Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Х.Идэр, Ү.Түмэнжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч О.Оргилмаа,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,                                      

Улсын яллагч Р.Батнасан,

Хохирогч П.Батчулуун,

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхжаргал,

Шүүгдэгч Х.Базаррагчаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, Ц.Майбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрэлбаатарын Базаррагчаад холбогдох эрүүгийн 201525022682 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 75-128 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны цагдаа ажилтай байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан  бүрэн, / РД: ЧЕ80102970 / Боржигон овогт Хүрэлбаатарын Базаррагчаа  нь:

2015 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны гадна П.Батчулууныг “ тамхины иш өөдөөс шидлээ “ гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж унагаан бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэрч Т.Нарандэлгэр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2015 оны 12 дугаар сарын 22-ны орой 23 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс ахлах ахлагч Х.Базаррагчаа 4 хүнтэй гаднаас саатуулах байранд орж ирсэн. Тэгээд саатуулах байрны коридорт тэр 4 хүний биед үзлэг хийгээд байж байтал гаднаас ахлах ахлагч Б.Өнөрнасан Батчулуун гэх 1 хүн дагуулж орж ирсэн. Тэгээд тэр хүнд үзлэг хийх гээд “ За хувцсаа тайлаад биеэ үзүүлчих “ гэсэн чинь тэр хүн үзүүлэхгүй “ Чи юугаа үздэг юм бэ. Чи юугаа мэддэг юм “ гэх зэргээр үзүүлэхгүй эсэргүүцээд байсан бөгөөд тэр хүн дравер ч үлээхгүй нилээн их согтолттой байсан. Тэр шөнө Батчулуунд байнга хяналт тавьж, камерын цагдаа Пүрэвбаатарт хяналт тавьж  байгаарай гэж хэлсэн.

Тэгээд шөнө 05 цагийн орчим камерын гаднаас нэрээр нь дуудахад өндийж харахаар нь биеийн байдлыг нь харахад духны баруун хэсэгт овойж хавдсан байхаар нь ер нь түргэн дуудаж үзүүлье гээд Пүрэвбаатарыг 103 руу залгаж дуудлага өгүүлсэн боловч ирэхгүй болохоор нь би дахиж өөрөө залгаж дуудлагаа шаардсан. Түргэн ирэхгүй болохоор нь би тэр хүнийг ямар ч байсан камераас нь гаргаад ир үзлэг хийе гээд өөрийн чагнуур даралтын аппаратаа аваад очих гэтэл гаднаас түргэний эмч ороод ирсэн гэжээ. / хх 81-82 /

Гэрч Б.Өнөрнасан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Саатуулах байрны гадаа ирээд Х.Базаррагчаа хүмүүсээ машинаас буулгасан. Харин би машинаа гражид тавих гээд гражийн хаалга онгойлгоод гражид машинаа байрлуулаад хаалгаа цоожлоод саатуулах байрны үүдэнд ирсэн чинь нэг хүн хэвтэж байсан. Энэ хүн яачихав гэж Х.Базаррагчаагаас асуухад өөдөөс тамхины иш шидэхээр нь түлхсэн чинь уначихлаа гэж хэлсэн. Би гражийн хажууд байх өөрийн машинаа асааж 2-3 минут халаачихаад эргээд иртэл  нөгөө хүн тэр чигтээ хэвтэж байхаар нь очоод “ Босож чадах уу “ гэхэд “ Зүгээрээ босож чадна “ гээд өөрөө босоод ирэхээр нь би түшээд саатуулах байр руу авч орсон. П.Батчулуун гэх хүн машинд явж байхдаа зодоон цохион хийгээгүй ээ. Харин дуу нь өндөрсөөд хүн болгон руу дайраад агсраад байсан гэжээ. / хх 87-88 /

Гэрч Э.Пүрэвбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …  2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагаас 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг хүртэл Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуупах байрны хяналтын камерын цагдаагийн үүрэг гүйцэтгэсэн. 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс эрүүлжүүлэх 4 хүн байна гэсэн дуудлага ирсний  дагуу жолооч  цагдаа,  ахлах  ахлагч  Б.Өнөрнасан,  ахлах ахлагч Х.Базаррагчаа нар албаны 30-21 дугаарын Фургон машинтай яваад 23 цаг өнгөрч байхад эрүүлжүүлэх 5 хүнтэй ирсэн бөгөөд 4 хүнийг нь саатуулах байр руу оруулж ирсэн. Нэг хүнийг яасан гэж асуухад Х.Базаррагчаа “ Урдаас тамхины иш шидэхээр нь түлхсэн чинь хэвтчихээд босож ирэхгүй байна “ гэсэн. Тэгээд би дравер аваад орж ирсэн 4 хүнийг үлээлгээд байж байхад гаднаас нэг хүнийг Б.Өнөрнасан дагуулж оруулж ирсэн. ...Саатуулах байранд орж ирсэнээс хойш П.Батчулууныг хэн нэгэн цохиж зодоогүй гэжээ. / 1 дүгээр хавтас  91-92 /

Гэрч М.Энхманлайгийн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэхдээ: ...Би 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 08 цагаас 12 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг хүртэл 24 цагаар машинт эргүүлийн жолооч цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан. Би Цагдаагийн хэлтсийн 1 давхарт ирж П.Батчулууны биед нь үзлэг хийхэд биеэс эд зүйл гараагүй, ил харагдах гэмтэл шарх байгаагүй, шинээр гэмтэл аваагүй. Мөн П.Батчулуун өөрөө зүүн нүд хараагүй гэж автомашинд явж байхдаа хэлж байсан. Энэ талаар үзлэг хийсэн тэмдэглэлд тусгасан байгаа.

Би эргүүлийн офицер Батболдын хамт П.Батчулууны гэрт ороход охин нь “ Аав согтуу үглээд хэрүүл хийгээд унтуулж амраахгүй байна. Энэ хүнийг аваад яваач “ гэж л хэлсэн. Түүнээс биш аавын бие муу гэх зэрэг зүйл юу ч яриагүй. Хурдхан авч яв л гээд байсан. П.Батчулуун нь согтолт ихтэй биеэ авч явах ямар ч чадваргүй байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 211-212 /

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны эмчийн өрөөнд хяналтын камерын Dell маркийн компьютерт бичигдсэн дүрс бичлэгт үзлэг хийлээ. Уг бичлэгээр фургон маркийн цагдаагийн автомашин зогсох ба автомашинаас 1 цагдаа, 5 энгийн хувцастай хүн автомашинаас бууж ирэн саатуулах байрны гадаа зогсож юм ярьж байгаа бололтой тойрч зогсож байснаа 23 цаг 19 минут 50 секундэд саатуулах байрны хаалганы хажууд зогсож байсан залуу татаж байсан тамхиа цагдаагийн албан хаагч руу шидэв. Цагдаагийн албан хаагч баруун гараараа тамхи шидсэн залуугийн нүүрэн тус газар нь цохив. Цохиулсан хүн хана руу толгойгоороо саваад газар унав. Бусад хүмүүс саатуулах байрны хаалгаар дотогш ороод хойноос нь цагдаагийн албан хаагч оров. Газар унасан хүн босохгүй хэвтэж байтал цагдаагийн албан хаагч буцаж гарч ирээд толгой хэсэгт гараараа хүрэв. Цагдаагийн албан хаагч Базаррагчаа буцаж саатуулах байр руу оров. Цохиулсан хүн газарт хагас эргэж хэвтэв. 23 цаг 25 минут 30 секундэд цагдаагийн ахлах ахлагч Өнөрнасан хохирогчийн хажууд ирээд зогсож байгаад хохирогчид ямар нэгэн зүйл хэлээд босгож саатуулах байр луу оруулав. Саатуулах байрны коридорт хохирогч дайвж гуйвсан байдалтай орж ирээд төв хаалга гэх камерын бичлэг дээр толгойгоо бариад хана түшээд зогсож байгаад 23 цаг 28 минутанд бичлэгээс гарав. 23 цаг 33 минут 28 секундэд ахлах ахлагч Базаррагчаа хохирогчийг баруун араараа куртикнээс нь зуурч татаж унагаав. 23 цаг 34 минутанд хохирогч ахлах ахлагч Базаррагчаа руу гарын салаавч гаргав. 23 цаг 35 минутанд ахлах ахлагч Базаррагчаа хохирогчийн зүүн хөл руу өшиглөв. 23 цаг 37 минутанд хохирогчийн зүүн хөлөнд дахин 1 удаа өшиглөв. 23 цаг 39 минутанд ахлах ахлагч Базаррагчаа хохирогчийн зүүн хөлийн гутлыг тайлаад нүүр рүү нь шидэв. 05 цаг 42 минутанд дэд ахлагч Пүрэвбаатар, ахлах ахлагч Шавигцэрэн нар хохирогчийг камераас нь гаргаж коридорт суулгав. 05 цаг 44 минутанд яаралтай түргэн тусламжийн эмэгтэй эмч ирээд хяналтын өрөөнд 05 цаг 47 минутанд орж үзлэг хийлгэв. 05 цаг 58 минутанд хохирогчийг түргэний эмч аваад явав. Хоёр цагдаа хохирогчийг суганаас нь өргөж камерын бичлэгээс гарав гэжээ. / 1 дүгээр хавтас 27-28 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 406 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Батчлууны бие зүүн талд суурь яснаас дээш чамархай зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу бүрхүүлийн дээр цус хуралт, зүүн дух, чамархайн тархины эдэд няцрал, зүүн хацар ясны нумын хугарал, дух, хамар яс, зүүн ухархайн дотор ханын хугарал, аалзан бүрхүүлийн цус харвалт, дух, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ.  / хх 105 /

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 940 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. П.Батчулууний биед зүүн талын суурь яснаас дээш чамархай, зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн хацар ясны нумны хугарал, дух, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

4. Дээрх гэмтлийг хэний үйлчлэлээс үүссэнийг шинжээч эмч тогтоохгүй.

5. Урьд гаргасан шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн гаргасан 406 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна гэжээ. / хх 75 /

Шүүгдэгч Х.Базаррагчааг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 129-132 /, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 136-141 /,

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 147 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Базаррагчаа мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 22–ноос 23-нд шилжих шөнө Дамбадаржаад байх Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн дуудлагаар очоод 5 хүн авсан. 23 цагийн үед хэлтэс дээрээ ирээд саатуулах байрны үүдэнд тэднийг тамхи татуулж байхад хохирогч П.Батчулуун миний өөдөөс тамхины иш шидэхээр нь би биеэ барьж чадалгүй түлхсэн. Тэгэхэд П.Батчулуун арагшаагаа савж унасан. Тухайн үед унаад 5 минут орчим хэвтэж байгаад босч ирэхээр нь түүнийг камерт оруулсан. П.Батчулуун камерт ороод 2-3 цаг тавьтаргүйтэж байгаад хэвтсэн. Шөнө хэд хэдэн удаа очиж үзсэн. Өглөө 05 цагийн үед П.Батчулуун хөдөлгөөнгүй болсон байхаар нь бид 103 дуудаж үзүүлээд П.Батчулууныг өгч явуулсан. Би түүний зүүн мөр рүү түлхэхэд П.Батчулуун арагшаа савж унасан. Би нилээн хүчтэй түлхсэн. П.Батчулуун нилээн согтолттой байсан. Миний түлхэлтээс болж ар дагзаараа савж хананы ирмэг налж унасан. Ер нь бол дагзны гэмтлийг миний түлхэлтээс авсан байж болно. Гэхдээ би санаатай гэмтэл учруулъя гэж түлхээгүй. Эмчилгээний зардалд 2.940.000 төгрөг төлсөн. Хохирогч П.Батчулуун камерт унасан бичлэгийг бичлэг авснаас хойш 10-д хоногийн дараа үзсэн. Байцаагч авна гээд аваагүй учир би түүнтэй маргалдсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Батчулуун мэдүүлэхдээ: Биеийн байдал муу байгаа учир өмнөх шүүх хуралдаан дээр ярьсан зүйл дээр нэмж ярих зүйл байхгүй. Одоо миний биеийн байдал муу байна. Хэл ам гацдаг болсон, цусны дутагдалтай болсноос гар хөл даардаг болсон. Мөн дахин тархины хагалгаанд орох шаардлагатай. Би нийт 6 сая гаруй төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд 2.240.000 төгрөг авсан гэв.

Шинжээч эмч Б.Ариунзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч П.Батчулууны гавлын ясны хугарлаас болж үүссэн хатуу хальсан дээр болон доор цусан хураатай, тархины эд няцарсан, хацар яс хугарсан эдгээр гэмтлийг авсан байна. Үүнээс болж гавал тархины гэмтлийн ерөнхий болон хэсэг газрын шинж тэмдгүүд илэрнэ. Ерөнхий шинж тэмдэг болох толгой өвдөх, бөөлжих, огиулах, ухаан санаа балартах, ухаангүй болох, явж чадахгүй болох, дэмийрэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ гэмтлийг аваад хэсэг хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийж болно. Хатуу хальсны дээд, доод цусан хураа нь нэмэгдээд хүнд шатанд очих хүртлээ үйлдэл хийх боломжтой. Хугацааг тодорхой хэлэх боломжгүй. Хэр хурдан цус хуримтлагдахаас шалтгаална Биеийн олон хэсэгт хүч үйлчилсэн гэмтлүүд байсан учир 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэж үзсэн. Зүүн хацар ясны нум хугарсан, зүүн талд суурь яснаас дээш чамархай зулай руугаа үргэлжилсэн хугаралтай байгаа учир зүүн хацар, шанаа орчим хүч үйлчилсэн байх боломжтой. Гавлын зүүн талын хугарлын харалдаа цусан хураа үүссэн. Арагшаа савж унахад зүүн талын духны дэлбэнгийн урд талын хэсгээр няцрал үүсэх боломжтой. Компьютер зургаас харахад зүүн талын суурь яснаас дээшээ хугарал үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан. Гавлын ясны хугарал, тархины хальсны дээд, доод хальсны цусан хураа гэмтэл нь хүнд гэмтэлд хамаарна гэв.

Шүүгдэгч Х.Базаррагчаа нь 2015 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 23.19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны гадна хохирогч П.Батчулууныг “ Тамхины иш өөдөөс шидлээ “ гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаан бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 27-28 /,  …Гаднаас ахлах ахлагч Б.Өнөрнасан П.Батчулуун гэх хүнийг дагуулж орж ирсэн. Үзлэг хийж, дравер үлээлгэх гэхэд үлээхгүй нилээн их согтолттой байсан. Тэгээд тэр шөнө П.Батчулуунд байнга хяналт тавьж, камерын гаднаас нэрээр нь дуудахад өндийж байсан. Хяналтын камераар харж байсан камерын цагдаа Э.Пүрэвбаатарт хяналт тавьж байгаарай гэж хэлсэн. 05 цагийн үед духны баруун хэсэгт овоож хавдсан байхаар нь 103 дуудсан. Б.Өнөрнасан шөнө Х.Базаррагчаа тэр хүнийг гадаа түлхсэн чинь эвгүй унасан гэсэн шүү. Сайн анхаараарай гэж хэлсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Т.Нарандэлгэрийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 81-82 /,  …Саатуулах байрны үүдэнд нэг хүн хэвтэж байсан. Энэ хүн яачихав гэж Х.Базаррагчаагаас асуухад өөдөөс тамхины иш шидэхээр нь түлхсэн чинь уначихлаа гэж хэлсэн. Би машинаа халаачихаад эргээд иртэл  нөгөө газар хэвтэж байсан хүн тэр чигтээ хэвтэж байхаар нь очоод “ Босож чадах уу “ гэхэд “ Зүгээрээ босож чадна “ гээд өөрөө босоод ирэхээр нь би түшээд саатуулах байр руу авч орсон гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Өнөрнасангийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 87-88 /, …Эрүүлжүүлэхэд 5 хүнтэй ирсэн бөгөөд нэг хүнийг нь яасан бэ гэж Х.Базаррагчаагаас асуухад “ Өөдөөс тамхины иш шидэхээр нь түлхсэн чинь хэвтээд босож ирэхгүй байна “ гэсэн. Тэр хүн камертаа 5 хүнтэй байсан бөгөөд тэдгээр хүмүүстэйгээ маргалдаад хэрүүл хийгээд байснаа 01 цагийн үед хэвтээд өгсөн. 02 цагийн үед сэрээгээд дээгүүрх хувцсаа өмсчих гэхэд өндийж ирээд алхсан. Эргээд хартал буцаад хэвтчихсэн босохгүй гээд байсан. Эмчдээ хэлтэл ойр ойрхон харж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би ойр ойрхон биеийн байдлыг ажиж байгаад 05 цагийн үед сэрээж үзтэл тэр хүн баруун талынхаа гарыг дийлэхгүй байгаа юм шиг болохоор нь эмчдээ хэлээд 103 дуудсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Э.Пүрэвбаатарын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 91-92 /, хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 406 тоот дүгнэлт / 1 дүгээр хавтас 105 /, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 940 тоот дүгнэлт / 2 дугаар хавтас 73 /,  …Би эргүүлийн офицер Батболдын хамт П.Батчулууны гэрт ороход охин нь “ Аав согтуу үглээд хэрүүл хийгээд унтуулж амраахгүй байна. Энэ хүнийг аваад яваач “ гэж л хэлсэн. Түүнээс биш аавын бие муу гэх зэрэг зүйл юу ч яриагүй. Хурдхан авч яв л гээд байсан. П.Батчулуун нь согтолт ихтэй биеэ авч явах ямар ч чадваргүй байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч М.Энхманлайгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 211-213 / зэрэг болно.  

Шүүхээс шүүгдэгч Х.Базаррагчааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Базаррагчаад ял шийтгэл оногдуулахдаа хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмд эдлүүлэв.

Хохирогч П.Батчулуун болон түүний өмгөөлөгч М.Энхжаргал нар нь эмчилгээний зардал 5.600.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, охин Б.Уянга ажлаасаа чөлөө авч, аавыгаа 2 сар асарсан хугацааны цалин 1.000.000 төгрөг нийт 8.100.000 төгрөгний хохирол учирснаас шүүгдэгчийн төлсөн 2.241.000 төгрөгийг хасч, үлдэх 5.859.000 төгрөгийг нэхэмжилсэн болно.

Хэрэгт авагдсан хохирогчийн эмчилгээний зардлуудаас / давхардсан баримтуудыг хасч / баримтаар нотлогдсон 4.665.580 төгрөгнөөс шүүгдэгчийн төлсөн 2.241.000 төгрөгийг хасч, үлдэх 2.224.580 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч П.Батчулуунд олгож, нэхэмжлэлээс 2.434.420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, охин Б.Уянга нь өвчтэй хүн асарсан хугацааны цалингаа, хохирогч П.Батчулуун нь цаашдын эмчилгээний зардлаа  баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Базаррагчаагийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан шүүгдэгчийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Х.Базаррагчаа нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн зүүн мөрөнд түлхсэн гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан бичлэгээр түүний нүүрэн тус газар нь цохиж, улмаар цохиулсан хүн хана руу толгойгоороо саваад унасан бичлэг  байгаагаас гадна  хохирогч саатуулах байранд гуйж дайвсан байдалтай ороод толгойгоо бариад хана түшин зогсож байсан байна. Үүнээс гадна хохирогчийг баруун гараараа куртикнээс нь татан унагаж, зүүн хөлөнд нь 2 удаа өшиглөн, гутлыг нь тайлж нүүр рүү нь шидэж байгаа нь бичигдсэн. Шүүгдэгч болон гэрч нар хохирогчийг их согтолттой байсныг мэдүүлсэн. Их согтолттой хүнийг цохьсноос унаж гэмтэж болохыг мэдсээр байж түүнийг зодож байгаа нь санаатай үйлдэл гэж дүгнэв.

Мөн түүний өмгөөлөгч Ц.Майбаярын гаргасан Х.Базаррагчаагийн үйлдлээс болж хохирогч гэмтлийн эмнэлэгт очихоосоо өмнөх өдөр нь буюу 12 дугаар сарын 22-ны өдөр гэмтэл авч тархи толгойны өвчинд хэрэглэдэг эмийг эмийн сангаас авсан байгаа. Мөн хохирогч саатуулах байрны өрөөнд өөрөө төмөр хаалга мөргөөд арагшаа савж унасан гэж хяналтын камерийн бичлэгийг үзсэн гэрч Э.Пүрэвбаатар, шүүгдэгч Х.Базаррагчаа нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна. Хохирогч нь Х.Базаррагчаагийн түлхэлтийн үйлчлэлээс эсвэл өөрөө савж унасан алинаас шалтгаалж энэ гэмтлийг авсан гэдгийг тогтоох үүднээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэснийг дараах баримтуудаар няцааж байна. Үүнд:

1. Шүүгдэгч Х.Базаррагчаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хэрэг гарсны маргааш Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс ирж бичлэг авсан байсан. Бичлэг авснаас хойш 10-аад хоногийн дараа бид нар бичлэгийг үзэхэд П.Батчулуун хаалга мөргөөд арагшаа савж унаж байгаа бичлэг бичигдсэн байсан. Ингээд мөрдөн байцаагчдаа хэлэхэд авна гээд авч өгөөгүй учир би түүнтэй муудалцаж байсан гэж мэдүүлсэн болно. Хэрвээ түүний хүсэлтийг мөрдөн байцаагч хүлээж аваагүй бол прокурорт хүсэлтээ гаргах боломжтой байсан боловч гаргаагүй. Өмгөөлөгч удаа дараа хүсэлт гаргахдаа энэ талаар дурьдаагүй байна.

Бичлэгийг мөрдөн байцаагч 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр авч үзлэг хийсэн / хх 27-28 / байх бөгөөд үүнээс хойш Х.Базаррагчааг удаа дараа байцаахад энэ талаар огт мэдүүлээгүй байна. Мөн Э.Пүрэвбаатарыг  2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрчээр байцаахад / хх 91-92 / энэ тухай огт мэдүүлээгүй, өөрөө камер харагч цагдаагаар ажиллаж хохирогчийн ойр ойрхон харж байсны гадна камерт байсан хүмүүстэйгээ маргалдаад 01 цагт хэвтсэн 02 цагийн үед түүнийг сэрээгээд хувцсаа өмсчих гэхэд өндийж ирээд алхсанаа буцаад хэвтчихсэн байсан түүнээс хойш босоогүй, саатуулах байранд ирснээс хойш хэн нэгэн цохиж зодоогүй гэж мэдүүлсэн байна.

2. Шинжээч эмч Б.Ариунзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ… Дээрх хүнд гэмтлийг авсан хүн хүндрэл өгтөл тодорхой хугацаанд бусадтай ярих, явах зэргээр хөдөлгөөн хийх боломжтой. Хэрэг гарахаас өмнө гэмтэл авсан байсан бол дээрх үйлдлүүдийг хийх боломжгүй гэж мэдүүлсэн болно. Шинжээчийн дүгнэлт эргэлзээгүйгээс гадна шүүгдэгч Х.Базаррагчаа өөрийн үйлдлийг хүлээн мэдүүлсэн.

3. Хохирогч П.Батчулуун нь гэмт хэрэг гарахын өмнөх өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа явалгүй гэртээ өөрийн зээ охиноо харж байгаад  14 цагийн орчим найз Ганхуяг гэгчтэй архи ууж, улмаар үргэлжлүүлэн уугаад 20 цагт ар гэрийнхэн нь Цагдаагийн байгууллагыг дуудаж өгөхөд биедээ ямар нэг шарх сорви байгаагүй, биеийн байдал нь эрүүл байсан болохыг гэрч Б.Уянга / хх 68-70 /,  Л.Лутаа / хх 71-72 /, П.Эрдэнэсүрэн / хх 75-76 /, С.Гэрэлмаа / хх 77-79 / нар мэдүүлсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн эм тарианы зардлын баримтанд авагдсан / хх 117 /  2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Мэрит эмийн сангаас 441.000 төгрөгний тариа авсан баримт нь түүнийг Цагдаагийн байгууллагад ирэхээсээ өмнө эмчилгээ хийлгэж байсан гэх нотлох баримт биш бөгөөд он сар өдрийг андуурсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь өвчтөн илгээх хуудсанд эдгээр эм тариаг үргэлжлүүлэн хийхээр / хх 2 дугаар хавтас 73 / эмч бичсэн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                                                            ТОГТООХ нь:

1. Хүрэлбаатарын Базаррагчааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д  зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6, 52.10-д зааснаар Х.Базаррагчаагийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Х.Базаррагчаа нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Х.Базаррагчаагаас 2.224.580 төгрөг гаргуулан хохирогч П.Батчулуунд олгож, нэхэмжлэлээс 2.434.420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, охин Б.Уянгын өвчтэй хүн асарсан хугацааны цалин болон цаашдын эмчилгээний зардлаа  баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

5. Х.Базаррагчаад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

                                               

                                                                                                                  

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               С.ОЮУНЧИМЭГ

                                         ШҮҮГЧИД                                               Ү.ТҮМЭНЖАРГАЛ

                                                                                                         Х.ИДЭР