Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00566

 

Ч.Югийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/00579 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаар магадлалтай,

Ч.Югийн нэхэмжлэлтэй

Орхон аймаг дахь ШШГГ - 437 дугаар НХА, Л.Гнарт холбогдох

017-53-01 дугаартай эд хөрөнгө хураасан актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.Ю, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн өмчлөлийн Булган аймгийн Булган сумын 3-р багийн В хэсэгт байршилтай Дүнзэн байшин зориулалттай 1 өрөө бүхий улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгөө охин Л.Оюунтунгалаг, хүргэн Н.Алтанхуяг тэдний хүү А.Болд-Эрдэнэ нарыг амьдрах орон сууцтай болгох зорилгоор өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулан Булган аймгаас зөөвөрлөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг Уртын голын 8-р гудамжны 52 тоот хаягт байрлах газар барьж босгон ашиглалтанд оруулсан ба одоо уг орон сууцанд Н.Алтанхуяг, Л.Оюунтунгалаг тэдний хүү миний зээ А.Болд-Эрдэнэ, миний бие хамт ам бүл таван хүн амьдарч байна. Гэтэл бий болгосон дээрх үл хөдлөх хөрөнгийг Орхон аймаг дахь ШШГГ 437 дугаар НХАйн 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Л.Ганбатын 017-53-01 дугаартай эд хөрөнгө хураасан акт-аар надад мэдэгдэлгүйгээр хураан авсан байна. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хураан авсан талаар охин Л.Оюунтунгалаг, Н.Алтанхуяг нар нь надаас нууж байсан болохыг сая олж мэдлээ. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заасан бөгөөд миний хөрөнгүүдийг бий болгоход оруулсан хувь нэмэр, оролцоо зэргээс үзвэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг Уртын голын 8-р гудамжны 52 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь манай гэр болох охин Л.Оюунтунгалаг, Н.Алтанхуяг, зээ хүү А.Болд-Эрдэнэ нарын дундын хөрөнгө юм. Тухайн үл хөдлөх хөрөнгө манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн хувьд би бие даасан шаардлага гаргах эрхтэй гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйл, 122.5-д зааснаар гомдол гаргах эрхтэй. Иймд Орхон аймаг дахь ШШГГ 437 дугаар НХАйн 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгд Л.Ганбатын 017-53-01 дугаартай эд хөрөнгө хураасан акт-ыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Л.Гшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2016/0726 дугаар шүүгчийн захирамжаар Л.Оюунтунгалаг, Н.Алтанхуяг нараас 9018244.97 төгрөг гаргуулж Хаан банканд олгохоор шийдвэрлэсэн. Орхон аймаг дахь ШШГГ-437 дугаар НХАйн ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Гнадад харьяаллын дагуу хуваарилан өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхэлснээс хойш төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж боломжит хугацааг олгож ажилласан. Битүүмжилсэн хөрөнгийг хураах ажиллагааг төлбөр төлөгч нарын гаргасан хүсэлтээр аргагүй байдлыг харгалзан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийн дагуу хүйтний улирлыг дуустал буюу 2016 оны 11 сарын 22-ноос 2017 оны 03 сарын 13-ныг хүртэл хойшлуулж 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17-53-01 эд хөрөнгө хураах актаар хураасан юм. Мөн төлбөр төлөгч Лүндэнгийн Оюунтунгалаг, Намжилдоржийн Алтанхуяг нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор аудитын байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар удаа дараа шүүх байгууллагад хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 04 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын 10-ныг хүртэл хойшлуулж Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01708 тогтоолоор үнэлгээг хэвээр үлдээж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээсэн. Нэхэмжлэгч Ч.Ю гэх иргэн нь миний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураасан хөрөнгийг хуулиар өмчлөөгүй, бусдад барьцаалж зээл авахад хамааралгүй нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Иймд шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Гби хууль бус үйл ажиллагаа явуулаагүй хуулийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул нэхэмжлэгч Ч.Югийн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2016/0726 дугаар шүүгчийн захирамжаар Л.Оюунтунгалаг, Н.Аптанхуяг нараас 9.018.244.97 төгрөг гаргуулж Хаан банканд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус газрын 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Гхарьяаллын дагуу хариуцан гүйцэтгэж байна. Тус газрын 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Гнь төлбөр төлөгч Л.Оюунтунгалаг, Н.Алтанхуяг нараас төлбөрт битүүмжлэн хураасан эд хөрөнгө нь Хаан банкны үүргийн гүйцэтгэлийн барьцаанд хуулийн хүрээнд гэрээний дагуу нотариатаар батлуулан Улсын бүртгэлийн хэлтэст барьцааны гэрээг бүртгүүлж баталгаажуулсан эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын голын 8-14 тоотод байрлах Ү-0000000000, Г-0000000000улсын бүртгэлийн дугаартай хашаа, байшинг тус тус битүүмжлэн хураан авч үнэлгээ тогтоолгон албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үнээс төлбөрийг барагдуулахаар хуулийн хүрээнд ажиллаж байгаа тул иргэн Ч.Югийн үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/00579 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг баримтлан Орхон аймаг дахь ШШГГ-437 дугаар НХА, шийдвэр гүйцэтгэгч Л.Гнарт холбогдох 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 17-53-01 дугаартай эд хөрөнгө хураах тухай актыг хүчингүй болгуулах Ч.Югийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШЗ2019/01565 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/00579 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Ю, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Ю, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасан үүргээ дутуу хэрэгжүүлсэн. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч Ч.Ю нь дээрх барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч болон төлбөр төлбөр төлөгч нарын гэр бүлийн гишүүн болох нь нотлогдохгүй байна” гэсэн нь хэрэгт авагдсан Л.Оюунтунгалагын төрсний гэрчилгээ, багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ зэрэг катлох баримтаар үгүйсгэгдэнэ. Дээр дурьсан баримтуудыг шүүх үнэлж дүгнэлгүйгээр гэр бүлийн гишүүн гэдэг нь нотлогдохгүй байгаа гэж дүгнэсэнд гомдолтой байна. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэх ажиллагааг дутуу хэрэгжүүлсний улмаас үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Ю Орхон аймаг дахь ШШГГ - 437 дугаар НХА, Л.Гнарт холбогдуулан эд хөрөнгө хураасан 017-53-01 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2016/00726 дугаар шүүгчийн захирамжаар Л.Оюунтунгалаг, Э.Алтанхуяг нар зээлийн үүрэгт 9.018.244 төгрөгийг  Хаан банкинд төлөх,  барьцааны зүйл болох Баян-Өндөр сумын Рашаант баг Уртын голын 8-р гудамжны 52 тоот хаягт байрлах 54 м/кв талбай бүхий байшингаас үүргийг хангуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталсан, уг захирамжийг биелүүлэхээр 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 49.4.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрийг барагдуулахын тулд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна” гэж заасан тул эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хууль зөрчөөгүй юм. 

Нэхэмжлэгч Ч.Ю нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...барьцааны зүйл болох шийдвэр гүйцэтгэлийн явцад хураасан хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй, уг хөрөнгө нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө учраас барьцааны гэрээ байгуулахад миний зөвшөөрлийг авах ёстой...” гэж байгаа боловч нэхэмжлэлийг хангах эрх зүйн үндэслэл байхгүй байна. Учир нь барьцааны эрх эд хөрөнгөд үүсч, уг эд хөрөнгөөс үүргийг хангуулдаг тул барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх, шинээр өмчлөгч тогтоолгох үйл баримт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нөлөөлөхгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй болно.

Өөрөөр хэлбэл Ч.Ю нь Баян-Өндөр сумын Рашаант баг Уртын голын 8-р гудамжны 52 тоот хаягт байрлах 54 м/кв талбай бүхий байшинг гэр бүлийн гишүүний хувьд хамтран өмчлөх эрхтэй байж болох боловч барьцааны зүйлээс үүргийг хангуулах эрх зүйн үндэслэлийг өөрчлөхгүй юм. Иймд энэ талаар нотлох баримтыг үнэлж чадаагүй гэх нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах боломжгүй болно.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/00579 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Ю, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

                    ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА