Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 140/2019/00246/и |
Дугаар | 001/ХТ2020/00476 |
Огноо | 2020-09-10 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2020/00476
В.Мгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 372 дугаар шийдвэр,
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 205/МА2019/00019 дүгээр магадлалтай,
В.Мгийн нэхэмжлэлтэй
ЗА-ийн ИСЗДд холбогдох,
ЗА-ийн ИСЗДын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгч В.М, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.М, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн, хариуцагчийн төлөөлөгч Х.Баярмаа, нарийн бичгийн даргаар Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч В.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Идэр сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байтал 2018 оны 02 сарын 06-нд ажлаас халсныг үндэслэлгүй гэж шүүхээр шийдвэрлүүлж 2019 оны 04 сарын 03-ны өдөр Идэр сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилдаа орсон боловч 2019 оны 04 сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлаас халсан. ЗА-ийн ИСЗДын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн Б/03 тоот захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул танай шүүхэд хандаж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Баярмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Соёлын төвийн эрхлэгч В.Мг хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. В.М нь өмнө хоёр ч удаа ажлаасаа халагдсан байсан. Ажлын хариуцлага муу, өөрийн ажилчдыг дарамталж архи мөнгө авдаг, архи уудаг, мөн шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн бөгөөд ял шийтгэлтэй хүнийг ажилд томилсон гэсэн өргөдлийг иргэн Д.Цэвээн ирүүлсэн. Мөн Соёлын төвийн дэргэдэх уран сайхны зөвлөлийн тэргүүлэгчдээс ирүүлсэн гомдол зэргийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэжээ.
Нэхэмжлэгч В.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Идэр сумын Цэцэрлэг багийн харьяат В.М би сумын Засаг дарга, тамгын газарт холбогдох 2019 оны 04 сарын 09-ний өдрөөс эхлэн цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж цалин гаргуулахыг хүсч өргөдөл гаргаж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Баярмаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Цэцэрлэг багийн иргэн В.Мгийн нэхэмжилсэн цалин хөлсийг олгохгүй бөгөөд В.М нь ял шийтгэлтэй ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй болно гэжээ.
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар В.Мгийн ЗА-ийн ИСЗДд холбогдуулан гаргасан ЗА-ийн ИСЗДын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 205/МА2019/00019 дүгээр магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 372 дугаартай шийдвэрийг үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах аштны шүүхүүд зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн бодит үйл явдалд тохирсон дүгнэлт хийгээгүйгээс хууль хэрэглээний зөрчил гаргасан гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд зохигчдын хооронд үүссэн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь зохигчдын хооронд үүссэн маргааныг зохицуулсан хөдөлмөрийн гэрээний 9.3.1 дэх хэсгийг зөв хэрэглээгүй ба үүнийг үндэслэн нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлснийг хэрэглэх ёсгүй хэрэглэсэн гэж үзэж байна. Талуудын маргаантай харилцааг зохицуулсан хөдөлмөрийн гэрээг буруу тайлбарлан хэрэгэлсэн болно. Шүүхүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т заасан шаардлага болон хөдөлмөрийн гэрээг баримтлан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлснийг үндэслэн зөв дүгнээгүй байгаа нь хууль буруу хэрэглэсэн. Иймд шүүхүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 118 дугаар зүйлийн 118.1, 116 дугаар зүйлийн 116.2-т заасан зөрчил нэхэмжлэгч В.Мгийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч В.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Идэр сумын цэцэрлэг багийн харьяат сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажил хийж байгаад 2018 оны 02 дугаар сарын 04-нд ажлаасаа халагдаж аймгийн иргэний хэргийн анхан шатны шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор 2019 оны 04 дүгээр сарын 3-нд ажилдаа эргэн томилогдоод 3 хоног ажлаад 2019 оны 04 дүгээр сарын 06-нд дахин ажлаас халсан. Би одоо 55 настай, улсад 33 жил тасралтгүй ажилласан. Соёлын төвийн эрхлэгчээр тасралтгүй 20 жил ажилласан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагч ЗА-ийн ИСЗДд холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай В.Мгийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ.
Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй боловч хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Зохигч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.
В.М өмнө нь ажлаас халагдаж, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 439 дүгээр шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01713 дугаар тогтоолоор Идэр сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоогдсон ба ажил олгогч 2019 оны 4 сарын 03-ны өдөр ажилд нь авч, 2019 оны 4 сарын 18-ны өдрийн Б\03 тоот тушаалаар ажлаас халсан үйл баримт хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогдсон байна.
Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг баримталж, В.М нь хөдөлмөрийн гэрээний 9.3.1 дэх хэсэгт заасан “ажилтан нь гэмт хэрэг үйлдэж ял /торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих, эрх хасах, ял тэнсэх/ шийтгүүлсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцох” үндэслэл бий болсон гэж, ажлаас халжээ.
В.М хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан эрүүгийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон гэх үндэслэлээр өмнө нь ажлаас чөлөөлөгдөж байсан бөгөөд энэ үндэслэлээр дахин ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан” сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй.” зохицуулалтыг зөрчсөн болохыг хоёр шатны шүүх дүгнэж чадаагүйгээс гадна 2019 оны 4 сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг 2018 онд гаргасан ажилтны зөрчилд хамааруулсан нь хуулийг буцаан хэрэглэхгүй зарчмыг зөрчсөн байна.
Завхан аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 сарын 15-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 сарын 29-ний өдрийн 11 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 сарын 25-ны өдрийн 245 дугаар тогтоолоор В.М нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар 10 000 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг заасан. Торгох ял нь ажилтан ажил үүргээ гүйцэтгэхэд саад болохгүй буюу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл биш болохыг шүүх анхаараагүй, хэрэглэвэл зохих уг хэм хэмжээг хэрэглээгүй нь буруу байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46,1,46.2-т заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2019 оны 4 сарын 3-наас 2020 оны 9 сарын 10 хүртэлх хугацааны 17 сар 7 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 10 541 869 /сарын дундаж цалин 608 457 төгрөг/ төгрөгийг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 205/МА2019/00019 дүгээр магадлал, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 372 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсгийг баримтлан В.Мг Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 10 541 869 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэж өөрчилж, магадлал, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА