Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 55

 

 Д.Отгонзулын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 781 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2016/0791 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Д.Отгонзулын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 781 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Денверийн гудамжинд байх “Голден Вилл” хотхоны 105 дугаар байрны 305 тоот орон сууц, С-12 тоот автозогсоолын өмчлөгчөөр Дашдэмбэрэл овогтой Отгонзулыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бусад тооцож, уг орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр Д.Отгонзулын бүртгэж эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт даалгах" тухай нэхэмжлэгч Д.Отгонзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2016/0791 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 781 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1.Шүүхийн магадлалд “Эм энд жи констракшн” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарын бие даасан шаардлага гэж үзэхгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад хариу тайлбар өгч мэтгэлцэх боломжийг нэхэмжлэгчид олгоогүйн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хуулийн үндэслэл болно. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

2. “Эм энд жи констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Им Жун У-гийн төлбөрийн тооцоо төлсөн баримтыг хангалттай нотлох баримт гэж үзэхгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн  13.5.1-д тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг гэсэн байдаг бөгөөд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагаас зөвхөн төлбөр тооцоо төлж дууссан болохыг тодорхойлсон бичгийг л шаарддаг. Гуравдагч этгээдийн шаардлагад нь хариу тайлбар. нотлох баримт гаргах боломжоор хангаагүй хэрнээ хуулийн дагуу бүрдэл хангасан баримт бичгийг бас хангалтгүй гэж үзээд байгаад гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Отгонзул нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Денверийн гудамж, Голден Вилл хотхоны 105 дугаар байр, 306 тоот орон сууц, С-12 тоот зогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар мэдүүлэг гаргагч нь өмчлөгч гэдгийг баттай нотолсон баримтыг захиргааны байгууллагад гаргаж өгөх замаар улсын бүртгэлд бүртгүүлэх эрх үүсэх тул өмчлөгч гэдгийг нотлох баримт нь энэхүү маргаанд ач холбогдолтой баримт мөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх чиг үүрэгтэй. Энэ тохиолдолд маргааны гол үйл баримтыг нотолсон болон үгүйсгэсэн агуулга бүхий хоёр баримт байхад шүүх эдгээр баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй буруутай байна.

Тодруулбал “Эм энд Жи констракшн” ХХК-ийн 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Д.Отгонзул нь төлбөр тооцоогоо барагдуулсан” гэх баримт, мөн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй” гэх баримтууд нь эсрэг тэсрэг үйл баримтыг агуулсан байхад шүүхүүд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийгээгүй, холбогдох бусад баримтаар тогтоогдох эсхүл няцаагдах нэмэлт нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулаагүй байна. Иймд маргааны үйл баримтыг эцэслэн дүгнэх нотлох баримт хангалтгүй байхад шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Түүнчлэн “Эм энд Жи констракшн” ХХК-ийн үйлдсэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн баримт нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үед гараагүй байсан, захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл болоогүй баримт байхад шүүхүүд зөвхөн энэхүү баримтыг үндэслэн “төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй” гэж дүгнэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй.

Захиргааны байгууллагаас татгалзсан үндэслэлээ “барьцаат зээлийн гэрээ дуусгавар болоогүй, барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр иргэдийн өмчлөлд салгаж бүртгэх боломжгүй, эрх бүхий байгууллагаас орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэж тодорхойлсон байхад захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл болоогүй төлбөр, тооцооны асуудлыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу бөгөөд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ.

Тухайлбал, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр, тооцооны талаар хэргийн оролцогчдыг мэтгэлцүүлээгүй, нотлох баримт цуглуулж байгаагүй атлаа гуравдагч этгээдийн шүүх хуралдаан товлосны дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүхэд гаргасан баримтыг шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгчид танилцуулалгүй, түүнийг няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжоор хангалгүйгээр, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэг нийцэхгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдол үндэслэлтэй байна. 

Иймээс шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах хүрээнд, холбогдох хуулийг хэрэглэн, нотлох баримтын эргэлзээтэй байдлыг бүрэн тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 781 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2016/0791 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ