Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1705

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/01705

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: ... дүүргийн ...дугаар хороо, ... тоотод оршин суух Ц.А-ын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ....тоотод оршин суух Г.А-д холбогдох,

     үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 30000 ам.доллар буюу 73.789.800 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, хариуцагчийн төлөөлөгч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ   нь:

 

         Нэхэмжлэгч Ц.Ашүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Г.А-аас ... дүүргийн .... хороонд байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай 4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 40000 ам.доллараар худалдаж авахаар тохиролцон Г.А-тай 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр .... дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Гэрээний дагуу тухайн өдөр буюу 2014 оны 09 дүгээр сарын 01-нйи өдөр урьдчилгаа төлбөр болох 30000 ам.долларыг Г.А-гийн төлөөлөгч С.А-д бэлнээр төлсөн билээ. Гэтэл миний санхүүгийн байдал эрс муудаж үлдэгдэл 10000 ам.долларыг төлөх боломжгүй болсон тул энэ тухайгаа Г.А-д 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэж гэрээ цуцлах санал гаргасан боловч Г.А-аас урьдчилгаа төлбөрт төлсөн 30000 ам.долларыг маань буцаан олгох боломжгүй гэсэн хариуг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүллээ. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичиг өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасан байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулсан ..... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй явдал нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл болж байна. Түүнчлэн ....дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т бараа, ажил үйлчилгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасныг зөрчиж гэрээний үнийн дүнг ам.доллараар илэрхийлж, төлбөрийг мөн ам.доллараар гүйцэтгэсэн байна. Иймд иргэн Ц.А Г.А нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ....дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хуулийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд  үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заасныг үндэслэн миний  төлсөн урьдчилгаа төлбөр болох 30000 ам.доллар буюу 73.789.800 төгрөгийг Г.А-аас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Л.С шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сарын 01-нд Ц.А, Г.А-даас худалдааны төвийн 4 м.кв талбай худалдан авахаар тохирч 30000 ам.долларыг өгөөд үлдэгдэл 10000 ам.долларыг өгөөгүй болно. Ц.А өөрийн худалдан авсан талбайд бүрэн үнэ төлөөгүй ч үйл ажиллагаа явуулж байсан. Үнийг бүрэн төлсөн хүмүүс нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Ц.А мөнгөө бүрэн төлөөгүй учир үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй болно. Нэгэнт гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн бол гэрчилгээ гаргахад бэлэн байна. Одоо гэрээ цуцлах үндэслэлгүй болно гэжээ.

            Нэхэмжлэгч Ц.А-ын нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн  нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч Ц.А, хариуцагч Г.А 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ....  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээний дагуу урьдчилгаа 30000 ам.долларыг шилжүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад .... худалдааны төвийн өмчлөгч нь “ДӨ”ХХК байна. Гэтэл Ц.А гэрээ байгуулсан этгээд нь иргэн Г.А байсан. Иймд .... худалдааны төвийн өмчлөгч “ДӨ”ХХК, түүнийг төлөөлж компанийн эрх бүхий этгээд компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх боловч иргэн Г.А”ДӨ”ХХК-ийн өмч хөрөнгийг захиран зарцуулахаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан явдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсэн хэлцэл гэж үзэж байна. Мөн гэрээг нотариатаар баталгаажуулаагүй тул хэлбэрийн шаардлагыг хангахгүй хангахгүй байна гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д зааснаар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, гэрээний урьдчилгаанд төлсөн 30000 ам.доллар буюу үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож 73.789.800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагчийн төлөөлөгч Л.С шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Г.А, Ц.А нар 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээний төлбөрийг бүрэн төлөх боломжгүй гээд урьдчилгаа төлбөр 30000 ам.долларыг хариуцагчид шилжүүлсэн байдаг. Дээрх талбайг худалдаж аваад өнөөдрийг хүртэл талбайдаа үйл ажиллагаа явуулж байна. 100 хувь төлбөрийг төлсөн тохиолдолд гэрчилгээг гаргаж өгнө гэж тохиролцсон боловч олон худалдан авагчдын боломжийг харж үзээд нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсний дараа лангууг нь хүлээлгэж өгсөн. Төлбөрөө бүрэн төлсөнөөр гэрээ хүчин төгөлдөр болохоор гэрээндээ заасан. Гэтэл нэхэмжлэгч нь 100 хувь шилжүүлээгүй учир нотариатаар батлуулах шаардлагагүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т худалдан авагч нь гэрээг хүсвэл нотариатаар батлуулах, үл хөдлөх хөрөнгийн байгууллагад бүртгүүлэх, 5 дугаар зүйлийн 5.2.8-д худалдан авсан талбайн өмчлөлтэй холбоотойбүх зардлыг хариуцна гэж тодорхой заасан тул өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваагүй, үлдэгдэл 10000 ам.долларыг төлөөгүй байгаа юм. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт худалдан авсан эд зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаар эд хөрөнгө худалдан авсанд тооцно гэсэн байдаг. Ц.А төлбөрийнхөө ихэнхийг төлчихсөн лангууг ашиглаж байхад хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай ярьж байгаа нь үндэслэлгүй. Г.А өөрийнхөө хөрөнгөөр энэ барилгыг бариулсан. Гэтэл хөрөнгө оруулалтын газраас хувь хүнд биш компанид зөвшөөрөл өгдөг тул хариуцагч нь өөрийн 200 гаруй компаниас “ДӨ”ХХК-ийг сонгож авсан. Яагаад энэ компанийг сонгосон гэхээр үйл ажиллагаа явуулах зориулалттай газрыг мөн компанид олгодог, тэр газар нь “ДӨ”ХХК-ийн нэр дээр байдаг юм. Энэ компани нь нэг хувьцаа эзэмшигчтэй тул хувь эзэмшигчийн тогтоол гаргаад би өөрийнхөө хөрөнгөөр барилга бариулж, барилга бариулах компанийг “ДӨ”ХХК-ийн нэрээр сонгож авна гэсэн тушаал гаргасан байдаг. Иймд Г.А өөрийн нэрээр бариулсан учир худалдан авагч 102 хүмүүстэй дандаа өөрөө хувь хүнээр гэрээ байгуулсан. Г.А гэрээнд тамгаа дарж баталгаажуулсан. Харин “ДӨ”ХХК нь үл хөдлөх хөрөнгийн газар хариуцагчийг төлөөлж жагсаалтаа өгсөн, дараа нь Г.А нь өр төлбөр тооцоогүй, энэ гэрээг би хийсэн нь үнэн болно гэсэн баталгаа гаргаснаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд гарсан байдаг. Иймд худалдах, худалдан авах гэрээ хийгдээд дуусчихсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Ц.А хариуцагч Г.А-д холбогдуулан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 30000 ам.доллар буюу 73.789.800 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ.

      Зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулагдаж, уг гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч нь ... дүүргийн ....дугаар хороонд байрлах худалдаа, үйлчилгээний зориулалтай барилгын .... дугаартай 4 м.кв бүхий талбайг 40000 ам.доллараар худалдан авахаар тохирон мөн өдрөө 30000 ам.долларыг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ болон бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна. /хх-6-8/

        Энэхүү гэрээ нь утга агуулгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байх ба мөн зүйл хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдагчид шилжүүлэх үүрэгтэй.

       Гэвч ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод байрлах .... худалдааны төв нь “ДӨ”ХХК-ийн өмчлөлд байдаг болох нь барилга байгууламжийг ашиглалтанд оруулах  улсын комиссын  2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн .... тоот акт болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн лавлагаагаар тус тус нотлогдож байх тул хариуцагч Г.А нь өөрийн өмчлөлд шилжээгүй, “ДӨ”ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ц.А-т худалдсан нь  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ  өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй гэснийг зөрчсөн байна. /хх- 29-33, 62, 88, 100/

       Хариуцагч Г.А нь “ДӨ”ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш харин С.А нь тус компанийн гүйцэтгэх захирал болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-66/

           Дээрх гэрээг байгуулахад С.А нь “ДӨ”ХХК-ийг төлөөлж биш иргэн Г.А-г төлөөлж нэхэмжлэгч Ц.А гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

       Учир нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан “үл хөдлөх хөрөнгийг  шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь  төлөөлөгчөөр дамжуулан  уг харилцаанд оролцож байвал  төлөөлөгч болон  түүний итгэмжлэлийг  дээрх баримт бичигт  тэмдэглэх буюу хавсаргана” гэснийг талууд зөрчсөн байна. 

       Талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.8-т худалдан авагч гэрээг нотариатаар хүсвэл гэрчлүүлэх эрхтэй байхаар тусгасан нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчихөөр тохиролцсон байх тул хүчин төгөлдөр бус юм.

       Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн,  56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хйисэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн тал болох Г.А хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж үзэв.   

Хариуцагчаас буцаан шилжүүлж буй 30000 ам.долларын төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Монгол банкны ханш  1 ам.доллар 2483 төгрөгтэй тэнцэх ханшаар /Mongolbank.mn/ тооцож тогтоох нь зүйтэй боловч нэхэмжлэгч тал 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2459.66 төгрөгтэй тэнцэх ханшаар тооцож 73.789.800 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.   

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 599.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  526.899 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                      

ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5 дах хэсэгт заасныг баримтлан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Г.А-аас 30000 ам.доллар буюу 73.789.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-т олгосугай.

 

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 529.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А-аас 526.899  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-т олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР