Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00333

 

“Э Э Ж Ю” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01784 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2064 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Э Э Ж Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ю” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний доголдол засварласан зардал 73 694 00 гаргуулах тухай үндсэн, гэрээний үлдэгдэл төлбөр 9 873 800 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргилын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Э Э Ж Ю” ХХК нь “Ю” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гадна талбайн ажил гүйцэтгэх 015/55 тоот гэрээ байгуулан хавсралт гэрээгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7 хорооллын /Залуу гэр бүл-2/ 216 айлын орон сууцны барилгын гадна талбайд ажил гүйцэтгүүлэхээр болсон.

... Гэрээний хавсралтад заасан 10 ажлаас хөрс хуулалт, тээвэрлэлт, пандус, бродюр суулгах ажлаас бусад нь огт хийгдээгүй, бетондох ажил нь чанаргүй хийгдсэнээс болж хавар газар гэсэхээр саарал шороо болж хувирсан. Барилгын ажлаа хийж дуусгаад 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгөхөөр комисс ажиллуулсан. Энэ үед “Ю” ХХК-ийн хийсэн талбай цөмөрч ашиглах аргагүй болсон. Ингээд “Ю” ХХК-д хандан 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 016/64 тоот, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 016/95 тоот, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 016/280 тоот албан бичгийг тус тус хүргүүлж, гэрээний 3.3, 12.1-д заасны дагуу өөрийнхөө хөрөнгөөр засварлахыг шаардсан албан шаардлагыг тус тус хүргүүлэхэд гэрээний 1.3, 5.3-д заасан мөнгөө өгчих бид маргааш л хүрээд ирнэ гэж хэлээд гүйцэтгэлийн баталгааны 5 хувь болох 1 922 300 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр авч яваад эргэж ирээгүй тул манай компани “Прайм капитал” ХХК-тай дахин 25 020 000 төгрөгийн гадна талбай тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, дутуу ажлыг гүйцэтгүүлж, хөрөнгө, цаг хугацаагаар хохироод байна.

Иймд хариуцагчаас бетон зуурмагийн үнэ 27 808 000 төгрөг, хийгдээгүй ажлын хөлс 31 912 000 төгрөг, дахин шинээр хийлгэсэн хөлс 25 020 000 төгрөг, нийт 84 740 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ч нэхэмжлэлийн шаардлагыг давхардуулан нэхэмжилсэн байгаа тул 11 046 000 төгрөгөөр багасгаж, 73 694 000 төгрөгөөр хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

... Бид гэрээний дагуу дээрх ажлуудыг /гэрээний 1,2,3,4,9,10/ горимын дагуу хийж 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэж өгсөн. Дээрхээс гадна хогийн сав, сандал зэргийг гэрээний дагуу шаардлага хангасныг хүлээлгэж өгсөн ба хүүхдийн тоглоомын талбайд резин наах, тоглоом угсрах ажлуудыг /5,6,8/ хийж дуусгасан. Харин ажлын явцад гаднах талбайн гэрэлтүүлгийн ажлыг бид хийгээгүй.

... Нэхэмжлэгч барилгыг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улсын комисст өгөх гэтэл талбай цөмөрсөн, үүнийг дахин хийлгэсэн гэж үндэслэлээ тайлбарласан нь өвлийн улиралд хийж болохгүй зүйлийг шахаж шаардаж хийлгүүлсэн. Манай компанид болон ажлыг гүйцэтгэсэн хүмүүст талбай цөмөрсөн талаар албан шаардлага нэг ч хүргүүлээгүй, засаж сайжруулахыг ч сануулж байгаагүй. Ажил хүлээлгэж өгөхдөө талууд хамтарсан акт үйлдэж, хийсэн ажлуудыг нэг бүрчлэн бичиж хяналтын ерөнхий инженер н.Мөнхсүрэн гарын үсгээ зурж хүлээж авсан. Гэрээний 4.3-т заасан зам талбай өнгөлөх, тэмдэг, тэмдэглэгээ хийх төлбөр 3 000 000 төгрөг, үүнийг нэмэлт гэрээ байгуулж шийднэ гэж заасан. Захиалагч компани нь манайхтай ямар нэг нэмэлт гэрээ байгуулаагүй байж нэхэмжлэлдээ үүнийг гүйцэтгээгүй гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Тэдний өөрийнх нь сонгосон, өгсөн зуурмагаар л ажлыг гүйцэтгэсэн ба өвлийн улиралд хийх бетон зуурмаг стандартаар 350-400 марктай байх ёстой ч нэхэмжлэгч 250 марктай бетон нийлүүлсэн нь сүүлд мэдэгдсэн. Нийлүүлсэн материалын чанарын шаардлагыг бид хариуцахгүй, тухайн үед маркийг мэдэх боломжгүй байсан. Төлбөрийн хувьд дансаар авч байсан 29 912 200 төгрөг, бэлнээр 1 500 000 төгрөг нийт 31 512 200 төгрөг ажлын хөлсөнд авсан тул үүн дээр бид маргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 1-д тусгасан 10 ажлын төлбөр 38 446 000 төгрөг юм. Бид 10 ажлаас гадна талбайн гэрлийн тохижилтыг нь хийгээгүй. Үүний төлбөр нь 1 000 000 төгрөг байсан тул нийт төлбөрөөс хасч 37 446 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Үүн дээр хавсралт 2-т зааснаар гадна зам талбайн ажлын үнийн санал гэж тусгаж гэрээнд заагдсанаас өөр илүү ажил хийсэн хөлсөндөө 3 840 000 төгрөг авахаар тохирч талууд хавсралтаар баталсан. Гэрээнд заагдсан ажлын хөлс 37 446 000 төгрөг дээр нэмэлт ажлын хөлс 3 840 000 төгрөгийг нэмж 41 286 000 төгрөгийн ажил гүйцэтгэснээс хүлээн авсан 31 412 200 төгрөгийг хасч, үлдэх 9 873 800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... Гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл одоогоор тогтоогдоогүй байгаа тул цуцлах боломжгүй юм. Талууд 38 446 000 төгрөгөөр гэрээний үнийг тохирсон ба гэрээнд заасан ажлуудаас гэрээний хавсралтад заасан хөрс суулгалт, пандус, том талбайг тойруулж хийсэн бордюр зэрэг нь чанарын шаардлага хангаж эвдэрч гэмтээгүй тул энэ ажлуудын төлбөрийг өгсөн зардлаасаа хасч нэхэмжилсэн. Хариуцагчийн 41 286 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэж өгсөн мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Ажил гүйцэтгэгчийн чанаргүй ажлын үр дүнд дахин хохирч байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01784 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч /РД:2816997/ Ю ХХК-аас гэрээнээс учирсан хохиролд 35 445 000 төгрөг гаргуулан Э Э Ж Ю ХХК-д /РД:5324904/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38 249 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 5 533 800 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг шаардлагаас үлдэх 3 840 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 581 651 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 335 175 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас төлсөн 188 940 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 111 490 төгрөг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2064 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01784 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 349 195 төгрөгийг, хариуцагчийн 335 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо:

... Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байдаг. Давж заалдах шатны шүүх “Э Э Ж Ю” ХХК-ийн ажил үүргийг гүйцэтгэхийг шаардсан гэх албан тоотыг манайх хүлээж авсан гэх баримт нотолгоо байхгүй, нөгөө талаас хүлээлгэн өгсөн тухай нотлох баримт байхгүй байсаар байтал нотлох баримтыг үндэслэлгүйгээр нэг талыг барьж үнэлсэн.

...Хариуцагч талын гэрээний хавсралтанд заасан хогийн сав болон сандалыг хөлсний машинаар хүргүүлсэн түүнийг барьж явсан жолооч өөрийн биеэр ирж гэрчийн мэдүүлэг өгсөн ч түүнийг нотлогдохгүй гэж үзсэн.

... Гэрээний дагуу захиалагч тал барилгын материалыг гаргасан тохиолдолд түүний эрсдлийг бүрэн хүлээхээр заасан. Захиалагч тал гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй байгаа байдал нь эргээд бидэнд хохирол учирч байсныг шүүх дутмаг үнэлсэн байна.

... тусгай мэдлэг шаардагдах тул шинжээч томилуулах хүсэлтийг бид мөн гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Хэргийн гол ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхойлох хохирлын үнэлгээг хэрхэн гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдахгүй байдаг.

 ... Нотлох баримтыг бүрэн шинжлэн дүгнээгүй, бодитой дүгнэлт гаргаж чадаагүй гэж үзэж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 сарын 26-ний 2064 тоот магадлалыг нягтлан сайн шалгаж, бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байгааг шалгаж, хэргийг эргэлзээг арилгаж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Э Э Ж Ю” ХХК нь хариуцагч “Ю” ХХК-с ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 73 694 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч “Ю” ХХК шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний үлдэгдэл хөлсөд 9 873 800 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй маргасан байна.

Зохигч нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 015\55 дугаартай гэрээ байгуулж, хариуцагч “Ю” ХХК нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Залуу гэр бүл 2” 216 айлын орон сууцны барилгын гадна талбайн тохижилтын буюу 10 төрлийн ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч “Э Э Ж Ю” ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэг тус тус хүлээжээ.

Хоёр шатны шүүх дээрх харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний гэж үзсэн байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгосон ба энэ талаарх дүгнэлтээ шийдвэр, магадлалд тодорхой тусгасан байна.

Түүнчлэн, шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд хамааралтай эрх зүйн асуудлаар хуульд нийцсэн дүгнэлтүүдийг хийжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ажил гүйцэтгэх гэрээний зүйлийн биет байдлын доголдолтой холбож, зохих ёсоор гүйцэтгээгүй ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн, бараа материал зарцуулсаны хохирлыг хариуцагч арилгах үүрэгтэй гэж үзсэн байна. Хариуцагч гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг бүрэн авах ёстой гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлжээ.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1., 350 дугаар зүйлийн 350.1.6., 352 дугаар зүйлийн 352.2.2.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргах учиртай.

Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй.

Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчлэх бөгөөд захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01784 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2064 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар 335 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН