Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 153/2019/00205/и |
Дугаар | 001/ХТ2020/00464 |
Огноо | 2020-09-08 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2020/00464
Х.Тын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00344 дүгээр шийдвэр,
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 41 дүгээр магадлалтай,
Х.Тын нэхэмжлэлтэй
Ховд аймгийн СХЗХт холбогдох,
Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэст холбогдох Ховд аймгийн СХЗХийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1963 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн. Ховд аймгийн СХЗТийн даргын 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай тушаалаар тус төвийн сахиул, галчаар томилогдон ажиллаж, мөн Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн даргын 2009 оны 5 дугаар сарын 29-ний 10 дугаартай тушаалаар үйлчлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж, хугацаагүйг хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тасралтүй 11 жил ажилласан төрийн үйлчилгээний албан хаагч юм. Энэ байгууллагад 11 жил сахиул, үйлчлэгчээр ажиллах хугацаандаа би нэг ч илүү цагийн мөнгө авахгүйгээр, ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүйгээр ажилдаа сэтгэл зүрхээ зориулан чин сэтгэлээсээ ажиллаж ирснийг хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ. Би байгууллагын галлагааны ажлыг бас давхар хийдэг байсан тул жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэмэгдэл авдаг. 2018 онд галлагааны нэмэгдэл гэж 125,436 төгрөгийн тушаал гарсан, энэ нэмэгдлийг авч байсан. Ховд аймгийн СХЗХийн дарга нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б/08 дугаартай тушаал гарган Х.Т намайг тус хэлтсийн сахиул, үйлчлэгчийн ажлаас хууль бусаар чөлөөллөө. Хууль бус гэхийн учир нь Ховд аймгийн СХЗХийн дарга нь Х.Т намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлж байгаа нь хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт нь ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх заалтыг зөрчсөн. Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тэтгэвэрт гарахгүй, цаашид ажиллана гэдэг хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. Ховд аймгийн СХЗХийн дарга нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг баримтлан ажлаас чөлөөлж байгаа нь уг хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэн тушаал гаргасан. Миний бие нь 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад үүссэн мэтээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Ховд аймгийн СХЗХийн дарга нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэх нэхэмжлэгч миний тэтгэвэр тогтоолгох эрхийг зөрчиж байна. Ховд аймгийн СХЗХийн дарга нь миний Үндсэн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрх, цалин хөлс авах эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд Ховд аймгийн СХЗХийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг Ховд аймгийн СХЗХийн үйлчлэгч, сахиулын ажилд эгүүлэн тогтоож, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,343,000 төгрөгийг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ховд аймгийн СХЗХийн үйлчлэгч, сахиулын ажилтай Х.Т нь 2018 оны төсвийн төсөл, 2019-2020 оны төсвийн төсөөлөл хэлэлцэх үед 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би 55 нас хүрч байгаа тул 2019 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгоно. Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг 2018 оны төсөвт суулгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсныг үндэслэн Х.Тт тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг 2018 оны жилийн эцсээр олгохоор 2018 оны төсөвт суулгахаар санал хүргүүлсний дагуу Сангийн яамнаас 2019 оны 1 дүгээр сард Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн газрын төсөвт орж ирсэн байна. Тэгээд Х.Тт тэтгэмжийн мөнгийг түүний данс руу нь шилжүүлсэн боловч тэрээр буцаагаад байгууллагын данс руу хийсэн байсан. Х.Т нь 1963 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, улсад 22 жил ажилласан, тушаал гарах үед 55 нас 3 сар 13 хоногтой байсан. Х.Т нь тэтгэвэрийн насанд хүрсэн байсан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх тул ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Х.Т нь 2019 оны амралтын хуваарь гараагүй байхад чөлөөлөгдсөн бөгөөд түүний амралт эдлэх хугацаа болоогүй байсан тул Х.Т нь 2019 оны ээлжийн амралт эдлээгүй. Иймд Ховд аймгийн СХЗХийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00344 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Тыг Ховд аймгийн СХЗХийн үйлчлэгч, сахиулын ажилд эгүүлэн тогтоосугай. 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч А.Тогтбаярын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,026,107 /хоёр сая хорин зургаан мянга нэг зуун долоо/ төгрөгийг хариуцагч Ховд аймгийн СХЗХээс гаргуулж нэхэмжлэгч Х.Тт олгож, илүү нэхэмжилсэн цалин 316,893 /гурван зуун арван зургаан мянга найман зуун ерөн гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч А.Тогтбаярын ажилгүй байсан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэст даалгасугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн СХЗХээс улсын тэмдэгтийн хураамж нийт 117,567 /нэг зуун арван долоон мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 41 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00344 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хариуцагчийн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг би эс зөвшөөрч хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасангүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэг. Шүүх маргааны агуулгыг буруу тодорхойлж, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Х.Тыг Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.3-т заасан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад ажлаас чөлөөлсөн нь буруу байна.” гэж дүгнэсэн нь маргааны бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Х.Т нь хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц тэтгэвэр тогтоолгоно. Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахтай холбогдуулан төрөөс олгодог нэг удаагийн тэтгэмжийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц авна гэдэг хүсэлтээ байгууллагын захиргаанд удаа дараа гаргаж байсан тул “тэтгэмж” нь 2019 оны төсөвт суугдсан. Тэтгэмжийн мөнгийг байгууллага олгосон байдаг. Төрийн албан хаагчийг өндөр насны тэтгэвэрт гарах үед нь олгох нэг удаагийн тэтгэмж нь сангийн яамнаас нэг л удаа төсөвлөгдөж, сангийн яамны програмд нэг л удаа төсөвлөгддөг бөгөөд төсөвт суусан үед нь авахгүй бол буцаан татагдаад дахиж олгогддоггүй хатуу нөхцөлтэй байдаг. Хоёр. Х.Т нь тус хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байсан ба сард 405 000 төгрөгийн цалинтай ба шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо буруу тооцсон байна. Гурав. Стандарт хэмжил зүйн хэлтэс нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулан ажилладаг ба нэхэмжлэгч Х.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж дахин сунгагдаагүй байхад шүүх нэхэмжлэгч Х.Тыг байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан гэж дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй байна. Дөрөв. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ ажилтны ажилласан хугацаанд оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцоогүй, ажил хүлээлцэхэд зориулж ямар хугацаа тогтоосон нь тодорхойгүй, ажил олгогч нь ажил хүлээлцэх хугацааг тушаалдаа заагаагүй байна. гэсэн нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор судлаагүй гэж үзэж байна. Тав. Давж заалдах шатны шүүх: нэхэмжлэгч нь би өндөр насны тэтгэвэрт гарахгүй үргэлжлүүлэн ажиллана гэдгээ хэлж байсан, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бичгээр үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ илэрхийлж байсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “...20-иос доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэх хуулийн заалтыг ажил олгогч зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл “даатгуулагч өөрөө өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлттэй байсан” гэх үйл баримтыг ажил олгогч нотлож чадаагүй байна” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Х.Т нь 55 насанд хүрмэгц өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ удаа дараа гаргаж, төрөөс олгох тэтгэмжийг авахаар хүсэлт гаргасны дагуу тэтгэмж нь 2019 оны төсөвт сууж, өөрт нь олгогдсон. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэргийн нэг үйл явдлыг 2 янзаар тайлбарлан дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.
Х.Т нь Ховд аймгийн СХЗХт холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан үйлчлэгч, сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2 343 000 төгрөгийг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй зөв хянан шийдвэрлэсэн байна.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан шаардлагад нийцжээ.
Х.Т нь 2008 онд Ховд аймгийн СХЗТд сахиул, галчаар ажилд орсон ба 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн, тушаал гарах үед Х.Т нь улсад 22 жил ажилласан, 55 нас 3 сар 13 хоногтой байсан үйл баримт тогтоогдсон байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж заажээ.
Х.Т нь 55 нас хүрсэн, эмэгтэй, 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн боловч тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан гэх байдал хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдоогүй, ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Х.Тыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 2 026 107 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй гэж маргасан бөгөөд энэ талаар ажилтны гаргасан гэх өргөдөл байхгүй, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2019 оны төсөвт Х.Тт олгох тэтгэмж орсон үйл баримт нэхэмжлэгч хүсэлт гаргасан гэдгийг нотлох хангалттай баримт болоогүй байна. Энэ талаарх нотлох баримтыг үнэлж чадаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай байна.
Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00344 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 41 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА