Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 41

 

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, хариуцагч Энхманлай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбаатар, Б.Батсайхан, Ц.Хуяг нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 221/МА2016/0771 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн 634 дүгээр шийдвэрээр: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот шийтгэвэр, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1320 дугаар шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 221/МА2016/0771 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 634 дүгээр шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтыг “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28, 73 дугаар зүйлийн 73.1, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоож, “Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1320 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69.1-д зааснаар бүртгүүлж өөрийгөө зохицуулах байгууллага /цаашид ӨЗБ гэх/ болох байгууллага нь ямар статустай хуулийн этгээд байж болохыг зааж, эдгээрээс бусад байгууллага ӨЗБ байж болохгүй гэдгийг зааснаас бус 69.1-д зааснаар бүртгүүлсэн эсэхээс үл хамааран эдгээр байгууллага ӨЗБ байна гэсэн зохицуулалт биш юм.

Иймд Улсын байцаагчийн дүгнэлт гарах 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ӨЗБ болоогүй байсан. Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 10 дугаар сарын 13-ны 379 тогтоолоор ӨЗБ болсон. Уг хуулийг хэрэгжүүлэгч, төрийн зохицуулагч байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо ч дээрх агуулгаар ойлгож хуулийг хэрэглэдэг ба энэ талаар шүүхийн хүсэлтээр гаргаж өгсөн тайлбартаа дурдаж, хөрөнгийн бирж хэзээ ӨЗБ болсныг дурдсан байдаг.

Энэ дүгнэлт нь буруу эсэх талаар Дээд шүүхээс нэг мөр дүгнэлт өгөх шаардлагатай.

Үүнээс гадна Магадлалын хянавал хэсгийн 1-ийн А-д Хөрөнгийн биржийн удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал биш, бүх гишүүдийн хурлаар журмаа батлах талаар хуулийн заалт нь Хөрөнгийн биржид хамаарахгүй гэж зөв дүгнэсэн. Энэ дүгнэлт нь Улсын байцаагчийн дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоох гол үндэслэл болох ёстой байтал дүгнэлтийг үндэслэлтэй гэж эсрэгээр шийдвэрлэсэн.

Улсын байцаагчийн дүгнэлт нь брокер диллермйн компаниудын гишүүний хураамжтай холбоотой гомдолд үндэслэсэн бөгөөд бирж нь гишүүний журам, төлбөр хураамж, гэрээг ТУЗ-өөрөө баталсан байдаг. Харин улсын байцаагч нь биржийг бүх гишүүдийн хуралтай байх ёстой. түүгээрээ дээрх бичиг баримтуудыг батлаагүй, улмаар төлбөр хураамжийг эрх бүхий этгээд батлаагүй гэдэг дүгнэлт гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх Улсын байцаагчийн дүгнэлтийн гол, цөм агуулгыг нь үндэслэлгүй гэж дүгнэсэн хэрнээ актыг хүчинтэй хэвээр үлдээсэн буруу болсон.

Давж заалдах шатны шүүх хэргийн материалтай гүйцэд танилцаагүй энэ дүгнэлтийг хийсэн. Хавтаст хэргийн 38, 39, 56-р хуудаст гишүүн брокер диллерийн компаниуд, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Санхүүгийн зохицуулах хорооноос санал авахаар хүргүүлж байсан албан бичгүүд байхаас гадна 39-52-р хуудаст гуравдагч этгээдийн саналыг авдаггүй, авсан ч тусгадаггүй гэх үгүйсгэсэн тайлбарын эсрэг ямар нэгэн няцаалтыг нэхэмжлэгч гаргаж чадаагүй, зөвхөн санал авсан гэдгээс өөр тайлбаргүй байна" гэж дүгнэсэн асуудалд хариулт өгөх нотлох баримт байгаа. Энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд хүргүүлсэн албан бичгийн хавсралтаар ирүүлсэн саналыг хэрхэн тусгасан талаар дэлгэрэнгүй хүснэгтийг шүүх анзаараагүй байна. Хэрэв анзаарсан бол ийм дүгнэлт хийхгүй бөгөөд уг хүснэгтэд ирүүлсэн нийт 41 саналын 1 асуудлыг уулзалтаар шийдэх, 2 асуудлыг тусгасан тул давхардуулах шаардлагагүй гэж, бусад асуудлыг хүлээн авч шийдвэрлэж байсан.

Нөгөө талаас шалгуулагч этгээд бус төрийн хяналт шалгалт хийж зөрчил тогтоосон этгээд нь зөрчлийг хэрхэн тогтоосон, ямар нотлох баримтад үндэслэн биржийг "гэрээ байгуулахдаа санал авдаггүй, нөгөө талдаа тулгаж байгуулдаг" гэдгийг тогтоосон гэдэг захиргааны актаа хамгаалах үүрэгтэй, энэ талаар нотлох баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгөх, үгүй бол актаа нотолж чадаагүй, акт нь хүчингүй болох ёстой байтал эсрэгээр нь шалгуулагч этгээд нь нотолж чадаагүй гэж актыг үндэслэлтэй байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Зөвхөн энэ үндэслэлээр дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл энэ гомдлын 2 дахь хэсэгт дурдсан асуудлаар Улсын байцаагчийн дүгнэлтийн гол хэсгийг үндэслэлгүй гэж үзсэн, мөн нэхэмжлэлийн бусад асуудлаар дүгнэлт өгөөгүй, зөвхөн энэ хэсэгт дурдсан дээрх үндэслэлээр дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн нь буруу.

Магадлалд Улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотойгоор зөвхөн хянавал хэсгийн 1-ийн А, Б гэсэн хэсэгт дурдсан дээрх 2 асуудлаар дүгнэлт хийсэн бөгөөд үүнээс гадна Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй, эсхүл илт хууль бус болох талаар нэхэмжлэгч талын гаргасан дараах үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүй.

Улсын байцаагчийн актад ерөнхий 3 төрлийн зөрчил гаргасан гэж үзсэн:

1.ӨЗБ мөртлөө бүх гишүүдийн хуралтай байх ёстой, гишүүний журам, төлбөр хураамжаа бүх гишүүдийн хурал батлаагүй байна.

2. Гишүүний төлбөр хураамж.

З.Гишүүн байгууллагуудтай гэрээ байгуулахдаа санал авдаггүй, тулгаж байгуулдаг. Эдгээрээс нэхэмжлэгч тал дараах үндэслэлүүдийг гаргадаг боловч давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.9, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11.3-д хяналт шалгалт хийхдээ тэмдэглэл хөтлөх хуулиар тогтоосон прецессийг зөрчсөн. Хяналт шалгалтын процессыг зөрчиж гаргасан дүгнэлт хүчин төгөлдөр бус. Улсын байцаагч хяналт шалгалт хийх явцад хуульд заасан тэмдэглэл үйлдээгүй, ямар нэг тэмдэглэл шалгуулагч этгээдэд танилцуулаагүй. Уг тэмдэглэлийг үйлдээгүйгээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг Улсын байцаагч зөв ойлгож хэрэглэж байгаа эсэх, шалгалтын явцад тухайн зохицуулалттай холбоотойгоор шалгуулагч байгууллагын зүгээс тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгөх зэрэг чухал ач холбогдол бүхий процесс гам. Ийм чухал ач холбогдолтой процессыг хийгээгүйгээр илт хууль бус акт гарах үндэслэл болсон.

Төрийн хяналт шалгалт өөрөө үндэслэл бүхий, хуульд нийцсэн байх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй нь өөрөө захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус болохыг илэрхийлж байна.

Захиргааны актад бичигдсэн хуулийн заалт, үндэслэлийн талаар:

Улсын байцаагчийн дүгнэлтэд “Иймд дээрх үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-д "хууль ёсны ашиг сонирхолд харшлах ... худалдааны арга хэрэглэх" гэж заасныг зөрчсөн” гэсэн. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйл нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг зохицуулсан буюу аж ахуй эрхлэгчээс ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа өрсөлдөгч байгууллагуудтай шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой заалт. Гэтэл Монголын хөрөнгийн биржийн хувьд Монгол улсад өрсөлдөгч байхгүй 12 дугаар зүйлд заасан үндэслэлүүд нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хамаарахгүй байтал хамааралгүй заалт үндэслэж акт тогтоосон.

Дээрх байдлаар давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч гэрээ байгуулахдаа "санал авдаг, тулгаж байгуулдаггүй" гэдгээ нотолж чадаагүй гэдэг зөвхөн ганц үндэслэлээр дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн, ингэхдээ хавтаст хэргийн 39-52-р хуудаст нотлох баримт байгааг анзаараагүй, актын гол үндэслэлийг үндэслэлгүй гэж үзсэн мөртлөө, мөн бусад асуудлаар дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэгч нь "Улсын байцаагчийн 2015 оны 5/40 дүгнэлтийг хүчингүй, эсхүл илт хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагатай явж байгаа бөгөөд Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болохыг тогтоож магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн “улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ зөрчлийг шалгаж тогтоогоогүй” тухай дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 5/40 дүгээр дүгнэлт, 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 38 дугаар шийтгэвэр, Улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1320 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

“гишүүнчлэлийн журам батлах эрхтэй” эсэх талаар:

Маргаан бүхий дүгнэлтээр “хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад Төлөөлөн удирдах зөвлөл гишүүнчлэлийн журам баталсан” гэж нэхэмжлэгчийг буруутгажээ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас бусад өөрийгөө зохицуулах байгууллагын эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28 дахь хэсэгт зааснаар Хөрөнгийн бирж нь үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байна.

Иймээс Хөрөнгийн бирж нь “үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага” гэдэгт хамаарч байх тул тус байгууллагын эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байх хуулийн зохицуулалтад хамаарахгүй, компанийн өмчлөгч нь төр байх бөгөөд компанийн удирдлагын бүтцэд “бүх гишүүд” гэх бүтэц байхгүй болно.

Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, харин анхан шатны шүүхээс “...гишүүнчлэлийн журам нь өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгүүлэхээс өмнө батлагджээ” гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, хуульд нарийвчлан зохицуулсан буюу Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК нь өөрийгөө зохицуулах зохицуулах байгууллагад хамаарч байх боловч компанийн бүтцийн хувьд хуульд өөрөөр зохицуулсан буюу мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт хамааралгүй, харин үнэт цаасны арилжаа эрхлэгч гэх шалгуур үзүүлэлтэд хамаарч байгаа тул Төлөөлөн удирдах зөвлөлөөс гишүүнчлэлийн журам баталсан нь хууль зөрчөөгүй байна.

-давамгай байдлаа ашиглан бусад аж ахуй нэгжийг шахан гаргах зорилгоор өндөр үнэ тогтоосон” гэх тухайд:

Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэгт давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох үйл ажиллагаа явуулахыг хориглосон.

“Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2014/07 дугаар тогтоолоор Гишүүнчлэлийн журам баталсан байх бөгөөд уг журмын Долоо-д гишүүнээр элсэх өргөдлийг хянан шийдвэрлэх үйлчилгээний хөлс 500000 төгрөг, гишүүнчлэлийн элсэлтийн хөлс 15000000 төгрөг, гишүүнчлэлийн жилийн хөлс 2500000 төгрөг, арилжааны системд нэвтрэх эрх ашигласны хөлс тус бүр нь улирлын 195000 төгрөг байхаар тус тус тогтоосон байна.  

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт зааснаар Хөрөнгийн бирж нь үзүүлж байгаа үйлчилгээний хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй байна.

Гэтэл улсын байцаагчаас нэхэмжлэгчийг буруутгасан үндэслэл тодорхойгүй, судалгаа байхгүй, “яагаад өндөр үнэ тогтоосон” гэж үзсэнээ нотолж чадаагүй, нэхэмжлэгчээс хуулиар хориглосон, өрсөлдөөнд харш үйл ажиллагааг хэрхэн явуулсан, давуу байдлаа хэрхэн урвуугаар ашигласан болохыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.3 дахь хэсэгт заасан “хийсэн хяналт шалгалтын үнэн зөвийг бүрэн хариуцах”, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан “гэм буруу нь нотлогдвол шийтгэл оногдуулах” гэж заасантай нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн биржээс гишүүн байгууллагад үйлчилгээ үзүүлсний төлөө тодорхой хэмжээний үйлчилгээний хөлс авах эрхтэй бөгөөд үзүүлсэн үйлчилгээнээс хэтрүүлэн хөлс тогтоосон гэдэг нь холбогдох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх эрх зүйн дүгнэлт хийх, тухайлбал үйлчилгээний хөлсийг ямар үзүүлэлт, хүчин зүйлтэй харьцуулж, хөлсийг “өндөр” тогтоосон гэж үзэх нь тодорхойгүй байна.

Зүй нь улсын байцаагчаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн үзүүлж байгаа үйлчилгээний хөлс гэдэгт ямар ямар ажил үйлчилгээ орсон, ямар зардал байдаг, үйлчилгээний хөлс мөн эсэх, эдгээр орлого нь нийт үйл ажиллагааны орлогын хэдийн хувийг эзэлж байгаа, үйлчилгээний хөлсний хэмжээнээс шууд хамаарч үйлчилгээ авч байгаа компанийн тэгш өрсөлдөх эрхийг хэрхэн хязгаарласан, яаж нөлөөлсөн зэргийг судалж тогтоох шаардлагатай байжээ.

Хариуцагчаас “Хөрөнгийн биржээс төлбөр төлөөгүй шалтгаанаар арилжаанд оролцогчдын эрхийг хязгаарласан байгаа нь өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл мөн” гэж маргаж байгаа боловч зөвхөн энэхүү нотлогдоогүй үйл баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй. 

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар үнэт цаасны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авахыг хүсч байгаа хуулийн этгээд нь Хөрөнгийн биржийн арилжааны цахим сүлжээнд холбогдсон байхыг шаардсан, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1 дэх хэсэгт зааснаар Хөрөнгийн бирж нь үнэт цаас болон бараа бүтээгдэхүүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг хөрөнгийн биржээр арилжихад зохих үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй байна.

Эндээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд нь харилцан үйл ажиллагааны хамааралтай, гуравдагч этгээдээс үйлчилгээний хөлс төлөх үүрэгтэй, харин үйлчилгээний хөлсний хэмжээ нь үзүүлсэн үйлчилгээнд тохирсон хэмжээтэй байх зарчим дагаж мөрдөгдөхөөс, улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ дээр дурдсанаар зөрчлийг бүрэн дүүрэн, эргэлзээгүй талаас нь шалгаж тогтоосонгүй.

Нөгөө талаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь хэсэгт зааснаар зохицуулалттай этгээд нь тухайн үйл ажиллагааг эрхлэх, учирч болох эрсдэлийг хариуцах хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй байх шаардлагатай байна.

Түүнчлэн хариуцагчаас “гэрээг тулгаж байгуулдаг” гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа боловч энэ нь мөн үйлчилгээний хөлсний бодит хэмжээ хэд байхаас шууд шалтгаант холбоотой, үйлчилгээний хөлсийг гэрээгээр тохирохоос илүүтэйгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр тогтоосон байгаа тул энэ нь “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн шийдвэр, үйл ажиллагаатай шууд холбоотой байна.

Энэхүү маргаанаар зөвхөн улсын байцаагчийн актын хууль зүйн үндэслэлийг хянаж байгаа тул энэ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх ба нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйлчилгээний хөлс тогтоосон эдийн засгийн үндэслэл тооцоолол, үзүүлсэн үйлчилгээний төрөл, хэмжээ, гаргасан зардал тодорхойгүй байгаа хэдий ч зөвхөн энэ үндэслэл нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл болж чадахгүй бөгөөд энэ нь гуравдагч этгээдийн захиргааны байгууллагад гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.

Давж заалдах шатны шүүхээс “хэлбэрийн хувьд санал авсан, гуравдагч этгээдийн ... үнэт цаасны  арилжаанд оролцох эрхийг хязгаарласан” зэргээр нэхэмжлэгчийг буруутгахдаа захиргааны хэргийн шүүхээс маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах зарчмаас хальжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн тухайд зөвхөн улсын байцаагчийн дүгнэлттэй холбогдуулан маргасан байгааг давж заалдах шатны шүүхээс анхаараагүй байна.

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч хууль буруу хэрэглэсэн буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсгийг баримталсан нь буруу байна. Учир нь утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэдэг нь захиргааны байгууллагын алдаа нь ноцтой алдаа байх, хэн ч харсан илэрхий алдаатай байх тохиолдол хамаарах бөгөөд энэ тохиолдолд маргаан бүхий дүгнэлт зөвхөн нэг үндэслэлээр гараагүй, бусад үндэслэл хуулийн шаардлага хангаж байгаа тохиолдолд “утга агуулгын илэрхий алдаатай” захиргааны акт гэж үзэхгүй.

Мөн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу “улсын байцаагчийг зөрчлийг шалгаж тогтоогоогүй” гэж буруутгасан атлаа уг харилцааг зохицуулсан хуулийг хэрэглээгүй, “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1” гэж маргааны үйл баримтыг зохицуулаагүй, ерөнхий харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 771 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 634 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1” гэснийг “Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 20 дугаар зүйлийн 20.3.3, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 69 дүгээр зүйлийн 69.2” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

 

   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ