж гэх мэт зардлуудыг гаргадаг ба хувь хүнд тусгайлан сургалт хийх ямар ч боломжгүй байдаг. 2018 оны төлөвлөгөөт давтан сургалтын хуваарь дууссаны дараа тэрээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ захиргаа, хүний нөөцийн хэлтэст өгсөн байдаг. Энэ зөрчлийг давж заалдах шатны шүүх “...албаны визийг хувийн зорилгоор ашигласан болох нь тогтоогдож байх боловч...” гэж хүлээн зөвшөөрсөн мөртлөө “...нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчлүүд нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хариуцагч МИАТ ХК-ийн хөдөлмөрийн дотоод журам зэргээс үзвэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцох талаар тохиролцсон байдал тогтоогдсонгүй...” гэж ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн дүгнэлтээр бол МИАТ ТӨХК нь Агаарын хөлгийн үйлчлэгчийн давтан сургалтанд хамрагдаагүй ажилтныг нислэгт гаргаж олон улсын болон дотоодын мэргэжлийн дүрэм, журам, зааврыг зөрчих байсан гэж ойлгогдохоор байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Г.А нь 2018 оны Агаарын хөлгийн үйлчлэгчийн давтан сургалтанд хамрагдахгүй байх нь уг зөрчил гүйцэтгэх захирлын тушаал гарах хүртэл үргэлжилж байгаа зүйл юм. 2. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажиллаж байсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож байгаа нь ажилтан, ажил олгогч нарын сайн дурын үндсэн дээр байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээ, хугацааг сунгасан нэмэлт өөрчлөлтүүдийн хувьд ажил олгогчийн гэрээг дуусгавар болгох эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Г.А нь ажил олгогчтой хөдөлмөрийн түр гэрээ байгуулан ажиллаж байсан ба түүний Агаарын хөлгийн үйлчлэгчийн орон тоо нь үндсэн орон тоо биш байсан, түүний хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Эгүүлэн ажилд томилох орон тоо байхгүй бөгөөд нэхэмжлэгч нь 2018, 2019 оны Агаарын хөлгийн үйлчлэгчийн давтан сургалтанд хамрагдаагүй учир томилон ажиллуулах боломжгүй юм. 3. Давж заалдах шатны шүүх ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гэж 26 569 278 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Г.А нь өөрийн буруугаас давтан сургалтанд хамрагдаагүйгээс ажил, үүргээ гүйцэтгэх боломжгүй болсныг давж заалдах шатны шүүх хүлээн зөвшөөрсөн мөртлөө, ажиллуулах боломжгүй байсан хүнд цалин, хөлс тогтоож өгч байгаа нь ажил олгогчийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Агаарын хөлгийн үйлчлэгчийн цалингийн бүтэц нь үндсэн цалин болон нислэгт явсан блок цагаар бодогдон тооцон олгогддог. Давж заалдах шатны шүүх цалин хөлсийг тогтоохдоо өмнө авч байсан дундаж цалин хөлсөөр тогтоосон ба нэхэмжлэгчийн үндсэн цалин 775 000 байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч сургалтанд хамрагдаагүй учир нислэгт явах боломжгүй болсон, мөн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ажлаа хийгээгүй талаар 2 тал маргаагүй ба нотлогдсон байдаг. Гэтэл ажилгүй байсан үеийн цалин хөлсийг тогтоохдоо нислэгийн блок цагийг бодож олгосон нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийн буруугаас нислэгт явах боломжгүй гэдэг нь үйл баримтаар нотлогдсон байтал ажилгүй байсан үеийн дундаж цалинг тогтоохдоо нислэгт явах боломжтой байсан мэтээр нислэгийн дундаж цалин хөлсийг тооцон олгосон нь ойлгомжгүй юм. Иймд ажил олгогчийн эрхийг зөрчиж дүгнэлт хийсэн магадпалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч МИАТ ХК-д холбогдуулан агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 48 134 186 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Г.А нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...миний бие сургалтанд хамрагдах хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй, ...сургалтанд суугаагүйн улмаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар компанийн дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээнд заагаагүй...” тул тушаалыг хууль бус гэж тодорхойлжээ.

Хариуцагч МИАТ ХК нэхэмжлэлийг татгалзахдаа “...бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн үйлчлэгч нь жилд 1 удаа авран хамгаалах сургалтанд хамрагдаж сертификат авдаг бөгөөд сертификат нь тухайн жилдээ агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллах эрх болдог. Тус сургалтанд хамрагдахаар Г.А нь визний материалаа бүрдүүлэн БНСУ-ын виз авсан бөгөөд сургалтанд хамрагдалгүй, хэлтэстээ мэдэгдэлгүй хувийн журмаар БНСУ-ын Бусан хот руу албаны визээр зорчсон нь тогтоогддог. Нэхэмжлэгч 2018 оны холбогдох сургалтандаа хамрагдаагүй, ажиллах боломжгүй болж ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагчаас 26 569 278 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүх ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон болохыг буруутгаагүй боловч уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцоогүй гэх үндэслэлээр ажил олгогчийн шийдвэрийн талаар үндэслэлтэй дүгнэж чадаагүй, байгууллагын дотоод хэм хэмжээнд нийцүүлэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, ажилтны гаргасан зөрчил, агаарын хөлгийн үйлчлэгчийн албан тушаалд тавигдах тусгай шаардлага зэрэг тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зохицуулалтын дагуу хийвэл зохих дүгнэлтийг хийж, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Шүүхийн шийдвэрт олговор гаргуулах асуудлаар зохих өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

1. Г.А нь хариуцагч МИАТ ХК-ийн агаарын хөлгийн үйлчлэгчээр 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажилд түр орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан, гэрээний хугацааг жил бүр сунган ажиллаж байгаад МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/357 дугаартай тушаалаар ажлаас халагдсан байна.

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11.5, 11.6 дахь хэсэг, Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын саналыг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болгон цуцалжээ. /хх 17, 18, 24-28, 65-67/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцалж болохыг гэж заасан.

Ажил олгогчийн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг баримтлаагүй хэдий ч талууд ноцтой зөрчил гаргасан эсэх, гэрээг цуцлах үндэслэл байгаа эсэхийг маргаж, энэ хүрээнд мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан баримтыг хүрээнд, Г.А нь МИАТ ХК-иас зохион байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд БНСУ-ын Корейн эйр компанийн сургалтын төвд нийт агаарын хөлгийн үйлчлэгч нарт сертификат олгох 2 өдрийн давтан сургалтанд оролцоогүй, ийнхүү оролцоогүй тул агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллах боломжгүй болсон үйл баримт тогтоогдсон, хоёр шатны шүүх энэ талаар зохих дүгнэлтийг хийжээ.

Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээний 9.4.2-т заасан “Иргэний нисэхийн хууль, дүрэм, заавар, компанийн үндсэн заавар, дүрэм журмын холбогдох заалтыг зөрчсөн бол ноцтой зөрчилд тооцох” тухай гэрээний тохиролцоог Иргэний нисэхийн дүрмийн 121.611-т заасан “агаарын хөлгийн үйлчлэгч нь сүүлийн 12 сарын хугацаанд анхан болон давтан сургалтанд хамрагдсан байх”, Нисэхийн сургалтын байгууллагын зааврын 5.3.2-т заасан “агаарын хөлгийн үйлчлэгчийн давтан сургалтыг жил бүр зохион байгуулах, үүнд бүх үйлчлэгч нарыг хамруулах” тухай хэм хэмжээг уялдуулан тайлбарлаж, авран хамгаалах давтан сургалтад сууснаар ажиллах эрх сунгагддаг үйл баримтад тулгуурлан, нэхэмжлэгчийг сургалтанд хамрагдах үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байхад хариуцагч зөрчлийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр илрүүлсэн атлаа 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажлаас халах шийтгэл ногдуулсан нь хуулийг зөрчсөн байжээ.

2.Ажил олгогчийн тушаал хууль бус боловч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй байдал тогтоогдсон байна.

Талууд 2012 оноос хойш гэрээний хугацааг жил бүр сунгаж байсан байх ба гэрээний хугацаа 2018 оны 05 сарын 01-ний өдөр дуусгавар болсон болохыг хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу байна. Г.А нь түр хугацаагаар ажилд орж, жил бүр гэрээг сунгаж байсан нь нислэгийн ачаалалаас шалтгаалж үндсэн ажилтны зэрэгцээ түр хугацаагаар үйлчлэгч нарыг ажиллуулж байсан шалтгаан нөхцөлтэй холбоотой байжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол гэрээ дуусгавар болдог байна.

Ажил олгогч нь гэрээний хугацаа дууссанаас хойш, 3 хоногийн дараа 2018 оны 05 сарын 04-ний өдөр тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь гэрээг сунгагдсан гэж үзэх хангалттай эрх зүйн үндэслэлийг бий болгоогүй гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч 2018 оны 03 сарын 21-нээс хойш ажиллаагүйгээс гадна сургалтанд суугаагүйгээс зохих сертификатаа аваагүй тул агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллах эрхгүй болсон, гэрээг сунгах боломжгүй болжээ.

Ажил олгогч нь ажилтныг 2018 оны 03 сарын 21-нээс хойш ажиллуулаагүй үйл баримтыг зохигч маргаагүй юм.

Иймд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, гэрээ дуусгавар болсон тул ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг ажиллуулаагүй 2018 оны 03 сарын 21-нээс 2018 оны 05 сарын 04 хүртэл хугацааны олговор 2 632 256 төгрөгийг /82 258х32 хоног/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1385 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01249 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МИАТ ТӨХК-иас 2 632 256 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс “агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорын үлдэх хэсэг 45 501 930 төгрөгийн шаардлагыг” хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Ааас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166 000 төгрөгийг буцаан олгож, хариуцагч МИАТ ХК-иас 57 066 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 291 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА