Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 212/МА2017/00097

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 04 өдөр Дугаар 212/МА2017/00097 Өлгий сум

 

 

 

М.Ж гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгчид М.Нямбаяр, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 352 дугаар шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух Б кикбай овогт М.Ж гийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Маншүк, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан оёдлын дадлага нийтийн хоолны дадлагын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: Миний бие Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 99 дүгээр тушаалаар оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн ажлын бүр орон тоонд томилогдсон. Би ТҮБД3-ын 1 дүгээр шатлалаар 496000 төгрөгийн тогтмол цалин авдаг байсан. Миний ажиллаж байсан оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн орон тоо хасагдаагүй атлаа ажил олгогч намайг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109 дугаартай тушаалаар оёдлын дадлагын цагийн багшаар томилсон нь хууль бус, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

 

Захирал ажлаас чөлөөлсөн Б/109 тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг үндэслэсэн боловч уг албан тушаал одоог хүртэл цомхотгогдоогүй хэвээр байгаа. Уг тушаалд аймаг орон нутгийн болон сургалтын төвийн дээд удирдлага Яам, Агентлагаас орон тоо бүтцийг хассан, цөөрүүлсэн тухай ямар нэг шийдвэр, чиглэл, эрхийн актыг үндэслэл болгон дурдаж зааж бичээгүй байгаа нь үүнийг нотлох юм. Мөн уг Б/109 тушаалд дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.3, мөн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан нь хөдөлмөрийн гэрээтэй холбогдсон ердийн заалтууд бөгөөд цомхотгогдсон, цөөрүүлсэн албан тушаал хассан байдалд ямар ч ач холбогдолгүй юм. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасанчлан ажил олгогч нь намайг өөр ажилд томилохдоо надтай тохиролцоогүй байсныг би онцлон дурдаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д зааснаар олон жил ажиллаж мэргэшсэн албан тушаалтан намайг 6 сарын хугацаагаар түр дадлага туршлагажих хэмжээгээр мэргэжилтний болон миний хөдөлмөрлөх эрх зүйн байдлыг хэт дордуулж доод хэмжээний бага цалин өгч хохироохоор басамжлан доромжилсонд гомдож байна. Харин хөдөлмөрийн дотоод журмын 3.8, 4.1 дэх заалтууд нь захирлын хасах, чөлөөлөх, солих гэх мэт эрх хэмжээг тодорхойлж байгаа ба 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн захиргааны зөвлөлийн хурал нь ямар шийдвэр гаргасныг би мэдэхгүй байна. Намайг ажлаас өөрчлөх талаар дурдагдсан байсан талаар өчигдөр сонсож мэдсэн. Дээрх хууль журмын заалтууд болон хурлын шийдвэр нь намайг ажлаас өөрчлөх, хөдөлмөрлөх эрхэнд минь халдах, эрх зүйн байдлыг минь дордуулсан үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тушаалын гарчигт хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн боловч ажил олгогч нь надтай хөдөлмөрийн гэрээ огт хийгээгүй бөгөөд гэрээ хийх үүргээ биелүүлээгүй байж хөдөлмөрийн ямар гэрээг цуцлах гэж байгааг нь ойлгохгүй байна. М.Ж би 1 нас 5 сартай хөхүүл хүүхэдтэй бөгөөд хүүхэдтэй байдлыг минь ажил олгогч мэдээд ажлаас чөлөөлж чадалгүй туршлагын албан тушаалын гэх нэрийдлээр цөөн хэдэн төгрөгийн цалин өгсөн болж байгаад намайг дуугүй болмогц туршлагын хугацаа дууссан гэсэн шалтгаар бүр мөсөн хөөж явуулах гэж байгаа нь тодорхой юм. Иймд дээрх үндэслэлүүдэд дурдсан байдлаар миний хөдөлмөрлөх эрх минь зөрчигдсөн тул хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн хянаж намайг тус мэргэжил сургалтын төвийн оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн орон тоонд эгүүлэн томилуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгч М.Ж нь сургуульд 2009 онд ажилд орж, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тус МСҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 99 дугаартай тушаалаар оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшаар томилогдсон байна.

Сургуульд элссэн хүүхдийн тоо, анги дүүргэлтээс хамаарч багш нарын хичээлийн цаг нэмэгдэж, хорогддог бөгөөд энэ талаар тогтоосон норм, нормативыг сургуулийн захиргаанаас мөрдөж ажиллах журамтай. Энэ жилийн хувьд оёдол, нийтийн хоолны ангид элсэгчдийн тоо цөөрсөн учраас сургалтын төлөвлөгөөний дагуу багш нарын заах хичээлийн цаг үүнтэй уялдан хорогдсон. Хичээл заах ангигүй, сурагчгүй багшийг үндсэн багшаар ажиллуулахгүй нь ойлгомжтой. Ийм шаардлагын үүднээс хичээл заах цаг нь хорогдсон оёдол, нийтийн хоолны ангид хичээл заах багш нарын хичээлд сургалтын төлөвлөгөөний дагуу зохицуулалт хийж, М.Жг цагийн багш болгосон.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна., мөн хуулийн 18.3-т Багшийн мэргэжил эзэмшээгүй орон тооны багш нь сургалтын заах арга зүй эзэмшиж, багшлах эрхийн үнэмлэх авсан байна. гэж МСҮТ-ийн багш заавал багшлах эрхийн үнэмлэх авсан байх хуулийн шаардлага тавьсан. М.Жгийн хувьд 2009 оноос эхлэн багшлах эрхгүйгээр хичээл зааж ирсэн бөгөөд энэ хугацаанд суралцан багшлах эрх авах боломжтой байсан ч эрх аваагүй, сургуулийн зүгээс багшлах эрхийн сургалтад хамруулах талаар захиалга өгч, боломжит бүх талын арга хэмжээг авсан боловч тэрээр сургалтад хамрагдаагүй болно.

Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас 2016 оны нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд тус МСҮТ-ийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор шалгалт хийж шалгалтын мөрөөр 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 04-09-49/286 дугаартай улсын байцаагчийн зөвлөмжид оёдлын багш М.Ж нь багшлах эрхгүйгээр хичээл заасныг зөрчилд тооцон, багшлах эрхтэй мэргэжлийн багшаар ажиллахыг зөвлөсөн. МСҮТ-ийн захирлын зөвлөл хуралдаж сургуулийн цалингийн фонд, анги дүүргэлт, сургалтын төлөвлөгөөг харгалзан хичээлийн цагт зохицуулалт хийж зарим багш нарыг цагийн багш болгохоор шийдвэр гаргасан.

Иймээс ажил олгогчийн зүгээс дээрх шалтгаанаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/109 дугаартай тушаалаар М.Жгийн хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цуцалж цагийн багшаар томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан учир заах хичээлийн цаг хүрэлцэхгүй багшид үндсэн багшийн цалин олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч М.Жгийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 352 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан М.Жг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн ажилд эгүүлэн тогтоожээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: 1. Шүүх шийдвэр гаргахдаа хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 1 сарын өмнө ажилтанд ажлаас чөлөөлөх тухайгаа мэдэгдэх үүргээ зөрчиж мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй гэж буруутгажээ. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын зөвлөлийн хуралдаанаар орон тоо нь цомхотгогдсон хичээлийн цаг нь хорогдсоны улмаас цагийн багшаар ажиллах болсон багш нарын асуудлыг хэлэлцэж нэгэнт батлагдсан хичээлийн хөтөлбөрийн дагуу оёдлын ангийн цаг нь хорогдсон учраас М.Ж багшийг цагийн багш болгохоор шийдвэрлэж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар хуралдааны явцад мэдэгдсэн. Энэхүү захирлын зөвлөлийн хуралдаанд М.Ж оролцсон гэдгээ шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн ба хурлын явцад орон тоог цөөрүүлэх болсон талаарх мэдэгдэх хуудсыг н.Гула, н.Жазира багш нар авч бусад багш нар авахаас татгалзсан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн захирлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байхад шүүх шийдвэр гаргахдаа үүнийг анхаараагүй төдийгүй хариуцагч талаас өөрийн татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтыг холбогдолтой талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмыг зөрчсөн.

 

2. М.Жг ажил олгогчийн зүгээс бүр мөсөн ажлаас нь чөлөөлөөгүй, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/109 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлж мөн өдөр тус сургуулийн цагийн багшаар томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ биелүүлсэн байтал үндэслэлгүйгээр хариуцагчийг буруутгаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд шүүх шийдвэр гаргахдаа маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 352 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд би хариуцагч байгууллагын өмгөөлөгч Ө.Бахытбекийн давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргав. Анхан шатны шүүх нь М.Жгийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл М.Ж нь тухайн үед 3 нас хүрээгүй хүүхэдтэй байсан, түүнийг ажил олгогч анх оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшаар томилж ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулан ажиллуулж байсан атлаа орон тооны цомхотгол хийхдээ оёдлын дадлагын багшаас чөлөөлсөн ба нийтийн хоолны багшийн ажлаас чөлөөлсөн эсэх нь тодорхой бус байна. Ингэхээр хариуцагч ажилтан М.Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 352 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихыг хүсэж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

М.Ж нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан оёдлын болон нийтийн хоолны дадлагын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 99 дүгээр тушаалаар М.Жг мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус төвийн оёдлын болон нийтийн хоолны дадлагын багшаар томилж, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба тус төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/109 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 21, 23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3.8, 4.1-т зааснаар 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлттэй холбогдуулан тус төвийн оёдлын хичээлийн үндсэн багшийн орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажилтан М.Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг оёдлын хичээлийн цагийн багшийн ажилд томилж, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсан байна.

 

Харин ажилтан М.Ж нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т нийцжээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тус төвийн оёдлын болон нийтийн хоолны дадлагын багшийн орон тоо хасагдаагүй, ажилтны тоог цөөрүүлээгүй гэж, харин ажил олгогч сургуульд элссэн хүүхдийн тоо, анги дүүргэлтээс хамаарч багш нарын хичээлийн цаг нэмэгдэж, хорогддог ба 2016-2017 оны хичээлийн жилийн хувьд оёдол, нийтийн хоолны ангид элсэгчдийн тоо цөөрсөн учраас багш нарын заах хичээлийн тоо хорогдсон. Хичээл заах анги, сурагчгүй багшийг үндсэн багшаар ажиллуулах боломжгүй тул цагийн багш болгосон гэж тайлбарлаж, шүүхэд мэтгэлцжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг үндэслэл болгосон боловч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оёдлын болон нийтийн хоолны дадлагын багшийн орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлийг шүүхэд нотолж чадаагүй байна.

 

Ажил олгогчоос гаргаж өгсөн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 04-09-046/286 тоот зөвлөмж, тус төвийн захиргааны зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл, захирлын 2016 оны А/80 дугаар тушаал, цалингийн тооцооны хүснэгт, сургалтын төлөвлөгөө, багш нарын цагийн хуваарилалт зэрэг баримтууд тухайн ажлын байрны орон тоо хасагдсан, эсхүл багш нарын тоог цөөрүүлснийг нотлохгүй бөгөөд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас орон тоог хассан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэл бүхий шийдвэр гараагүй байхад 2016-2017 оны хичээлийн жилийн сургуульд элссэн хүүхдийн тоо, анги дүүргэлт зэргийг үндэслэн ажилтан М.Жг ажлаас нь чөлөөлж, цагийн багшаар томилж, хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн ажилтан М.Ж нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эх мөн болох нь баримтаар тогтоогдсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-т заасныг ажил олгогч зөрчсөн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Иймээс дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 352 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бахытбекийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК