Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00480

 

Р.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02402 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1902 дугаар магадлалтай, 

Р.Сийн нэхэмжлэлтэй

УБТЗд холбогдох,

Толгойт дахь техник үйлчилгээний газрын даргын ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4 500 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт энэ хугацааны нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Р.Сийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Б.Азжаргал, нарийн бичгийн даргаар Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар 30.2.4, Хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.8, 5.3.10 дах заалтууд УБТЗын дүрмийн 22-р зүйлийн а , з заалтууд, Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан замын орлогч дарга Х.Амгалангийн 2019-оны 6 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хурлын шийдвэрийг үндэслэн намайг Вагон ашиглалтын депогийн харьяа Толгойт дахь техник үйлчилгээний газрын даргын ажлаас үндэслэлгүйгээр, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Намайг ажлаас халсан тушаалд шагналын мөнгө 320 000 төгрөгийг завшсан, вагон үзэгч Б.Загд-Очир, Х.Амарсайхан нарын архи уусан зөрчлийг нуун дарагдуулж, албан тушаалаа урвуулан ашиглаж, ажилтнуудаас 283 000 төгрөг, 1 портер элс авч Толгойт техник үйчилгээний газрын урд талбайг тохижуулсан, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр БТЕГ ХХК-д УБТЗын хөрөнгө болох төгсгөлийн кран 24 ш, зөөлөн хоолой 20 ш дур мэдэн шилжүүлсэн гэж заасанг би зөвшөөрөхгүй. Ийм зөрчил гаргаагүй. Ажлын төлөө хүнийг ажлаас халж байсан. Үүнд өширхсөн хүмүүсийн явуулгаар ийм юм болж байна. Иймд УБТЗ даргын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б-II-100 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, Толгойт техник үйчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Р.С нь 2003 оны 9 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Улаанбаатар өртөөнд вагон үзэгч, засварчин, Тээврийн хяналтын албанд вагоны аж ахуй хариуцсан хяналтын байцаагч, Салхит техник үйчилгээний газрын дарга, Вагон ашиглалтын депод зааварлагч, инженер, 2018 оны 02 дугаар сараас Толгойт техник үйчилгээний газрын даргаар тус тус ажилласан. Ажилд томилогдож ажиллах хугацаандаа 2017 оны 5 дугаар сард Замын даргын үзлэгээр ажлын байранд архи ууж, сахилгын зөрчил гаргасан учир ажлаас халагдсан боловч мөн оны 6 дугаар сард түүнийг ажилд буцаан авсан. 2019 оны 5 дугаар сард ажлын байранд танхайрсан тул Вагон ашиглалтын депогоос түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Толгойт техник үйчилгээний газрын хамт олноос дарга Р.Ст холбогдуулан гаргасан гомдлын дагуу УБТЗ-ын Дотоод аудит, хяналтын албанаас шалгалт хийсэн бөгөөд уг шалгалтаар Р.С нь дараах ноцтой зөрчил гаргасныг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр актаар тогтоогдсон. Үүнд: а/ Толгойт техник үйчилгээний газрын дарга Р.С нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Вагон ашиглалтын депогийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос Толгойт техникийн үйлчилгээний ажилтан нарт Төмөр замчдын баярыг тохиолдуулан нягтлан бодогч Г.Ганзориг нь ахлах вагон үзэгч Б.Загд-Очирын /Худалдаа хөгжлийн банкны 3400001887 тоот /дансанд шилжүүлсэн 190 000 төгрөгийг, УБТЗын 2018 оны хөдөлмөрийн уралдаанд Вагон ашиглалтын депо 3 дугаар байр эзэлж, шагнуулсан 6 600 000 төгрөгөөс Толгойт техник үйлчилгээний газарт хуваарилан, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр олгосон 320 000 төгрөгийг Вагон ашиглалтын депогийн данснаас Р.Сийн дансанд шилжүүлснийг тус тус хувьдаа завшиж ашигласан, УБТЗ ХНН-ийн хөрөнгө болох төгсгөлийн кран 24 ш, зөөлөн хоолой 20 ш зэргийг 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Болд төмөр ерөө гол ХХК-д дур мэдэн шилжүүлсэн, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр вагон үзэгч Б.Загд-Очир, 4 дүгээр сарын 08-ны өдөр ахлах вагон үзэгч Х.Амарсайхан нарын гаргасан архи уусан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нуун дарагдуулж, албан тушаалаа урвуулан, Б.Загд-Очироос 243 000 төгрөг, Х.Амарсайханаас 40 000 төгрөг, нэг портер элсийг тус тус авч Толгойт техник үйлчилгээний газрын талбайг тохижуулсан ноцтой зөрчил гаргасан байсан. Р.С нь ажилчдад олгох хөрөнгийг хувьдаа завшсан, ажилчдын гаргасан сахилгын зөрчлөөр шалтаглан тэд нараас мөнгө авч, ажлын байрны дарамт шахалт үзүүлсэн, байгууллагын хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор Хөдөлмөрийн гэрээний 4.2-т Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, холбогдох дүрэм журмыг чанд мөрдөж, хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллана, 4.8-д Ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх, 5.3.10-т Нийгэмлэгийн өмч хөрөнгийг завшсан гэснийг болон шан харамж авсан, архи уусан хүнийг нуун дарагдуулж, үгсэн нийлсэн, 11.2.1-т Ажилтан нь Монгол Улсын Үндсэн хууль, Төмөр замын тээврийн тухай болон бусад хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж ажиллана гэснийг тус тус зөрчсөн, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарч байгаа. Түүний гаргасан сахилгын зөрчлүүд нь Дотоод аудит хяналтын албанаас хийсэн шалгалтын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн илтгэх ХШ-61/05/23 тоот хуудас /дүгнэлт/, Вагон ашиглалтын депогийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 18 тоот хурлын тэмдэглэл, шуурхай хурлын 20 тоот тэмдэглэл, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 24 тоот тэмдэглэл, гэрч Б.Загд-Очир, Н.Мөнхдорж, А.Мөнгөн нарын тодорхойлолт, УБТЗ-ын Вагон ашиглалтын депогийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02 өдрийн 109 дүгээр тушаал, түүний 1-р хавсралт, уг тушаалыг үндэслэн 320 000 төгрөгийг Толгойт техник үйчилгээний газрын дарга Р.Сийн дансанд шилжүүлсэн талаарх Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн орлогын ордер, Вагон ашиглалтын депогийн ҮЭХорооны харьяа Үйлдвэрчний Эвлэлийн бүлгүүдэд Төмөр замын баяр тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулан мөнгө хувиарласан хувиарлалт болон уг хувиарлалтын дагуу 190 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б.Загд-Очирын дансанд шилжүүлсэн дотоод шилжүүлгийн маягт болон 2018 оны 6 сарын 12 өдрийн шаардлага, Болдтөмөр Ерөө гол ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 04/77 тоот болон 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 02/87 тоот бичиг, УБТЗамын Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч даргын удирдан хийсэн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдоно. Иймд Замын даргын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б-II-100 дугаар тушаалаар Р.Сийг ажлаас халсан, мөн сарын 02-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02402 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч УБТЗд холбогдох ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4 500 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилтийг хийлгүүлэхээр шаардсан нэхэмжлэгч Р.Сийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1902 дугаар магадлалаар  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02402 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Р.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул нэхэмжлэгч Р.С миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, миний гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Хариуцагч Монгол-Оросын УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Хөдөлмөриин тухай хуулийн 131.3 дахь хэсэгт “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчиж, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 391 дүгээр тушаалаар надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 0-11-100 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан. Энэ нь Монгол-Оросын “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Вагон ашиглалтын дөпогийн орлогч даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хийсэн шуурхай хурлын тэмдэглэл болон Монгол-Оросын “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан замын орлогч даргын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хийсэн шуурхай хурлын тэмдэглэлээр нотлогдсон байхад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэж, энэ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд Р.С миний бие гомдолтой байна. Хариуцагч Монгол-Оросын “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Б-И-100 дугаар тушаал гаргаж, намайг “2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Вагон Ашиглалтын депогийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос Толгойт Техник Үйлчилгээний газрын ахлах үзэгч Б.Загд-Очирын дансанд шилжүүлсэн 190 000 төгрөгийг, “УБТЗ” ХНН-ийн 2018 оны хөдөлмөрийн уралдаанд Вагон Ашиглалтын депо 3 дугаар байр эзэлж шагнуулсан 6 600 000 төгрөгөөс Толгойт Техник Үйлчилгээний газарт хуваарилан, 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр олгосон 320 000 төгрөгийг хувьдаа завшиж ашигласан, “УБТЗ” ХНН-ийн хөрөнгө болох төгсгөлийн кран 24 ширхэг, зөөлөн хоолой 20 ширхэгийг 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Болд Төмөр Ерөө Гол” ХХК- д дур мэдэн шилжүүлсэн, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ахлах үзэгч Б.Загд-Очир, 4 дүгээр сарын 08-ны өдөр ахлах үзэгч Х.Амарсайхан нарын гаргасан архи уусан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нуун дарагдуулж, албан тушаалаа урвуулан, Б.Загд- Очироос 243 000 төгрөг, Х.Амарсайханаас 40 000 төгрөг, 1 портер элс тус тус авч Толгойт Техник Үйлчилгээний газрын урд талбайг тохижуулсан” ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан. Эдгээр үндэслэлүүдийг шалгуулахаар Вагон Ашиглалтын депогоос 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 31/464 дүгээр албан тоотоор Төмөр зам дахь Цагдаагийн газарт хандсаны дагуу 190300475 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд тус Цагдаагийн газраас намайг 3 удаа дуудаж байцаалт авсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8 дахь хэсэгт уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой” гэж заасан байхад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хуулийн 65.1.8 заалтыг хэрэглээгүй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нь сахилгын зөрчилд давхар шийтгэл ногдуулсанд тооцогдохгүй” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд миний бие гомдолтой байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд миний бие “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-д шилжүүлсэн 24 ширхэг төгсгөлийн кран, 20 ширхэг зөөлөн хоолойтой холбогдуулан тус компаний Вагоны албаны даргаар ажиллаж байсан Д.Бямбацогт, Толгойт Төхник Үйлчилгээний газрын вагон үзэгч У.Эрдэнэбаяр нарыг гэрчээр оролцуулах, дээрхи сэлбэгүүдийг “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ны харьяа цагаанхаалга Техникийн Үйлчилгээний газарт хүлээн авсан актыг Вагон Ашиглалтын депогийн дарга Б.Наранбатаас авахуулж нотлох баримтаар хэрэгт хавсаргах, мөн намайг ажлаас халах үед ямар нэгэн тооцоогүй гэснийг нотлоход шаардлагатай тойрох хуудсыг нотлох баримтаар хэрэгт хавсаргах хүсэлт гаргаж байсан боловч шүүгч миний хүсэлтийг харгалзаагүй. Мөн миний бие ахлах үзэгч Б.Загд-Очир, Х.Амарсайхан нарын гаргасан сахилгын зөрчлийг нуун дарагдуулалгүйгээр тухайн өдөрт нь Вагон ашиглалтын депогийн орлогч дарга Б.Азжаргал, хэсгийн байцаагч С.Алдармандах нарт мэдэгдэж байсан. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Вагон Ашиглалтын депогийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос Толгойт Техник Үйлчилгээний газрын ахлах үзэгч Б.Загд-Очирын дансанд шилжүүлсэн 190 000 төгрөгийг авга ах маань нас барж гачигдал тохиолдсонтой холбогдуулан Б.Загд-Очирт хүсэлт гаргаж буцалтгүй тусламж хэлбэрээр авсан. “УБТЗ” ХНН-ийн 2018 оны хөдөлмөрийн уралдаанд Вагон Ашиглалтын депо 3 дугаар байр эзэлж шагнуулсан 6 600 000 төгрөгөөс Толгойт Техник Үйлчилгээний газарт хуваарилан, 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр олгосон 320 000 төгрөгийг миний бие Худалдаа Хөгжлийн банкин дахь өөрийн цалингийн дансанд орсныг тухайн үед нь мэдээгүйгээс зээлэнд өгсөн талаар тайлбарласан. Иймд магадлалыг хүчингүй болгож, миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч УБТЗд холбогдуулан нэхэмжлэгч Р.С нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, Толгойт дахь техник үйлчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4 500 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон ажил олгогчийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б-II-100 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар 30.2.4, Хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.8, 5.3.10 дах заалтууд УБТЗын дүрмийн 22-р зүйлийн а, з, Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан газрын 2019-оны 6 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хурлын шийдвэрийг баримталж, Р.Сыг сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэж, үүрэгт ажлаас нь  чөлөөлжээ./хэргийн 4-6 дугаар тал/

Р.С нь Вагон ашиглалтын депогийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Толгойт техникийн үйлчилгээний ажилтан нарт Төмөр замын баярыг тохиолдуулан шилжүүлсэн 190 000 төгрөг, УБТЗын 2018 оны хөдөлмөрийн уралдаанд шагнуулсан 6 600 000 төгрөгөөс 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр олгосон 320 000 төгрөгийг тус тус хувьдаа хэрэглэсэн, УБТЗ ХНН-ийн хөрөнгө болох төгсгөлийн кран 24 ш, зөөлөн хоолой 20 ш, нийт 3 684 134 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Болд төмөр ерөө гол ХХК-д дур мэдэн, үндэслэлгүйгээр шилжүүлсэн, 2019 оны 4 сард вагон үзэгч Б.Загд-Очир, Х.Амарсайхан нарын архи уусан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нуун дарагдуулж, Б.Загд-Очироос 243 000 төгрөг, Х.Амарсайханаас 40 000 төгрөг, нэг портер элсний хамт гаргуулсан зэрэг сахилгын зөрчлүүдийг гаргасан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан сахилгын давтан зөрчил гаргасан бол ажил олгогч санаачлагаараа хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон байгууллагын дотоод хэм хэмжээ, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэж, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Ажилтны гаргасан зарим зөрчлийг эрүүгийн хэргийн журмаар хянаж байгаа боловч маргааны зүйл эрүүгийн хэрэгт хэрхэн хамаарч байгаа нь тодорхой  бус, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажил олгогч хуулиар олгогдсон эрхийн дагуу тушаал гаргасан байх тул “эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан” нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, зохигчийн мэтгэлцэх эрхийг хангасан байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02402 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1902 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                              П.ЗОЛЗАЯА