Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00479

 

Т.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00515 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 212/МА2019/00057 дугаар магадлалтай, 

Т.Аийн нэхэмжлэлтэй

ӨС-ын ЕБ1-р БДСд холбогдох,

Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Ажилд томилох тухай" 06 дугаар тушаалыг хүчингүй болгосон 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгох, Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/41 дугаартай М.Ахжолыг ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгох, Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн дуу хөгжмийн багшийн ажил үүргийг гүйцэтгүүлэхийг Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн захиралд даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Х.Берикболын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 оны 9 дүгээр сараас эхлэн Өлгий сумын 6 дугаар ахлах сургуульд дуу хөгжмийн багшаар, Өлгий сумын 1 дүгээр бага сургуульд дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сард орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор цагийн багш буюу түр ажилд шилжин ажиллах болсон. Миний бие боловсролын салбарт 12 дахь жилдээ тасралтгүй, чин сэтгэлээсээ ажиллаж байгаад өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас түр ажилтан болсон, надад байнгын ажлын байртай болсон тул Засаг дарга, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт өргөдөл гаргаж ажил олгож өгөхийг хүссэн. Ингэснээр ӨС-ын ЕБ1-р БДСийн захирал Х.Алмасбек 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр намайг тус сургуулийн дуу хөгжмийн багшийн ажилд томилсон тухай тушаал гаргаж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Миний бие уг тушаалын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлж ажлаа хүлээн авч ажиллах ёстой боловч захирал Х.Алмасбекийн хадам ээж нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан тул захирал ажилдаа ирээгүйн улмаас ажлаа хүлээлцэж өгөөгүй байсан. Улмаар 7 хоногийн дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Х.Алмасбек захирал ажилдаа ирэнгүүтээ түүний ажлыг шинээр томилогдсон захиралд шилжүүлэн өгсөн. Тийм учраас би шинээр томилогдсон захирал Х.Берикболтой уулзаж, ажилд томилогдсон тухай тушаал болон хөдөлмөрийн гэрээг хамтад нь үзүүлж ажил хүлээлгэж өгөхийг шаардсан. Гэтэл Х.Берикбол захирал надад хандаж чамайг ажилд томилсон тухай тушаалыг хүчингүй болгосон тул чамд ажил хүлээлцүүлэхгүй гэж хэлсэн. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулж, намайг тухайн байгууллагад гарч буй сул орон тоонд томилсон учраас надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахын тулд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой байсан. Шинээр томилогдсон захирал надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үл тоомсорлож, ажил хүлээлгэж өгөхгүй, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэр гаргасан явдалд их гомдолтой байна. Иймд намайг Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Ажилд томилох тухай 06 дугаар тушаалыг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээнд заасан хөгжмийн багшийн ажил, үүргийг гүйцэтгүүлэхийг ӨС-ын ЕБ1-р БДСийн захиралд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.А нэхэмжлэлийн шаардлагыг эхний удаа ихэсгэсэн хүсэлтэд: Миний бие шүүхэд анх нэхэмжлэл гаргах үед миний эрх ашгийг зөрчиж, миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаалын огноо, дугаарыг мэдэхгүй байсан тул тодорхой бус байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр миний өмгөөлөгч С.Нургайыпын хүсэлтээр шүүхийн журмаар хариуцагч байгууллагын архив бичиг хэрэгт үзлэг хийснийхээ дараа надтай холбоотой тушаал шийдвэрүүдийн огноо дугаарыг олж мэдээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулан ихэсгэж байна. Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн намайг ажилд томилох тухай 06 дугаар тушаалыг хүчингүй болгосон 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай Тушаалыг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхийг Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн захиралд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.А нэхэмжлэлийн шаардлагыг хоёр дахь удаа ихэсгэсэн хүсэлтэд: Гуравдагч этгээдээр оролцож байсан К.Аймангүлийн хариуцагч ӨС-ын ЕБ1-р БДСийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөтөлшгүй нотлогдон тогтоогдсон. Гэвч хариуцагч ӨС-ын ЕБ1-р БДСийн захирал Х.Берикбол нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Б/41 дугаар тушаал гаргаж М.Ахжол гэгчийг маргаан бүхий орон тоонд томилсон байна. Би уг тушаалыг хууль бус гэж үзэж байна. Учир нь, гуравдагч этгээдээр оролцож байгаа М.Ахжол гэгч нь 2016-2018 онд мэргэжлээрээ огт ажиллаж байгаагүй, цаашлаад яривал М.Ахжол нь багшлах эрхгүй этгээд юм. Тийм учраас Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн "М.Ахжолыг ажилд томилох тухай" Б/41 дугаар тушаал хүчингүй болох ёстой. Иймд гомдлын шаардлагаа "Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн "М.Ахжолыг ажилд томилох тухай" Б/41 дугаар тушаал хүчингүй болгуулах" гэж ихэсгэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1. Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.Алмасбек нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 тоот захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ба яг ажлаас чөлөөлөгдсөн өдөр хувийн ашиг сонирхлоор өөр сургуульд бүр орон тоонд багшаар ажиллаж байсан Т.Аийг сургуулийн дуу хөгжмийн багшаар томилсон тушаал гаргасан нь эргэлзээтэй гэж үзэж байна. Учир нь сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.Алмасбек нь уг тушаалыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үйлдсэн атлаа маргаан бүхий тушаалын өдрийг засаж ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн болгон хуурамч нотлох баримт гарган өгсөн байна. 2. Тус сургуулийн дуу хөгжмийн багшаар 30 дахь жилдээ ажиллаж буй К.Аймангүл нь өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаагүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй, өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг аваагүй, өндөр насны тэтгэврийг тогтоолгоогүй зэрэг нөхцөл байдал нь түүний оронд Т.Аийг шууд томилох хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна. Тухайн үед К.Аймангүл гэдэг багшаас асуухад ажлаас чөлөөлсөн тушаал гардаж аваагүй, тэтгэвэр тогтоолгоогүй, хүсэлт гаргаагүй, тухайн үед Т.Атэй уулзаж тохироогүй, яагаад ийм зүйл болсныг мэдэхгүй, бид 2 хамаатан гэж хэлсэн. 3. Нэхэмжлэгч Т.А нь тухайн үед Өлгий сумын 1 дүгээр бага сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг өгөөгүй байсан. Тухайн үед Т.А өөрөө 1 дүгээр бага сургуульд цагийн багш, танай сургуульд орох гэж байна гээд учир байдлаа танилцуулаад ажилд орох хүсэлттэй байна гэж хэлсэн. Хөдөлмөрийн гэрээ байсан бол тушаалыг хүчингүй болгуулахгүй, ажлыг нь хүлээлгэж өгөх байсан. Би Т.Аийн байдлыг судлахад өөр сургуульд ажилладаг, чөлөөлөгдөөгүй, хөдөлмөрийн гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй, 17 цагтай, 2018 оны 1 дүгээр сарын байдлаар жирэмсний амралттай багшийн цагийг нэмж аваад үндсэн багшийн цагтай ажиллаж байгааг нь мэдсэн. Хоёр орон тоонд нэг багш зэрэг ажиллах боломжгүй. Нэхэмжлэгч тухайн үед 20 цагтай ажиллаж байсан. Энэ нь 1 дүгээр сарын цалингийн цэсээс харагдаж байна. Нормд 15 цаг дээр нэмж 1, 2 цагийг зааж байгаа гэдгийг илэрхийлнэ. Нэгэнт тухайн байгууллагаас чөлөөлөгдөөгүй байсан тул 1 дүгээр бага сургуулийн хичээлийн хуваарь буюу Т.Аийн 3 дугаар улирлын цагийн хуваарьтай танилцсан. Т.Аийн 3 дахь өдрийн 3 цаг, 5 дахь өдрийн 2 цаг, К.Аймангүлийн мөн өдрийн 3 цаг, 5 дахь өдрийн 2 цагтай давхцаж байсан. Тухайн ажлаасаа чөлөөлөгдөөгүй байсан тул хоёр өөр байгууллагад нэг зэрэг хичээл заах боломжгүй гэж харсан. Багш 7 хоногт ажлын 5 өдөр 40 цаг ажиллах ёстой. Түүний 34 цаг нь стандартыг хэрэгжүүлэх цаг байдаг. Стандарт хэрэгжүүлэх цаг гэдэг нь хичээл заах, сурагчтай ажиллах, хичээл тасалсан хүүхэдтэй ажиллах, хоцрогдлыг арилгах талаар ажиллана. Дээр нь нэмж 6 цаг бусад ажил хийлгэх цаг зааж өгсөн. Тэрнээс тооцоолж үзвэл 1 дүгээр долоо хоногт Т.А 20 цагийн хичээлтэй. К.Аймангүл нь 25 цагийн ажил хийж байсан. Нийлээд 45 цаг болно. Дээр нь стандарт хэрэгжилтийн 15 цаг, 6 цагуудыг тус тус нэмээд Т.А нь 1 долоо хоногт 66 цаг ажиллах нөхцөл байдал үүсэж байсан. Энэ нь өдөрт 13,2 цаг ажиллах буюу өдөрт 10 цаг амрах унтах, хооллох нөхцөл байдал үүсэж байсан. Өглөө 08-22 цаг хүртэл ажил хийхэд хүргэж байсан. Энэ нь Т.Аийн эрүүл мэндэд харшлах нөхцөл байдал үүснэ, мөн оройн цагаар сурагчтай ажиллах хууль тогтоомжид заасан хүүхдийн эрх ашгийг зөрчсөн байсан. 4. Т.А нь тус сургуулийн дуу хөгжмийн багшаар нэг ч өдөр ажиллаагүй, албан ёсоор багшийн ажлыг хүлээн аваагүй, дуу хөгжмийн багшийн ажилд томилсон тушаал нь эргэлзээтэй зэрэг нөхцөл байдлууд нь түүний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй гэдгийг харуулж байна. 5. Түүний нэхэмжлэлдээ ... мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гарган өгчээ. Уг хөдөлмөрийн гэрээнд тус сургуулийн тэмдэг дарагдаагүй байгаа нь Т.А сүүлд уг гэрээг ажлаас чөлөөлөгдсөн Х.Алмасбектэй хуйвалдан нөхөн хийсэн гэрээ гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрөө надад байгаа гэж хэлсэн ба надад авч ирж харуулаагүй. Гомдол гаргахдаа хөдөлмөрийн гэрээг хамтад нь үзүүлсэн гэж бичсэн байна. Худал гомдол гаргаж байгаад харамсаж байна. Тухайн үед албан ёсны хөдөлмөрийн гэрээ авчирч үзүүлээгүй. Би хөдөлмөрийн гэрээ байгаа бол авч ирж үзүүлээрэй гэж хэлсэн. Уг хэргээс анх би тамгагүй хөдөлмөрийн гэрээ харсан. Сарын дараа тамгатай хөдөлмөрийн гэрээ харсан. Хэрвээ уг хөдөлмөрийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан бол ажил олгогч гэсэн хэсэгт байгууллагын тэмдэг дарагдах ёстой ба хөдөлмөрийн гэрээ хийсэн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Иймд нэхэмжлэгч Т.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00515 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн "Ажилд томилох тухай" 06 дугаар тушаалыг хүчингүй болгосон 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай Тушаалыг хүчингүй болгох тухай тушаалыг болон 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/41 дугаартай М.Ахжолыг ажилд томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн дуу хөгжмийн багшийн ажил, үүргийг нэхэмжлэгч Ботахара нура овогт Тоханы Т.Аээр гүйцэтгүүлэхийг Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн захирал /Х.Берикбол/-д даалгаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 212/МА2019/00057 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00515 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 гэсний дараа 40 дүгээр зүйлийн 40.2 гэснийг нэмж, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн дуу хөгжмийн багшийн ажил, үүргийг нэхэмжлэгч Ботахара нура овогт Тоханы Т.Аээр гүйцэтгүүлэхийг Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн захирал /Х.Берикбол/-д даалгасугай гэснийг Ботахара нура овогт Тоханы Т.Аийг Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай. гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Берикбол хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгуулах тухайд: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00515 дугаартай шийдвэрээр Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “ажилд томилох тухай” 06 дугаар тушаалыг хүчингүй болгосон 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай ‘Тушаалыг хүчингүй болгох тухай” тушаалыг болон 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/41 дугаартай “М.Ахжолыг ажилд томилох тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн дуу хөгжмийн багшийн ажил, үүргийг нэхэмжлэгч Ботахара нура овогт Тоханы Т.Аээр гүйцэтгүүлэхийг Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн захиралд даалгаж шийдвэрлэж , Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 212/МА2019/00057 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт утга найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж гомдлыг хангахгүй орхисныг эс зөвшөөрч “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажлаа хүлээж авсны дараа Т.А надтай ирж уулзсан. Би энэ үед түүнд чамайг ажилд томилсон бол байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ аваад ир, тэрний дараа ажиллуулах эсэхийг шийдвэрлэнэ гэж явуулахад нэхэмжлэгч Т.А нь хөдөлмөрийн гэрээг авчирч өгөөгүй. Нэхэмжлэгч тухайн үед захирал хөдөлмөрийн гэрээ авчрахыг шаардсан, гэрээ авчирч өгөөгүй гэдгээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн. Сургуулийн бичиг хэргээс энэ талаар тодруулахад Т.Атэй нэг өдөр ажилд томилогдсон гэх Р.Булан, Б.Еркөгүл, С.Саулеш нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хувь байсан мөртлөө Т.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хувь байгаагүй. Энэ нь шүүгчээс 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл /хэргийн 33-36 хуудас/-ээр нотлогддог. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа гаргаж өгсөн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 5-7 хуудсанд баталгаажуулалт хийсэн хэсэгт сургуулийн тамганы дардас байгаагүй. Хариуцагч миний зүгээс 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаартай албан бичгээр хариу тайлбар хүргүүлэхдээ хөдөлмөрийн гэрээнд сургуулийн тамга байхгүй байгаа талаар дурдсаны дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаартай албан бичиг/ хэргийн 63 дугаар хуудас/ хүсэлт гаргахдаа гэрээний эх хувь гзх тамгатай хувийг гаргаж өгсөн. Энэ нь эргэлзээтэй байгаа учир бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс хөдөлмөрийн гэрээний хувийг гэрчилсэн нотариатчийг гэрчээр байцааж гэрээ гэрчлүүлэх үед тамганы дардас байсан эсэх, хэрэв байсан бол яагаад дардас нь гараагүй хувийг гэрчилсэн болохыг тодруулж өгөх хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Хэрэв тухайн үед хүсэлтийг хүлээн авч энэ эргэлзээг тайлсан бол хэрэг өөрөөр шийдвэрлэгдэх боломжтой байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн үед ажил олгогч Т.Атэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээг үндэслэл болгож Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн. 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэж болохоор зохицуулсан. Т.А нь манай сургуульд ажилд томилогдохдоо өмнө нь эрхэлж байсан Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн дуу хөгжмийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөөгүй, тус сургуулийн хичээлийн хуваариар заах хичээл нь манай сургуулийн хичээлийн хуваарьтай давхацсан байсан. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Миний бие дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан К.Аймангүл тэтгэвэрт гарсны дараа Т.Аэд холбогдох асуудал шүүхээр хянагдаж байгаа учир өөрийн эрх хэмжээний хүрээнд 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дугаартай тушаалаар М.Ахжолыг дуу хөгжмийн багшаар томилсон. М.Ахжолыг ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулснаар ажилтан, ажил олгогч хоёрын хооронд Т.Аийн нэхэмжлэлтэй огт хамааралгүй бие даасан хөдөлмөрийн харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх дээрх тушаалыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэв Т.Аийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шат шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогчийн зүгээс М.Ахжолтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүх М.Ахжолыг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгож улмаар давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг баталгаажуулан анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 гэж нэмж шийдвэрлэсэн нь түүний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Дээрх шийдвэрүүдийг гаргахдаа анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж М.Ахжолын эрх ашгийг ноцтой зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн заалт нь угаасаа ажил олгогчид олгогдсон эрх хэмжээ бөгөөд ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөх ёстой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх М.Ахжолыг дуу хөгжмийн багшаар томилсон захирлын тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэснээр М.Ахжолын бололцооны дагуу өөр ажилд орох эрхийг эдлэх боломжийг хааж байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Т.А нь ӨС-ын ЕБ1-р БДСийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, М.Ахжолыг ажилд томилон тухай 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/41 дүгээр тушаалыг хүчингүй болгох, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ӨС-ын ЕБ1-р БДСийн дуу хөгжмийн багшийн ажил үүргийг гүйцэтгүүлэхийг ӨС-ын ЕБ1-р БДСийн захиралд даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, “...захирлаар ажиллаж байсан Х.Алмасбек нь ажлаас чөлөөлөгдөх өдрөө өөр сургуульд багшаар ажиллаж байсан Т.Аийг сургуулийн дуу хөгжмийн багшаар томилсон тушаал гаргасан нь эргэлзээтэй, тушаал гаргасан өдрийн огноог зассан, К.Аймангүл нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн боловч ажлаас чөлөөлөх үндэслэл бий болоогүй, өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг аваагүй, орон тоо байгаагүй...” гэх үндэслэл заажээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулсан нь оновчтой болжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Ажил олгогч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн, Баян-Өлгий аймгийн ӨС-ын ЕБ1-р БДСийн дуу хөгжмийн багш К.Аймангүлийн оронд Т.Аийг 2018 оны 01 дүгээр сарын 25-аас эхлэн томилсон, зохигчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж шүүх үзэхдээ тус сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тулгууран үндэслэлтэй дүгнэжээ.

Аливаа гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсноор гэрээ байгуулагдсанд тооцогддог бөгөөд талууд албан тушаал, гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний талаар тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан, мөн ажил олгогч тушаал гаргасан тул хөдөлмөрийн гэрээг байгуулагдсан гэж үзнэ. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдоогүй, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан биелүүлэх ёстой тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал Иргэний болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Т.Аийг ажилд томилох тушаал гаргасан ӨС-ын ЕБ1-р БДСийн захирал Х.Алмасбек үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн хэдий ч сургуулийн захирал байхдаа бүрэн эрхийн дагуу гаргасан тушаал нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар хүчинтэй юм.  

К.Аймангүл нь тэтгэвэрт гарсан ба 2018 оны 4 сард нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авсан нь Т.Аийг ажилд авсан тушаалыг үгүйсгэх үндэслэл болоогүй талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дах хэсэгт нийцжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлд хамаараагүй тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 212/МА2019/00057 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                                   П.ЗОЛЗАЯА