Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00543

 

Ч.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03316 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 304 дүгээр магадлалтай,

Ч.Сын нэхэмжлэлтэй

УБДС ХК-ийн ТУЗ, ХЭХд холбогдох

УБДС ХК-ийн ХЭХын 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, УБДС ТӨХК-ийн ТУЗийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 10 тоот шийдвэрийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 33 052 920 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянганы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие УБДС ХК-ийн ТУЗийн 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 31 тоот тогтоолоор УБДС ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож, мөн өдөр уг зөвлөлтэй 05/49 тоот контракт байгуулснаар үүрэгт ажилдаа орсон бөгөөд, 2018 оны тайлангийн хугацаанд ажлын 44 хоног буюу жилийн ажиллавал зохих өдрийн 17,4%-д контрактын дагуу компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж ажилласан. Намайг ажил авах үед тус компани нь орлогын дутагдал, төлөвлөсөн хэмжээнээс орлого буурснаас алдагдалтай ажиллаж, дулааны цахилгаан станцуудад өр төлбөр үүсэх нөхцөл байдал бий болсон байсан. Компанийн борлуулалтын орлогын бууралт нь компанийн үйл ажиллагаанаас хамааралтай бус, гадаад хүчин зүйлээс хамааралтай өөрчлөлт байсан тул компанийг 2018 онд алдагдалгүй ажиллах эх үүсвэрийг тарифын зохицуулалтаар шийдвэрлэж өгөх хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороо болон Эрчим хүчний яаманд удаа дараа хүргүүлж байсан юм. Гэвч энэ алдагдлын тодорхой хувийг буюу 5 000 000 000 төгрөгийн алдагдлыг Эрчим хүчний зохицуулах хорооноос бууруулж өгсөн боловч 2018 оны жилийн эцсийн тайлангаар 4 300 000 000 төгрөгийн алдагдалтай ажилласан дүн гарсан. УБДС ХК-ийн дүрмийн 7.3.12-д заасны дагуу компанийн эрх барих дээд байгууллага болох ТУЗөөс компанийн 2018 оны үйл ажиллагааны үр дүн, тайлан тэнцэлд үнэлэлт дүгнэлт өгч, 2019 оны 4 сарын 15-ны өдрийн 08 тоот тогтоолоор сайн үнэлгээтэй дүгнэсэн. Мөн гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактын биелэлтийг дүгнэж, 2019 оны 3 сарын 25-ны өдөр 01 дугаартай дүгнэлтээр контрактын биелэлт 91.2 оноо буюу сайн үнэлгээтэй дүгнэсэн. Гэтэл дээрх дүгнэлт гарснаас 10 хоногийн дараа буюу 2019 оны 4 сарын 25-ны өдөр хуралдсан УБДС ХК-ийн ХЭХын гүйцэтгэх захирлын 2018 оны контрактын биелэлтийг хангалтгүй гэж дүгнэн, гүйцэтгэх захирлын контрактыг цуцлах арга хэмжээ авах удирдамжийг 06 тоот тогтоолоор компанийн ТУЗ-д хүргүүлсэн байдаг. Уг тогтоолыг үндэслэн УБДС ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 10 тоот тогтоолоор УБДС ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.С надтай байгуулсан контрактыг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Би УБДС ХК-ийн ТУЗ-ийн 10 тоот тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, илтэд хууль бус гэж үзэж буй тул дээрх тогтоолуудыг хүчингүй болгож, намайг УБДС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн томилж, 2019 оны 6 сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 35 052 920 төгрөгийг хариуцагч УБДС ХК-ийн ТУЗ, ХЭХ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Компанийн удирдлага бол ХЭХ, эзгүйд нь ТУЗ чиг үүргийг нь хэрэгжүүлдэг. Компанийн дүрмийн 5.6.4 дэх хэсэгт ээлжит хурлаар хэлэлцэх асуудлыг заасан бол, 6.9-д ээлжит бус хурал хэрхэн зарлаж явуулах тухай тодорхойлсон. Түр журам батлан гаргах тухай хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хэлэлцэх асуудалд оруулаагүй байна. Ямар шалтгаанаар хуралдсан гэдэг нь мэдэгдэхгүй хурал гэж хийгээд, түр журам гэдэг зүйл гаргасан. Мөн түр журам нь батлагдсан өдрөөсөө үйлчлэх ёстой. Гэтэл 2018 оны буюу журмаас өмнөх хугацааны үйл ажиллагааг шалгасан явдал нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэснийг зөрчсөн байгаа. Энэ нэхэмжлэлд хариуцагчаар УБДС ХК-ийн ТУЗ болон, ХЭХыг тодорхойлсон учир нь Ч.Сыг анх ТУЗ-ийн тогтоолоор ажилд томилсон, мөн ТУЗ-ийн тогтоолоор ажлаас чөлөөлсөн учир ТУЗ нь ажил олгогч болно. Гүйцэтгэх захирлаас доош албан тушаалтныг гүйцэтгэх захирал тушаалаар авч ажиллуулдаг учир ердийн хөдөлмөрийн маргаанд байгууллагыг гүйцэтгэх захирал төлөөлөн оролцох учиртай юм. Энэ тайлбар Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 болон компанийн дүрмээр нарийвчлан зохицуулсан байгаа. Ч.С УБДС ХК-ийн ТУЗ-ийн гишүүн биш хэдий ч, түүнийг ажилд томилж ажлаас халсан учраас ажил олгогч болно гэжээ.

Хариуцагч УБДС ХК-ийн ТУЗийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан төрийн өмчийн хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журамд 2018 оны 10 сарын 31-ний өдрийн 335 дугаар тогтоолоор өөрчлөлт орж, эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшихээр заасан. Энэ тогтоолын дагуу эрчим хүчний төрийн өмчит компанийн ХЭХ-ын 2019 оны 3 сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактыг дүгнэх, урамшуулал олгох түр журмыг баталсан. Тус түр журамд компанийн ТУЗ-өөс гүйцэтгэх захирлын контрактыг дүгнээд, ирүүлсэн материалыг хянаж, дүгнэх үүрэг бүхий Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулж, ажлын хэсэг нь түр журамд заасан үзүүлэлтийн хүрээнд ирүүлсэн үнэлгээг хянаж дүгнэн, улмаар ажлын хэсгийн дүгнэлт саналыг үндэслэн гүйцэтгэх захиралд урамшуулал олгох эсэх асуудлыг ХЭХ-аар шийдвэрлэхээр тус тус заасан. Үүний дагуу Эрчим хүчний сайдын 2019 оны 4 сарын 08-ны өдрийн 110 дугаар эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын 2018 оны гэрээг дүгнэх ажлын хэсгийг яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөлтэйгөөр байгуулсан. Тус ажлын хэсэг нь салбарын төрийн өмчит 23 компанийн гүйцэтгэх захирлын контрактыг түр журамд заасан үзүүлэлтийн дагуу дүгнэсэн бөгөөд, УБДС ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.С нь 67,47 оноо авсан. Уг үнэлгээг эдийн засгийн үзүүлэлтийн хүрээнд 50 хүртэл, тайлангийн үр дүнгийн үзүүлэлтийн хүрээнд 25 хүртэл, техникийн үзүүлэлтийн хүрээнд 25 хүртэл оноогоор дүгнэсэн. УБДС ТӨХК-ийн хувьцаа зээмшигчдийн 2019 оны 4 сарын 25-ны өдрийн хурлын 06 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Стай байгуулсан контрактын 2018 оны биелэлтийг хангалтгүй хэмээн дүгнэсэн бөгөөд, УБДС ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 10 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Сыг энэ өдрөөр тасалбар болгон контрактыг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн. Иймд дээр дурдсан үндэслэлээр иргэн Ч.Сын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч УБДС ХК-ийн ХЭХын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг ТӨБЗГ тус тус эзэмшдэг. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дах хэсэгт зааснаар ТУЗ /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 62 дугаар зүйлийн 62.2.3-т компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох гэж заасан байдаг. Гэвч УБДС ХК нь ТУЗ-тэй тул дээрх 2 заалтад хамаарахгүй. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар ТУЗ-ийн бүрэн эрхэд: компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд уг асуудал нь хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийн асуудал биш бөгөөд, ТУЗ-ийн бүрэн эрхийн асуудал тул ХЭХ-д холбогдох хэсгийг хасаж өгнө үү. Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан Компанийн захирлуудын гэрээг дүгнэх ажлын хэсгийг 2019 оны 4 сарын 08-ны өдөр байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд гүйцэтгэх захирал Ч.Сыг техник, эдийн засгийн үзүүлэлтээр хангалтгүй буюу нийт 67,4%-иар дүгнэсэн. Үүний дагуу 2019 оны 4 сарын 30-ны өдөр УБДС ТӨХК-ийн ТУЗ-ийн 10 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Сын контрактыг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэхүү үйл явц нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гүйцэтгэх захирлуудын ажлыг гурван ажлын хэсэг шат дараалалтайгаар дүгнэдэг байсан. Энэ нь компаниудад их хүндрэл учруулж байсан учраас яаман дээр ажлын хэсэг байгуулж, ажлын хэсэг хуралдан дүгнэдэг болсон. Шалгалтын явцад нэхэмжлэгч Ч.С маш том зөрчлүүд гаргаж, 60 орчим үнэлгээтэй дүгнэгдсэн гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03316 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УБДС ТӨХК-ийн ХЭХ-ын 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, УБДС ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 10 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, УБДС ХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 45 525 720 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Ч.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 304 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03316 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 ... гэснийг Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Харин Компаний тухай хуулийн 70 дугаар зүйлд ХЭХ, түүний шийдвэрийн талаар гомдол гаргах эрхийг тухайлан заасан байх бөгөөд ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор шүүхэд гомдол гаргах эрхийг Компанийн тухай хуулиар олгоогүй байх тул хариуцагч “УБДС” ТӨХК-ийн ХЭХын 2019 оны 04 сарын 25-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн. Учир нь “УБДС” ТӨХК-ийн 2019 оны 04 сарын 25-ны өдрийн ХЭХ нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2 дахь хэсэгт заасан “ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах” гэсэн заалтыг зөрчин зөвхөн Эрчим хүчний сайдын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 110 тоот тушаалаар томилогдсон Төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын ажлын үр дүнг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн хуралдсан нь хууль зөрчсөн үйлдэл байсан бөгөөд энэ нь нэхэмжлэгч Ч.С нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргах эрхтэй гэдгийг харуулж байна. Эрчим хүчний сайдын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 110 тоот тушаалаар томилсон ажлын хэсэг 2019 оны 04 сарын 19-ний өдөр дүгнэлт гаргаж нэхэмжлэгч Ч.Сын ажлыг “хангалтгүй” гэж дүгнэсэн байдаг. Ингэж дүгнэхдээ Эрчим хүчний Төрийн өмчит хувьцаат компаний ХЭХын 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 02 тоот тогтоолоор баталсан түр журмыг үндэслэл болгосон. Гэтэл “УБДС” ТӨХК-ны ТУЗийн 2019 оны 03 сарын 25-ны өдрийн тогтоолоор нэхэмжлэгч Ч.Сын ажлыг “сайн” гэж үнэлж, мөн ТУЗ-ийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 08 тоот тогтоолоор компаний 2018 оны ажлын үр дүнг мөн “сайн” үнэлгээтэй гэж тогтоосон. Гүйцэтгэх удирдлагын ажлыг дүгнэхдээ дээрхи 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 02 тоот тогтоолоор батлагдсан түр журмыг үндэслэн ажлыг дүгнэсэн байдаг. Давж заалдах шатны шүүх 2019 оны 04 сарын 25-ны өдрийн ХЭХдааныг Эрчим хүчний сайдын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 110 тоот тушаалаар томилсон ажлын хэсгийн 2019 оны 04 сарын 19-ний өдрийн дүгнэлтийг хэлэлцүүлэхээр ТУЗ-ийн шийдвэргүйгээр ХЭХыг хуралдуулсан гэдгийг анхаарч үзээгүй. Компаний тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан “...эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компаний дүрэмд заасны дагуу ХЭХыг зарлаагүй.” үндэслэл байсаар байхад ХЭХын шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Ер нь Компаний тухай хуулийн 62 дугаар зүйл, 76.1.8 дахь заалтаар ХЭХаас гүйцэтгэх удирдлагын талаар ямар нэг шийдвэр гаргах эрхгүй бөгөөд энэ нь тухайн компаний ТУЗ-ийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч УБДС ХК-ийн ТУЗ, ХЭХд холбогдуулан контракт цуцлахыг үүрэг болгосон УБДС ХК-ийн ХЭХын 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 06 тоот тогтоол, контрактыг цуцласан УБДС ХК-ийн ТУЗийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 10 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 33 052 920 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэснийг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг зөвтгөсөн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

1. УБДС ХК-ийн ТУЗийн 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Ч.С нь УБДС ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон, мөн өдөр тус компанийн ТУЗийн даргатай контракт байгуулан ажиллаж байгаад ТУЗийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх-ийн 7-15, 44-р тал/

Зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, контракт байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 22, 25 дугаар зүйлд нийцжээ.

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д ТУЗ  компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох эрхтэй талаар заасан ба ТУЗ Ч.Сыг ажилд томилж, контракт байгуулсан, УБДС ХК-ийн ТУЗ жинхэнэ хариуцагч болохыг давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн алдаатай эрх зүйн дүгнэлтийг зөвтгөсөн нь үндэслэлтэй болсон байна.

2. УБДС ХК-ийн ТУЗийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 10 дугаар тогтоолоор, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, контрактын 5.3.1, ХЭХын 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 06 тоот тогтоол, Компанийн дүрмийн   7.3.9, Эрчим хүчний сайдын 2019 оны 4 сарын 30-ны өдрийн б/1661 тоот удирдамжийг тус тус баримтлан, Ч.Сыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх контрактын 5.3.1-т заасан “хувьцаа эзэмшигчээс контрактыг цуцлах талаар ТУЗд удирдамж чиглэл өгсөн бол контрактыг дуусгавар болгоно.” гэх тохиролцоог Иргэний хуулийн 202 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх стандарт нөхцөлд хамаарахгүй, УБДС ХК-ийн ХЭХ 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 6 дугаар тогтоолоор гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактыг цуцлах арга хэмжээ авахыг ТУЗд үүрэг болгосон байх тул Ч.Сыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэхдээ гэрээний дээрх тохиролцоог үндэслэлтэй тайлбарлаж чадаагүйг залруулах боломжтой юм.

“Хувьцаа эзэмшигчээс контрактыг цуцлах талаар ТУЗд удирдамж чиглэл өгсөн бол контрактыг дуусгавар болгоно” гэх талуудын тохиролцоо нь контрактыг цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалт, контрактад тусгасан талуудын тохиролцоо, гэрээний нөхцөлтэй уялдаж тайлбарлагдах бөгөөд хувьцаа эзэмшигчийн үзэмж, шийдвэрээр ямар ч тохиолдолд гэрээг цуцлах агуулга биш юм.

ТУЗ нь Ч.Стай байгуулсан контрактыг цуцлахыг үүрэг болгох тухай 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 10 дугаар тогтоолыг гаргахдаа зөвхөн хувьцаа эзэмшигчийн шийдвэрт үндэслээгүй бөгөөд шинээр бүртгэгдсэн хувьцаа эзэмшигчдийн зүгээс гүйцэтгэх захирлын ажлыг дүгнэх түр журмыг баталж, уг журмын дагуу контрактыг дүгнэсэн үнэлгээг баримталсан байна.

2018 оны 10 сарын 26-ны өдрийн контрактын 1.5-д “Контрактын биелэлтийг жилийн эцсийн тайлан тэнцэл хэлэлцэх болон контрактын хугацаа дуусгавар болох үед дүгнэх” талаар, 1.2-д гэрээний хугацаа “2018 оны 10 сарын 26-ны өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусах”-ыг тус тус заажээ.

ТУЗ Ч.Сын 2018 оны жилийн эцсийн ажлыг дүгнэхдээ  2019 оны 03 сарын 25-ны өдөр 01 тоот дүгнэлт гаргаж, 91,2% оноо өгч, “сайн” гэх үнэлгээг өгсөн баримт байх боловч Эрчим хүчний сайдын 2019 оны 4 сарын 08-ны өдрийн 110 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 4 сарын 19-ний өдөр дүгнэлт гаргаж 67,47 оноо авсан, хангалтгүй гэсэн хоёр өөр үнэлгээ бүхий баримт хэрэгт авагджээ.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 10 сарын 31-ний өдрийн тогтоолоор УБДС ХК-ийн хувьцаа эзэмшигчийн эзэмших хувь хэмжээг өөрчилж, компанийн хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмшихээр болсон, 2019 оны 1 сарын 18-ны өдөр компанийн дүрэмд энэ талаар өөрчлөлт оруулсан, хувьцаа эзэмшигчдийн  2019 оны 03 сарын 20-ны 02 дугаар тогтоолоор “Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан  контрактыг дүгнэх, урамшуулал олгох түр журам”-ыг баталсан байхад ТУЗ уг журмын дагуу Ч.Стай байгуулсан контрактыг дүгнээгүй тул 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Дээрх журамд зааснаар төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактыг хувьцаа эзэмшигч Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулагдаж дүгнэх ёстой байх тул уг журмын дагуу байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 4 сарын 19-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн  ТУЗ контрактыг цуцалсныг буруутгах боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болно.” гэж заажээ. Энэ тохиолдолд ажил олгогч контрактыг үргэлжлүүлж болох бөгөөд хугацааг сунгах үүрэг хүлээгээгүй байна.

Ч.С нь 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдсон ба 2018 оны жилийн эцсийн ажлын үр дүнг 2 сарын дараа дүгнэж байгаа нь учир дутагдалтай хэдий ч байгууллагын дотоод асуудлын шинжтэй уг үйлдлийг буруутгах боломжгүй гэж үзэв.

3.Давж заалдах шатны шүүх хариуцагч УБДС ХК-ийн ХЭХд холбогдох нэхэмжлэгчийн шаардах эрхийг Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй гэх үндэслэлээр уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь оновчтой болсон байна.

ХЭХ, түүний гаргасан шийдвэрийн талаар гомдол гаргах эрхийг Компанийн тухай хуульд тусгайлан заасан ба Ч.Сын нэхэмжлэлийн шаардлага Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн шаардах эрхэд хамааралгүй байна.

Ч.Стай байгуулсан контрактыг гэрээний нэг тал болох ТУЗ гэрээг цуцалсан тул УБДС ХК-ийн ХЭХын 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 06 тоот тогтоол нь нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн хэдий ч үр дагавар үүсгээгүй юм. Дээрх тогтоол нь контрактыг цуцлах чиглэл өгсөн агуулгатай боловч ТУЗ нь контрактыг дүгнэж, бүрэн эрхийн дагуу гэрээг цуцалсан байна.

Хяналтын шатны шүүх дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүхийн зарим хууль зүйн дүгнэлтийг зөвтгөж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтыг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 304 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА