Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 304

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.С-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03316 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “У-” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн хуралд холбогдох,

 

“У-” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, “У-” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 10 тоот шийдвэрийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 33 052 920 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.               

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Б

Хариуцагч “У-” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Энхтөр,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “У-” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 31 тоот тогтоолоор “У-” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож, мөн өдөр уг зөвлөлтэй 05/49 тоот контракт байгуулснаар үүрэгт ажилдаа орсон бөгөөд, 2018 оны тайлангийн хугацаанд ажлын 44 хоног буюу жилийн ажиллавал зохих өдрийн 17,4%-д контрактын дагуу компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж ажилласан. Намайг ажил авах үед тус компани нь орлогын дутагдал, төлөвлөсөн хэмжээнээс орлого буурснаас алдагдалтай ажиллаж, дулааны цахилгаан станцуудад өр төлбөр үүсэх нөхцөл байдал бий болсон байсан. Компанийн борлуулалтын орлогын бууралт нь компанийн үйл ажиллагаанаас хамааралтай бус, гадаад хүчин зүйлээс хамааралтай өөрчлөлт байсан тул компанийг 2018 онд алдагдалгүй ажиллах эх үүсвэрийг тарифын зохицуулалтаар шийдвэрлэж өгөх хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороо болон Эрчим хүчний яаманд удаа дараа хүргүүлж байсан юм. Гэвч энэ алдагдлын тодорхой хувийг буюу 5 000 000 000 төгрөгийн алдагдлыг Эрчим хүчний зохицуулах хорооноос бууруулж өгсөн боловч 2018 оны жилийн эцсийн тайлангаар 4 300 000 000 төгрөгийн алдагдалтай ажилласан дүн гарсан. “У-” ХК-ийн дүрмийн 7.3.12-д заасны дагуу компанийн эрх барих дээд байгууллага болох төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн 2018 оны үйл ажиллагааны үр дүн, тайлан тэнцэлд үнэлэлт дүгнэлт өгч, 2019 оны 4 сарын 15-ны өдрийн 08 тоот тогтоолоор сайн үнэлгээтэй дүгнэсэн. Мөн гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактын биелэлтийг дүгнэж, 2019 оны 3 сарын 25-ны өдөр 01 дугаартай дүгнэлтээр контрактын биелэлт 91.2 оноо буюу сайн үнэлгээтэй дүгнэсэн. Гэтэл дээрх дүгнэлт гарснаас 10 хоногийн дараа буюу 2019 оны 4 сарын 25-ны өдөр хуралдсан “У-” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын гүйцэтгэх захирлын 2018 оны контрактын биелэлтийг хангалтгүй гэж дүгнэн, гүйцэтгэх захирлын контрактыг цуцлах арга хэмжээ авах удирдамжийг 06 тоот тогтоолоор компанийн ТУЗ-д хүргүүлсэн байдаг. Уг тогтоолыг үндэслэн “У-” ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 10 тоот тогтоолоор “У-” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.С- надтай байгуулсан контрактыг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Би “У-” ХК-ийн ТУЗ-ийн 10 тоот тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, илтэд хууль бус гэж үзэж буй тул дээрх тогтоолуудыг хүчингүй болгож, намайг “У-” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн томилж, 2019 оны 6 сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 35 052 920 төгрөгийг хариуцагч “У-” ХК-ийн ТУЗ, ХЭХ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Компанийн удирдлага бол хувьцаа эзэмшигчдийн хурал, эзгүйд нь төлөөлөн удирдах зөвлөл чиг үүргийг нь хэрэгжүүлдэг. Компанийн дүрмийн 5.6.4 дэх хэсэгт ээлжит хурлаар хэлэлцэх асуудлыг заасан бол, 6.9-д ээлжит бус хурал хэрхэн зарлаж явуулах тухай тодорхойлсон. Түр журам батлан гаргах тухай хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хэлэлцэх асуудалд оруулаагүй байна. Ямар шалтгаанаар хуралдсан гэдэг нь мэдэгдэхгүй хурал гэж хийгээд, түр журам гэдэг зүйл гаргасан. Мөн түр журам нь батлагдсан өдрөөсөө үйлчлэх ёстой. Гэтэл 2018 оны буюу журмаас өмнөх хугацааны үйл ажиллагааг шалгасан явдал нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэснийг зөрчсөн байгаа. Энэ нэхэмжлэлд хариуцагчаар “У-” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон, хувьцаа эзэмшигчдийн хурлыг тодорхойлсон учир нь Ч.С-ыг анх ТУЗ-ийн тогтоолоор ажилд томилсон, мөн ТУЗ-ийн тогтоолоор ажлаас чөлөөлсөн учир ТУЗ нь ажил олгогч болно. Гүйцэтгэх захирлаас доош албан тушаалтныг гүйцэтгэх захирал тушаалаар авч ажиллуулдаг учир ердийн хөдөлмөрийн маргаанд байгууллагыг гүйцэтгэх захирал төлөөлөн оролцох учиртай юм. Энэ тайлбар Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 болон компанийн дүрмээр нарийвчлан зохицуулсан байгаа. Ч.С- “У-” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн биш хэдий ч, түүнийг ажилд томилж ажлаас халсан учраас ажил олгогч болно гэжээ.

 

Хариуцагч “У-” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан төрийн өмчийн хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журамд 2018 оны 10 сарын 31-ний өдрийн 335 дугаар тогтоолоор өөрчлөлт орж, эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшихээр заасан. Энэ тогтоолын дагуу эрчим хүчний төрийн өмчит компанийн ХЭХ-ын 2019 оны 3 сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактыг дүгнэх, урамшуулал олгох түр журмыг баталсан. Тус түр журамд компанийн ТУЗ-өөс гүйцэтгэх захирлын контрактыг дүгнээд, ирүүлсэн материалыг хянаж, дүгнэх үүрэг бүхий Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулж, ажлын хэсэг нь түр журамд заасан үзүүлэлтийн хүрээнд ирүүлсэн үнэлгээг хянаж дүгнэн, улмаар ажлын хэсгийн дүгнэлт саналыг үндэслэн гүйцэтгэх захиралд урамшуулал олгох эсэх асуудлыг ХЭХ-аар шийдвэрлэхээр тус тус заасан. Үүний дагуу Эрчим хүчний сайдын 2019 оны 4 сарын 08-ны өдрийн 110 дугаар эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын 2018 оны гэрээг дүгнэх ажлын хэсгийг яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөлтэйгөөр байгуулсан. Тус ажлын хэсэг нь салбарын төрийн өмчит 23 компанийн гүйцэтгэх захирлын контрактыг түр журамд заасан үзүүлэлтийн дагуу дүгнэсэн бөгөөд, “У-” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.С- нь 67,47 оноо авсан. Уг үнэлгээг эдийн засгийн үзүүлэлтийн хүрээнд 50 хүртэл, тайлангийн үр дүнгийн үзүүлэлтийн хүрээнд 25 хүртэл, техникийн үзүүлэлтийн хүрээнд 25 хүртэл оноогоор дүгнэсэн. “У-” ТӨХК-ийн хувьцаа зээмшигчдийн 2019 оны 4 сарын 25-ны өдрийн хурлын 06 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирал Ч.С-тай байгуулсан контрактын 2018 оны биелэлтийг хангалтгүй хэмээн дүгнэсэн бөгөөд, “У-” ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 10 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирал Ч.С-ыг энэ өдрөөр тасалбар болгон контрактыг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн. Иймд дээр дурдсан үндэслэлээр иргэн Ч.С-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “У-” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг ТӨБЗГ тус тус эзэмшдэг. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дах хэсэгт зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 62 дугаар зүйлийн 62.2.3-т “компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох гэж заасан байдаг. Гэвч “У-” ХК нь ТУЗ-тэй тул дээрх 2 заалтад хамаарахгүй. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар ТУЗ-ийн бүрэн эрхэд: компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд уг асуудал нь хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийн асуудал биш бөгөөд, ТУЗ-ийн бүрэн эрхийн асуудал тул ХЭХ-д холбогдох хэсгийг хасаж өгнө үү. Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан Компанийн захирлуудын гэрээг дүгнэх ажлын хэсгийг 2019 оны 4 сарын 08-ны өдөр байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд гүйцэтгэх захирал Ч.С-ыг техник, эдийн засгийн үзүүлэлтээр хангалтгүй буюу нийт 67,4%-иар дүгнэсэн. Үүний дагуу 2019 оны 4 сарын 30-ны өдөр “У-” ТӨХК-ийн ТУЗ-ийн 10 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирал Ч.С-ын контрактыг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэхүү үйл явц нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гүйцэтгэх захирлуудын ажлыг гурван ажлын хэсэг шат дараалалтайгаар дүгнэдэг байсан. Энэ нь компаниудад их хүндрэл учруулж байсан учраас яаман дээр ажлын хэсэг байгуулж, ажлын хэсэг хуралдан дүгнэдэг болсон. Шалгалтын явцад нэхэмжлэгч Ч.С- маш том зөрчлүүд гаргаж, 60 орчим үнэлгээтэй дүгнэгдсэн гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “У-” ТӨХК-ийн ХЭХ-ын 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, “У-” ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 10 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, “У-” ХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 45 525 720 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Ч.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэдийгээр “У-” ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр Ч.С- нь тус компанийн гүйцэтгэх захирлын ажилд томилогдсон боловч, тэрээр ТУЗ-ийн гүйцэтгэх захирлаар бус харин “У-” ХК-ийн ажилтнаар томилогдож, контрактын гэрээ байгуулан тус компанийн гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлсэн байх тул ТУЗ нь бие даан ажил олгогчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэхгүй” гэж дүгнэсэн. Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “хувьцаа эзэмшигчдийн хурлын~чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь ТУЗ байна” гэж заасан, мөн хуулийн 76 дугаар зүйлд ТУЗ-ийн бүрэн эрхийг тодорхойлохдоо хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь хэсэгт “компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох” гэжээ. Хуулийн дээрх заалтаар тухайн компанийн ТУЗ нь компанийг төлөөлөх бүрэн эрхтэй байх тул “У-” ХК-ийн ТУЗ нь дээрх эрх хэмжээний хүрээнд Ч.С-ыг 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 31 тоот тогтоолоор компанийн гүйцэтгэх захирлаар томилж, түүнтэй контракт байгуулсан бөгөөд мөн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 10 тоот тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлж, контрактыг цуцалж байгаа нь гүйцэтгэх захирлын хувьд ажил олгогч нь уг компанийн ТУЗ хэмээх бие даасан хараат бус байгууллага болохыг тодорхойлж байна. Мөн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр бус контрактаар “У-” ТӨХК-ийн ТУЗ-тэй гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд тухайн контрактыг цуцалсан этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Үүнийг эрх зүйн харилцаанд оролцох хариуцагчаар оролцвол зохих этгээдийг буруу тодорхойлсон гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                               ХЯНАВАЛ:                         

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.С- нь хариуцагч “У-” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн хуралд холбогдуулан “У-” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, “У-” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 10 тоот ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 33 052 920 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “У-” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Ч.С- нь “У-” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон, мөн өдөр тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай контракт байгуулан ажиллаж байгаад “У-” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх-ийн 7-15, 44-р тал/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэхтэй холбоотой заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг буруу тодорхойлжээ.

 

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох эрхтэй талаар заасан байх бөгөөд нэхэмжлэгч Ч.С- нь тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай контракт байгуулсан байх тул “У-” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийг хариуцагч гэж үзнэ.

 

Хариуцагч “У-” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ч.С-ыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал, талуудын байгуулсан контрактын 5 дугаар зүйлд контрактыг дуусгавар болгох талаар заасан бөгөөд 5.3 дахь хэсэгт ажил олгогч нь контрактыг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэйг заасан байна. Түүнчлэн 5.3.1-т “хувьцаа эзэмшигчээс контрактыг цуцлах талаар төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж чиглэл өгсөн бол контрактыг дуусгавар болгоно” гэж заажээ. Уг гэрээнд нэхэмжлэгч Ч.С- нь гарын үсгээ зурсан. Түүнийг гэрээний утга агуулгыг ойлгоогүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гэрээний 5.3.1 дэх заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх стандарт нөхцөл гэж үзэхээргүй байна. “У-” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 6 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирлын контрактыг цуцлах арга хэмжээ авахыг төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосон байх тул төлөөлөн удирдах зөвлөлийн 10 дугаартай тогтоолоор, нэхэмжлэгч Ч.С-ыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д заасантай нийцжээ. /хх-ийн 232-р тал/

 

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна” гэж заасан бөгөөд хариуцагч “У-” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гүйцэтгэх захирлын контрактыг цуцлах арга хэмжээ авахыг тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосон нь нэхэмжлэгч Ч.С-ын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар гомдол гаргах эрхийг тухайлан заасан байх бөгөөд ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор шүүхэд гомдол гаргах эрхийг Компанийн тухай хуулиар олгоогүй байх тул хариуцагч “У-” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг мөн хангах үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй хуулийн заалт баримталсныг хасч өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03316 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 ...” гэснийг “Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                                                                               

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ