Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00323

 

Ц.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.А-чимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01705 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2233 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.А-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 30 000 ам.доллар буюу 73 789 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номингийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Ц.А-, хариуцагч Г.А- нар 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 220/54 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж, гэрээний дагуу урьдчилгаа 30 000 ам.долларыг шилжүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Голд плаза худалдааны төвийн өмчлөгч нь “Даян өндөр” ХХК байна. Гэтэл Ц.А-тай гэрээ байгуулсан этгээд нь иргэн Г.А- байсан. Иймд Голд плаза худалдааны төвийн өмчлөгч “Даян өндөр” ХХК, түүнийг төлөөлж компанийн эрх бүхий этгээд компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх боловч иргэн Г.А- “Даян өндөр” ХХК-ийн өмч хөрөнгийг захиран зарцуулахаар үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан явдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэж байна.

Мөн гэрээг нотариатаар баталгаажуулаагүй тул хэлбэрийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д зааснаар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, гэрээний урьдчилгаанд төлсөн 30 000 ам.доллар буюу үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож 73 789 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г.А-, Ц.А- нар 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр худалдах-худалдан авах гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээний төлбөрийг бүрэн төлөх боломжгүй гээд урьдчилгаа төлбөр 30 000 ам.долларыг хариуцагчид шилжүүлсэн байдаг. Дээрх талбайг худалдаж аваад өнөөдрийг хүртэл талбайдаа үйл ажиллагаа явуулж байна. 100 хувь төлбөрийг төлсөн тохиолдолд гэрчилгээг гаргаж өгнө гэж тохиролцсон боловч олон худалдан авагчдын боломжийг харж үзээд нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсний дараа лангууг нь хүлээлгэж өгсөн. Төлбөрөө бүрэн төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болохоор гэрээндээ заасан. Гэтэл нэхэмжлэгч нь 100 хувь шилжүүлээгүй учир нотариатаар батлуулах шаардлагагүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т худалдан авагч нь гэрээг хүсвэл нотариатаар батлуулах, үл хөдлөх хөрөнгийн байгууллагад бүртгүүлэх, 5 дугаар зүйлийн 5.2.8-д худалдан авсан талбайн өмчлөлтэй холбоотой бүх зардлыг хариуцна гэж тодорхой заасан тул өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваагүй, үлдэгдэл 10 000 ам.долларыг төлөөгүй байгаа юм. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт худалдан авсан эд зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаар эд хөрөнгө худалдан авсанд тооцно гэсэн байдаг. Ц.А- нь төлбөрийнхөө ихэнхийг төлчихсөн лангууг ашиглаж байхад хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай ярьж байгаа нь үндэслэлгүй. Г.А- өөрийнхөө хөрөнгөөр энэ барилгыг бариулсан. Гэтэл хөрөнгө оруулалтын газраас хувь хүнд биш компанид зөвшөөрөл өгдөг тул хариуцагч нь өөрийн 200 гаруй компаниас “Даян өндөр” ХХК-ийг сонгож авсан. Яагаад энэ компанийг сонгосон гэхээр үйл ажиллагаа явуулах зориулалттай газрыг мөн компанид олгодог, тэр газар нь “Даян өндөр” ХХК-ийн нэр дээр байдаг юм. Энэ компани нь нэг хувьцаа эзэмшигчтэй тул хувь эзэмшигчийн тогтоол гаргаад би өөрийнхөө хөрөнгөөр барилга бариулж, барилга бариулах компанийг “Даян өндөр” ХХК-ийн нэрээр сонгож авна гэсэн тушаал гаргасан байдаг.

Иймд Г.А- өөрийн нэрээр бариулсан учир худалдан авагч 102 хүмүүстэй дандаа өөрөө хувь хүнээр гэрээ байгуулсан. Г.А- гэрээнд тамгаа дарж баталгаажуулсан. Харин “Даян өндөр” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн газар хариуцагчийг төлөөлж жагсаалтаа өгсөн, дараа нь Г.А- нь өр төлбөр тооцоогүй, энэ гэрээг би хийсэн нь үнэн болно гэсэн баталгаа гаргаснаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд гарсан байдаг. Иймд худалдах, худалдан авах гэрээ хийгдээд дуусчихсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01705 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Г.А-гаас 30 000 ам.доллар буюу 73 789 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 529 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А-гаас 526 899 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2233 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01705 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Г.А-д холбогдох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 30 000 ам.доллар буюу 73 789 800 төгрөг гаргуулах тухай Ц.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 526 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж заасан байдаг. Гэтэл талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 202-54 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй явдал нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл болж байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх ч шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй” гэж тусгасан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс огт нотариатаар гэрчлүүлээгүй гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн бөгөөд энэ талаар хариуцагч тал мөн маргаагүй байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа хуулийн 56.1 8-д заасан хэлбэрийн шаардлага зөрчсөн гэдгийг анхаарч үзээгүй, үүнд ямар ч хууль зүйн дүгнэлт өгөөгүй, яагаад хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй байна гэж үзсэнээ тайлбарлаагүй атал шууд “...56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдохгүй байна” гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

...Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийг өөрийн шаардах эрх гэж үзээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байна гэж маргасан байдаг. Ямар хуулийг зөрчиж байна вэ гэхээр Иргэний хуулийн 101.1 дэх хэсгийг зөрчиж байна. 101.1-д заасны дагуу гагцхүү өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байхад өмчлөгч биш этгээд жинхэнэ өмчлөгчийн эрхэнд халдаж эд хөрөнгийг нь бусдад худалдахаар гэрээ байгуулсан байдаг. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч “Даян өндөр” ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Г.А-д олгоогүй ба түүнд захиран зарцуулах эрхийг олгосныг нотлох баримтыг хожим буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж өгөөгүй.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээ нь гагцхүү хууль зөрчсөнөөр хязгаарлагдахгүй нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байгаа юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалаас харахад иргэн А иргэн Б-ийн өмчлөлийн орон сууцыг иргэн В-д худалдаад, нотариатаар гэрээгээ гэрчлүүлэх үед нотариат үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл зэргийг шаардахад энэ орон сууц миний өмчлөлийнх биш, зайлшгүй миний өмчлөлийн орон сууц байх шаардлага хуупиар тавигдаагүй, гэрээг заавал гэрчилж өг гээд сууж байх боломжтой болчихож байгаа юм. Практик дээр хэзээ ч ийм гэрээг нотариат гэрчлээд, талууд байгуулаад сууж байдаггүй бөгөөд энэ талаараа Г.А- болон Ц.А- нарын хооронд байгуулсан 202-54 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл болж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үлдэгдэл төлбөр болох 10 000 ам.долларыг төлөх төлбөрийн чадваргүй болсноо хүлээн зөвшөөрч байгаа. Нэгэнт төлбөрийн чадваргүй болсон тул гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах сонголт нэхэмжлэгчид гарч ирсэн тул хариуцагч Г.А-гаас урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан олгохыг хүссэн байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс урьдчилгаанд төлсөн 30 000 ам.долларыг буцаан олгох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тул нэхэмжлэгч нь өмгөөллийн нөхөрлөлд хандаж хууль зүйн зөвлөгөө авсан болно. Хуульчид гэрээг судлаад үзэхэд талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан тул энэ үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Монгол Улсын Дээд Шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар зөвлөмжид “...Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт юм. Тийм учраас гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус, эсвэл гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон бол өгсөн, авснаа буцаах үр дагавар талуудын хувьд үүснэ.” гэж тайлбарласан байдгийг анхаарч үзэхийг хүсье.

...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Голд Плаза худалдааны төвийн өмчлөгч нь “Даян Өндөр” ХХК бөгөөд уг худалдааны төвийн лангууг худалдахдаа “Даян Өндөр” ХХК-ийн Ерөнхий захирал Г.А-тай байгуулсан гэрээг үндэслэн олгож байгаа гэсэн байдаг. Энд иргэн Г.А- бус компанийг төлөөлж Ерөнхий захирал Г.А-тай байгуулсан гэрээг үндэслэж байгаа гэсэн. Монгол Улсын Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Эндээс харахад хувьцаа эзэмшигчийн эрх үүрэг болон компанийн эрх үүрэг тусдаа ойлголт, харилцан нөгөө талынхаа эрх үүргийг хүлээхгүй байхад давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Магадлалын хянавал хэсгийн 15 дахь догол мөрт “...хэргийн баримтууд болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь 4 м.кв талбайг эзэмшиж байх ба уг талбайг өөр хэлцлийн үндсэн дээр эзэмшиж байгаа гэх байдал тогтоогдоогүй...” гэсэн байдаг. Нэхэмжлэгч Ц.А- нь хариуцагч Г.А-гаас 1052 тоот лангууг худалдан авахаар гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тус лангууг эзэмшээгүй өөр лангуу буюу хойшоо өөр газарт 1062 тоот лангууг түрээсэлж байгаад больсон. Энэ талаарх “Алтжин хүнс” ХХК-ийн кассын баримтын жагсаалт гэсэн нотлох баримтыг хариуцагч Г.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг баримтад Ц.А- 1062 тоот лангууны түрээс төлсөн гэж тодорхой заасан байдаг, талууд ч энэ тал дээр маргаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдааны үед шүүгч энэ талаар асуулт асуухад бидний зүгээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас уншин өгч тодорхой тайлбарласан байхад “...хэргийн баримтууд болон зохигчдын тайлбараар өөр хэлцлийн үндсэн дээр эзэмшиж байгаа гэх байдал тогтоогдоогүй...” гэж магадлалдаа дурдсан байгаад гайхаж байна. Давж заалдах шатны шүүх мөн л нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн 2233 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 183/ШШ2017/01705 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.А- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Г.А-тай 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 202-54 дугаартай “үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах” гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгох, улмаар Иргэний хуулийн 56.5., 492 дугаар зүйлийн 492.1.-д зааснаар гэрээний дагуу төлсөн 30 000 ам.доллар буюу 73 789 800 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаарджээ.

Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлд гэрээний дагуу төлбөл зохих 40 000 ам.доллараас 30 000 ам.долларыг төлсөн боловч үлдэх 10 000 ам.долларыг “санхүүгийн байдал эрс муудаж” төлөх боломжгүй болсон талаар зааж, гэрээнээс татгалзан цуцлах хүсэлтэй байснаа дурджээ.  

Мөн нэхэмжлэлд гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй буюу хэлбэрийн зөрчилтэй байсан гэх, төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр бус харин ам.доллараар гүйцэтгэсэн гэх үндэслэлүүд нь гэрээнээс татгалзах болсон нэхэмжлэгчийн бодит нөхцөлтэй уялдахгүй байгааг шүүх анхаараагүй байна.  

Нөгөө талаар, нэхэмжлэгч Ц.А- нь худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг бүрэн төлөөгүй боловч гэрээний зүйлийг эзэмшилдээ авч, ашиглаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч энэ байдлыг үгүйсгээгүй, гэрээний хэлбэрийн болон төлбөр гүйцэтгэсэн аргын дээрх зөрчил нь худалдан авагч талын үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах боломжид нь саад болоогүй байна.

 

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл хоорондоо уялдаа холбоогүй байгаа нөхцөлд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл байгаа эсэх, нэхэмжлэлийн шаардлага болох 30 000 ам.доллар нь гэрээнээс татгалзсаны, эсхүл хүчин төгөлдөр бус хэлцлийн эрх зүйн үр дагавар болохыг зааглан ялгах шаардлагатай байжээ.

Нэхэмжлэгч Ц.А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ үндэслэлийг өөрчилж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болохыг тогтоолгохоор, улмаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 30 000 ам.доллар буюу 73 789 800 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө “Даян өндөр” ХХК-ийн өмч учир иргэн Г.А- түүнийг худалдах буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг шилжүүлэх боломжгүй гэж нэхэмжлэгч үзсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, худалдан-худалдах авах гэрээг  хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхдээ Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д заасан зохицуулалтыг анхаараагүй байна. Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалдаг байна. “Даян өндөр” ХХК дээрх гэрээг зөвшөөрсөн, эсхүл зөвшөөрөөгүй гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “худалдах-худалдан авах гэрээний зүйл худалдагчийн өмчлөлийн зүйл байх” шаардлагагүй гэж эрх зүйн хувьд учир дутагдалтай дүгнэлт хийсэн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба аливаа хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхийн тулд ийнхүү шилжүүлж буй этгээд нь тухайн хөрөнгийг өмчлөх эрхтэй байх учиртай.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй, зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01705 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2233 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 597 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН