Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

            Иргэдийн төлөөлөгч С.Байгалмаа,

            Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,                                   

            Улсын яллагч Ш.Алтанцэцэг,

            Хохирогч  С.Батсүх,

Хохирогчийн өмгөөлөгч С.Баярбаясгалан,

Шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Д.Бурмаа,

Шүүгдэгч О.Төгсжаргалын өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Донидын Ганболд, Боржигин овогт Очирбатын Төгсжаргал нарт холбогдох эрүүгийн 2014260006136 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх, уран зохиолын багш мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо бага тойруу гудамжны 19-6 тоотод орших суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн  1 дүгээр хороо Их тойруу 56-53 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ХП 79020111 /  Боржигин овогт Донидын Ганболд,

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, 09 дүгээр байрны 58 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ БОНХАЖЯ-ны ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтэн ажилтай байсан, одоо Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн эрсдлийн удирдлага мэдээллийн тасагт улсын байцаагч ажилтай, ял шийтгэлгүй, 8 сартай жирэмсэн, ухаан бүрэн, / РД: ШБ 84020907 /     Боржигон овогт Очирбатын Төгсжаргал  нар нь:

Д.Ганболд, О.Төгсжаргал нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо 56А-42 тоотод байрлах “ Инел “ ХХК-иас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “ Зайсан виллаже “ хотхон орон сууцнаас хямд үнээр байр захиалж өгнө хэмээн хуурч мэхлэн С.Батсүхээс 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 155.612.000 төгрөгийг залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Батсүх мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2013 оны 02 дугаар сард О.Төгсжаргалтай тааралдаж амьдралынхаа тухай ярьж Япон улсад амьдарч байгаа гэдгээ хэлсэн. Эхнэр удахгүй араас ирнэ. Ирэхээс нь өмнө байраа томруулах санаатай гэдгээ хэлэхэд О.Төгсжаргал "манай хадмын талын хүмүүс байр барьдаг. Одоо зайсанд байр барьж байгаа. 2013 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орох юм шиг байна лээ" гэж надад хэлсэн. Ингээд би Төгсжаргалтай байр авах талаар яриа эхэлсэн. Үүний дараа 2013 оны 03 дугаар сард О.Төгсжаргал надтай уулзаад 1 мкв 1.800.000 төгрөгт авах боломж байгаа юм байна. Би хадмууддаа нэг удаа өөрийн нэрээр байр захиалья гэдгээ хэлэхэд эхний ээлжинд 25.000.000 төгрөгийн урьдчилгаа төлөх хэрэгтэй гэсэн. Ингээд би О.Төгсжаргалын надад зарна гэсэн байр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвгэрт баригдаж байгаа “ Инэл “ Зайсан виллаж хотхоны барилга дээр очиж үзэхэд 75.34 мкв 3 өрөө орон сууц баригдаж байсан тул би эндээс байр авахаар болсон. Тухайн үед уг байрыг барьж гүйцэтгэж байгаа албаны хүмүүстэй уулзаагүй, зөвхөн О.Төгсжаргал, Д.Ганболд нарын үгэнд итгэсэн. Би уг байрыг барьж гүйцэтгэж байгаа компанийн захирал Ш.Сарантуяа гэдэг хүнтэй уулзъя гэхэд Д.Ганболд “ Уулзаад хэрэггүй. Би наад Ш.Сарантуяатай чинь асуудалтай байгаа “ гэхээр нь уулзаагүй. Ингээд би байрны урьчилгаа болох 25.000.000 төгрөгийг аваад О.Төгсжаргалын хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн ертөнцийн зүгээр хойд талд байх “ Инэл “ ХХК-ний борлуулалтын албан дээр очин мөнгөө О.Төгсжаргалд өгсөн. О.Төгсжаргал борлуулалтын алба руу орсон. Ингээд “ Мөнгөө төлсөн. Өөрийн нэр дээр байр захиалах гэрээ хийчихлээ. Байр ашиглалтанд ороод чамайг мөнгөө бүрэн өгөх үед гэрээгээ шилжүүлээд өгье “ гэсэн. Надад байр захиалгаар бариулах гэрээ, мөнгө тушаасан баримт зэргийг О.Төгсжаргал өгсөн. Уг баримтыг харахад 20.000.000 төгрөгийн баримт байсан. Харин 5.000.000 төгрөгийг гражийн урьдчилгаанд төллөө гэж хэлээд надад баримтыг (өгсөн. Мөн дараагийн төлбөрийг хурдан хийх шаардлагатай гэж хэлсэн. Үүний дараа би уг байрны төлбөрийг хурдан төлж дуусгах гэж өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25 дугаар байрны 10 давхарын 2 өрөө 51.5 мкв байрыг тухайн үеийн ханшаас хямд буюу 88.000.000 төгрөгт зараад 2013 оны 06 дугаар сарын үед энэ мөнгөнөөс 30.000.000 төгрөгийг мөн О.Төгсжаргалын хамт “ Инэл “ ХХК-ийн борлуулатын албаны байрны гадаа очин бэлнээр өгсөн ба О.Төгсжаргал уг мөнгийг аваад дотогш орсон. Би гадаа нь хүлээгээд сууж байсан. О.Төгсжаргал мөнгө тушаачихлаа гээд гараад ирсэн ба баримт нэхэхэд “ Сая нярав нь алга байна. Дараа нь гүйцээгээд авна “ гэж хэлээд мөнгө тушаасан баримт өгөөгүй. 2013 оны 08 дугаар сард О.Төгсжаргалтай уулзаад “ Инэл “ ХХК-ний Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байх байрны гадаа ирэхэд О.Төгсжаргалын нөхөр Д.Ганболд хүлээгээд зогсож байсан тул 50.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд оруулсан удалгүй Д.Ганболд гарч ирээд мөнгийг тушаасан гэж байсан боловч бас л мөнгө тушаасан баримт өгөөгүй ба баримт асуухад “  Ш.Сарантуяа байна. Дараа баримтыг авч өгье “ гэж хэлсэн гэжээ. / 1 дүгээр хавтас 14-15, 74-75, 2 дугаар хавтас 64 /,

Гэрч Ш.Сарантуяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Д.Ганболд нь манай нөхөр Ганхүүгийн төрсөн ах Донидын бага хүү, Төгсжаргал нь түүний эхнэр юм. 2013 оны 03 сард О.Төгсжаргал манай ажлын байран дээр ирээд надтай уулзсан. Тэгээд “ 3 өрөө байр худалдаж авна. Гэхдээ надад урьдчилгаа 20 сая төгрөг байна. Та энэ мөнгийг аваад гэрээ хийгээд өгөөч “ гэхээр нь  би 20.0 сая төгрөгт орон сууц захиалгаар бариулах гэрээ хийх боломжгүй. Урьдчилгаа төлбөр чинь хүрэхгүй байна. Харин чи мөнгөө тушаагаад мөнгө төлсөн баримтаа авч болно “ гэхэд О.Төгсжаргал 43 тоот байрыг сонгоод 20.0 сая төгрөг тушаасан. Гэхдээ ямарч гэрээ хийгээгүй. Харин үүнээс хойш О.Төгсжаргал 2013 оны 04 сарын сүүлээр шиг санаж байна. Дахин манай компанийн байранд ирээд 23 сая төгрөг тушаахаар ирсэн. Урьдчилгаа 30 хувь хүрэхгүй байрны гэрээ хийх боломжгүй гэхэд манай захирал С.Мөнхбат утсаар яриад “ Д.Ганболд гуйгаад байна. Чи өгөх хувь дээр зураад нэг хувийг Төгсжаргалд өгөөд явуулчих “ гэхээр нь захирлын хэлснээр 2 хувь гэрээ хийгээд Төгсжаргалд өгөх хувь дээр би гарын үсэг зураад өгсөн. Тамга дараагүй. Эхний удаа мөнгө төлөхөд Д.Ганболд ирээгүй. Харин дараагийн удаад нь харсан санаад байна.

 Тухайн үед би хүүхдээ хараад ажилдаа тэр бүр очих боломжгүй байсан. Ингээд 2014 оны 01 дүгээр сард улсын комисс ажиллаж байх үед өмнө хийсэн бүх гэрээгээ шалгаж үзэхэд 43 тоот гэрээ байгаагүй. Тэгээд борлуулагч нарыг дуудаад “ О.Төгсжаргалын захиалсан байр яасан юм “ гэхэд “ О.Төгсжаргал гэрээгээ цуцлаад мөнгөө буцаан авсан. Харин шинэ захиалагч олоод урьдчилгаа төлбөрийг авсан. Гэхдээ урьдчилгаа хүрэхгүй байгаа тул гэрээ хийгээгүй байгаа “ гэсэн. Ингээд 2014 оны 02 дугаар сард Халиунсүрэн гэдэг хүн урьдчилгаа төлбөрийг 60 хувь хүргээд гэрээ хийсэн тул энэ байр зарагдсан. Харин О.Төгсжаргал, Д.Ганболд нар мөнгийг хэзээ яагаад авсан гэдгийг мэдэхгүй. Ер нь бол мөнгийг буцааж авахдаа С.Мөнхбат захирлын зөвшөөрлөөр гарсан гэсэн. О.Төгсжаргал, Д.Ганболд нар граш захиалж нэг ч төгрөг төлөөгүй гэжээ. / 1 дүгээр хавтас 16-17, 2 дугаар хавтас 65 /           

Гэрч С.Мөнхбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Донид гэдэг нь миний ээжийн эгчийн хүүхэд юм. Түүний бага хүү нь Ганболд О.Төгсжаргал нь түүний эхнэр юм. Ганболд нь  надтай өөрийн биеэр уулзаад “ манай компанийн барьж байгаа Хан-Уул дүүргийн 11-р хороны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Инэл Зайсан виллаже хотхоны орон сууцнаас худалдаж авмаар байна “ гэхээр нь “ Хэнд авах гэж байгаа юм бэ “ гэхэд О.Төгсжаргал бид хоёр байр авна. Баруун 4 замд байгаа байраа зараад танай шинэ байрнаас авмаар байна “ гэхээр нь би “ Тэг тэг. Санхүүд мөнгөө тушаагаад захиалчих “ гэж хэлсэн.Тухайн үеийн зах зээлийн ханшнаас хямдруулсан юм байхгүй. Тухайн үед манай компани байраа 2.200.000 төгрөгөөр Д.Ганболд нартай гэрээ хийсэн.

Миний хувьд мөнгийг хэн тушаасныг мэдэхгүй. Ямарч байсан 2014 оны 06 сард шиг санаж байна. Д.Ганболд надтай хэд хэдэн удаа утсаар яриад “ С.Мөнхбат ахаа мөнгөний хэрэг болоод байна. Би удахгүй буцааж тушаана “ гээд байхаар нь Д.Ганболдод “ Чи мөнгө буцаан авах тухай хүсэлт бичээд ир. Тэгээд ав “ гэж хэлсэн. Энэ дагуу Д.Ганболд хүсэлт бичээд ирэхээр нь би нягтлан Буянжаргал, Г.Отгонцэцэг нар руу утсаар хэлээд мөнгө авах хүсэлтийг нь цохоод өгөөд явуулсан. Тэгээд Д.Ганболд манай нягтлан нараас мөнгө аваад явсан байсан. Ганболд бидний хооронд грашийн талаар ямарч яриа болоогүй гэжээ.  / 1 дүгээр хавтас 18-19 /

Гэрч Г.Отгонцэцэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Д.Ганболд байр захиалсан гэрээний дагуу төлсөн мөнгийг гадаад явах шаардлага гарсан тул мөнгийг буцаан олгож өгнө үү гэсэн өргөдөл бичээд энэ өргөдийг манай захирал С.Мөнхбат олгохыг зөвшөөрч цохолт хийгээд эхний удаад 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 6.000.000 төгрөгийг аваад дараагийн удаад 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дахин 3.000.000 төгрөгийг авсан. Үүний дараа 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дахин Д.Ганболд өргөдөл бичээд 30.000.000 төгрөгийг гаргуулан авсан. Ингээд урьдчилгаа төлсөн 39.000.000 төгрөгийг буцаан авсан ба үлдсэн 4 сая төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Д.Ганболд буцаан авсан. Энэ бүх баримт нь надад байгаа. Ингээд энэ байрны гэрээ цуцлагдсан тул дараагийн хүн болох Халиунсүрэн гэдэг хүнд байрны захиалгын гэрээ хийж өгсөн.

Манай борлуулалтын албанаас түлхүүр аваагүй. 43 тоотын түлхүүр манай борлуулалтын албанд лацны хамт байсаар байгаа гэжээ. / 1 дүгээр хавтас 20 /

Мөнгө хүлээлцсэн акт /1 дүгээр хавтас 4 /

 “ Инэл “ ХХК-ний харилцагчийн гүйлгээний хуулга / 1 дүгээр хавтас 204 /

Шүүх сэтгэц эмгэг судлалын 538 тоот дүгнэлтэнд:

1. Д.Ганболд нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Д.Ганболд нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Д.Ганболд нь хэрэг хариуцах байна гэжээ. / 1 дүгээр хавтас 230 /

Шүүх сэтгэц эмгэг судлалын 311 тоот дүгнэлтэнд:

1. О.Төгсжаргал нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Тухайн үед өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж, удирдах чадвартай байсан.

2. О.Төгсжаргал нь гэмт хэргийн үйлдлийн үед өөрийнхөө үйлдлийг мэдэж, удирдаж чадах, чадвартай байсан байна.

3. О.Төгсжаргал нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна.

4. О.Төгсжаргалд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна.

5. О.Төгсжаргал нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Болсон байдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ. / 2 дугаар хавтас 236-238 /

Шүүгдэгч О.Төгсжаргалыг 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 23-24,  2-р хавтас 107-109 /, 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 2 дугаар хавтас 110-111, 121-123 /,

Шүүгдэгч Д.Ганболдыг 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 237-239 /, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 240-242 /  

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1 дүгээр хавтас 200 / зэрэг болно.

Шүүгдэгч Д.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2011 оноос хойш эхнэр О.Төгсжаргалаас тусдаа амьдарсан. Бид гэрлэлтээ 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цуцлуулсан. 2013 оны 04 дүгээр сарын эхээр О.Төгсжаргал надтай яриад “ Манай ангийн хүүхэд Г.Мөнхбат ахын барьж байгаа байрнаас авах сонирхолтой байгаа юм байна. Чи С.Мөнхбат ахтай яриад хямдруулж өгч чадах уу “ гэж асуусан. Тэгээд би С.Мөнхбат ахтай яриад “ Би өөрөө байр явах гэж байгаа юм. Та м2-ыг нь 1.800.000 төгрөгөөр авч болох уу “ гэж асуусан. Тэгтэл С.Мөнхбат тухайн үед энэ үнээр байр авч болно гэж зөвшөөрсөн. Би О.Төгсжаргалд “ Танай ангийн хүүхэд юм чинь чи өөрөө байрны гэрээ хий “ гэж хэлсэн. Ингээд 2013 оны 04 дүгээр сарын дундуур О.Төгсжаргал надад 25.000.000 төгрөг авчирч өгөхөөр нь би 20.000.000 төгрөгийг компанид тушаагаад, 5.000.000 төгрөгийг өөрөө авч, грашийг С.Мөнхбат ахад хэлчихнэ гэж хэлсэн. Тэгж байтал  С.Мөнхбат над руу яриад “ Борлуулалтын албаны дарга Ш.Сарантуяа над руу яриад хэл ам хийгээд байна. Байрны урьдчилгаа 30 хувьд ч хүрээгүй байна. Дахиж байрны урьдчилгаа мөнгө тушаах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би О.Төгсжаргалд хэлсэн. О.Төгсжаргал надад 30.000.000 төгрөг авчирч өгөхөөр нь компанийн дансанд 23.000.000 төгрөг тушаалгаад би өөрөө 7.000.000 төгрөгийг өөртөө авч үлдсэн. Тэгээд 7 сарын сүүлчээр миний таньдаг Мөнхжаргал гэгч “ Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн зүүн хойно 2 давхар барилга байна. Хамтарч ажиллаад энэ барилгыг хөрөнгө оруулалт хийгээд авах уу. Чи С.Мөнхбат ахтайгаа ярьчих “ гэж хэлсэн. Тэгээд би С.Мөнхбат ахад хэлээд цуг барилгыг очиж үзсэн чинь С.Мөнхбат ах надад “ Чи ямар ч байсан барилгын эзэнтэй уулзаад саналыг нь асуу “ гэсэн. Барилгын эзэн энэ байр 120.000.000 төгрөгийн барьцаанд байгаа гэж хэлэхээр нь би энэ асуудлыг С.Мөнхбат ахад хэлсэн. Тэгтэл С.Мөнхбат “ Чи наад барилгын баримт бичгийг хөөцөлдөөд бэлэн болгох юм бол чамд 3 өрөө байрнаас гадна 2 өрөө байр 100.000.000 төгрөг өгөх болно “ гэж надад хэлсэн. Би Мөнхжаргалд хөрөнгө оруулалт хийж болох юм байна. Ямар ч байсан барьцаанд байгаа баримт бичгийг хөөцөлдье гэж ярилцаж тохиролцсон. Би хотын захирагчийн албанаас энэ барилгын талаар судлуулсан. Тэгтэл захирагчийн албанаас Нийслэлийн газрын албанаас дэмжигдсэн газар байна. Хугацааг нь сунгуулах шаардлагатай байна гэж надад хэлсэн. Би бодохдоо С.Батсүхээс захиалж байгаа байрны мөнгөөр Мөнхжаргалын барьцаанд байгаа байрыг суллаж авахад хэрэглээд С.Батсүхэд 3 өрөө байрыг авч өгөөд надад 2 өрөө байр 100.000.000 төгрөгийн унацтай болох юм байна гэж бодсон. Би Мөнхбат ахад Батсүхийн байрны урьдчилгаа болгож компанид шилжүүлсэн мөнгийг Мөнхжаргалын газар байрны асуудлыг хөөцөлдөх гэж авч болох уу гэж асуусан чинь Мөнхбат ах надад зөвшөөрсөн. Би нилээн хугацаа өнгөрсний дараа Мөнхжаргалтай уулзаад “ Би мөнгөө бэлдэж байгаа. Байрны баримт бичгээ хөөцөлдөж байгаарай “ гэж хэлсэн. Би тэгээд асуудлыг хүлээж байсан. 2014 оны 10 дугаар сард Батсүхээс дахиж 50.000.000 төгрөгийг байрны мөнгө төлөх шаардлагатай байна гэж хэлж авсан. О.Төгсжаргал мөнгийг намайг буцааж авсныг мэдээгүй. С.Батсүхээс авсан мөнгөнөөс Мөнхжаргалын обектыг авахад зарцуулаагүй. Бүтэхгүй болохоор нь газар тариалангийн асуудалд хэрэглэсэн. Мурийтай тоглоом тоглоогүй. С.Батсүхийн нэхэмжилсэн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Мөнгөний талаар маргаан байхгүй. Хохирлыг төлөхөд манай эгч надад туслана гэсэн гэв.      

Шүүгдэгч О.Төгсжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 03 дугаар сард би С.Батсүхтэй уулзсан. С.Батсүх надад “ Байраа томруулах санаатай байна. Зайсан хавьд барилга барьж байгаа таньдаг хүн байна уу “ гэж асуусан. Би тэгэхээр нь манай хуучин хадмын тал хуучин хорих ангийн хавьд барилга барьж байгаа талаар хэлсэн. С.Батсүх надад  “ Хямдхан байр олж өгч чадах уу “ гэж хэлсэн. Тэгээд би С.Батсүхийн дэргэд Д.Ганболд руу ярихад Д.Ганболд “ С.Мөнхбат ахаас асууя “ гэсэн.  Д.Ганболд над руу залгаад “ Ярьчихлаа. 1.800.000 төгрөгөөр байр байна. Урьдчилгаа 30 хувийг төл гэж байна “  гэхээр нь би С.Батсүхэд хэлсэн. Тэгтэл С.Батсүх надад “ Найзад нь 30 хувь төлөх мөнгө алга. 25.000.000 төгрөг байна ” гэж хэлсэн. Тэгээд би С.Батсүхээс 25.000.000 төгрөгийг авч компани дээр очоод 20.000.000 төгрөгийг дансанд хийж үлдсэн 5.000.000 төгрөгийг Д.Ганболд авсан. С.Батсүх байртайгаа цуг граш авах санаатай байна гэж хэлсэн болохоор Д.Ганболд грашийг С.Мөнхбат ахтай өөрөө ярина гээд мөнгийг авсан. Учир нь граш цөөхөн 100 хувь мөнгөө төлсөн хүнд гэрээ хийнэ гэсэн юм. Дараа нь удалгүй С.Батсүх 30.000.000 төгрөг авчирч өгөхөөр хамт явж борлуулалтын алба дээр 23.000.000 төгрөг тушаасан. Тухайн үед борлуулалтын албаны нягтлан нь байхгүй байсан. Үлдэх 7.000.000 төгрөгийг Д.Ганболд грашийн мөнгөнд авсан. Энэ бүгдийг би Батсүхэд хэлсэн. Тэгээд хэдэн сарын дараа Батсүх над руу утсаар яриад “ Энэ авах гэж байгаа байранд миний болон чиний нэр байхгүй байна. Мөн мөнгө тушаасан баримт байхгүй байна. Одоо яах вэ “ гэж надаас асуусан. Би тэгэхээр нь Д.Ганболдын ах С.Мөнхбатын байр учраас болох байхаа гэж хэлсэн. Удалгүй 2014 оны 07 дугаар сар С.Батсүх над руу утсаар яриад хөгшин нь байрныхаа түлхүүрийг авсан гэж хэлэхээр нь би ашгүй бүтсэн юм байх гэж бодсон. Тэгтэл 11 дүгээр сард С.Батсүх над руу утсаар яриад “ Миний нэр дээр байр биш байна. Халиунсүрэн гэдэг хүний нэр дээр байр байна ” гэж хэлсэн. С.Батсүх тэгээд надад “ Би чамайг зуучлагч гээд Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргалаа “ гэж хэлсэн. Би сүүлд Батсүхийн мэдүүлгийг уншсан чинь үгсэн тохиролцож хувилдсан гэж мэдүүлэг өгсөн байсан.

Би Батсүхтэй бэлтгэл ангиасаа нэг ангид суралцсан 10-н жилийн найзууд учир туслая л гэж бодсон. Д.Ганболдыг тушаасан мөнгө авсныг мэдээгүй. Грашийн мөнгө тусдаа тушаана гэсэн учраас өөрийн авсан мөнгөнөөс 12.000.000 төгрөгийг Д.Ганболдод өгсөн. Д.Ганболдоос тусдаа амьдарч байгаа гэдгийг би түүнд хэлээд С.Батсүхийн хажууд түүнтэй ярьсан. С.Батсүхийн өгсөн 2 удаагийн мөнгийг би дансанд тушааж, баримтыг гэрээний хамт түүнд өгсөн. Бусад мөнгийг Д.Ганболд авсан. Үүнийг С.Батсүх бүгдийг мэдэж байгаа. Түүнийг залилах санаа надад байгаагүй.

Би байр авахаар хөөцөлдөөд 2012 онд урьдчилгаа дутахаар нь Батсүхээс 5.000.000 төгрөг зээлж авсан. Тэгээд 600.000 гаад мянган төгрөгийг би өөрт нь бэлнээр өгөөд үлдэх мөнгийг түүнтэй тохирсноор байрны мөнгөнд шилжүүлүүлэхээр Д.Ганболдод өгсөн. С.Батсүх “ Инэл “ ХХК-ний баримтыг үзэхэд “ Мөнгийг авч О.Төгсжаргал байрны гэрээг цуцлав “ гэж бичсэнийг хараад намайг буруутай гэж ойлгоод байна гэв.  

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Батсүх мэдүүлэхдээ: 2013 оны 03 дугаар сард О.Төгсжаргалтай ярьж байгаад би 2 өрөө байраа томруулмаар байна. Гэхдээ “ Хан-Уул дүүргээсээ холдох сонирхолгүй байна. Хямдхан байр авах боломж байна уу. Таньдаг хүн байна уу “ гэж асуусан. О.Төгсжаргал “ Манай хадмынхан барилгын компанитай. Зайсанд байр барьж байгаа “ гэхээр нь “ Чи хямдруулаад аваад өгч чадах уу” гэж О.Төгсжаргалаас асуусан. О.Төгсжаргал “ Би Д.Ганболдтой ярья. Болно гэвэл би чам руу буцаагаад ярья “ гэж хэлсэн. Хэд хоногийн дараа О.Төгсжаргал “ Д.Ганболд ахтайгаа ярьсан юм шиг байна. Д.Ганболд ярихдаа 2-уулаа нэр дээрээ авч байгаа болоод хямдруулж авья. Өөр хүнд захиалж өгнө гэвэл болохгүй юм шиг байна. м2 нь 1.800.000 төгрөг  “ гэж ярьсан. “ Би мөнгөө цуглуулж байгаад өгөхийг бодъё. Хамгийн гол нь би гражтай хамт байр авмаар байна “ гэж хэлсэн. О.Төгсжаргал болох байх гэж хэлсэн. О.Төгсжаргал “Д.Ганболд яриад эхний ээлжинд урьдчилгаа мөнгөө байршуулчих гэнэ. Чи хэдэн төгрөг өгөх боломжтой вэ гэж асуусан. Би ойролцоогоор 25.000.000 төгрөг байршуулах боломжтой байна. Бусдыг нь байраа яаралтай зарж байгаад болох байх гэж хэлсэн. Тэгээд 2013 оны 04 дүгээр сарын үед 25.000.000 төгрөгийг урьдчилгаа гээд хийчихье гээд О.Төгсжаргал бид хоёр Замын цагдаагийн газрын ард байдаг байшинд очоод О.Төгсжаргал 25.000.000 төгрөгийг аваад орсон. О.Төгсжаргал гарч ирэхдээ нэг гэрээ, 20.000.000 төгрөгийн баримттай байсан. 5.000.000 төгрөгийг гражийн төлбөрт өгсөн. Гражийн төлбөрийг бүтнээр төлөхгүй бол хэсэгчлэн авахгүй гэнэ гээд Д.Ганболд авсан. Граж 20.000.000 төгрөг бил үү 25.000.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд Д.Ганболд 5.000.000 төгрөгийг авсан байсан. Би өөрийнхөө нэр дээр гэрээ хийлээ гэж хэлсэн. Мөнгөө бүрэн төлөхөөр би нэрээ шилжүүлье гэж хэлсэн. Д.Ганболд эгч Ш.Сарантуяагаа байгаа болохоор чамайг битгий орж ир гэнэ. Д.Ганболд С.Мөнхбат ахтайгаа ярьсан гэж байна. Чи ороод хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд эхний 25.000.000 төгрөгийг авсан. 2013 оны 06, 07 дугаар сарын үед О.Төгсжаргал дахиж яриад “ Мөнгө хийх боломжтой байна уу “ гэж хэлсэн. Би байраа ерөнхийдөө зарчихлаа. Надад эхний ээлжинд 40.000.000 төгрөг шилжиж ирсэн. Үүнээс 30.000.000 төгрөгийг 2-лаа хамт яваад хийе гэж хэлээд Замын цагдаагийн газрын арын байшин болох “ Инэл “ ХХК-ний борлуулалтын албаны гадаа ирэхэд Д.Ганболд зогсож байсан. Тэгээд 30.000.000 төгрөгийг Д.Ганболдод өгөөд оруулахад ямар ч баримтгүй гарч ирсэн. Ямар нэгэн баримт авахгүй юм уу гэхэд “ Энэ мөнгө өөр тийшээ орчихгүйдээ “ гэж хэлсэн. Би “ О.Төгсжаргалаа чи энэ дээрээ хяналтаа тавьж байгаа юу. Би чамд л итгээд байна шүү “ гэж хэлсэн. Цэвэр итгэсний үр дүнд ийм байдалд орчихоод байна. Дараа нь О.Төгсжаргал яриад “ Д.Ганболд дахиад мөнгө хийхгүй бол болохгүй байна “ гэж байна. Цаанаас нь эгч нь яриад байгаа юм шиг байна гэсэн. Би байраа зарсан 50 орчим сая төгрөг хийе гэхэд 10 дугаар сарын үед О.Төгсжаргалтай 10 хороолол руу хамт явсан. Гадаа нь Д.Ганболд зогсож байсан. Д.Ганболд надад “ 50.000.000 төгрөгөө өгчих би тушаачихаад гараад ирье “ гэж хэлсэн. О.Төгсжаргал бид 2 автомашин дотор үлдээд Д.Ганболд мөнгө авч ороод гарч ирэхдээ бас баримтгүй гарч ирсэн. “ Мөнгө тушаасан баримтаа яасан бэ “ гэхэд дотор Ш.Сарантуяа эгч байна. Эгчтэй юм ярихад их төвөгтэй юмаа. Би борлуулагчид нь хэлээд тушаалгачихлаа. Ямар ч асуудалгүй. Би чамд байрыг чинь бүтээгээд өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш Д.Ганболд ор сураггүй алга болсон. Би О.Төгсжаргалаас “ Д.Ганболдтой холбогдож байна уу. Нөгөө байр юу болсон “ гэж асуугаад л байсан. 2014 оны 02 дугаар сард О.Төгсжаргал би Д.Ганболдтой холбогдсон асуудалгүй болж байгаа гэж надад хэлсэн. Чи наадах дээрээ хяналт тавиарай. Юу юу үгүй үлдчихвий дээ гэж хэлсэн. О.Төгсжаргал болчих байлгүй дээ. Д.Ганболд надад олдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд байж байгаад би эхнэртэйгээ 2014 оны 05 дугаар сард албан ёсоор Японоос ирсэн. Эхнэр маань дараагийн мөнгө төгрөгөө өгөөд байрандаа хэзээ орохын бэ. Байрнууд нь баригдсан байна гэсэн. Тэгээд очоод үзэхэд байр нь баригдсан “ Инэл “ ХХК-ний борлуулалтын алба нь уг байрныхаа 1 давхарт орсон байсан. Би борлуулалтын албан дээр очоод 79 дүгээр байрны 7 давхрын 43 тоотод байр захиалсан юмаа. О.Төгсжаргал юм уу Д.Ганболд гэхэд жагсаалтанд байхгүй хоосон байна гэсэн. Тэгээд би О.Төгсжаргалтай яриад борлуулагч нь мэдэхгүй гээд байна. Чи Д.Ганболдтой яриад байрны учрыг олоодох гэж хэлсэн. Би буцаж борлуулалтын албан дээр ороод “ Хоосон байна гэдэг чинь танай дарга мэдэж байгаа байхаа. Чи даргаасаа асуугаач “ гэхэд хоосон байгаа юм чинь дарга өөр юманд ашиглах гэж байгаа байх даргын өөрийнх нь мэдлийнх байх гэж хэлсэн. Би О.Төгсжаргал руу яриад байранд хүмүүс орсон байна. Д.Ганболдтой яриадах гэж хэлсэн. Би аавынхаа 4,70 машиныг зарчихаад үлдэгдэл 46.260.000 төгрөгийг төлөх байсан. Д.Ганболдтой утсаар холбогдох гэж ядсаар байгаад 2014 оны наадмын өмнөхөн Д.Ганболд ярихад “ Байр бэлэн болсон. Би түлхүүрийг нь авчихлаа. Гэрчилгээ нь гараагүй байна. Улсын комисс дөнгөж хүлээж аваад байгаа. Чи түлхүүрийг нь аваад орох уу мөнгө чинь бэлэн үү гэж асуусан. Тэгээд Хан-Уул дүүрэгт байрлах нотариатаар орж гэрээ хийсэн. Би түлхүүрээ аваад байрандаа орсон. Би байрандаа 9.000.000 төгрөгний тохижуулалт хийгээд 9 сард бүтэн байгаад 10 сарын дундуур байр гэрлийн мөнгө яагаад гарахгүй байгаа гээд борлуулалтын албан дээр очиход Халиунсүрэн гэдэг айлынх мөн үү гэсэн. Би гэрээгээ үзүүлэхэд 2013 онд гэрээгээ цуцлаад мөнгөө авсан байна. 2014 онд Халиунсүрэн гэдэг хүн 60 хувийг төлсөн. үлдэглэлийг нь 8 хувийн зээлэнд орсон. Танайх хулгайгаар орсон байна. Танайх цоожны голыг солиод орсон байна гээд борлуулалтын албаныхан хэлсэн. Би О.Төгсжаргал руу яриад намайг хулгайгаар орсон байна цагдаад өгнө гэж байна. Чи Д.Ганболдтойгоо яриач гэж хэлсэн. Ажлаасаа тараад ирэхэд гэрэл, усыг тасалсан байсан. О.Төгсжаргал Д.Ганболд олдохгүй байна. Д.Ганболдын ээжтэй утсаар яриад байна гэж хэлсэн. Тэгээд 12 дугаар сарын 01-ний өдөр өвлийн хүйтэнд байрнаасаа гарсан. Ингээд би Хан-Уул дүүргийн цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Би Д.Ганболдыг танихгүй. О.Төгсжаргалтай 10 жилийн найзууд. 2014 оны 03 дугаар сард О.Төгсжаргал над руу яриад 5 сая төгрөг зээлээч би урагшаа явах ажилтай боллоо гэж хэлсэн. Би “ Чи яаж мөнгөө өгөх юм бэ “ гэхэд би Д.Ганболдод байрны мөнгөнд чинь оруулчих гээд хэлчихье гэсэн. Тэгээд би байрны мөнгөөс авч өгсөн. Би 1.000.000 төгрөгийг надад өгчих гэхэд О.Төгсжаргал 5.000.000 төгрөгнөөс 570.000 төгрөгийг надад өгсөн. Үлдэгдэл мөнгөө 4.430.000 төгрөгөө байрандаа оруулсан байх гэж бодож байна. Би байранд 9.000.000 төгрөгийн тавилга хийлгэж тавьсан. Би байрны 155.612.000 төгрөг, тавилганы 9.000.000 төгрөг нийт  164.612.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хоёр дахь мөнгөө өгөхдөө О.Төгсжаргал нөхөртэйгээ хамт амьдрахгүй байгаа гэдгээ надад хэлсэн.

Энэ хоёр намайг хуурч тэр байранд оруулаагүй бол би 9 сая төгрөгөөр тавилга хийлгэх ямарч шаардлагагүй байсан. Одоо эдгээр тавилгууд хаана ч таарахгүй учир эвдэж аваад зуслангийн байранд хураасан байгаа. Маш их гомдолтой байна гэв.

            Прокуророоос шүүгдэгч Д.Ганболд, О.Төгсжаргал нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо 56А-42 тоотод байрлах “ Инел “ ХХК-иас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “ Зайсан виллаже “ хотхон орон сууцнаас хямд үнээр байр захиалж өгнө хэмээн хуурч мэхлэн С.Батсүхээс 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 155.612.000 төгрөгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-г журамлан  тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

            Шүүгдэгч О.Төгсжаргал нь хохирогч С.Батсүхийн хүсэлтээр өөрийн нөхөр байсан Д.Ганболдтой ярьж, түүгээр дамжуулан “ Инэл “ ХХК-ний Зайсанд баригдаж буй орон сууцнаас 75.34 м2 талбай бүхий 3 өрөө байрыг захиалахаар болж, 2013.04.01-ний өдөр С.Батсүхээс  25 сая төгрөгийг авч 20 сая төгрөгийг, 2013.04.26-ны өдөр 30 сая төгрөгийг авч 23 сая төгрөгийг “ Инэл “ ХХК-ний дансанд тус тус тушааж, 43 тоот орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг өөрийн нэрээр байгуулан эдгээр баримтуудыг С.Батсүхэд өгсөн болох нь “ Инэл “ ХХК-ний санхүүгийн баримт, гэрээний хуулбар, гэрч Ш.Сарантуяагийн мэдүүлэг / 1-р хавтас 16-17 /, гэрч С.Мөнхбатын мэдүүлэг / 1-р хавтас 18-19 /, гэрч Г.Отгонцэцэгийн мэдүүлэг / 1-р хавтас 20 /, хохирогч С.Батсүхийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдсон, үлдэгдэл 12 сая төгрөгийг Д.Ганболд граш захиалахаар авсан болохыг хохирогч С.Батсүхэд хэлсэн. Үүнээс хойш тушаасан мөнгийг Д.Ганболд бэлнээр авсан болох нь шүүгдэгч  Д.Ганболдын мэдүүлэг / 1-р хавтас 241-242 /, хохирогч С.Батсүхийн мэдүүлэг / 1-р хавтас 74-75 / зэргээр тус тус нотлогдсон, дээрх  мөнгөнөөс О.Төгсжаргал хувьдаа авч ашиглаагүй, дээрх компанид тушаагдсан мөнгийг Д.Ганболд буцаан авсныг мэдээгүй байна.

            Эдгээрээс дүгнэхэд О.Төгсжаргалын дээрх үйлдэлд С.Батсүхийг залилан мэхлэж, түүний мөнгийг өөрийн болгож авах гэсэн субектив санаа бодол тогтоогдохгүй, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдхүүн байхгүй, Мөн О.Төгсжаргал нь 5 сая төгрөгийг зээлж авсан бөгөөд үүнээс 570.000 төгрөгийг бэлнээр буцаан өгч үлдэх мөнгийг түүний байрны төлбөрт өгөхөөр тохиролцсон болохыг хохирогч С.Батсүх шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн, үлдэгдэл 4.430.000 төгрөгийг шүүгдэгч Д.Ганболд 2 хуваан авсан болох нь түүний мэдүүлгээр тус тус нотлогдсон, 4.430.000 төгрөг нь Д.Ганболдын учруулсан хохиролд орсон байна.

Иймд шүүгдэгч О.Төгсжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.Ганболд нь Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо 56А-42 тоотод байрлах “ Инел “ ХХК-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “ Зайсан виллаже “ хотхон орон сууцнаас хямд үнээр байр захиалж өгнө хэмээн хуурч мэхлэн С.Батсүхээс 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд нийт 155.612.000 төгрөгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …” Зайсан виллаже “ орон сууцанд  3 өрөө, 75,34м2 талбай бүхий 43 тоот сууцыг грашийн хамт хямд үнээр авч өгнө гээд урьдчилгаа төлбөр хий,  нэмж төлбөр хий, түлхүүрээ авчихлаа үлдэгдэл төлбөрөө хий гэж шаардан 155.216.000 төгрөгийг авч байрны түлхүүрийг өгсөн. Гэтэл уг байрыг Б.Халиунсүрэн гэгч авахаар компанитай гэрээ хийсэн байсан ба миний өөрт нь бэлнээр өгсөн болон компанид тушаасан мөнгийг компаниас буцаан авсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч С.Батсүхийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 13-15, 74-75, /, …улсын комисс ажиллаж байх үед бүх гэрээгээ шалгаж үзэхэд 43 тоот гэрээ байгаагүй. Тэгээд борлуулагч нараас асуухад гэрээгээ цуцлаад мөнгөө буцаан авсан авсан гэсэн. Мөнгийг буцааж авахдаа Мөнхбат захирлын зөвшөөрлөөр гарсан гэсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ш.Сарантуяагийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 16-17, 2 дугаар хавтас 65 /,  … Ганболд  надтай өөрийн биеэр уулзаад манай компанийн барьж байгаа Зайсан виллаж хотхоны орон сууцнаас О.Төгсжаргал бид хоёр байр авна гэхээр нь зөвшөөрсөн. Тухайн үеийн зах зээлийн ханшнаас хямдруулаагүй, 2.200.000 төгрөгөөр Ганболд нартай гэрээ хийсэн. Ямарч байсан 2014 оны 06 сард шиг санаж байна. Ганболд надтай хэд хэдэн удаа утсаар яриад “ С.Мөнхбат ахаа мөнгөний хэрэг болоод байна. Би удахгүй буцааж тушаана “ гээд байхаар нь Д.Ганболдод “ Чи мөнгө буцаан авах тухай хүсэлт бичээд ир. Тэгээд ав “ гэж хэлсэн. Энэ дагуу Д.Ганболд хүсэлт бичээд ирэхээр нь би нягтлан Буянжаргал, Г.Отгонцэцэг нар руу утсаар хэлээд мөнгө авах хүсэлтийг нь цохож өгөөд явуулсан. Тэгээд Д.Ганболд манай нягтлан нараас мөнгө аваад явсан байсан. Ганболд бидний хооронд грашийн талаар ямарч яриа болоогүй гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч С.Мөнхбатын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 18-19 /,  ... 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Д.Ганболд байр захиалсан гэрээний дагуу төлсөн мөнгийг гадаад явах шаардлага гарсан тул мөнгийг буцаан олгож өгнө үү гэсэн өргөдөл бичээд энэ өргөдийг манай захирал С.Мөнхбат олгохыг зөвшөөрч цохолт хийгээд эхний удаад 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 6.000.000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөгийг гаргуулан авсан. Ингээд урьдчилгаа төлсөн 39.000.000 төгрөгийг буцаан авсан ба үлдсэн 4 сая төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Д.Ганболд буцаан авсан. Манай борлуулалтын албанаас түлхүүр аваагүй. 43 тоотын түлхүүр манай борлуулалтын албанд лацны хамт байсаар байгаа гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Г.Отгонцэцэгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 20 /,  …Мөнгө хүлээлцсэн акт /1 дүгээр хавтас 4 /,  “ Инэл “ ХХК-ний харилцагчийн гүйлгээний хуулга / 1 дүгээр хавтас 204 / зэрэг болно.      

Шүүхээс шүүгдэгч Д.Ганболдыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ганболдод ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг хөнгөрүүлэх, гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч С.Батсүх нь байрны төлбөрт төлсөн 155.612.000 төгрөг, “ Зайсан виллаже “ хотхоны орон сууцны 43 тоот байранд гал тогоо, оо-н өрөө болон хувцасны өрөөний тавилга хийлгэхэд нийт 9.000.000 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан гэрэл зураг болон , орлогын баримтын хуулбар зэргээр / 2 дугаар хавтас 77-80 / нотлогдсон, энэ нь шүүгдэгч Д.Ганболдын гэм буруут үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул бодит хохирол 155.612.000 төгрөг дээр нэмж, бүгд 164.612.000 төгрөгийг Д.Ганболдоор төлүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Д.Ганболд нь “ Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн зүүн хойно 2 давхар барилгын карказыг газрын хамт худалдан авахаар С.Мөнхбаттай ярьж хөөцөлдсөн.

С.Мөнхбат чи наад барилгын баримт бичгийг хөөцөлдөөд бэлэн болгох юм бол чамд 3 өрөө байрнаас гадна 2 өрөө байр 100.000.000 төгрөг өгөх болно гэж надад хэлсэн гэж мэдүүлсэн нь үндэслэлгүй болох нь ...Ганболд надад нэг ийм объект байна. Та худалдаж авах уу гэхээр нь бичиг баримтыг нь үзэхэд хоёр эзэнтэй юм байхаар нь татгалзсан хариу хэлээд явуулсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн сэжигтэн С.Мөнхбатын мэдүүлэг / 2 дугаар хавтас 72 /,  …Д.Ганболд нь 2 жил гарангийн өмнө миний өмчлөлийн Их сургуулийн гудамжинд байрлах газар, түүн дээр барьсан 2 давхар карказыг худалдан авах санал тавьсан. Би шүүх дээр асуудалтай байгаа. Тэрийгээ шийдэж байж болъё гэсэн. Дахин холбоо бариагүй гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ж.Мөнхжаргалын мэдүүлэг / 2 дугаар хавтас 89 /,  хөрөнгө оруулалтын гэрээ нь албан ёсны гэрээ биш би С.Мөнхбат ахад үзүүлэх гэж өөрөө хийсэн байсан гэсэн шүүгдэгч Д.Ганболдын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

 “ Инэл “ ХХК болон шүүгдэгч О.Төгсжаргал нарыг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь Д.Ганболд, О.Төгсжаргал нар нь гэрлэлтээ 2015 онд цуцлуулсан, “ Инэл “ ХХК-ний ажилчид О.Төгсжаргал, Д.Ганболд нарыг тусдаа амьдарч байгаа болохыг гэмт хэрэгт холбогдсон үеэс мэдсэн Д.Ганболд нь тэдгээрийг хуурч мөнгийг буцааж авсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэргээр,  

О.Төгсжаргал нь хохирогч С.Батсүхээс 5 сая төгрөгийг зээлж 570.000 төгрөгийг бэлнээр буцаан өгч, үлдэх 4.430.000 төгрөгийг түүний байрны үлдэгдэлд Д.Ганболдод өгсөн, Д.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт авсан гэж мэдүүлсэн, дээрх мөнгө нь Д.Ганболдын төлөх мөнгөнд орж тооцогдсон болох нь хохирогч С.Батсүхийн мэдүүлгээр тус тус нотлогдсон тул “ Инэл “ ХХК болон О.Төгсжаргал нарыг иргэний хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Д.Ганболдын өмчлөлд 10-11 УБН улсын дугаартай Ниссан Патрол маркийн автомашин бүртгэлттэй байгаа нь хэрэгт авагдсан лавлагаагаар тогтоогдсон бөгөөд Д.Ганболд 2005 онд бусдад худалдсан гэх боловч энэ нь нотлогдохгүй байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан борлуулж хохирогч С.Батсүхийн хохиролд тооцох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч О.Төгсжаргалын Хаан банкны 5111174158, 5062120671 тоот данснуудыг битүүмжлэлээс чөлөөлөв.

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 283, 286, 294, 297, 298, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                         ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар прокуророос Очирбатын Төгсжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2. Донидын Ганболдод прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

3. Донидийн Ганболдыг бусдыг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д  зааснаар 200.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Д.Ганболдын эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид  эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Д.Ганболдыг цагдан хоригдсон 16 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, О.Төгсжаргал 3 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Ганболдоос 164.612.000 төгрөг гаргуулан хохирогч С.Батсүхэд олгосугай.

8. Хэрэгт эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан Д.Ганболдын нэр дээр бүртгэлтэй 10-11 УБН улсын дугаартай Ниссан Патрол маркийн автомашиныг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан борлуулж, хохирогч С.Батсүхийн хохиролд тооцон олгосугай.

9. Хэрэгт битүүмжлэгдсэн О.Төгсжаргалын нэр дээрх Хаан банкны 5111174158, 5062120671 тоот данснуудыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

10. О.Төгсжаргалд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Д.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

11. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.                                           

                                                                                                                         

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.ОЮУНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                           Х.ИДЭР

                                                                                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ