Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1670

 

 

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2017/01670

Улаанбаатар хот

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ....... дүүргийн ....дүгээр хороо, .... дугаар байр, ..... байрлах “ЭЭ ЖЮ”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...... дүүргийн .... дүгээр хороо, ...дугаар хэсэг, ... дүгээр гудамжны ...... тоотод байрлах “Ю”ХХК-нд холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 84.740.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний  хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ЭЭЖЮ”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай компани нь “Ю”ХХК-тай гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулж, өөрийн компанийн барьсан .... дүүргийн ....дүгээр хороо, ... дугаар хорооллын .... айлын орон сууцны барилгын гадна талбайн ажил гүйцэтгүүлэхээр болсон. Гэрээгээр тохирохдоо 1126 м.кв талбайг бетондуулахдаа бетон зуурмагийг нь худалдан авч өгөхөөр тохирсоны дагуу 27.808.000 төгрөгийн үнэтэй зуурмагийг “ЭДТ”ХХК-иас худалдан авч өгсөн. Мөн манай компани гэрээний 5 дугаар хэсэгт зааснаар төлбөрийг цаг хугацаанд нь хийсэн. “Ю”ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 27-нд ажлаа эхэлж, манай талд 2015 оны 12 дугаар сарын 22-нд талбайг бетондон, мөн гэрээний 4.3-д зааснаар дулааны улирал болох 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 01-нйи өдрийн хооронд өнгөлөх, тэмдэг тэмдэглэгээ хийх ажлыг ирж гүйцэтгэх байсан боловч ямар нэг хүлээлцэх акт үйлдээгүй. Гэрээний хавсралтад заасан 10 ажлаас 2-т байгаа хөрс хуулалт, тээвэрлэлт, 3-т байгаа индүү,  9-т байгаа пандус, 10-т байгаа бродюр суулгах ажлаас бусад огт хийгдээгүй, 4-т байгаа бетондох ажил нь чанаргүй хийгдсэнээс болж хавар газар гэсэхээр зүгээр л саарал шороо болж хувирсан. Манай компани барилгын ажлаа дуусгаад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөхөөр комисс ажиллуулсан. Энэ үед “Ю”ХХК-ийн хийсэн талбай цөмөрч ашиглах аргагүй болсон. Ингээд “Ю”ХХК-нд хандах удаа дараа албан тоотоор хандан өөрийнхөө хөрөнгөөр завсарлахыг шаардаж, албан шаардлагыг хүргүүлсэн. Ингээд удаан шаардуулж байж “Ю”ХХК-ийн захирал Л.Ш ирээд манайх удахгүй мөнгөтэй болно, одоо хүн хүч, тоног төхөөрөмжөө танай гадаа зөөвөрлөн хүргэн зардал ч алга, гэрээний 1.3, 5.3-т заасан мөнгөө өгчих, бид маргааш хүрээд ирнэ гэж хэлээд гүйцэтгэлийн баталгааны 5 хувь болох 1.922.300 төгрөгийг 2016 оны 7 дугаар сард аваад тэр чигтээ эргэж ирээгүй. Өөрөөр хэлбэл манай компанийн хувьд гэрээгээр тохирсон хөлсний сүүлийн үлдэгдэл болох 1.500.000 төгрөг өгсөн боловч маргаашнаас нь ахиж ирээгүй. Ингээд байр захиалсан айлууд орох болж гарцаагүй байдалд орсноор манай компани “ПК”ХХК-тай дахин 25.020.000 төгрөгийн гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ дахин шинээр хийж, дутуу ажлыг гүйцэтгүүлж, хөрөнгө, цаг хугацаагаар хохироод байна. Иймд гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй “Ю”ХХК-иас худалдан авч өгсөн бетон зуурмагийн үнэ 27.808.000 төгрөг, хийгдээгүй  ажлын хөлс 31.912.000 төгрөг, дахин шинээр хийлгэсэн ажлын хөлс 25.020.000 төгрөг, нийт 84.740.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Ю”ХХК шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Манай 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “ЭЭЖЮ”ХХК-тай гадна талбайн  тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний хавсралтаар заагдсан ажлуудыг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Харин захиалагч тал гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-д заасан хугацаанд ажлын хөлс төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч “ЭЭЖЮ”ХХК-ийн ерөнхий захирал Ч.С биднийг ажлаа хийгээгүй, дахин хийлгэсэн ажлын хөлс зэргийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Энэхүү гэрээнд заагдсан ажлуудыг энэ ажлын талаар дадлага туршлага бүхий багаар гүйцэтгүүлсэн бөгөөд хөрс хуулалтыг тэр багийнхан өөрсдөө машин механизм түрээслэн хийсэн ба өвлийн улиралд хөлдүү газрын хуулалт хийхэд техник хэрэгсэлд эвдрэл гарч гүйцэтгэгч тал ашигтай ажиллах биш харин ч өр төлбөрт орсон. Хөрс хуулалт, бетон хучилт зэрэг ажлуудыг өвлийн улиралд хийж болохгүй талаар сануулсан ч барилгаа хурдан ашиглалтанд өгөх хэрэгтэй, тайлбар хэрэггүй гэсэн тул бид ажлаа эхэлсэн. Гэрээнд заагдсан бетон хучилтын ажил хийгдэхийн тулд зайлшгүй хөрс хуулж, хуулсан хөрсний гадаргыг индүүдэж тэгшилж, бетон хучилтаа хийхдээ майхан хучилт хийж, пуужин тень тавьж хатаах, хучилтыг индүүдэж тэгшлэх гэсэн ажлууд хийгддэг. Бид гэрээний дагуу дээрх ажлуудыг  /гэрээний хавсралтын 1, 2, 3, 4, 9, 10/ горимын дагуу хийж 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гадна зам талбай, тохижилт хийсэн актаар захиалагч талд хүлээлгэж өгсөн. Мөн дээрхээс гадна хогийн сав, сандал зэргийг гэрээний дагуу шаардлага хангасныг хүлээлгэж өгсөн ба хүүхдийн тоглоомын талбайд резин наах, тоглоом угсрах ажлуудыг хийж дуусгасан. Харин ажлын явцад гаднах талбайн гэрэлтүүлгийн ажлыг биднээр хийлгэхээ больсон. Харин манай компани болон ажлын багийг ажлыг гүйцэтгэх явцад захиалагч тал ажлын хөлсийг тохирсон хугацаанд өгөхгүй чирэгдэл үүсгэж байсан. Гэрээнд зааснаар ажил эхлэхэд 30 хувь, ажлын 70 хувийг хийхэд 40 хувь, ажил дуусаж хүлээн авснаар үлдсэн төлбөрийг төлөхөөр тохиролцсон боловч хуваарьт хугацаанд төлбөрөө төлж чадаагүй юм. Үүнээс болж гүйцэтгэгч талд учирч болох байсан эрсдлийг хэн хариуцах юм. Нэхэмжлэгч тал барилгаа 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр  улсын комисст өгөх гэтэл талбай цөмөрсөн, үүнийг дахин хийлгэсэн гэж үндэслэлээ тайлбарласан нь өвлийн улиралд хийж болохгүй зүйлийг шахаж шаардаж хийлгүүлчихсэн хүмүүсийн хувьд гаргаж боломжгүй зүйл байна. Манай компанид болон ажлыг гардан гүйцэтгэсэн хүмүүст ингэж талбай цөмөрсөн талаар албан шаардлага нэг ч хүргүүлж байгаагүй, засаж сайжруулахыг нэг ч сануулж байгаагүй хэрнээ, өнөөдөр шүүх дээр 2 жил болох гэж байгаа ажлын талаар үндэслэлгүй зүйл бичиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлээд байгаа бетон зуурмагийн хувьд бетон хучилт хийх материалыг нэхэмжлэгч өөрөө нийлүүлэх үүрэгтэй, энэ тал дээр бид ямар нэгэн оролцоо байхгүй. Тэдний өөрийнх нь сонгосон, өгсөн зуурмагаар л ажлыг гүйцэтгэсэн. Зөвхөн зуурмаг ч биш, ажилд шаардагдах материалыг захиалагч тал өөрсдөө сонгож нийлүүлсэн. Нийлүүлсэн материалын чанарын шаардлагыг бид хариуцах боломжгүй бөгөөд ер нь “ЭЭЖЮ”ХХК-ийн барилгаа улсын комисст л хурдан өгөх гэсэн шунаг хүслээс нь болсон хариуцлагыг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд “ЭЭЖЮ”ХХК-ийн 84.740.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

       Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагч “Ю”ХХК-ийн захирал Л.Ш-т мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

            Нэхэмжлэгч “ЭЭЖЮ”ХХК нь хариуцагч “Ю”ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 84.740.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж үзлээ.

            Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, хариуцагч “Ю”ХХК нь нэхэмжлэгч байгууллагын ...... дүүргийн ...дүгээр хороо, ... дугаар хороолол, .... орон сууцны барилгын гадна талбайн тохижилтын ажлыг батлагдсан зураг төсөл, төсөвт өртгийн дагуу хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч “ЭЭЖЮ”ХХК нь ажлын хөлсөнд 38.446.000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-11-14/

 

            Нэхэмжлэгч байгууллага ажлын хөлсөнд 31.912.200 төгрөг  төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, төлбөр төлсөн баримтуудаар нотлогдож байх ба талууд энэ асуудлаар маргаагүй, харин гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдол, ажлын чанарын талаар маргаж байна. /хх-26-29/

 

            Хариуцагч “Ю”ХХК нь гэрээгээр тохирсон 25 хоногийн хугацаанд орон сууцны барилгын гаднах 1469 м3 талбайн хөрсийг зайлуулж, 513 м3 дайрган хучилт хийж, 1168.5 м2 талбайд бетон хучилт, пандус хийж, 15 ширхэг замын бродюр угсрах ажлыг хийж гүйцэтгээд ажлыг гүйцэтгэлийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид акт үйлдэн хүлээлгэж өгсөн боловч хийж гүйцэтгэсэн ажил чанарын доголдолтой хийгдсэн байна. /хх-112/

 

            Учир нь бетондсон орон сууцны гаднах талбайн зарим хэсэг цөмөрч хагарсаны улмаас зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрэл зургууд, нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн мэдэгдэлүүд, мэдэгдлийн хавсралт тооцоо, барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-53-58, 105/

 

            Иймд нэхэмжлэгч “ЭЭЖЮ”ХХК-иас уг доголдлыг арилгуулахаар удаа дараа шаардлага гаргаж, хариуцагч “Ю”ХХК-нд мэдэгдэл хүргүүлж байжээ.

            Гэвч хариуцагч “Ю”ХХК-иас ажлын үр дүнгийн доголдолыг тогтоосон хугацаанд арилгаж өгөөгүй тул нэхэмжлэгч байгууллага нь уг доголдолыг арилгахаар “ПК”ХХК-тай мөн гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 25.020.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн байна. /хх-59-76/

 

            Хариуцагч “Ю”ХХК нь өвлийн улиралд хийж болохгүй ажлыг  шахаж шаардаж хийлгэсэн, манай компанид талбай цөмөрсөн талаар мэдэгдэж байгаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.

 

          Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

 

           Учир нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон бол нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлсэн эсэх, нэхэмжлэгч нь хариуцагчийн мэдэгдсэний дагуу ажлын ямар үр дүн гарахыг харгалзалгүйгээр  ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон нь нотлогдохгүй байна.

 

            Нэхэмжлэгч “ЭЭЖЮ”ХХК нь ажлын доголдлын талаар анх 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч “Ю”ХХК-нд мэдэгдсэн байх тул хуульд заасан 6 сарын дотор гомдлын шаардлага гаргасан гэж үзнэ.

 

            Иймд нэхэмжлэгч “ЭЭЖЮ”ХХК нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгасантай холбоотой зардлаа хариуцагч “Ю”ХХК-иар төлүүлэх эрхтэй байна.

 

            Нэхэмжлэгч “ЭЭЖЮ”ХХК нь “ПК”ХХК-иар гадна талбайн тохижилтын ажлыг дахин гүйцэтгүүлж, доголдлыг арилгуулсан гэж үзэн худалдан авч өгсөн бетон зуурмагийн үнэ 27.808.000 төгрөг, хийгдээгүй ажлын хөлс 31.912.000 төгрөг, дахин шинээр хийлгэсэн ажлын хөлс 25.020.000, нийт 84.740.000 төгрөгийг шаардсанаас шүүх 12.925.000 төгрөгийг хариуцагч “Ю”ХХК хариуцах үүрэгтэй гэж үзлээ.

 

            Учир нь нэхэмжлэгч “ЭЭЖЮ”ХХК нь хариуцагч “Ю”ХХК-д  2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн мэдэгдэл болон мэдэгдлийн хавсралт болох засварын ажлын тооцоонд ажлын доголдлыг 8.185.000 төгрөгөөр арилгах боломжтой талаар тооцоо хийж хүргүүлсэн байна. /хх-55-56/

 

            Энэхүү гадна талбайн засварын ажлын тооцоогоор 237 м2 талбайд хөрс хуулалт ба авто замын бетон хучилтын ажлыг 3.555.000 төгрөгөөр,  118 м3 талбайн хөрс хуулбалт, тээвэрлэлтийн ажлыг 1.180.000 төгрөгөөр,  индүүний ажил 600.000 төгрөгөөр,  30 м3 талбайн бетон 2.850.000 төгрөгөөр, нийт 8.185.000 төгрөгөөр доголдолтой ажлыг хийж гүйцэтгэх боломжтой байхад “ПК”ХХК-иар 1170 м.кв талбайд бетон хучилт хийж ажлыг 25.020.000 төгрөгөөр гүйцэтгүүлжээ.

 

            Үүний дагуу хариуцагч “Ю”ХХК 25.020.000 төгрөгийн зардлыг хариуцах нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д заасантай нийцэхгүй байх бөгөөд хариуцагч зөвхөн доголдлыг арилгахад шаардагдах зардал 8.185.000 төгрөгийг хариуцах үүрэгтэй тул хэтрүүлсэн зардал болох 16.835.000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

 

            Мөн хариуцагч “Ю”ХХК нь 237 м.кв талбайн хөрсийг хуулж, дахин бетондох ажлын үр дүнгийн доголдол гаргасан тул энэхүү ажилд шаардагдах 30 м3 бетон зуурмагийн үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэг тул 1 м3 бетон зуурмагийн үнийг анх ажил гүйцэтгүүлэхдээ “ЭДТ”ХХК-иас худалдан авч байсан 158.000 төгрөгийн үнээр тооцож, нийт 4.740.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ./хх-30/

 

            Нэхэмжлэгч “ЭЭЖЮ”ХХК нь хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад  заасан хөрс хуулалт, тээвэрлэлт, индүү, пандус, бродюр суулгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэснээс бусад ажлыг хийж гүйцэтгээгүй, тэдгээр хийж гүйцэтгээгүй ажлын хөлс 31.912.000 төгрөгийг шаардаж байгаа боловч зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч “Ю”ХХК нь 31.912.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгээгүй болох нь нотлогдохгүй байна.

 

            Учир нь нэхэмжлэгч тал хариуцагчийн хийж гүйцэтгэсэн бетон хучилтын ажлыг акт үйлдэж хүлээн авсан, дээрх ажлын зарим хэсэг доголдолтой байсан нь бетон хучилтын ажлыг огт хийж гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

            Иймд хариуцагчийн ажил гүйцэтгэхдээ ашигласан түлш, майхант хучилт пуужин тенийн зардал 8.000.000 төгрөг, бетон хучилтын хөлс 16.890.000 төгрөгийг оруулан тооцоход  хариуцагч “Ю”ХХК гэрээний хавсралтын 1, 2, 3, 4, 9, 10 дугаарт заасан ажлууд буюу түлш, майхант хучилт пуужин тень -8.000.000 төгрөг, хөрс хуулалт, тээвэрлэлт-8.350.000 төгрөг, индүү -1.500.000 төгрөг, бетон хучилт-16.890.000 төгрөг, пандус -924.000 төгрөг, бродюр-272.000 төгрөгийн ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн байх ба эдгээр ажлын хөлсийг нэгтгэн тооцоход 35.936.000 төгрөг байна.

 

            Гадна талбайн гэрэл хийх ажлыг нэхэмжлэгч тал хариуцагчаар гүйцэтгүүлээгүй, энэ талаар талууд маргаагүй байна.

 

            Харин хариуцагч “Ю”ХХК нь хогийн сав суулгах -1120000 төгрөг, сандал /саравчтай/ хийх -1.120.000 төгрөг, тоглоом угсралт, резинэн шал -270.000 төгрөг, нийт 2.510.000 төгрөгийн ажлыг  огт хийж гүйцэтгээгүй байна.

            Хариуцагч талаас эдгээр ажлыг хийж гүйцэтгэсэн гэж хариу тайлбартаа дурдсан боловч холбогдох нотлох баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй болно.

 

            Иймд хариуцагч нэхэмжлэгчийн шилжүүлсэн ажлын хөлс 31.912.200 төгрөгөөс илүү хэмжээний ажил хийж гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэгч хийгдээгүй ажлын хөлс шаардах эрхгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Ю”ХХК-иас бетон зуурмагийн үнэ 4.740.000 төгрөг, ажлын үр дүнгийн доголдол арилгах зардал 8.185.000 төгрөг, нийт 12.925.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЭЭЖЮ”ХХК-нд олгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ю”ХХК-иас 12.925.000 төгрөг /арван хоёр сая есөн зуун хорин таван мянга/ гаргуулан нэхэмжлэгч “ЭЭЖЮ”ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 71.815.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456.551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ю”ХХК-иас 221.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЭЭЖЮ”ХХК-нд олгосугай.

             

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

                                                                                                                                                  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР