Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 73

 

 

       Л.Б-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Намуун,

шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Н.Нарантуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1596 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Б-т холбогдох эрүүгийн 1706036501783 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Жамба овгийн Л.Б, 19... оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засгийн удирдлага мэргэжилтэй, “Бат Гранд" ХХК-ийн “Цагаан шөнө” бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл .., ....,.... хүүхдийн хамт ........ дүүргийн .... дүгээр хороо, ............. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............./;

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн;

 

Л.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд үйлчлүүлж байсан иргэн Т.Н-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Жамба овгийн Л.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар Л.Б-т энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хоногт шилжүүлэн 30 хоног дээр өмнөх Багахангай, Налайх дүүргийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 7 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.Б-т 7 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Л.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Т.Н- нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслээд шүүгдэгч Б- хохирогч Т.Н-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Миний үйлчлүүлэгч өөрт холбогдох хэрэгт анхнаасаа гэм буруу дээр маргаагүй, үнэн зөвөөр мэдүүлсэн ба гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн эмэгтэй хүнд учруулах аюул илүү хүнд байсны улмаас хохирогчийг түлхсэн. Хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан  гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Мөн хохирогч мөрдөн байцаалтын ажиллагаанд хүрэлцэн ирэхгүй байсны улмаас мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч, шүүгдэгч өөрт холбогдох хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлэх болон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл байдлуудаа алдаж, өмгөөлөгчгүй байсан учраас эрх зүйн туслалцаа авч чадаагүй байсаар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүрсэн.

Иймд шүүгдэгч Л.Б- нь одоо хоригдож байгаа, тохиолдлын улмаас үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, тэрээр чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан 7 сарын хугацаагаар биечлэн эдлэх хорих ялыг хөнгөрүүлэн торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Өмнө нь шүүгдэгч Л.Б-т Багахангай, Налайх дүүргийн шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн. Энэ хугацаандаа дахин хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн. Тухайн гэмт хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Б-т 450 нэгжээр торгох ял оногдуулж, торгох ялыг хорих ялд шилжүүлж 30 хоногийн хорих ял оногдуулсан. Багахангай, Налайх дүүргийн шүүхээс 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээсэн. Энэ үүргийг шүүгдэгч Л.Б- нь зөрчсөн. Тиймээс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Л.Б-т оногдуулсан шийдвэрийг нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 хугацаагаар хорих ялыг оногдуулж, өмнөх 30 хоногийн хугацааг нэмж нэгтгэж 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв. 

 

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Л.Б-т холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэлэлцэж, уг гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 30 хоног хорих ял болгож, өмнөх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн хугацааг нь нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 7 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай шийдвэр болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөхөөр заасан ба мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ гэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заажээ.

 

Шүүгдэгч Л.Б- нь Багахангай, Налайх дүүргийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 6 сарын хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-ын өмнөх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт нэгэнт шүүхээр гэм буруутайд тооцогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулж, уг ял дээр сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх болон тус тусад нь эдлүүлэх асуудлыг шийдвэрлэхээр байна.

 

Дээрх хууль хэрэглээний асуудлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж зөвтгөх боломжгүй, өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-т өмнөх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэгт нь ял шийтгэл оногдуулаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Б-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1596 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Б-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Л.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР 

 

ШҮҮГЧ                                                                                    М.АЛДАР 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ