| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2017/00099/И |
| Дугаар | 212/МА2017/00113 |
| Огноо | 2017-09-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 212/МА2017/00113
Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн
даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 443 дугаар шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Ж овогт Сы Шэд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, С.Н, хариуцагчийн өмгөөлөгч Х.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Байгууллагад учирсан хохирол 92074648 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга асан С.Ш нь тус байгууллагын ажилтан Нурмухын Сийг удаа дараа илт хууль бусаар ажлаас нь халсан болох нь шүүхээр тогтоогдож, ажилгүй байсан хугацааны нийт 31743607 төгрөгийн цалин хөлсийг байгууллагаас олгож, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан байна. Өөрөөр хэлбэл, Н.Сийг шүүхээс хуучин ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоосоор байхад хууль бусаар түүнийг дахин ажлаас халж удаан хугацаагаар шүүхэд маргаан үүсгэж, үндэслэлгүйгээр удаа дараагийн шүүхэд давж заалдсаны улмаас ажилгүй байсан хугацаанд цалин хөлс нь онц их хэмжээнд хүрчээ. Тухайлбал, Н.Сд шүүхийн шийдвэрийн дагуу олгосон мөнгийг дэс дараагаар нь бичвэл:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 483 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 653 тоот тогтоолоор Н.Сд 2013 оны 01 дүгээр сарын 10-наас 2013 оны 3 дугаар сарын 18-ны хүртэлх 2 сар 8 хоногт ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 150400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 41676 төгрөг төлсөн.
2. Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 611 дугаар захирамжаар Н.Сий ажилгүй байсан хугацааны цалинд 9999030 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 87467 төгрөг төлсөн.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 391 тоот шийдвэр, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 125 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1136 тоот тогтоолын дагуу 5897913 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 40100 төгрөг төлсөн.
4. Баян-Өлгийн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 599 тоот шийдвэр, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 001/хт2016/00511 тоот тогтоолын дагуу 1822278 төгрөгийн өглөгтэй.
5. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 508 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 378 тоот тогтоолоор 6850240 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөр болсон.
6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 6 сар 6 хоног ажилгүй байсан хугацааны цалинд 5327853 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 102000 төгрөг нэхэмжилж байна.
Иймд хариуцагч С.Шээс байгууллагад учруулсан хохирол болох 31743607 /гучин нэгэн сая долоон зуун дөчин гурван мянга зургаан зуун долоон/ төгрөгийг гаргуулан өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Өы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай хүсэлтэд: Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн С.Шээс байгууллагад учруулсан гэм хор болох 31743607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу уг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна.
2013 оны 1 дүгээр сарын 01-нээс, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч дипломоор ажиллаж, байгууллагад учруулсан гэм хор болох 60331041 төгрөг, Н.Сийг төрийн албанаас илт хууль бус тушаал гаргаж халснаас болж байгууллагаас түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31743607 төгрөг нийт 92074648 /ерэн хоёр сая далан дөрвөн мянга зургаан зуун дөчин найман/ төгрөгийг С.Шээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.
Ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь: С.Ш нь 2005 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч диплом ашиглаж тус байгууллагаас нийтдээ 60331041 төгрөгийн цалин хөлс авч ирсэн нь эрх бүхий байгууллагын тогтоолоор нотлогдон тогтоогдож байна. Нэгэнт хуурамч бичиг баримт ашиглан цалин хөлс авсан тохиолдолд уг цалин хөлсийг олгосон байгууллага буцаан шаардах эрх нь байгаа юм. С.Ш нь Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийг хууран мэхэлж, хуурамч дипломоор цалин хөлс авсан хууль бус ажиллагаанаас учирсан гэм хорыг өмнө нь гаргаж байсан гэм хорын нэхэмжлэлтэй хамтад нь хянан шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Учир нь аль аль нь байгууллагад учирсан гэм хор бөгөөд хариуцагч нь ганц хүн юм. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хамтад нь шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч С.Ш шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.Үүнд:
1. Нэхэмжлэгч гэх Т.Өы нэхэмжлэлдээ дурдсан “Н.Сийг удаа дараа илт хууль бусаар ажлаас халсан болох нь шүүхээр тогтоогдсон” тухайд: Н.Сийг анх Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Даргерхан нь 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4 тоот тушаалаар тус хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд магадлагч эмчийн ажлаас Төрийн албаны тухай хуулийн 23.1.1, 24.1.3-д заасан үндэслэлээр чөлөөлсөн байна. Гэтэл Н.С нь аймгийн ТАСЗөвлөлд хандаж ажилд эгүүлэн тогтоох тогтоол гарсан тул уг тогтоолыг үндэслэн ажилд томилсон. Энэ хугацаанд ажилгүй байсан гэх 1500000 төгрөг болно. Дараа нь намайг тус хэлтсийн даргаар ажиллаж байхад Н.Сийг удаа дараа Нийгмийн даатгалын Ерөнхий газрын ЭХМТКомиссоос ажлыг нь хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан ба, мөн хуурамч бичиг баримт бүрдүүлж бусдад тахир дутуугийн тэтгэвэр олгох боломж олгосон зэрэг Төрийн албаны тухай хуулийн ёс зүйг ноцтой зөрчиж байсан учир ажлаас чөлөөлсөн боловч шүүх эгүүлэн тогтоосон. Энэ талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргад уламжлан танилцуулахад санхүүгийн зөрчил гаргасан хүнийг авч болохгүй гэсэн шийдвэр өгч байсан. Үүнээс үзэхэд Н.Сийг ажлаас халсан явдал үгүй болно. Үүнийг Т.Ө дарга нь хууль бус уу? Эсвэл үндэслэл байсан уу? гэдэгт дүгнэлт хийх эрх бүхий этгээд биш мөртлөө төрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд намайг ийнхүү илт хууль бусаар ажлаас халсан гэж хэтэрхий басамжлан доромжилсонд маш их харамсаж байна. Н.Сий 2016 оны 6 дугаар сарын 10-наас 2016 оны 2 дугаар 16-ны хоорондох цалинг нэхэмжилсэн тухайд бол Н.Сийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 5/14 тоот тушаалаар магадлагч эмчээр томилсон. Ажил хүлээлцэх комиссын ахлагч Т.Ботакөз тэргүүтэй комисс ажилд орох болсон тул дуудаж тушаал гардуулах гэтэл “Та бүхэн ирэх юм бол энд байгаа залуучуудаар зодуулна" гэж айлган сүрдүүлсэн гэсэн. Энэ тухай тушаалд орсон комиссын бүрэлдэхүүнээс тайлбар авах нь зүйтэй. Мөн Н.С нь сонгуулийн хороонд очиж аймгийн ИТХ-ын сонгуульд 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж байгаа гэсэн.
2. С.Ш би 4 жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил албан тушаалыг гүйцэтгэж байсан. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж төрийн албыг нэр төртэй гүйцэтгэж 4 жилийн хугацаанд А үнэлгээтэй буюу 95 оноогоор дүгнүүлж ирсэн ба ТЗ-9 дэх ангиллаар цалинждаг тангараг өргөсөн төрийн албан хаагч юм. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 зааснаар төрийн албан хаагч надад байгууллагад учирсан хохирлыг төлөх үүрэг хуулиар ногдоогүй. Харин Т.Ө гуай хуулийн энэ заалтын шаардлагыг ойлгоогүй юм уу, эсвэл надаас зөрчил дутагдал олохын тулд та бүхнийг хууль мэддэггүй юм шиг бичсэнд нь гайхаж байна. Н.Сий талаар гаргасан миний тушаалууд Захиргааны хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө өөрөөр хэлбэл 2013-2016 онуудын хооронд билээ. Тэгээд ч урьд гаргасан шүүхийн шийдвэрүүдэд С.Ш намайг хууль бусаар ажлаас халсан гэж тогтоох хэсэгт дүгнээгүй бөгөөд түүний ажилгүй байсан хугацааны цалинг надаар төлүүлэх гэсэн заалт байхгүй болно. Н.Сд шүүхийн шийдвэрээр олгох цалинг тухайн үед Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргад Аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4 тоот албан тоот хүргүүлж зөвшөөрөл авч байсан болно. 3ахиргааны ерөнхий хууль 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр УИХ-аар батлагдаж 2016 оны 7 дугаар сарын 1-ээс дагаж мөрдсөн. Н.Сийг ажлаас чөлөөлсөн миний гарын үсэг бүхий тушаалыг шүүхэд ирүүлээгүй байна. Нэхэмжлэгч Т.Ө нь шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчсөн байна гэжээ.
Хариуцагч С.Шийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тасхын шүүхэд бичгээр гаргасан нэмэлт тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн С.Шэд холбогдуулан гаргасан 2013 оны 1 дүгээр сарын 01-нээс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч дипломоор ажиллаж байгууллагад учруулсан гэм хор болох 60331041 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тухай хүсэлттэй танилцаж үзээд дараах тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд гаргаж байна.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: С.Ш нь 2005 оны 3 дугаар сарын 11-нээс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч диплом ашиглаж тус байгууллагаас нийтдээ 60331041 төгрөгийн цалин хөлс авч ирсэн нь эрх бүхий байгууллагын тогтоолоор нотлогдон тогтоогдож байна гэжээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагад 2013 оноос 2017 он хүртэлх хугацааны цалин, нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт 2005-2017 он хүртэлх хугацааны цалинг гэж нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгч байгууллагаас чухам хэдээс хэдэн он хүртэлх хугацааны цалин хөлсний хохирол нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Нөгөөтээгүүр, хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд хэний ямар үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан эсэх, ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн буюу хэрэв хохирол бодит байдлаар учирсан гэж үзэж байгаа бол аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс үйл ажиллагааныхаа чиг үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлж чадахгүй байгаа гэдгээ нотлох, үүнийг нэхэмжлэлийн үндэслэлдээ заавал заах ёстой бөгөөд маргааны үйл баримт болон ямар эрх ашиг нь зөрчигдсөн талаарх үндэслэлээ тусгаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байна.
2. Энэхүү нэхэмжлэлийг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Ө өөрөө гаргасан эсэх нь эргэлзээтэй. Учир нь, шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон сүүлд нэхэмжлэлийг ихэсгэсэн тухай албан бичигт зурсан гарын үсэг нь зөрүүтэй харагдаж байна.
3. Мөн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзвэл энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй ба энэ талаар холбогдох байгууллагад шалгуулж хохирол учирсан эсэхийг тогтоолгосон байх шаардлагатай бөгөөд байгууллагад хэн гэдэг ямар албан тушаалтан хохирол учруулсан эсэх нь маргааны нөхцөл байдлаар нотлогдохгүй.
4. Нэхэмжлэгч байгууллагаас Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны зөвлөмжийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба уг зөвлөмжийн Асуудал 8 гэсэн хэсэгт "Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 47 тоот тушаалаар Н. Сийг ажлаас халж, оронд өөр хүнийг томилсныг хууль бус гэж үзэн Н.С нь шүүхэд гомдол гаргаж 3 шатны шүүхээс ялсан байна. Байгууллагын даргын буруу шийдвэрээс болж 2015 онд 7 удаагийн шилжүүлгээр ажилгүй байсан хугацааны цалин болох 9,999,900 төгрөг, 2016 онд 5,285,780 төгрөгийг иргэн Н.Сд тухайн байгууллагын төсвөөс төлж байгууллагыг хохироосон байна.Үр нөлөө: дарга нарын хууль бус шийдвэрээс болж тухайн байгууллага хохирох, үргүй зардал гаргах, төсөв хэтрэх эрсдэлтэй" гэжээ. Дээрх зөвлөмжид Н.Сд тухайн байгууллагын төсвөөс цалин төлж байгууллагыг хохироосон гэсэн боловч нөхцөл байдлыг үнэнд нийцүүлэн тодруулаагүй байна гэж үзлээ.Өөрөөр хэлбэл, Н.Сд байгууллагын төсвөөс шууд байдлаар мөнгө шилжүүлсэн эсэх, байгууллагын төсөв тухайн ондоо хэтрэлтэй гарсан эсэх талаар ямар нэгэн дүгнэлт гаргаж, акт тогтоогоогүй бөгөөд хийсвэр маягаар хандаж, дүгнэлт гаргасан гэж ойлголоо.
Түүнчлэн, үр нөлөө буюу дүгнэлт хэсэгт байгууллага хохирох, төсөв хэтрэх эрсдэлтэй гэж тусгасан байх ба үүнээс харахад, Н.Сд 7 удаагийн шилжүүлгээр ажилгүй байсан хугацааны цалинг шилжүүлэхэд төсвийн ямар хэсгээс зарцуулалт хийсэн гэдгийг тогтоогоогүй байна. Төсөв хэтрэх эрсдэлтэй гэсний хувьд Нийгмийн даатгалын хэлтэс нь тухайн онуудад төсвийн ямар нэгэн хэтрэлт гаргаагүй, мөн төсвийн хэмнэлтээр уг мөнгийг шилжүүлсэн байна.
Энэ нь Төсвийн тухай хуулийн 46.1-д заасан ...Төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулж болно..., 46.3-ын ...Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараах арга хэмжээнд зарцуулж болно... гэж заасантай тус тус нийцжээ. Иймд, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст ямар хохирол учирсан, ямар хууль зөрчигдсөн эсэх тодорхойгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болон үйл баримтын талаар тодруулан заагаагүй байх тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-ыг тус тус баримтлан хариуцагч РД:УС66030212 Ж овогт Сы Шээс байгууллагад учирсан хохирол нийт 92074648 (ерэн хоёр сая далан дөрвөн мянга зургаан зуун дөчин найман) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Өмгөөлөгч С.Нургайып би Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, иргэн С.Шэд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 443 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзээд хэсэгчлэн эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр, зөвхөн хариуцагчийн эрх ашгийг хамгаалж, хэрэгт авагдсан баталгаат нотлох баримтуудыг үнэлэх, үнэлэхээсээ татгалзсан үндэслэлээ шийдвэртээ дурдах нь байтугай үл хайхран үлдээжээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж хатуу шаардлага тавьж өгсөн боловч анхан шатны шүүхийн шийдвэр нь энэхүү хуулийн заалтыг хангаагүй юм. Нэхэмжлэгчээс Н.Сий ажлаас үндэслэлгүй халагдсанаас болж ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 31.743.607 төгрөг нэхэмжилж үүнд холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн билээ. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн тодорхойлолт, Байгууллагын нягтлан бодогч А.Асылбекийн тодорхойлолт, бүх шатны шүүхийн шийдвэрүүд, Баян-Өлгий аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтын тэмдэглэл, Н.Сий банкан дахь харилцах дансны хуулга гэх зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгч байсан. Мөн хариуцагч болон түүний өмгөөлөгч нь ч гэсэн анхан шатны шүүхэд энэхүү Н.Сий ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд шүүхийн шийдвэрийн дагуу 31.743.607 төгрөг гарах ёсгүй, энэ дүн буруу зөрүүтэй гэж маргаагүй бөгөөд тайлбар ирүүлээгүй байсан мөртлөө анхан шатны шүүхээс нотлох баримтуудад зөв үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр “...хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нийтдээ улсын тэмдэгтийн хураамжийн хамт 16.395.453 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан Н.Сд олгохоор болсон нь нотлогдож байна...” гэж хийсвэр дүгнэсэн нь хуульд нийцээгүй юм. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчсөн юм. Нэхэмжлэгчийн зүгээс Н.Сий ажлаас үндэслэлгүй халагдсанаас болж ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 31.743.607 төгрөг гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн гэдгийг нотлохын тулд дан ганц шүүхийн шийдвэрийг л өгөөгүй. Дээр дурдсанчлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн тодорхойлолт, Байгууллагын нягтлан бодогч А.Асылбекийн тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтын тэмдэглэл, Н.Сий банкан дахь харилцах дансны хуулга гэх зэрэг нотлох баримтуудаар давхар тогтоогдож байгаа. Шүүхийн шийдвэрийг дээрх нотлох баримтуудтай харьцуулан үзэх ёстой байсан боловч шүүхээс тэрхүү ажиллагааг хийгээгүй нь хууль зөрчсөн юм.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаар болон тухайн шийдвэрийг биелүүлэх явцад нэхэмжлэгч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хохирол учирсан болохыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотолж чадаагүй” гэжээ. Шүүхээс тус газраас нийтдээ 31.743.607 төгрөг гаргуулахаар шийдвэр гарснаар хохирч үлдсэн гэдгийг хэн ч мэдэх боловч анхан шатны шүүх мэдэхгүй байгаад их гомдолтой байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд болон бусад нотлох баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөөр байтал хохирол учирсан гэдгийг нотолж чадаагүй гээд байгаа нь гайхшрал төрүүлж байна. Өөрөөр хэлбэл энэ мөнгийг нэхэмжлэгч байгууллагын данснаас гаргуулахаар шүүхийн шийдвэр гарснаар тус байгууллага хохирч үлдсэн юм. Шүүхийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно. Хэрэв С.Ш нэг албан хаагчийн амьдралаар тоглож, удаа дараа хууль бус тушаал гарган ажлаас халж тоглоогүй бол 31.743.607 төгрөгийн өр төлбөрт нэхэмжлэгч байгууллага орохгүй байсан. Үүнээс болж төрийн албаны 1 орон тоонд 2 хүнийг ажиллуулж, бүтэц орон тооноос хэтрүүлж хүн ажиллуулсан зөрчил гарсан юм. Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”, 16.5.5-т заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг зөрчиж байгууллагад хохирол учруулсан юм.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “дээрх үйл баримтууд болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд нь 2016 оны 7 дугаар сарын 01-нээс өмнө буюу Захиргааны ерөнхий хууль дагаж мөрдөгдөхөөс өмнө гарсан байна” гэжээ. Үүнээс үзвэл Захиргааны ерөнхий хууль үйлчлэхээс өмнө төрийн байгууллага хохирсон ч гэм буруутай этгээдээр хохирлоо барагдуулах эрхгүй мэтээр шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт бичсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” хэмээн заасан юм. Хариуцагч С.Ш нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар удаа дараа халдаж, түүнийг эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан ч гэсэн биелүүлэхээс зайлсхийхийн тулд ажилд томилсон мэтээр тушаал гаргаж байгаад дахиад ажлаас чөлөөлж 4 жилийн хугацаанд шүүхээр маргалдсаны эцэст байгууллагад хохирол учирсан байна. Үнийг С.Ш нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр байгууллагыг хохироосон гэж үзэх ёстой. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн буюу С.Шээс 31.743.607 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь иргэн С.Шэд холбогдуулан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа байгууллагад учруулсан хохирол 92.074.648 төгрөг гаргуулах тухай гомдол гаргаж, үндэслэлээ “тус байгууллагын ажилтан Н.Сийг удаа дараа илт хууль бусаар ажлаас халсан болох нь шүүхээр тогтоогдож, ажилгүй байсан хугацаанд нийт 31.743.607 төгрөгийн цалин хөлсийг байгууллагаас олгож, онц их хэмжээний хохирол учруулсан, С.Ш нь 2005 оны 3 дугаар сарын 11-нээс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч диплом ашиглаж даргаар ажиллаж 60.331.041 төгрөгийн цалин хөлс авч ирсэн нь эрх бүхий байгууллагын тогтоолоор нотлогдож байна.” гэж тайлбарлажээ.
Хариуцагч уг гомдлыг эс зөвшөөрч “Н.С нь 5 жилийн хугацаанд надтай 17 дахь удаа шүүхээр маргалдаж байна. Өс хонзонгийн сэдэлтээр ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа, Н.Сий ажилгүй байсан хугацааны цалинг иргэн С.Шээс биш Нийгмийн даатгалын хэлтсийн төсвөөс гаргуулахаар шийдвэрлэсэн. Намайг хуурамч диплом ашиглаж төрийн албанд ажилласан гэсэн байна энэ талаар шат шатны прокурорын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа” гэж шүүхэд маргасан байна.
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр, 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаар, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 51 дүгээр, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Н.Сийг тус тус ажлаас чөлөөлж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаар, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0508 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 98 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 378 дугаар тогтоолоор Н.Сийг ажилд эгүүлэн тогтоосон байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Н.Сий ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 31.743.607 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 483 дугаар, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 391 дүгээр, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 599 дүгээр, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2016/0016 дугаартай шийдвэрүүд, Баян-Өлгий аймгийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаар, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаар, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1136 дугаар, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 001/252016/00511 дугаар тогтоолууд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0508 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 378 дугаар тогтоолоор, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн Н.Сд шүүхийн шийдвэрээр олгосон цалингийн тодорхойлолт, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, Н.Сий Хбанкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Хариуцагч С.Ш нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, Н.Сийг удаа дараа ажлаас үндэслэлгүй халсан буруутай болох нь шат шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нотлогдсон байна.
Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн хариуцагч С.Шээс байгууллагад учруулсан хохирлоо нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5. дахь зохицуулалтад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс Н.Сий ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 31.743.607 төгрөгөөс одоогийн байдлаар16.667.360 төгрөгийг төлсөн болох нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, Н.Сий Хбанкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдсон байхад анхан шатны шүүх хариуцагч С.Шийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч байгууллагад бодит хохирол учирсан эсэхийг, мөн Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэхийг тогтоосон аудитын газрын дүгнэлт болон холбогдох мэргэжлийн байгууллагын акт байхгүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 31.743.607 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчжээ.
Хариуцагч С.Ш нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд хуурамч диплом ашиглаж 60.331.041 төгрөгийн цалин авч хохирол учруулсан гэх боловч С.Ш нь хуурамч диплом ашиглаж Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 92.074.648 төгрөгөөс Н.Сд олгосон, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 16.667.360 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 75.407.288 төгрөгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийн хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн өмгөөлөгчийн гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хариуцагч Ж овогт Сы Шэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч С.Шээс 16.667.360 /арван зургаан сая зургаан зуун жаран долоон мянга гурван зуун жар/ төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 75.407.288 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хариуцагч С.Шээс 241,287 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн өмгөөлөгчийн гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Д.КӨБЕШ