Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 1560

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/01411 дүгээр шийдвэртэй

 

Ц.А-ын нэхэмжлэлтэй хариуцагч “А” ХХК, Г.А- нарт холбогдох 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 202/54 тоот худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаанд төлсөн 30 000 ам.долларыг /2019.01.09-ний өдрийн ханш 2 663.98 төгрөгөөр/ тооцож нийт 79 919 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Г.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Г.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Д.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А-гаас Чингэлтэй дүүргийн ОСГ-ны 2 дугаар хороонд байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 1052 дугаартай 4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 40 000 ам.доллараар худалдаж авахаар тохиролцон 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 202-54 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тухайн өдөр буюу 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилгаа төлбөр болох 30 000 ам.долларыг Г.А-гийн төлөөлөгч С.Анастасияд бэлнээр төлсөн билээ. Гэтэл миний санхүүгийн байдал эрс муудаж үлдэгдэл 10 000 ам.долларыг төлөх боломжгүй болсон тул энэ тухайгаа Г.А-д 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэж гэрээ цуцлах санал гаргасан боловч Г.А-гаас урьдчилгаа төлбөрт төлсөн 30 000 ам.долларыг буцаан олгох боломжгүй гэсэн хариуг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн. Г.А- нь Ц.А-т худалдсан талбайг шилжүүлж өгөхгүй, тус талбайд удаан хугацааны түрээсийн гэрээтэй хүн байгаа учраас түрээсийн хугацааг дуустал шилжүүлж өгөхгүй, өөр лангуун дээр байж бай гэж хэлсээр 2 жилийн хугацаа өнгөрсөн. Ц.А- нь өөрийн мөнгө төлсөн хөрөнгөө эзэмшиж, ашиглаж чадахгүй 1062 тоот лангуунд түрээс төлж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 1052 тоот лангуу руу шилжсэн боловч, 1 м.кв-д сарын 100 000 төгрөгийг төлж байгаа. Энэ нь шударга биш бөгөөд бид нэгэнт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан нөхцөлөөр гэрээнээсээ татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 202-54 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаанд төлсөн 30 000 ам.долларыг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкны ханшаар тооцож, нийт 79 919 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед байгуулагдсан гэрээнд худалдах, худалдан авах гэрээндээ талууд гэрээг цуцалж, мөнгийг буцаахгүй гэсэн заалт байдаг. Үүнийг үндэслэн Г.А- захирал нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлж байгаачлан тухайн тоот гэрээг цуцлах боломжгүй гэх агуулгатай хариуг өгүүл гэж байсан. Нэхэмжлэгч мөнгөө буцааж авья гэдэг. Гэтэл лангууг худалдан аваад 2011 оноос хойш ашиглаж, хохиролгүй, алдагдалгүй ажиллаж байгаа мөртлөө одоо ашигласны дараа мөнгө авья гэж байгаа нь үндэслэлгүй байна. Бид нар мөнгийг нь аваад хөөж гаргаад үйл ажиллагааг нь зогсоосон зүйл байхгүй. Манайх гэрээний нэг тал биш тул хариуцагч биш гэжээ.

Хариуцагч Г.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Анастасия шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Гэрээний аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй байхаар гэрээ байгуулсан. Монгол улсын Иргэний хуульд зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар заасан. Г.А- нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа. Нэхэмжлэгч Ц.А- нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй мөртөө маргаан бүхий талбайг худалдах худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ашиглаж, ашиг орлого олсоор байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоо дууссанаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ Ц.А-ын нэр дээр гарах боломжтой бөгөөд үлдэгдэл 10 000 ам.долларыг төлсөн тохиолдолд гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж, өмчлөлийг шилжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсээр байгаа болно. Ц.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.А-, Ц.А- нарын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр №202-54 Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Г.А-гаас 30 000 ам.доллар буюу 79 919 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.А-т олгож, хариуцагч “А” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630 210 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 557 545 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.А-т олгож шийдвэрлэсэн байна.

            Хариуцагч Г.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Анастасия давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Г.А-, Ц.А- нар нь харилцан тохиролцож 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь 40 000 ам долларын төлбөрийг бүрэн төлөх боломжгүй гээд урьдчилгаа төлбөр 30 000 ам долларыг төлсөн. Г.А- нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа бөгөөд нэхэмжлэгч Ц.Амгaлaнбaaтap нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй атлаа маргаан бүхий талбайг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ашиглаж, ашиг орлого олсоор байгаа болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоо дууссанаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ Ц.А-ын нэр дээр гарах боломжтой бөгөөд үлдэгдэл 10 000 ам.долларыг төлсөн тохиолдолд гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж, өмчлөлийг шилжүүлэхээр тохиролцсон. Энэ нь Иргэний хуульд нийцэх бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлснээр түүнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад бэлэн юм. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож, нотлогдож байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан судлалгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ам.долларыг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож 73 789 800 төгрөг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалтыг анхаарч үзэлгүй 79 919 400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан болно. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, 30 000 ам.доллар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргасан. Гэрээний аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй байхаар гэрээ байгуулсан. Монгол улсын Иргэний хуульд зааснаар “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” байхаар заасан. Нэхэмжлэгч Ц.А- нь үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах хууль болон гэрээнд заасан үндэслэл байхгүй, түүний гэрээний үүргээ зөрчсөн явдалд худалдагч тал буруугүй байхад энэ байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь шүүх хурал давхардсан, гадаад улсад ажлаар явсан талаарх баримтаа хүргүүлэн хүсэлт гаргасан байхад хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэхгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэтгэлцэх зарчим болон хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлан зөрчиж шүүх уралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.А- хариуцагч Г.А-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах, 73 789 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 202/54 тоот гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 30 000 ам.доллар буюу 79 919 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Ц.А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “А” ХХК-ийг хариуцагчаар татсан байна.

 

Хариуцагч Г.А- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа, нэхэмжлэгч нь маргаан бүхий талбайг ашиглаж, ашиг орлого олсоор байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, харин хариуцагч “А” ХХК нь манайх гэрээний нэг тал биш гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Ц.А- болон хариуцагч Г.А- нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, тус гэрээгээр Ц.А- нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 1052 дугаартай 4 м.кв талбайг 40 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцжээ. /хх.6-7/ Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдрөө 30 000 ам.долларыг төлсөн асуудлаар зохигчид маргаагүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцсэн.

 

Хуульд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Г.А- нь гэрээний зүйл болох 1052 дугаар лангууг хүлээлгэж өгөөгүйгээс маргаан үүсч, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Ц.А- хариуцагч Г.А-д хүргүүлж байсан үйл баримт тогтоогдсон. /хх.9, 211/ Мөн хариуцагч Г.А- 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид худалдан авсан 4 м.кв талбайтай 1052 дугаар павилоныг гэрээнд заасан заалтаар цуцлахгүй тухай албан бичгийг хүргүүлсэн байна.

 

Гэрээний 6.5-д зааснаар “үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг буцаахгүй” гэсэн талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д заасан “нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн” гэх үндэслэлийн дагуу хүчин төгөлдөр бус байх талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.А- нь хариуцагч Г.А-д 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах саналыг хүргүүлсэн байна. Хариуцагч Г.А- нь 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээгээр тохирсон 1052 дугаар лангууг хүлээлгэн өгөөгүй гэж нэхэмжлэгч гэрээ цуцлах санал хүргүүлсэн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

Иймд Г.А-, Ц.А- нарын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 202/54 тоот худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаанд нэхэмжлэгчийн төлсөн 30 000 ам.доллар буюу 79 919 400 төгрөгийг хариуцагч Г.А-гаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалттай нийцсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд талууд оролцож, хариуцагчийн өмгөөлөгч Г.Урантогосын “эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэж гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан нь тэмдэглэлд тусгагдсан /2хх43/, дараагийн шүүх хуралдааныг 6 дугаар сарын 18-ны өдөр хийхээр товлон, тов мэдэгдсэн баримтад талууд гарын үсэг зурж баталгаажуулсан /2хх45/ байх бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болохоор хуульд тусгайлан заасан тул хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулж, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж шүүхийг буруутгах боломжгүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/01411 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн Г.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Г.А-гаас төлсөн 630 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                              Ц.ИЧИНХОРЛОО