Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/шш2019/03316

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...,

Хариуцагч: ..

Хариуцагч: ..

...-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, ...-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 10 тоот ажлаас хууль бусаар халсан шийдвэрийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 45,525,720 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б...., хариуцагч ...-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т...., Ц...., хариуцагч ...-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ...-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 31 тоот тогтоолоор ...-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож, мөн өдөр уг зөвлөлтэй 05/49 тоот контракт байгуулснаар үүрэгт ажилдаа орсон бөгөөд, 2018 оны тайлангийн хугацаанд ажлын 44 хоног буюу жилийн ажиллавал зохих өдрийн 17,4%-д контрактын дагуу компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж ажилласан. Намайг ажил авах үед тус компани нь орлогын дутагдал, төлөвлөсөн хэмжээнээс орлого буурснаас алдагдалтай ажиллаж, дулааны цахилгаан станцуудад өр төлбөр үүсэх нөхцөл байдал бий болсон байсан. Компанийн борлуулалтын орлогын бууралт нь компанийн үйл ажиллагаанаас хамааралтай бус, гадаад хүчин зүйлээс хамааралтай өөрчлөлт байсан тул компанийг 2018 онд алдагдалгүй ажиллах эх үүсвэрийг тарифын зохицуулалтаар шийдвэрлэж өгөх хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороо болон Эрчим хүчний яаманд удаа дараа хүргүүлж байсан юм. Гэвч энэ алдагдлын тодорхой хувийг буюу 5 тэрбум төгрөгийн алдагдлыг Эрчим хүчний зохицуулах хорооноос бууруулж өгсөн боловч 2018 оны жилийн эцсийн тайлангаар 4,3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан дүн гарсан. ...-ийн дүрмийн 7.3.12-д заасны дагуу компанийн эрх барих дээд байгууллага болох Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн 2018 оны үйл ажиллагааны үр дүн, тайлан тэнцэлд үнэлэлт дүгнэлт өгч, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 08 тоот тогтоолоор Сайн үнэлгээтэй дүгнэсэн. Мөн гүйцэтгэх захралтай байгуулсан контрактын биелэлтийг дүгнэж, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 01 дугаартай дүгнэлтээр контрактын биелэлт 91.2 оноо буюу Сайн үнэлгээтэй дүгнэсэн. Гэтэл дээрх дүгнэлт гарснаас 10 хоногийн дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хуралдсан ...-ийн ХЭХ-аар гүйцэтгэх захирлын 2018 оны контрактын биелэлтийг Хангалтгүй гэж дүгнэн, гүйцэтгэх захирлын контрактыг цуцлах арга хэмжээ авах удирдамжийг 06 тоот тогтоолоор компанийн ТУЗ-д хүргүүлсэн байдаг. Уг тогтоолыг үндэслэн ...-ийн ТУЗ-ийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 10 тоот тогтоолоор ...-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.... надтай байгуулсан контрактыг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Би ...-ийн ТУЗ-ийн 10 тоот тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, илтэд хууль бус гэж үзэж буй тул дээрх тогтоолуудыг хүчингүй болгож, намайг ...-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн томилж өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ч....ын гаргасан нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ч.... нь ...-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр томилогдсоноос хойш 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр уг албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд ажлын 128 хоног ажилласан бөгөөд, энэ хугацаанд нийт 39,913,028 төгрөг буюу хоногт 311,820 төгрөгийн цалин авч байсан. Иймд Ч....ын ажилгүй байсан хугацааны цалинг: 2019 оны 6 дугаар сарын ажлын 20 хоногт ногдох цалин 6,236,400 төгрөг, 7 дугаар сарын ажлын 20 хоногт ногдох цалин 6,236,400 төгрөг, ажлын 40 хоногийн цалин болох 12,472,800 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын ажлын 22 хоногт ногдох цалин 6,860,040 төгрөг, 9 дүгээр сарын ажлын 21 хоногт ногдох цалин 6,548,220 төгрөг, 10 дугаар сарын ажлын 23 хоногт ногдох цалин 7,171,860 төгрөг буюу ажилгүй байсан 66 хоногийн цалин болох 20,580,120 төгрөгөөр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажлын 106 хоногийн цалин болох 35,052,920 төгрөгийг хариуцагч ...-ийн ТУЗ, ...-ийн ХЭХ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж, түүний ажилгүй байсан 2019 оны 6, 7, 8, 9, 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч нараар төлүүлж өгнө үү.

Компанийн удирдлага бол хувьцаа эзэмшигчдийн хурал, эзгүйд нь төлөөлөн удирдах зөвлөл чиг үүргийг нь хэрэгжүүлдэг. Компанийн дүрмийн 5.6.4 дэх хэсэгт ээлжит хурлаар хэлэлцэх асуудлыг заасан бол, 6.9-д ээлжит бус хурал хэрхэн зарлаж явуулах тухай тодорхойлсон байгаа. Түр журам батлан гаргах тухай хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хэлэлцэх асуудалд оруулаагүй байна. Ямар шалтгаанаар хуралдсан гэдэг нь мэдэгдэхгүй хурал гэж хийгээд, Түр журам гэдэг зүйл гаргасан. Мөн түр журам нь батлагдсан өдрөөсөө үйлчлэх ёстой. Гэтэл 2018 оны буюу журмаас өмнөх хугацааны үйл ажиллагааг шалгасан явдал нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэснийг зөрчсөн байгаа. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Үүнийг хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарлаж байна. Гэвч нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хэзээ ч нэмэгдүүлж болно. Энэ нэхэмжлэлд хариуцагчаар ...-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон, Хувьцаа эзэмшигчдийн хурлыг тодорхойлсон учир нь: Ч....ыг анх Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор ажилд томилсон, мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор ажлаас чөлөөлсөн учир Төлөөлөн удирдах зөвлөл нь ажил олгогч болно. Гүйцэтгэх захирлаас доош албан тушаалтныг гүйцэтгэх захирал тушаалаар авч ажиллуулдаг учир ердийн хөдөлмөрийн маргаанд байгууллагыг гүйцэтгэх захирал төлөөлөн оролцох учиртай юм. Энэ тайлбар Компанийн тухай хуулийн 76.1.8 болон компанийн дүрмээр нарийвчлан зохицуулсан байгаа. Ч.... ...-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн биш хэдий ч, түүнийг ажилд томилж ажлаас халсан учраас ажил олгогч болно...гэв.

Хариуцагч ...-ийн ТУЗ-ийн дарга Б.... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журамд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 335 дугаар тогтоолоор өөрчлөлт орж, Эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшихээр заасан. Энэ тогтоолын дагуу Эрчим хүчний төрийн өмчит компанийн ХЭХ-ын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаний нгүйцэтгэх захиралтай байгуулсан контрактыг дүгнэх, урамшуулал олгох түр журмыг баталсан. Тус түр журамд компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлын контрактыг дүгнээд, ирүүлсэн материалыг хянаж, дүгнэх үүрэг бүхий Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулж, ажлын хэсэг нь түр журамд заасан үзүүлэлтийн хүрээнд ирүүлсэн үнэлгээг хянаж дүгнэн, улмаар ажлын хэсгийн дүгнэлт саналыг үндэслэн гүйцэтгэх захиралд урамшуулал олгох эсэх асуудлыг ХЭХ-аар шийдвэрлэхээр тус тус заасан. Үүний дагуу Эрчим хүчний сайдын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 110 дугаар эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын 2018 оны гэрээг дүгнэх ажлын хэсгийг яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөлтэйгөөр байгуулсан. Тус ажлын хэсэг нь салбарын төрийн өмчит 23 компанийн гүйцэтгэх захирлын контрактыг түр журамд заасан үзүүлэлтийн дагуу дүгнэсэн бөгөөд, ...-ийн гүйцэтгэх захирал Ч.... нь 67,47 оноо авсан. Уг үнэлгээг эдийн засгийн үзүүлэлтийн хүрээнд 50 хүртэл, тайлангийн үр дүнгийн үзүүлэлтийн хүрээнд 25 хүртэл, техникийн үзүүлэлтийн хүрээнд 25 хүртэл оноогоор дүгнэсэн. ...-ийн хувьцаа зээмшигчдийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын 06 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирал Ч....тай байгуулсан контрактын 2018 оны биелэлтийг Хангалтгүй хэмээн дүгнэсэн бөгөөд, ...-ийн ТУЗ-ийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирал Ч....ыг энэ өдрөөр тасалбар болгон контрактыг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн. Иймд дээр дурдсан үндэслэлээр иргэн Ч....ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

Хариуцагч ...-ийн ТУЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.... нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц....ын хамт гаргасан тайлбартаа:

...-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь ажил олгогчийг бие даан төлөөлөх эрхгүй учраас энэ нэхэмжлэлийг хариуцахгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хууль бусаар халсан шийдвэрийг хүчингүй болгуулах гэх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ гаргаагүй. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 02 тоот тогтоолоор баталсан Түр журам-ыг хууль бус гэж үзэж байгаа бол энэ талаар холбогдох байгууллагад хандах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлж зохих байгууллагад гомдол гаргаагүй гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан контрактад гэрээг цуцлах үндэслэлийг заасан байгаа. Үүний дагуу Төлөөлөн удирдах зөвлөл нь контрактыг цуцлах, гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлөх эрхтэй. Энэ нэхэмжлэлийн шаардлагаас Төлөөлөн удирдах зөвлөлийн болон Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага нь хөдөлмөрийн маргаанд хамаарахгүй байна. Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд Төлөөлөн удирдах зөвлөл нь бие даасан статустай ажил олгогч биш юм. Ажилгүй байсан хуагцааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор шүүхэд гомдлоо гаргах ёстой. Иргэний хуулийн 3 дугаар зүйлд зааснаар иргэн хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан байна. Түр журам 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гарснаас хойш 2 хоногийн дараа санаатайгаар хууль, журмыг зөрчиж Сайн гэсэн үнэлгээ гаргасан байсан. 2018 оны 3 дугаар улирлын болон жилийн эцсийн тайлангаар нэхэмжлэгч Ч.... нь гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш 3 тэрбум гаруй төгрөгийн алдагдалд орсон. Мөн тэрээр гүйцэтгэх захирлаар томилогдсоныхоо дараа ажилчдын орон тоо хэтрүүлж, 18 хүнийг үндэслэлгүйгээр нэмж ажилд авсан ба, зөвшөөрөлгүйгээр гадаад улс руу томилолтоор явж, 15,000,000 төгрөгийн зардал гаргуулсан. Контрактын гэрээ гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар өмчлөлтэй холбоотойгоор, өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагаа, иргэний гоц буюу ховор авъяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор хийдэг гэрээ юм. Ч.... нь контрактын гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Өөрөө өөртөө тушаал гаргуулан томилолт аваад, гадаад улсад явсан байсан. Контрактын 3.2-т заасан үүргээ зөрчсөн. Контрактын гэрээний харилцаа нь ердийн хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай бөгөөд, түүнийг зөрчлөөр халаагүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 хамаарахгүй...гэв.

Хариуцагч ...-ийн ХЭХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.... шүүхэд гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг ТӨБЗГ тус тус эзэмшдэг. Компанийн тухай хуулийн 59.6-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдалга/-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 62.2.3-т Компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох гэж заасан байдаг. Гэвч ... нь ТУЗ-тэй тул дээрх 2 заалтад хамаарахгүй. Компанийн тухай хуулийн 76.1.8-д зааснаар ТУЗ-ийн бүрэн эрхэд: компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд уг асуудал нь хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийн асуудал биш бөгөөд, ТУЗ-ийн бүрэн эрхийн асуудал тул ХЭХ-д холбогдох хэсгийг хасаж өгнө үү. Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан Компанийн захирлуудын гэрээг дүгнэх ажлын хэсгийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд гүйцэтгэх захирал Ч....ыг техник, эдийн засгийн үзүүлэлтээр хангалтгүй буюу нийт 67,4%-иар дүгнэсэн. Үүний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ...-ийн ТУЗ-ийн 10 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирал Ч....ын контрактыг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэхүү үйл явц нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлага хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гүйцэтгэх захирлуудын ажлыг гурван ажлын хэсэг шат дараалалтайгаар дүгнэдэг байсан. Энэ нь компаниудад их хүндрэл учруулж байсан учраас яаман дээр том ажлын хэсэг байгуулж, ажлын хэсэг хуралдан дүгнэдэг болсон. Шалгалтын явцад нэхэмжлэгч Ч.... маш том зөрчлүүд гаргаж, 60 орчим үнэлгээтэй байсан...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.... нь хариуцагч ...-ийн ХЭХ-д холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоолыг илтэд хууль бус буюу Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг зөрчиж гаргасан гэж үзэн хүчингүй болгуулах, хариуцагч ...-ийн ТУЗ-д холбогдуулан ТУЗ-ийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ...-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгү байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 45,525,720 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Хувьцаа эзэмшигчдийн хурал нь уг нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд буюу ажил олгогчийн үүргийг дангаар хүлээхгүй, Төлөөлөн удирдах зөвлөл нь дангаар хариуцахгүй гэж тайлбарласан бол, тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын төлөөлөгчийн зүгээс хүчингүй болгуулахыг хүсч буй тогтоол нь захиргааны акт болох учир хэргийн харъяалал зөрчигдсөн гэж, мөн цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж тус тус тайлбарлаж маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.... нь ...-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 31 тоот тогтоолоор ...-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдож, мөн өдрөө контракт байгуулснаар ажил үүргээ хэрэгжүүлж эхэлсэн байна. /1-р хх-6, 44, 8-15/

Улмаар 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 10 тоот ...-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Контрактыг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолоор нэхэмжлэгч Ч....ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, Компанийн тухай хуулийн 76.1.8, Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоол, Компанийн дүрмийн 7.3.9, 8.5, Контрактын 5.3.1, Эрчим хүчний сайдын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/1661 тоот удирдамжийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөл, түүнтэй байгуулсан контрактыг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /1-р хх-7/

Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дээрх тогтоолын үндэслэл болсон ...-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06 тоот Гүйцэтгэх захирлын контрактыг цуцлах тухай тогтоолоор Ч....ыг ...Компанийн дүрмийн 8.10.5, 8.10.6 дахь заалт, Гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактын 3.2, 3.28 дахь заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй тул гүйцэтгэх захирлын 2018 оны контрактын биелэлтийг Хангалтгүй гэж дүгнэн, контрактаар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гүйцэтгэх захирлын контрактыг цуцлах арга хэмжээ авахыг Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж болгосон байна. /1-р хх-236/

Нэхэмжлэгч тал ...-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын болон Төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх тогтоолуудыг илтэд хууль бус, ажил дүгнэх түр журмыг үндэслэлгүйгээр буцаан хэрэглэж, батлагдсан хугацаанаас өмнөх үеийн ажлыг шалгасан нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж тайлбарлах бөгөөд, Ч....ыг ...-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор ажилд томилж, ажлаас нь чөлөөлсөн учраас Төлөөлөн удирдах зөвлөлийг ажил олгогч гэж үзнэ хэмээн маргасан.

Харин хариуцагч ...-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Ч....ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Төлөөлөн удирдах зөвлөл нь хариуцах эрхгүй буюу, хэдийгээр Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар гүйцэтгэх захирлыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх чиг үүрэгтэй боловч, уг үйлдлийг ...-ийн өмнөөс хуульд олгогдсон эрхийн дагуу шийдвэрлэж буй бөгөөд, бие даан ажил олгогч хуулийн этгээд болохгүй, Ч.... Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн биш, тэрээр ...-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх захирлаар бус, харин ...-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан учраас энэ нэхэмжлэлийг хариуцахгүй гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авъяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.... болон ...-ийн хооронд контрактын харилцаа бий болжээ.

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байна гэж, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл хэдийд ч гаргах эрхтэй байхаар хуульчилжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч гэж гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлэх бөгөөд, мөн хуулийн 3.1.2 дахь хэсэгт ажилтан гэж ажил олгогчтой гэрээ байгуулан ажиллаж байга иргэнийг ойлгоно гэж заасан байна.

Хэдийгээр ...-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Ч.... нь тус компанийн гүйцэтгэх захирлын ажилд томилогдсон боловч, тэрээр Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх захирлаар бус, харин ...-ийн ажилтнаар томилогдож, контрактын гэрээ байгуулан, тус компанийн гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлсэн байх тул Төлөөлөн удирдах зөвлөл нь бие даан ажил олгогчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгч Ч.... нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг буруу тодорхойлсон байх тул ...-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан, түүнийг ажлаас чөлөөлсөн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 10 тоот тогтоолыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 45,525,720 төгрөг гаргуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

...-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 02 тоот тогтоолоор батлагдсан Эрчим хүчний салбарын төийн өмчит компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактыг дүгнэх, урамшуулал олгох түр журам нь захиргааны акт бөгөөд, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлдэггүй болох талаар Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас тодорхойлжээ. Уг журмын дагуу нэхэмжлэгч Ч....ын ажлыг шалгаж, Контрактын гэрээг цуцлахыг Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж болгон шийдвэрлэсэн ...-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна шүүх үзлээ. /1-р хх-223/

Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан ба, уг заалт зөвхөн тухайн хуулиар зохицуулагдсан эрх зүйн харилцаанд хамааралтай бөгөөд, маргаан бүхий түр журмын 2.1 дэх хэсэгт Гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактын биелэлтийг жилийн эцсийн тайлан хэлэлцэх үед болон контрактын хугацаа дуусгавар болох үед Хувьцаа зээмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ... гэж заасныг гүйцэтгэх захирал Ч....ын 2018 оны буюу өмнөх оны ажил шалгасан нь Иргэний хууль тогтоомж буцаан хэрэглэхгүй гэх зохицуулалтад хамааруулж буй нь буруу юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...-ийн ХЭХ-ын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, ...-ийн ТУЗ-ийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 10 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, ...-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 45,525,720 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Ч....ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА