Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2015/0913/з |
Дугаар | 221/МА2016/0617 |
Огноо | 2016-09-21 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2016/0617
Д.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 523 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.*******ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 523 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ******* трэвел ХХК-д тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах эрх олгосон Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын Д.*******ын амьдарч байгаа газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: ”Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн амьдарч буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг Богины амны газар нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаардаг тул тус газартай холбоотой харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулдаг. Тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана, 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар “Засаг дарга нь санал өгөх эрхтэй үүний дагуу Төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэдэг. Гэтэл анхан шатны шүүх нь иргэн Д.*******ыг тус зүйл заалтаар газар ашиглах эрхтэй гэж үзсэн нь зөв боловч энэхүү эрхээ эдлэхдээ Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар 35.1-т болон Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-д заасны дагуу газар ашиглах хүсэлт болон тус газар явуулах үйл ажиллагааны төслөө шалгуулснаар ашиглах эрх үүсэх байтал анхан шатны шүүхээс иргэн Д.*******ыг газар ашиглах эрхтэй гэж үзэн хууль журмын дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээтэй “******* трэвел” ХХК-ийн эрх, ашиг сонирхолыг зөрчиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Д.******* нь 2008 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 0183596 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Хан-Уул дүүргийн засаг даргын захирамж гарч тэрээр тус газрыг эзэмших эрхтэй болж “******* трэвел” ХХК-аас өмнө тус газрыг эзэмшиж байсан хэмжээн нэхэмжлэлдээ тусгасан байдаг. Гэтэл “******* трэвел” ХХК-д 2008 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 797 тоот гэрчилгээ олгоход мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэгт ажлын хэсгийг байгуулан ажилласан. Энэхүү тушаалын хүрээнд нэхэмжлэгч иргэн Д.*******ын нэр орсон байгаа нь тэрээр Хан-Уул дүүргийн газрын албанаас 2008 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 0183596 дугаартай гэрчилгээ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” 34 дүгээр зүйлийн 34.5-д “Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх бөгөөд эрхийн гэрчилгээтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна.” гэж заасныг зөрчин бүртгэлгүй байх бөгөөд удаа дараагийн газар олголтын ажиллагааны хүрээнд бүртгэлгүй байсан нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл “******* трэвел” ХХК-ийн зүгээс Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмын дагуу тус газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд тус газрыг зохих захиргааны байгууллага шалган аливаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газартай давхцалгүй тул олгосон байдаг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох 2004 оноос хойш нэхэмжлэгчийн амьдарч байсан газрыг харуулсан сансрын зургуудыг үндэслэл болгон нэхэмжлэгч нь “******* трэвел” ХХК-д газар ашиглуулахаас өмнө оршин сууж байсан нь нотлогдож байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь сансрын зургаар газар ашиглах эрхтэй болон эрхгүй нь давхар гарч ирдэггүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, бусад хууль, тогтоомжид иргэн эхлээд өөрөө оршин суух газрынхаа эзэмших эрхийг авдаг. Түүнээс биш тухайн газарт очиж гэр байшингаа барьчихаад дараа нь эзэмших, ашиглах эрхээ авна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Гэтэл анхан шатны шүүх ийнхүү үндэслэл болгосон нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч нь 2008 оноос хойш “******* трэвел” ХХК-ийг үйл ажиллагаагаа явуулсаныг мэдсэн байдаг. Мөн 2008 оноос 2015 он хүртэл гуравдагч этгээдтэй ямар нэгэн зөрчилтэй харилцаанд орж байгаагүй гэж нэхэмжлэлдээ дурьдсан байдаг. Анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч Д.******* Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар 300 м.кв газар эзэмших эрхтэй болсон бөгөөд мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/209 дүгээр захирамжаар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл иргэн Д.******* нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс хойш тус газарт хууль бусаар оршин сууж байсан гэж шүүх үзсэн. Үүний дараагаар 2016 онд удаан хугацаанд оршин сууж, газар ашиглаж байгаа иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажил явагдах үед газрын хэмжээгээ ихэсгэсэн, ихэсгэсэн хэмжээ нь гуравдагч этгээдийн газартай давхцсан байх тул тус үүрэгт ажлын хүрээнд иргэн Д.*******ын оршин сууж буй газар нь “******* трэвел” ХХК-ийн газартай давхцалтай байна гэж үзэн гэрчилгээ олгохоос татгалзсан байхад анхан шатны шүүх гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхолыг зөрчиж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 523 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.******* нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд “******* трэвел” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын Д.*******ын амьдарч байгаа 1997 м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “1973 оноос хойш гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар амьдарч байсан газарт давхцуулан “******* трэвел” ХХК-д 30 га газар ашиглах эрх олгосон” гэж тайлбарлан маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.*******ын өвөг эцэг Ч.Нанзад нь 1973 оноос хойш маргаан бүхий газарт оршин сууж байсан, түүнээс хойш Ч.Нанзадын гэр бүлийн гишүүд, зээ хүү Д.******* нар одоог хүртэл амьдарч байгаа болох нь нотлогджээ.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хуулийн дагуу зөвшөөрөл аваагүй боловч тусгай хамгаалалттай газар нутагт удаан хугацаагаар суурьшин амьдарч байгаа иргэдийн газар ашиглах эрхийн асуудлыг судалж шийдвэрлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Нийслэлийн Засаг дарга нарт даалгасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах 4, 11 дүгээр хороонд зөвшөөрөлгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, нийт 411 иргэнд газар ашиглах эрх олгож гэрчилгээжүүлсэн байна.
Харин нэхэмжлэгч Д.*******ын оршин сууж буй газрыг “төрийн захиргааны төв байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан “******* трэвел” ХХК-ийн газартай давхцалтай” гэсэн үндэслэлээр гэрчилгээжүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй, харин анх “******* трэвел” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын холбогдох хэсэгтэй маргасанд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэжээ. Тодруулбал,
Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах нутаг дэвсгэрт он удаан жилээр амьдарсан иргэдэд, тухайлбал нэхэмжлэгч Д.******* болон түүний гэр бүлийн гишүүдийг 1973 оноос хойш суурьшин амьдрахад эрх бүхий байгууллагаас ямар нэг хязгаарлалт хийгээгүй, хууль бусаар ашиглаж байгаатай холбоотойгоор ямар нэгэн арга хэмжээ аваагүй зэрэгт дүгнэлт хийвэл эдгээр иргэдийн газар ашиглах эрхийг газрын өмчлөгч төр өөрөө хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх үндэстэй байна.
Иймээс ч удаан хугацаанд оршин сууж байгаа иргэдийн амьдарч буй газрын ашиглах эрхийг нь бичгийн хэлбэрээр баталгаажуулж, гэрчилгээжүүлэхийг төрийн захиргааны байгууллагад үүрэг болгожээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох”, 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж зааснаар хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд “******* трэвел” ХХК-д газар ашиглуулах тухай шийдвэр гаргах эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ Газрын тухай хуульд заасан төрөөс газрын талаар баримтлах зарчим болон газар эзэмшүүлэхэд тавигдах үндсэн шаардлагыг хангах үүрэгтэй. Учир нь,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх,соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах,танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус зааснаас үзвэл газар эзэмших, ашиглахтай холбоотой ерөнхий харилцааг Газрын тухай хуулиар, нарийвчилсан харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна гэж ойлгох бөгөөд хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан ерөнхий зохицуулалт болох “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагыг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд 2002 онд “******* трэвел” ХХК-д газар ашиглах эрх үүсэхээс өмнө буюу 1973 оноос хойш нэхэмжлэгч Д.*******, түүний гэр бүлийхэн нь тухайн газарт оршин сууж байсан атал тэдний амьдарч буй газартай давхцуулан “******* трэвел” ХХК-д газар ашиглах эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” гэснийг зөрчсөн, 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” тухай төрөөс газрын талаар баримтлах зарчимд нийцээгүй шийдвэр болсон байх ба уг шийдвэрийн улмаас маргаан бүхий газарт удаан жил амьдарч байгаа иргэдийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэстэй.
Зүй нь хариуцагч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4-д заасан “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрт ашиглуулах газрын зориулалт, орших бүс, байршил, зааг, хэмжээ, дангаар буюу дундаа ашиглах талаар тодорхой заана” гэснийг хэрэгжүүлж тухайн газар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхацаж байгаа эсэхийг тогтоон, хууль бусаар өөр этгээд эзэмшиж, ашиглаж байгаа тохиолдолд уг асуудлыг шийдвэрлэсний дараа гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгох тухай шийдвэрлэх учиртай.
Иймд шүүх “******* трэвел” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 30 га газар ашиглах эрх олгосон Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын Д.*******ын суурьшин амьдарч байгаа газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Харин хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас гаргасан газар ашиглуулах иргэдийн судалгаанд 1997 м.кв гэж тусгагдсан хэмжээгээр Д.*******од газар ашиглуулах шийдвэр гаргах эрх нээлттэй гэж дүгнээд давхацсан газрын хэмжээг тодорхойлолгүйгээр маргаан бүхий актын Д.*******ын амьдарч байгаа газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тухайн газарт амьдарч байгаа иргэдийн бодит байдал дээр эзэмшиж байгаа газрыг хэмжээд нэхэмжлэгч Д.*******ын эзэмшиж байгаа газрыг 1997 м.кв гэж судалгаандаа оруулсан хэмжээгээр давхацсан гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлээ “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан газарт давхцуулан “******* трэвел” ХХК-д газар олгосон” гэж маргаж байхад хуулиар тогтоосон гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан эзэмшүүлэх газрын хэмжээнээс илүү гаргаж өөрсдийн дураар хашаа татсан хэмжээгээр давхцалтай гэж үзэх нь шударга ёсонд нийцэхгүй юм.
Иймд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ О,О7 га-гаас илүүгүй байна” гэж зааснаар нэхэмжлэгч Д.*******ын он удаан хугацаанд оршин сууж, ашиглаж байсан 700 м.кв газрыг эзэмших боломжийг хангаж, мөн хэмжээгээр давхацсан хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Гуравдагч этгээдийн ашиглаж байгаа газартай нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа нийт газар бүхэлдээ давхацаж байгаа талаар талууд маргаагүйг дурьдах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд гуравдагч этгээдийн “удаан хугацаанд оршин сууж газар ашиглаж байгаа иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажил явагдах үед газрын хэмжээгээ ихэсгэсэн” гэх давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, давж заалдах гомдлоос үлдэх хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 523 дугаар шийдвэрийг Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Д.*******ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд “******* трэвел” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын Д.*******ын амьдарч байгаа 700 м.кв газарт давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН