Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02064

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02064

 

 

Эн Эн Жи Юу ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01784 дүгээр шийдвэртэй, Эн Эн Жи Юу ХХК-ийн нэхэмжлэлтэй, Юниланд ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний доголдол засварласан зардал 73 694 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гэрээний үлдэгдэл төлбөр 9 873 800 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Эн Эн Жи Юу ХХК нь Юниланд ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гадна талбайн ажил гүйцэтгэх 015/55 тоот гэрээ байгуулан хавсралт гэрээгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7 хорооллын /Залуу гэр бүл-2/ 216 айлын орон сууцны барилгын гадна талбайд ажил гүйцэтгүүлэхээр болсон. Гэрээгээр 1126 м.кв талбайг бетондуулахдаа бетон зуурмагийг өгөхөөр тохирсны дагуу 27 808 000 төгрөгийн үнэтэй зуурмаг ЭДТ ХХК-аас худалдан авсан бөгөөд гэрээний 5-д заасны дагуу төлбөрийг хугацаанд нь төлсөн. Юниланд ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа эхэлж, манай талд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бетондон, мөн гэрээний 4.3-д зааснаар дулааны улирал болох 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 01-ний хооронд өнгөлөх, тэмдэг тэмдэглэгээ хийх ажлыг ирж гүйцэтгэх байсан боловч ямар нэг хүлээлцэх акт үйлдээгүй.

Гэрээний хавсралтад заасан 10 ажлаас хөрс хуулалт, тээвэрлэлт, пандус, бродюр суулгах ажлаас бусад нь огт хийгдээгүй, бетондох ажил нь чанаргүй хийгдсэнээс болж хавар газар гэсэхээр саарал шороо болж хувирсан. Барилгын ажлаа хийж дуусгаад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгөхөөр комисс ажиллуулсан. Энэ үед Юниланд ХХК-ийн хийсэн талбай цөмөрч ашиглах аргагүй болсон. Ингээд Юниланд ХХК-д хандан 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 016/64 тоот, 2016 оны 5 сарын 26-ны өдрийн 016/95 тоот, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 016/280 тоот албан бичгийг тус тус хүргүүлж, гэрээний 3.3, 12.1-д заасны дагуу өөрийнхөө хөрөнгөөр засварлахыг шаардсан албан шаардсан боловч удтал шаардуулж байж ерөнхий захирал Л.Шижирбаатар ирээд ... манайх удахгүй мөнгөтэй болно. Одоо хүн хүч тоног төхөөрөмжөө танай гадаа зөөвөрлөн хүргэж ирэх зардал алга, гэрээний 1.3, 5.3-д заасан мөнгөө өгчих бид маргааш л хүрээд ирнэ гэж хэлээд гүйцэтгэлийн баталгааны 5 хувь болох 1 922 300 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр авч яваад эргэж ирээгүй. Өөрөөр хэлбэл, гэрээгээр тохирсон сүүлийн нийт үлдэгдэл болох 1 500 000 төгрөг өгсөн ч ирэхгүй өнөөдрийг хүрсэн. Байр захиалсан айлууд орох болж гарцаагүй байдалд орсноор манай компани дахин Прайм капитал ХХК-тай дахин 25 020 000 төгрөгийн Гадна талбай тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, дутуу ажлыг гүйцэтгүүлж, хөрөнгө, цаг хугацаагаар хохироод байна. Иймд хариуцагчаас бетон зуурмагийн үнэ 27 808 000 төгрөг, хийгдээгүй ажлын хөлс 31 912 000 төгрөг, дахин шинээр хийлгэсэн хөлс 25 020 000 төгрөг, нийт 84 740 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ч нэхэмжлэлийн шаардлагыг давхардуулан нэхэмжилсэн байгаа тул 11 046 000 төгрөгөөр багасгаж, 73 694 000 төгрөгөөр хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эн Эн Жи Юу ХХК-тай Гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний хавсралтаар заагдсан ажлуудыг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Харин захиалагч тал гэрээний 5.3-д заасан хугацаанд ажлын хөлсийг өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч дахин хийлгэсэн ажлын хөлс зэргийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Гэрээнд заагдсан ажлуудыг дадлага туршлага бүхий багаар гүйцэтгүүлсэн, хөрс хуулалтыг өөрсдөө машин механизм түрээслэн хийсэн, өвлийн улиралд хөлдүү газрын хуулалт хийхэд техник хэрэгсэлд эвдрэл гарч гүйцэтгэгч тал ашигтай ажиллах биш харин ч өр төлбөрт орсон. Хөрс хуулалт, бетон хучилт зэрэг ажлуудыг өвлийн улиралд хийж болохгүй талаар сануулсан ч барилгаа хурдан ашиглалтад өгөх хэрэгтэй, тайлбар хэрэггүй гэсэн тул бид захиалагчийн шахалтын дагуу ажлаа эхэлсэн. Гэрээнд заагдсан бетон хучилтын ажил хийгдэхийн тулд зайлшгүй хөрс хуулж, хуулсан хөрсний гадаргыг индүүдэж тэгшилж, бетон хучилтаа хийхдээ майхан хучилт хийж пуужин тень тавьж хатаах, хучилтыг индүүдэж тэгшлэх гэсэн ажлууд хийгддэг. Бид гэрээний дагуу дээрх ажлуудыг /гэрээний 1,2,3,4,9,10/ горимын дагуу хийж 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэж өгсөн. Дээрхээс гадна хогийн сав, сандал зэргийг гэрээний дагуу шаардлага хангасныг хүлээлгэж өгсөн ба хүүхдийн тоглоомын талбайд резин наах, тоглоом угсрах ажлуудыг /5,6,8/ хийж дуусгасан. Харин ажлын явцад гаднах талбайн гэрэлтүүлгийн ажлыг бид хийгээгүй. Манай компани болон ажлын багийг ажил гүйцэтгэх явцад захиалагч тал ажлын хөлсийг тохирсон хугацаанд өгөхгүй чирэгдэл үүсгэж байсан бөгөөд гэрээнд зааснаар ажил эхлэхэд 30 хувь, ажлын 70 хувийг хийхэд 40 хувь, ажил дуусаж хүлээж авснаар үлдсэн төлбөрийг төлөхөөр тохиролцсон ч хуваарьт хугацаанд төлбөрөө төлж чадаагүй. Нэхэмжлэгч барилгыг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улсын комисст өгөх гэтэл талбай цөмөрсөн, үүнийг дахин хийлгэсэн гэж үндэслэлээ тайлбарласан нь өвлийн улиралд хийж болохгүй зүйлийг шахаж шаардаж хийлгүүлсэн. Манай компанид болон ажлыг гүйцэтгэсэн хүмүүст талбай цөмөрсөн талаар албан шаардлага нэг ч хүргүүлээгүй, засаж сайжруулахыг ч сануулж байгаагүй. Ажил хүлээлгэж өгөхдөө талууд хамтарсан акт үйлдэж, хийсэн ажлуудыг нэг бүрчлэн бичиж хяналтын ерөнхий инженер н.Мөнхсүрэн гарын үсгээ зурж хүлээж авсан. Гэрээний 4.3-т заасан зам талбай өнгөлөх, тэмдэг, тэмдэглэгээ хийх төлбөр 3 000 000 төгрөг, үүнийг нэмэлт гэрээ байгуулж шийднэ гэж заасан. Захиалагч компани нь манайхтай ямар нэг нэмэлт гэрээ байгуулаагүй байж нэхэмжлэлдээ үүнийг гүйцэтгээгүй гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Тэдний өөрийнх нь сонгосон, өгсөн зуурмагаар л ажлыг гүйцэтгэсэн ба өвлийн улиралд хийх бетон зуурмаг стандартаар 350-400 марктай байх ёстой ч нэхэмжлэгч 250 марктай бетон нийлүүлсэн нь сүүлд мэдэгдсэн. Нийлүүлсэн материалын чанарын шаардлагыг бид хариуцахгүй, тухайн үед маркийг мэдэх боломжгүй байсан. Төлбөрийн хувьд дансаар авч байсан 29 912 200 төгрөг, бэлнээр 1 500 000 төгрөг нийт 31 512 200 төгрөг ажлын хөлсөнд авсан тул үүн дээр бид маргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 1-д тусгасан 10 ажлын төлбөр 38 446 000 төгрөг юм. Бид 10 ажлаас гадна талбайн гэрлийн тохижилтыг нь хийгээгүй. Үүний төлбөр нь 1 000 000 төгрөг байсан тул нийт төлбөрөөс хасч 37 446 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Үүн дээр хавсралт 2-т зааснаар гадна зам талбайн ажлын үнийн санал гэж тусгаж гэрээнд заагдсанаас өөр илүү ажил хийсэн хөлсөндөө 3 840 000 төгрөг авахаар тохирч талууд хавсралтаар баталсан. Гэрээнд заагдсан ажлын хөлс 37 446 000 төгрөг дээр нэмэлт ажлын хөлс 3 840 000 төгрөгийг нэмж 41 286 000 төгрөгийн ажил гүйцэтгэснээс хүлээн авсан 31 412 200 төгрөгийг хасч, үлдэх 9 873 800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал гэрээнд заагдсан ажлуудыг бүрэн хийж дуусгасан гэж ярьж байх боловч гэрээг цуцлах шаардлага гаргасан байна. Гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл одоогоор тогтоогдоогүй байгаа тул цуцлах боломжгүй юм. Талууд 38 446 000 төгрөгөөр гэрээний үнийг тохирсон ба гэрээнд заасан ажлуудаас гэрээний хавсралтад заасан хөрс суулгалт, пандус, том талбайг тойруулж хийсэн бордюр зэрэг нь чанарын шаардлага хангаж эвдэрч гэмтээгүй тул энэ ажлуудын төлбөрийг өгсөн зардлаасаа хасч нэхэмжилсэн. Хариуцагчийн 41 286 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэж өгсөн мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Ажил гүйцэтгэгчийн чанаргүй ажлын үр дүнд дахин хохирч байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч /РД:2816997/ Юниланд ХХК-аас гэрээнээс учирсан хохиролд 35 445 000 төгрөг гаргуулан Эн Эн Жи Юу ХХК-д /РД:5324904/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38 249 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 5 533 800 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг шаардлагаас үлдэх 3 840 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 581 651 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 335 175 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас төлсөн 188 940 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 111 490 төгрөг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр ... үндэслэл бүхий байна. Гэснийг хангаж чадаагүй. Хэргийг шийдвэрлэхдээ үйл баримтыг буруу ойлгож шийдвэрлэсэн. Тухайн зуурмагаар хийсэн талбайн хучилтыг хуулаагүй, харин түүний дээрээс нь давхарлаж цутгасан гэж тайлбарласан гэж ойлгож нэхэмжлэлийн шаардлагаас 38 249 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 016/95 дугаар тоотыг хавсралтын хамт хүргүүлсэн. Тухайн үед 237 м.кв талбайг дахин бетондох шаардлагатай байсан. Тийм учраас хавсралт дээр 8 185 000 төгрөгийн засвар хийх хийхээр байгаа тухай мэдэгдэж байсан. Өвөл чанар муутай хийгдсэн бетондсон талбай 7 сарын бороонд бүрэн устаж алга болсон. Прайм капитал ХХ-тай гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгүүлэх гэрээг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулж 25 020 000 төгрөгөөр нийтэд нь буюу 1170 м.кв талбайг дахин шинээр бетондуулсан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил давж заалдах гомдолдоо: Талууд 2015 оны 11 дүгээр сарын 25 ны өдөр 015/55 дугаар гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээгээр СБД 11-р хороо 7-р хороолол Залуу гэр бүл 2 216 айлын орон сууцны барилгын гадна талбайн тохижилтын 10 төрлийн ажил гүйцэтгэхээр тохиролцсоноос гадна талбайн гэрэл-ийн ажил гүйцэтгээгүй, бусад ажлыг гүйцэтгэсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Бидний зүгээс 2015 оны 12 дугаар сарын 16 өдөр гадна зам талбай, тохижилт хийсэн актаар нотлогдож байна. Эн Эн Жи Юу ХХК-ийн ажил үүргийг гүйцэтгэхийг шаардсан гэх албан тоотыг манайх хүлээж авсан гэх баримт нотолгоо байхгүй, нөгөө талаас хүлээлгэн өгсөн тухай нотлох баримт байхгүй байсаар байтал нотлох баримтыг үндэслэлгүйгээр нэг талыг барьж үнэлсэн. Мөн хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулахыг хүсэж анхан шатны хурал эхлэхээс өмнө хүсэлт гаргасан түүний дагуу холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байхад хэргийг шийдсэн нь үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй. Хариуцагч талын гэрээний хавсралтад заасан хогийн сав болон сандлыг хөлсний машинаар хүргүүлсэн, түүнийг барьж явсан жолооч өөрийн биеэр ирж гэрчийн мэдүүлэг өгсөн ч түүнийг нотлогдоогүй гэж үзсэн. Гэрээний дагуу захиалагч тал барилгын материалыг гаргасан тохиолдолд түүний эрсдэлийг бүрэн хүлээхээр заасан байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч тал өөрсдийн бетон авдаг газраасаа авна гэсээр бетон зуурмагийг өөрсдөө хүлээн авч гарын үсэг зуран авч байснаас биш бид түүний орц, марк ямар хэмжээтэй байгааг мэдэх боломжгүй байсан юм. Өвлийн улиралд 250 маркийн бетоноор ажлыг хийж болохгүйг бид урьдчилан сануулж хэлсэн. Захиалагч талын нийлүүлсэн бетон зуурмагийн дагуу хийсэн ажлын бетоны чанараас үүссэн доголдлыг бид хариуцах нь зүй ёсонд нийцэхгүй, захиалагч тал мөн энэ үүргээ ухамсарлан ийм үйлдэл гаргахгүй байх ёстой. Үүнийг гүйцэтгэгч талын буруу мэтээр үнэлж дүгнэсэн. Захиалагч тал гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй байгаа байдал нь эргээд бидэнд хохирол учирч байсныг шүүх дутмаг үнэлсэн.

Хариуцагч талаас өөрсдийн хохирсон гэх нотлох баримтаар зөвхөн 2 хуудас зураг, мөн өмнө нь өөрийнхөн компанийн захирал байсан хүнтэй гэрээ байгуулж дахин ажил гүйцэтгэсэн, нэмэлт зардал гаргасан мэтээр харагдуулж, шүүхэд хуурамч гэж үзэж болохоор нотлох баримт гэж гаргасан. Хохирлын хэмжээг энгийн хүний нүдээр хараад тодорхойлох боломжгүй бетон цутгалтын талбайн болон материалын тооцоог зөвхөн 1 ширхэг зургаар тодорхойлох нь өөрөө өрөөсгөл ойлголт юм. Үүнд тусгай мэдлэг шаардагдах тул шинжээч томилуулах хүсэлтийг бид мөн гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Хэргийн гол ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхойлох хохирлын үнэлгээг хэрхэн гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдахгүй байдаг. Мөн өөрийн компанид ажиллаж байсан хүнтэй өөр компанийн нэрээр гэрээ байгуулж бэлэн мөнгө өгсөн, авсан баримт өгсөн нь өөрөө үндэслэлгүй юм. Түүнийг шалгуулахаар үнэхээр төлбөр өгч авсан баримт байдаг бол санхүүгийн тайлан болон татвар төлсөн тухай баримтыг талуудаас гаргуулж авахыг хүссэн боловч мөн л нотлох баримтыг гаргаж өгөөгүй яагаад гэвэл байхгүй болохоор нэхэмжлэгч талаас тийм баримт гаргаж өгч чадахгүй байгаад гол учир нь байна. Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн 1784 дугаар шийдвэрийн Юниланд ХХК-аас 35 445 000 төгрөгийг гаргуулж Эн Эн Жи Юу ХХК-д гаргуулах тухай шийдсэн шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Эн Эн Жи Юу ХХК нь хариуцагч Юниланд ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 73 694 000 төгрөг гаргуулах тухай шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 9 873 800 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Эн Эн Жи Юу ХХК болон Юниланд ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 015/55 дугаар гэрээ байгуулан СБД 11-р хороо 7-р хороолол Залуу гэр бүл 2 216 айлын орон сууцны барилгын гадна талбайн тохижилтын буюу 10 төрлийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон./1хх-ийн 11-15 дугаар тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин зохигчид гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой маргажээ. Түүнчлэн хариуцагч сөрөг нэхэмжлэлээр гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсийг шаардсан.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой бусад этгээдээр ажил гүйцэтгүүлж, нэмэлт зардал гаргасан, гүйцэтгэсэн ажил үр дүнгүй болсон учир зарцуулсан материалын үнийг буцаан гаргуулна гэж тодорхойлжээ. Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 216 айлын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудас, Эн Эн Жи Юу ХХК болон Прайм капитал ХХК-ийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээ, ажлын гүйцэтгэлд болон хөлсний урьдчилгаанд төлөгдсөн мөнгөний орлого, зарлагын баримт зэрэгт дээрх байрны барилгын гадна талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэх, гэрээт ажлын хөлс төлсөн талаар дурдсанаас үзэхэд тухайн ажил доголдолтой байсан болох нь нотлогдсон./1хх-ийн 59-63,73-74,105 дугаар тал/ Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Уг зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчээс хариуцагчид түүний гүйцэтгэсэн ажил доголдолтой байгаа талаар болон бусад этгээдээр гүйцэтгүүлэх, зардал гаргах шаардлага үүссэн талаараа зохих ёсоор мэдэгдэх ёстой. Хуулийн энэ шаардлагыг хэрэгжүүлсэн, үүргээ биелүүлсэн болохоо нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй байхад шүүх ... доголдлыг арилгуулахаар гүйцэтгэгчээс шаардсан боловч үр дүн гаргаагүй ... гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Тэрээр 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, 5 дугаар сарын 26-ны өдөр, 7 дугаар сарын 25-ны өдрүүдэд албан бичгээр мэдэгдсэн гэх боловч хариуцагч хүлээж аваагүй талаар тайлбар гаргаж няцаасан.

Захиалагч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасны дагуу ажлын доголдлыг арилгуулахаар ажил гүйцэтгэгчид мэдэгдэх, хугацаа тогтоох үүрэгтэй. Гэхдээ энэ доголдлын талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, биелүүлсэн гэдгээ баримтаар нотолж чадаагүй нь уг ажлыг доголдолгүй гэж үзэх, эсхүл ажлын доголдлыг арилгуулах талаарх зардлыг шаардах эрхийг бүхэлд нь үгүйсгэхгүй ба харин уг зардал нь ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой зайлшгүй гарсан зардал болохыг нэхэмжлэгч өөрөө нотлох үүргийг хүлээнэ.

Нэхэмжлэгч талуудын хоорондын ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн 216 айлын орон сууцны барилгын гадна тохижилтын ажил доголдолтой байснаас захиалагч өөр компаниар уг доголдлыг арилгуулах ажлыг гүйцэтгүүлж, 25 020 000 төгрөгийн зардлыг гаргасан гэж Прайм капитал ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, хөлс төлсөн мөнгөний орлого, зарлагын баримтыг гаргасан. /1хх-ийн 59-63,73-74,105 дугаар тал/ Хэрэгт эдгээрийг үгүйсгэсэн болон дээрх ажил доголдолгүй байсан болохыг нотолсон баримт байхгүй байна. Иймээс, Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн доголдлыг арилгахтай холбоотой бусдаар гүйцэтгүүлсэн ажлын зардлыг буюу 25 020 000 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэх дүгнэлт зөв болжээ.

Шүүх нэхэмжлэлээс зуурмагийн үнэ 27 808 000 төгрөгийн 8 185 000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэхдээ хэргийн 55-56, 105 /1хх/, 37 /2хх/ дугаар талд авагдсан уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүн М.Мэндсайханы -Гадна тохижилт, ... хийж дуусгах талаарх саналын хуудас, нэхэмжлэгчийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлийн хавсралтад гадна талбайн засварын ажлын тооцоог 8 185 000 төгрөг болох талаар дурдсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... давхарлан цутгасан ... гэх тайлбар зэргийг нотлох баримт үнэлэх журмын дагуу үнэлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Мөн хийгдээгүй ажлын хөлсийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэргийн үйл баримтаар нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон болон хогийн сав, сандал хүргүүлсэн гэх тайлбар татгалзлаа эргэлзээгүй баримтаар нотлоогүй учир хариуцагчаас тухайн зардалд 2 240 000 төгрөгийг гаргуулсан зэрэг нь буруу биш ба зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж буй байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Хариуцагч сандал, хогийн савыг захиалагчид хүргүүлсэн болохыг гэрчийн мэдүүлгээр нотолно гэх боловч гэрч Д.Батсайхан шүүх хуралдаанд эд зүйл хүргэсэн цаг хугацаа, газрыг тодорхойгүй мэдүүлсэн, тухайн үйл баримт өөр баримтаар нотлогдоогүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Ажил гүйцэтгэгч ... Өвлийн улиралд 250 маркийн бетоноор ажлыг хийж болохгүйг бид урьдчилан сануулж хэлсэн. Захиалагч талын нийлүүлсэн бетон зуурмагийн дагуу хийсэн ажлын бетоны чанараас үүссэн доголдлыг бид хариуцах нь зүйд нийцэхгүй ... гэж тайлбар, гомдол гаргах боловч Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т зааснаар арга хэмжээ авсан болохоо нотлоогүй, энэ талаар хэрэгт баримтгүй тул түүний тайлбар, гомдол үндэслэлгүй.

Эдгээр нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримт зэргээс дүгнэхэд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх ажлын хөлс төлсөн нотлох баримтыг /1хх-ийн 26-29 дүгээр тал/ үндэслэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5 533 800 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байх бөгөөд хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй.

Түүнчлэн шүүх хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын нотлох баримт гаргуулах болон бусад удаа дараагийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн, тухайн шийдвэрүүдэд тэд гомдол гаргаж байгаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаагүй байх ба /1хх-91-93, 110-11, 117-118, 113-115, 172, 175, 212, 215, 218219, 227, 233, 2хх-12,14 дүгээр тал/, энэ талаар мэтгэлцэх боломж олгоогүй гэх үндэслэлгүй, тэдний хуулиар олгогдсон эрхийг, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж, давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй болно. Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2018 оны 07 сарын 31-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтгүй болохоо тайлбарласан болох нь тусгагджээ./2хх-ийн 34 дүгээр тал/

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01784 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 349 195 төгрөгийг, хариуцагчийн 335 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Б.НАРМАНДАХ