Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

 

 

 

 

          

             Н.Б-т холбогдох эрүүгийн

             хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Р.Машлай,

            шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Ч.Болдбаатар,

            нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1532 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Б-т холбогдох 201601080507 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Б…..... овгийн Н.................. Б…..........., Төв аймгийн Эрдэнэ суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ах, авга дүү нарын хамт амьдардаг, хэрэгт холбогдох үедээ Налайх дүүргийн .. дугаар хороо, Тэрэлжийн шугуй гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан, /регистрийн дугаар: НУ............/,

 

Н.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний орой Налайх дүүргийн 6 дугаар хороо, Шугуйн 20 тоот гэртээ согтуугаар төрсөн ах Н.Ч-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа түлхэж унаган толгойн тус газар нь түлээний модоор цохиж духны ясны шугаман хугарал, их тархины зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа бүхий гавал тархины битүү гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Н.Б-ыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 506 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийг баримтлаагүй, гэм буруутайд тооцсон эсэх нь ойлгомжгүй, гэм буруутай гэж тооцсон үг, өгүүлбэр байхгүй, тодорхой, ойлгомжтой бичигдээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Тодорхойлох хэсэгт: “Шүүгдэгч, гэрчүүд, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тайлбар, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, биед үзлэг хийсэн тэмдэглэл, баривчлах тогтоол, цагдан хорих захирамж зэргийг дурдаж бичээд... зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.” гээд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн байна.

Гэтэл хууль зөрчиж авсан мэдүүлэг, мэдүүлгийн зөрүү байгааг дурдаагүй. Үүнд: насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг байдаг. Н.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний орой ахтайгаа төрсөн өдөр тэмдэглэж архи ууцгаасан. Ингээд унтах үед төрсөн ах Н.Ч нь өөр лүү нь агсам тавих үед түлхэж унаган хагалсан модоор толгойн тус газар нь цохисноос талийгаачид учирах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Н.Б-ыг хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасныг үндэслэн хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг болгон өөрчлөн зүйлчлэхээр шийдвэрлэв. /Энэ хуульд заасны дагуу хөнгөрүүлж байгаа нь зөв шийдвэр боловч шүүгдэгчийн үйлдлийг зөв тодорхойлоогүй, зүйлчлэлийг буруу зүйлчилсэн. Гэмтэл нь хоёр үйлдлээс учирсан. Нэг нь түлхэж өөрөөсөө зайлуулах буюу хамгаалсан, нөгөө нь модоор цохьсон. Түлхсэн буюу хамгаалсан үйлдэл нь өөрийгөө хамгаалахад тооцогдох болон үгүйсгэгдэх, аль нь санаатай эсвэл болгоомжгүй болох, аль үйлдлийн улмаас учирсан гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэхийг огт тогтоогүй./

Мөн “гэмтлийг цаг алдалгүй эмнэлэгт хандаж мэс засал хийлгэсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан байна” гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /цаг хугацаа алдсан явдал бол бие нь муу байгаа хүнтэй өөртэй нь холбоотой асуудал бөгөөд “шартах гэдэг чинь ийм аймаар байдаг юм уу” гэж ойлгосонтой холбоотой. Н.Б ч мөн тэгж ойлгосон, хэлсэн зэргээс эмчид үзүүлээгүй, тусламж авч чадаагүй нь төөрөгдсөн байгааг гэмтлийн улмаас нас барсан гэж шалтгаант холбоотойгоор авч үзэх үндэслэлгүйг харуулж байна./

Модоор толгойн тус газар цохисныг шүүгдэгч өөрөө хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь цохигдох, унах үед үүсэх боломжтой гэж үзсэн дүгнэлтээр нотлогдож байна гэж үзэв гэсэн. /мөн л цохигдох, унах гэж хоёр нөхцөлийг дүгнэсэн боловч тогтоогоогүй, нөгөө талаар цохисноо хүлээн зөвшөөрч энэ тал дээр зөв шийдүүлэх хүсэлтэй байдаг. Мөн насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгээр талийгаачийг толгойн ар хэсэг өвдөөд байна гэсэн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтийн унах үед дээрх гэмтэл үүсэх гэдэгтэй тохирч байгааг анхаарч үзээгүй./

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь анх мэдүүлэг авахдаа өөрийнх нь саналтай өмгөөлөгчийг оролцуулаагүй нь хууль зөрчсөн гэж үзэж мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан цаазаар авах ялаар шийтгэгдэж болох гэмт хэрэгт холбогдсон этгээдэд заавал өмгөөлөгч байлцуулна... хууль зөрчөөгүй гэсэн. /хэрэгт цаазаар авах ял ногдуулсан, зүйлчилсэн, холбогдуулсан нэг ч баримт байхгүй байхад хууль буруу тайлбарлаж, хууль зөрчсөн. Нөгөө талаар хэргийг шалгаж эхлэхэд буюу хэргийн газрын үзлэгээр... уг цогцос гадна ил харагдах ямар нэг бэртэл гэмтэл, шарх, сорви байхгүй гэсэн байгааг анхаарч үзээгүй байна./

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч хуульд заасан гэмтэл гээгүй хохирол гэж заасан байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар “... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж зааснаас үзэхэд... модоор цохисноос учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндэд хохирол учирсан нөхцөл байдал болно. /өмгөөлөгчийн зүгээс хөнгөрүүлэн өөрчилснийг буруу гэж хэлээгүй бөгөөд хуулийг төсөөтэй хэрэглэж байгааг буруу гэсэн ба хүнд хохирол гэдэг нь хүнд гэмтэл гэж ойлгож хэрэглэж байгаа бол бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэдэг зүйл буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж байж хөнгөрүүлсэн гэж үзнэ./

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хохирогчийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Н.Б ахыг аавыг алсан гэхэд итгэхгүй байна, гомдолгүй” гэдгийг нь орхигдуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг удирдлага болгон хорих ялыг хөнгөрүүлж болох хуулийг хэрэглэхгүй байна./

Шүүх хэрэгт авагдсан баримтаас цагдан хоригдсон хоногийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс гэж үзсэн нь буруу бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр тооцон хууль зөрчиж мэдүүлэг авч шууд саатуулснаар тоолох байсан. Ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг зөв хэрэглэсэн боловч 1.7 дахь заалтыг оруулсангүй. Мөн хэргийн газрын үзлэгээр “...уг цогцосыг хөдөлгөн доод хэсгийг нь үзэхэд цогцосны цээж, толгойн хэсгийн цас хайлсан, мөрдөн байцаагчийн тэмдэглэлд цогцосны гадна үзлэг хийх гэхэд цогцос хөлдсөн байсан, гэрч Отгонбаярын мэдүүлгээр “ер нь бие муутай хүн байсан”, ... аав, хүү хоёрын мэдүүлгийн зөрүү, шинжээч Төгсбуянгийн нэмэлт шинжилгээнд авсан материал гээд 3 дахь хэсэгт нь шүүх эд, эсийн шинжилгээнд эд эрхтэнээс тус тус авч №А-80/2016/ тоотоор архивлав” зэрэг баримт мэдүүлгийг дүгнээгүй, шийдвэрийн тодорхойлох хэсэгт “хэд хэдэн удаа... түлхэж унаган, босоод суух үед” гэж хэрэгт байхгүй үг, үсэг нэмж оруулан тогтоол үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1532 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ш.Машлай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Уг хэрэг 2016 онд гарсан боловч шийдэгдэлгүй нилээд удлаа. Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, хууль зөрчсөн талаар ярьж байна. Энэ байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад засаж залруулсан. Харин түлхсэн болон цохьсон үйлдэл нь нэг цаг хугацаанд болсон бөгөөд үүнийг ялгах боломжгүй. Учирсан гэмтэл нь түлхэх, цохих үед үүсэх боломжтойг Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон хөнгөрүүлэн шийдвэрлэсэн.

Өмгөөлөгчийн ярьж байгаа насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг нь хохирогч нас барахаас өмнө ямар байдалтай байсан талаар л ярьж мэдүүлсэн болохоос биш хэргийн газар болсон асуудлын талаар болон маргалдсан, цохьсон талаар яриагүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1532 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний орой Налайх дүүргийн 6 дугаар хороо, Шугуйн 20 тоот гэртээ согтуугаар төрсөн ах Н.Ч-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа түлхэж унаган толгойн тус газар нь түлээний модоор цохиж алсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүний үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ.

 

Анхан шатны шүүх дээрх хэргийг хэлэлцээд “... талийгаач Н.Ч нь уг хүнд гэмтлийг авснаас хойш 48 цагийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 13-ны орой нас барсан байна, мөн гэмтлийг цаг алдалгүй эмнэлэгт хандаж мэс засал хийлгэсэн бол амь насыг аврах боломжтой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... ” гэж дүгнэн Н.Б-т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох ба хохирогч гэмтэл авсан даруй нас барсан, эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, гэмт этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байдаг нь хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж бөгөөд хохирогч хэзээ нас барсан нь зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Хохирогчид учирсан гэмтэлд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь аврах боломжтой байсан талаар шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан боловч тусламж үзүүлээгүйтэй холбоотой хариуцлага нь хохирогчтой хамт байсан хүмүүст хамааралтай байхад шүүх хохирогчид хамаатуулж, амь насыг аврах боломжтой байсан эсэх асуудлаар дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгосон нь буруу байна.  

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Бт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон нь шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдолд заасан хүсэлтэд нийцэж байгаа боловч дахин хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэл нь өөр байх тул тухайн гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Шүүгдэгч Н.Бын гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1532 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Б-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Н.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

  

               ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

  

               ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН