Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2020/00520

 

Ч.Т гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01855 дугаар шийдвэр,          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2131 дүгээр магадлалтай, 

Ч.Тгийн нэхэмжлэлтэй

“ТБ” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.Тгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, нарийн бичгийн даргаар .Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Т нь 2011 оны 01 сарын 03-ны өдөр Хадгаламж банкны /хуучнаар/ удирдлагаас санал тавьсны дагуу Хаан банкнаас Хадгаламж банкны баруун хүрээ тооцооны төвд захирлын албан тушаалд шилжин орсноос хойш мэргэжлээрээ Хадгаламж, “ТБ”инд үр бүтээлтэй ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа идэвх санаачлагатай, хариуцлагатай хандаж, өдөр тутмын ажил, үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн. Мөн удирдлагаас өгсөн үүрэг, даалгавруудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ажлын алдаа дутагдал, хариуцлага алдаж байгаагүй. Ийнхүү ажлын амжилт, идэвх санаачилга, үр бүтээлийг минь үнэлж Хадгаламж банкнаас улирлын төлөвлөгөөг давуулан биелүүлж, удаа дараа шагнуулж байсан. Ажиллаж байх хугацаанд үр бүтээлтэй сайн ажилласан учраас Баруун хүрээ тооцооны төвөөс Дөчин мянгатын тооцооны төвийн үйл ажиллагааг сайжруул, хэмээн 2014 оны 4 сарын 14-ний өдрийн Б/637 дугаар тушаалаар шилжүүлэн ажиллуулсан. 2015 оны 10 сарын 02-ны өдрөөс 2015 оны 12 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд байгууллагатай харилцан тохиролцож, жирэмсэн байсан учир 2 сарын цалингүй чөлөө авч байсан. Ингээд үргэлжлүүлэн төрөхийн өмнөх хүүхэд асрах чөлөө буюу жирэмсний амралтаа авсан. 2016 оны 01 сарын 21-ний өдөр хүү Б.Хангай төрсөн бөгөөд хүүхдээ төрүүлсний дараа хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу ажилдаа орох тухай өргөдлөө 2018 оны 01 сарын 22-ны өдөр “ТБ”ны төв салбарын хүний нөөцийн мэргэжилтэнд гаргаж өгсөн. Хүний нөөцийн мэргэжилтэн н.Алтанзул таны хүүхэд асрах хугацааны чөлөө олгосон тушаал гараагүй байна, таны 2 сарын чөлөө авсан тушаал гарсан байна гэсэн хариуг өгсөн. Тэгээд ажил олгогч хүүхэд асрах чөлөөг 2018 оны 7 сарын 24-ний өдрийн Б/1185 дугаар тушаалаар нөхөж гаргасан. Уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Ч.Т нь 2018 оны 7 сарын 19-ний өдөр бичгээр хүсэлт гаргасан болгож, 2018 оны 3 сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 сарын 02-ны өдрийг дуустал хүүхэд асрах чөлөө олгосугай гэсэн утга бүхий тушаалыг нөхөж, гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Мөн Ч.Т нь 2018 оны 9 сарын 24-ний өдөр дахин ажилдаа орох тухай өргөдөл гаргасан боловч хариуцагч нь байхгүй гээд өгсөнгүй, Ч.Тд өөрт нь шаардлага хангахгүй хэлбэрээр байгаа. Хүн ажилдаа оръё гэж хүсээд байхад хүүхэд асрах чөлөө өгсөн нь ойлгомжгүй, түүнчлэн 2019 оны 01 сарын 21-ний өдөр чөлөөний хугацаа дууссан, түүнээс хойш Ч.Тг ажилд нь авсан, чөлөөлсөн ямар нэгэн тушаал гаргаагүй. Харин 2019 оны 4 сарын 12-ны өдөр хуулийн хэлтсийн захирал Амарсанаа Ч.Тг дуудан уулзаад түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэл болгон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийг бичгээр өгсөн. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар Ч.Тгийн ажил, албан тушаал хадгалагдаж байх ёстой. 2015 оны 9 сарын 28-ны өдрийн А/347 тоот 40 мянгат тооцооны төвийг татан буулгасан тушаал шийдвэрээ Ч.Тд танилцуулаагүй. Энэ тушаалаас нь үзвэл татан буугдах биш өөр нэгжтэй нэгтгэсэн гэж харагдаж байна. Энэ үеэс Ч.Тд сарын өмнө мэдэгдэх ажиллагааг хийх байсан. Ч.Тг ажилд авсан тушаал шийдвэр байхгүй байхад түүний нийгмийн даатгалын шимтгэлийг 2019 оны 4 сарыг дуустал төлсөн байгаа. Иймд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, Ч.Тг ажлаас халсан тул түүнийг 40 мянгат тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. ”ТБ”ны гүйцэтгэх захирлын 2019 оны 5 сарын 17-ны өдрийн Б/742 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 106 дугаар зүйлийн 106.2 дах заалтыг тус тус үндэслэн Ч.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 5 сарын 14-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох, хуульд заасны дагуу өөр ажил олж өгөхтэй холбоотойгоор ажлын байр санал болгохыг хүний нөөцийн газарт даалгаж шийдвэрлэсэн. ”ТБ”ны гүйцэтгэх захирлын 2015 оны 9 сарын 28-ны өдрийн А347 тоот зарим нэгжийг татан буулгах нэгтгэх, өөрчлөх тухай тушаалаар Ч.Тгийн ажиллаж байсан Дөчин мянгат тооцооны төвийг татан буулгаж, блансыг Чингэлтэй дүүрэг салбарт нэгтгэснээр Ч.Тгийн ажиллаж байсан Дөчин мянгат тооцооны төвийн захирал гэх албан тушаал ”ТБ”ны бүтцэд байхгүй болж, орон тоо хасагдсан. Үүнийг Ч.Т тухайн үед өөрөө мэдсэн, тийм ч учраас цалингүй чөлөө авч, үргэлжлүүлэн жирэмсний амралтаа авсан. Тэрээр ажилд орох тухай өргөдөл гаргасан зүйл огт байдаггүй. Сүүлд нөхөж гарсан тушаал бол Ч.Т өөрөө цалинтай ээж хөтөлбөрт хамрагдах зорилгоор хүсэлтээ гаргаж, тушаалаа нөхөн гаргуулж авсан байдаг. Ингээд Ч.Тгийн хүүхэд 3 нас хүрсэн учир бид 2019 оны 4 сарын 12-ны өдөр гүйцэтгэх захирлын 2015 оны 9 сарын 28-ны өдрийн А/347 тоот зарим нэгжийг татан буулгах, нэгтгэх, өөрчлөх тухай тушаалаар 40 мянгат тооцооны төвийг татан буулгасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн, тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 1 сарын дараа ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар мэдэгдэж, мэдэгдлийг Ч.Тд гардуулан өгсөн. Ингээд мэдэгдлийн хугацаа дууссан тул 2019 оны 5 сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарч, Ч.Тд гардуулан өгсөн. Б/742 тоот тушаалд өөр ажил олж өгөхтэй холбоотойгоор ажлын байр санал болгохыг Хүний нөөцийн газарт даалгаж шийдвэрлэсний дагуу Ч.Тд харилцааны менежерийн ажил, албан тушаалд ажиллахыг санал болгосон боловч хүлээн авахаас татгалзсан байдалтай байна. Ч.Т нь 2018 оны 01 сарын 22-ны өдөр, 2018 оны 9 сарын 24-ний өдрүүдэд ажилдаа орох талаар өргөдөл гаргасан гэж хэлээд байгаа боловч уг өргөдөл нь манайд байхгүй, нэхэмжлэгч өөрөө уг тайлбараа нотолж баримтаа өгсөнгүй. Тиймээс ийм өргөдөл гаргаж байсан гэдэг нь худлаа гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01855 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт тус тус зааснаар “ТБ” ХХК-нд холбогдох дөчин мянгат тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Ч.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2131 дүгээр магадлалтай Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01855 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Үүнд: Хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Тодруулбал дээрх цаг хугацаанд нэхэмжлэгч Ч.Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байсан байх боловч байгууллага өөрийн эрх хэмжээ, эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар дөчин мянгат тооцооны төвийг татан буулгаж байгаа үед Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 100 дугаар зүйлийн 100.1-т заасан хориглосон зохицуулалтууд хамаарахгүй болно” гэж, мөн давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ “...Ч.Тд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдэж, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна” гэж дүгнэсэн байдаг. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад аж ахуйн нэгж байгууллага татан буугдах тохиолдолд ажил үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах боломжгүйг зохицуулсан болохоос тухайн аж ахуйн нэгж байгууллагын салбар нэгжийг татан буулгах тохиолдлыг зохицуулаагүй болохыг шүүх анхаарч үзэлгүй, хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил албан тушаалыг хэвээр хадгалах ёстой. Өөрөөр хэлбэл, хэдийгээр бүтэц, зохион байгуулалт хийх эрх нь тухайн хуулийн этгээдийн болон ажил олгогчийн эрх ч гэсэн дээрх тохиолдолд бол ямар ч үндэслэл байлаа гэсэн тухайн ажил албан тушаал алга болохгүй байж байх үүрэгтэй. Энэ бол хуулиар ажил олгогчид өгсөн үүрэг. Гэтэл тухайн аж ахуйн нэгж, байгууллага татан буугдаагүй байхад түүний салбар нэгж татан буугдсан гэсэн үндэслэлээр ажил олгогч нь нь Ч.Тг жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байхад зөвхөн салбар нэгжийг татан буулгаж, бүтцийн өөрчлөлт хийж ажил, албан тушаалыг үгүй хийж, энэхүү үндэслэлээр ажлаас халсан нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчиж байна. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Хүүхэд асрах чөлөө дууссан эсхүл чөлөө дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй ...” гэсэн байдаг. Ч.Т миний хувьд ажилдаа орохоор удаа дараа ажил олгогчид хандсан боловч ажил албан тушаалд нь эгүүлэн томилох нь байтугай ажлаас халсан тул ажилдаа эргэн орохоор шүүхэд хандсан болно. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл чөлөө дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байна. Гэтэл “ТБ” нь дээрх зүйл, заалтад заасан орон тоог хасаагүй, ажилтны тоог цөөрүүлээгүй атлаа Ч.Тг ажилд нь аваагүй нь хуулийг ноцтойгоор зөрчсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй шийдвэрлэсэн нь хууль бус байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч “ТБ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч Ч.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо “нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөх”-ийг хүссэн ба гомдлын зарим хэсгийг хангаж, ажилгүй байсан хугацааны олговорын зарим хэсгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

1.Ч.Т нь “ТБ” ХХК-ийн салбар Дөчин мянгат тооцооны төвийн захирлын албан тушаалд ажиллаж байгаад тус компанийн захирлын 2019 оны 5 сарын 17-ны өдрийн Б/742 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх-ийн 18, 27, 30-р тал/

Дөчин мянгат тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Ч.Т нь 2015 оны 10 сарын 02-ны өдрөөс 2015 оны 12 сарын 02-ны өдөр хүртэл цалингүй чөлөө авч, үргэлжлүүлэн жирэмсний амралтаа авсан, ажил олгогч 2018 оны 7 сарын 24-ний өдрийн Б/1185 тоот тушаалаар 2018.03.1-нээс 2019.01.02 хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон, нэхэмжлэгч нь үүнээс өмнө буюу 2018 оны 09 сарын 24-ний өдөр ажилдаа орох хүсэлт гаргасан боловч хүүхэд асрах чөлөө 2019 оны 01 сарын 02 хүртэл олгосон талаар маргаагүй үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Дөчин мянгат тооцооны төв нь бие даасан, хуулийн этгээдийн салбар байх ба “ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 9 сарын 28-ны өдрийн А/347 дугаар тушаалаар тооцооны төвийг татан буулгаж, балансыг Чингэлтэй дүүрэг салбартай нэгтгэсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан...” гэх үндэслэлд хамаарч, ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.” гэж заасан бөгөөд аж ахуйн нэгж татан буугдсан тул ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.” гэж заасан тул ажил олгогч энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй, үүнд энэ шийдвэр саад болохгүй болно.

2. Тус тооцооны төв 2015 онд татан буугдсан байхад ажил олгогч энэ талаах ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан хугацаанд мэдэгдээгүй ба 2019 оны 4 сарын 12-ны өдөр мэдэгдэж, 2019 оны 5 сарын 17-ны өдөр Б/742 тоот тушаалаар ажлаас чөлөөлжээ. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан тооцооны төвийг 2015 онд татан буулгасан хэдий ч ажил олгогчийн зүгээс Ч.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 5 сарын 17-ны өдөр дуусгавар болгосон тул энэ хүртэл хугацаанд Ч.Т нь тухайн байгууллагад харьяалагдаж, ажилтан хэвээр байсан гэж үзнэ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгална” гэж заасан байдаг тул ажил олгогч энэ үүргээ биелүүлэх ёстой байна.

Нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөө дууссанаас хойш ажилдаа орох хүсэлт гаргасан байхад ажил олгогч ажилд нь эгүүлэн авах үүргээ биелүүлээгүй, ажиллаж байсан тооцооны төв татан буугдсан болохыг мэдэгдээгүй ба нэхэмжлэгч нь тухайн тооцооны төв татан буугдах хүртэл хугацаанд ажилдаа орж, цалин хөлс авах эрхтэй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан 2019 оны 1 сарын 02-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2019 оны 5 сарын 17 хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулах үндэслэл тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн авч байсан 2015 оны 6, 7, 8 сарын цалингаас сарын дундаж цалинг тодорхойлбол 1 739 700 төгрөг, ажилгүй байсан 4 сар 15 хоногийн цалин нийт 8.172.410 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2131 дүгээр магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01855 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дэх хэсгийг баримтлан “ТБ” ХХК-иас 8 172 410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тд олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалган, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.          

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА