Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00463

 

Б.Өы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2019/00830 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаарр сарын 31-ний өдрийн 223/МА2019/00031 дүгээр магадлалтай, 

Б.Өы нэхэмжлэлтэй

Төв аймгийн БНСЗДд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 416 749 төгрөг гаргуулах  нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтулга нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ө, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Төв аймгийн Борнуур сумын сургууль цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Засаг дарга намайг ямар нэг хууль эрх зүйн үндэслэлгүйгээр шууд ажлаас халсан. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас намайг Борнуур сумын соёлын төв хариуцсан нягтлан бодогчоор ажилд минь томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох шүүхийн шийдвэрийг гаргасан. Гэвч ажилд минь авахгүй, мөнгийг минь олгохгүй байхаар нь би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж өргөдөл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Борнуур сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор томилж, ажилгүй байсан хугацааны цалин 8 331 444 төгрөгөөс 5 422 282 төгрөгийг олгосон. Эргээд ажилдаа орсон боловч ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгөхгүй, мөн өөрсдөө байнга ажлаа өгөөч гэсэн хүсэлт ч гэх юм уу, дарамт ч гэх юм уу нөхцөл байдлуудыг үзүүлж байсан. Миний ар гэрийн гачигдалтай, ээж минь өвчтэй, охин минь хүнд хагалгаанд орсон учраас ажлаасаа 1 сарын чөлөө хүсэлт гаргасан. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажилд ороод энэ өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилсэн. Би өрх толгойлсон, өнчин хүүхдүүдтэй, ар гэр минь хүнд байдалтай, банкинд маш их  зээлтэй, амьдрал минь их хэцүү байгааг Засаг дарга мэдсээр байж намайг хохироож байгаад маш их гомдолтой байна. Би 5 410 017 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Борнуур сумын Засаг даргын 2017 оны 05 дуаар сарын 24-ний өдрийн Б05 тушаалаар Б.Өыг ажлаас нь чөлөөлсөн. Уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж гомдсон. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн магадлалаар эгүүлэн ажилд нь тогтоогоод, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.Ө нь ажилдаа эргэж орсон. Энэ хоорондох ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Засаг дарга Б.Өыг үндэслэлгүйгээр халсан гэдэг нь шат шатны шүүхээр тогтоогддог. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Засгийн газрын 264 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчийн цалингийн сүлжээний жишигт өөрчлөлт орсон. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тоот тушаалаар төрийн албан хаагчийн цалингийн сүлжээнд дахин өөрчлөлт орсон. Хэрвээ О.Чулуунбаатар нь өнөөдрийг хүртэл ажиллаж байсан бол энэ жишгээр цалинжих байсан. Хариуцагч талтай 3 161 690 төгрөг дээр эвлэрье гэсэн боловч эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 5 410 017 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 223/МА2018/00032 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрч ажилгүй байсан хугацааны цалин 8 331 444 төгрөгийг Б.Өд олгож 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс нягтлан бодогчоор ажилд нь томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Шүүхийн магадлал гарсны дараа ажилд нь эгүүлэн томилох гээд холбогдох ажилтнуудаар дуудуулахад ирээгүй. Ажилд орох эсэхээ шийдээгүй байна гэсэн тайлбартайгаар бүтэн 3 сар орчим ажилдаа оролгүй байж байгаад 2019 оны 3 дугаар сарын 09-ны өдөр ажилдаа ороод сарын дараа өргөдлөө өгөөд ажлаас гарсан. Мөн нэхэмжилсэн 5 416 749 төгрөгийг ямар үндэслэлээр хэрхэн бодож гаргасан нь ойлгомжгүй, өмнө 14 сарын цалин 8 сая орчим төгрөгөөр бодогдсон байхад 6 сарын цалинг яагаад ингэж бодогдсон нь ойлгомжгүй байна. Иймд өмнө шийдвэрлэсэн асуудал дээр дахин ийм нэхэмжлэл гаргасан нь ажил хийх сонирхолгүй, зүгээр сууж байгаад төрөөс цалин авах хүсэл зорилготой байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн магадлалыг хариуцагч хүлээн зөвшөөрч 8 331 444 төгрөгийг Б.Өд олгож, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс нягтлан бодогчийн ажилд томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Шүүхийн магадлал гарсны дараагаар ажилд нь оруулахаар холбогдох ажилтнуудаар дуудуулсан боловч ирээгүй. Орох эсэхээ шийдээгүй байна гээд 3 сар гаран хугацаа өнгөрсөн. Нэхэмжилж байгаа 5 410 017 төгрөгийг ямар үндэслэлээр хэрхэн бодож гаргасан нь ойлгомжгүй байна. Урьд нь 14 сарын цалин гээд 8 000 000 гаруй төгрөг бодогдсон байхад одоо 6 сарын цалин яагаад ингэж бодогдсон нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2019/00830 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн БНСЗДас 4 255 692 /дөрвөн сая хоёр зуун тавин таван мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 154 325 /нэг сая нэг зуун тавин дөрвөн мянга гурван зуун хорин таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл тооцож, Б.Ө нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 83 041 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 223/МА2019/00031 дүгээр магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2019/00830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндсүрэн, өмгөөлөгч А.Мөнхтулга нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангаагүй. Хариуцагч нараас шүүхийн шийдвэрээр хариуцагч БНСЗДас 4 255 692 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна гээд энэ нь гэрчүүдийн мэдүүлэг болон хууль тогтоомжийн хүрээнд сумын сургууль, цэцэрлэгийн төсөв санхүүгийн үйл ажиллагаа болон нягтлан бусад ажилчдаа томилох чөлөөлөх асуудалд 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс Засаг дарга оролцох эрхгүй тухайн байгууллагын эрхлэгч, захирлын эрхэд хамааралтай болсон энэ нь аймгийн ЗДТГ-аас ирүүлсэн нотлох баримтаар /хх-ийн хуудас/ тогтоогдож байна. Мөн хариуцагчийг зөв тодорхойлох ёстой байсан гэдэг гомдлыг гаргасан боловч давж заалдах шатны шүүх хариуцагчийн асуудлаар ямар нэгэн дүгнэлт гаргаагүй түүнийг хянаж үзээгүй, боломжтой байсан. Мөн нэхэмжлэгч нь 3 сарын хугацаанд ажилдаа орох гэж ирээгүй, шүүхийн шийдвэрийг хэзээ гардаж авсан, хариуцагч болон сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай ажилдаа орох асуудлаар хичнээн удаа уулзсан болон ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлт гаргаж байсан эсэх, шүүхийн шийдвэрийг захирал, эрхлэгч нартаа танилцуулсан эсэх, ажилдаа орох боломжгүй байсан шалтгаан нөхцөлийг мөн шүүх хэлэлцсэн боловч 3 сарын хугацаанд яагаад ажилдаа ороогүй тэр нь хэний буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг зөвхөн Засаг даргаас болсон мэтээр дүгнэснийг давж заалдах шатны шүүх хянаж чадаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно. Мөн шүүх хуралд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй нь хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг зөрчсөнөөс мэтгэлцэх зарчим алдагдсан байхад удаа дараа шүүх хуралдаан хойшлуулж байсан гэдэг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж холбогдох баримтыг хавсаргасан нь хууль зөрчөөгүй бөгөөд өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүйгээс үүдэн ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэсэн болон тус зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалтууд зөрчигдөж нэхэмжлэгч тал өмгөөлөгчтэй байхад хариуцагч талыг өмгөөлөгчгүй оролцуулж шүүх хуралдааныг үргэлжлүүлснээр мэтгэлцэх зарчим хангагдаагүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Б.Ө, хариуцагч БНСЗДд холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 07 хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 410 017 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 4 255 692 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй зөв хянан шийдвэрлэжээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Хариуцагчийг зөв тодорхойлж чадаагүй, нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй, шүүх мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлээгүй гэх хариуцагчийн гомдолд заасан үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдсонгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг зөвхөн нэхэмжлэгч тодорхойлж, шүүх эдгээр зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэдэг тул “хариуцагчийг зөв тодорхойлох байсан, холбогдох баримтыг гаргуулах хүсэлтийг хангаагүй, шүүх нотлох баримтыг үнэлж чадаагүй” гэх гомдол үндэслэл муутай байна.

Б.Ө нь БНСЗДд холбогдуулж нэхэмжлэл гаргасан, Засаг дарга мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэхдээ Тамгын газраас гаргуулах эсэх нь өөрийнх нь бүрэн эрхэд хамаарна.

Б.Өыг Төв аймгийн Борнуур сумын Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 04-нөөс 2018 оны 09 дүгээр сарын 24 хүртэлх олговорт 8 331 444 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШШ2018/1086 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 223/МА2018/00032 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон, БНСЗД шүүхийн шийдвэрийг биелүүлж 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.Өыг ажилд нь эгүүлэн тогтоожээ.

Шүүх шийдвэр гарах хүртэл хугацаагаар зохих олговрыг ажилтанд олгуулахаар шийдвэрлэсэн ба ажил олгогч нь нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэр гарсан өдөр бус, 4 сар 24 хоногийн дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажилд авсан, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 07 хүртэл үргэлжилсэн, энэ хугацааны олговорыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт байгаа баримтад тулгуурлан ажил олгогчийн хууль бус тушаалын үр дагавар, ажилгүй байсан хугацаа, олговор зэрэг эрх зүйн асуудлаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2019/00830 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 223/МА2019/00031 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА