Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 142/2019/01144/И |
Дугаар | 001/ХТ2020/00470 |
Огноо | 2020-09-08 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2020/00470
Б.А-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/01229 дугаар шийдвэртэй,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 164 дугаар магадлалтай,
Б.А-ын нэхэмжлэлтэй,
Э Ү ТӨҮГ-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А-, түүний өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Э Ү ХХК-ийн ерөнхий захирлын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/347 тоот тушаалаар Спорт цогцолборын Спорт цанын баазын хэсгийн даргаар ажиллаж эхэлсэн. Манай компани нь Э Ү ТӨҮГ болсонтой холбоотой 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 тоот тушаалаар Бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалт, бүтэц орон тоог батлах тухай тушаал гарч Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсэг /хуучин нэр Спорт цанын бааз/-т хэсгийн даргаар ажиллаж байсан. Миний албан тушаал ахлах арга зүйч гэх нэртэйгээр батлагдан ажиллаж эхэлсэн ба манай хэсэг 17 хүний бүрэлдэхүүнтэй. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/543 тоот тушаалаар Үндэсний их баяр наадамд оролцох бөхчүүд, харваач, уяачдын бэлтгэлд гарч, дараа нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр амралтаа авч, амарч байх үед 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр намайг дуудан Я.Болд чиний ажлыг хийх тухай ажил олгогчийн тушаал гарсан гэх Э Ү ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/882 тоот тушаал, мөн Э Ү ТӨҮГ-ийн Спорт цогцолборын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн А/30 гэх тушаалын хуулбарыг үзүүлж Я.Болд ажлыг маань хүлээн авсан. Үүний дараа өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бүтцийн өөрчлөлт орсон учир миний ажлыг хүлээн авсан Я.Болдын ажиллаж байсан хуучин ажлыг /нийтийн биеийн тамирын чийрэгжүүлэлтийн арга зүйчээр/ хийх саналыг дэвшүүлсэн мэдэгдлийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өгсөн. Намайг ажлаас халсан гэх тушаал гаргаагүй атлаа миний ажлыг дээрх тушаал гарсан гэх үндэслэлээр ажлыг маань хүлээн авсан нь хууль бус гэж үзэж байна. 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр амралтын хугацаа дуусаад ажилдаа иртэл ажлаас халсан ямар ч шийдвэр тушаал гараагүй байсан ба өнөөдрийг хүртэл ямар ч шийдвэр гаргаагүй намайг ажилгүй болгож байгаад гомдолтой байна. Иймд Б.А- намайг Э Ү ТӨҮГ-ын Спорт цогцолборын Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зын шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.А- нь Э Ү ХХК-ийн Ерөнхий захирлын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/347 дугаар тушаалаар Спорт ордны цанын баазын хэсгийн даргаар томилогдсон бөгөөд өнөөдрийн байдлаар ажил олгогчоос түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Э Ү ТӨҮГ-ын Спорт цогцолборын Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шаардлага тодорхойгүй, түүнийг нотлох баримт байхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? Э Ү ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн зарим харилцааны эрх шилжүүлэх тухай А/501 тоот тушаалаар Э Ү ТӨҮГ-ын цех, нэгжүүдийн дарга нарт хөдөлмөрийн харилцааны зарим асуудлыг шийдвэрлэх эрх олгосон байдаг. Энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтын 2 дахь хэсэгт хүний нөөцийн чиглэлээр тушаал гаргахдаа ажлаас халах, өөр ажилд шилжүүлэх талаарх эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэх эрхийг цех, нэгжийн даргад олгоогүй. Хавтас хэрэгт авагдсан Э Ү ТӨҮГ-ын Спорт цогцолборын даргаас Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн дарга Б.А-од 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 43/223 тоот албан бичиг нь ажил олгогчийн зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрчлөн өөр ажилд шилжүүлэх талаар түүнд мэдэгдсэн ажил олгогчийн мэдэгдэл гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл түүнийг өөр, ажил шилжүүлэх эсхүл ажлаас халах талаар ажил олгогчийн зүгээс өнөөдрийн байдлаар ямарваа нэгэн шийдвэр гараагүй байгаа юм. Мөн Б.А-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, өөр ажилд шилжүүлээгүй болох нь түүний 2019 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэл авсан цалингийн орлогын тодорхойлолтоос харагдана. Ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, өөр ажилд буруу шилжүүлээгүй байхад нэхэмжлэгч түүний хөдөлмөрлөх эрхэд халдаж байна гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр үйлдвэрийн газрын хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргах ёстой байсан гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/01229 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.А-ыг Э Ү ТӨҮГ-ын Спорт цогцолборын Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч Э Ү ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 164 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/01229 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Б.А-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 43 дугаар зүйлийн 43.1 заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн. Э Ү ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019.06.24-ний өдрийн Б/882 тушаал, Э Ү ТӨҮГ-ын Спорт цогцолборын газрын даргын 2019.06.28-ны өдрийн А/30 тоот “ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай" тушаал гаргаж, ажил үүргийг өөр этгээдэд шууд шилжүүлж, ажил үүргийг хүлээлцэж байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан эрхийг зөрчсөн. Ажлаас халах тушаал гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг бусдад шилжүүлж, ажлыг нь хүлээлцэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгож байгаа нь ажил олгогчийн хууль бус шийдвэр. Нэхэмжлэгчийн ажил үүргийг ажил олгогч санаачлагаараа дуусгавар болгон, бусдад шилжүүлж байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйл, 43 дугаар зүйлийг зөрчсөн. Нийтийн биеийн тамирын чийрэгжүүлэлтийн арга зүйчээр ажиллаж байсан ажилтан Я.Болдыг өөр ажилд ажиллуулах асуудлыг шийдвэрлэсэн 2019.06.24-ний өдрийн Б/882 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 заалтыг баримталсан байх ба нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байранд ажиллуулахаар шийдвэрлэхдээ талууд тохиролцсон гэж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ажил үүргээ хэвийн хийж байхад өөр этгээдтэй уг ажил үүргийг нь гүйцэтгэхээр тохиролцсон гэж бусдад ажил үүргийг нь шилжүүлэх зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй. Хедөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны ажил үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 43, 35, 36, 37, 40, 41 дүгээр зүйлд заасан үндэслэлээр өөрчлөх, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах ажил олгогчийн шийдвэр гаргана гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэхүү хэрэгт ажил хүлээлцэх тухай 2019.07.17-ны өдөр үйлдэж 2019.07.21-ний өдөр нэхэмжлэгчид танилцуулан, ажлыг хүлээлцэж, ажил үүргийг авсан нь хэрэгт нотлогдож байхад ажлаас халах тушаал гаргаагүй нь ажлаас халсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт нь ажил олгогч ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах бол заавал шийдвэр гаргахыг заасан буюу үүрэг болгосон заалт. Энэхүү хэрэгт уг заалтыг баримтлаагүй ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажил үүргийг нь бусдад шилжүүлсэн шийдвэрийг “шийдвэр” гаргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь Э Ү ТӨҮГ-ын Спорт цогцолборын газрын даргын 2019.06.28-ны өдрийн А/30 тоот “ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай” тушаал нь нэхэмжлэгчийг ажил хүлээлгэн өгөхийг үүрэг болгосон шийдвэр бөгөөд уг тушаалыг үндэслэн 2019.07.21 өдөр нэхэмжлэгчийн ажлыг хүлээлцсэн нь хэрэгт нотлогдож байгаа бөгөөд уг өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ. Иймд Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.10-ны өдрийн 164 тоот магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.23-ны өдрийн 142/ШШ2019/01229 тоот шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.А-, Э Ү ТӨҮГ-т холбогдуулан тус үйлдвэрийн газрын Спорт цогцолборын Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, тус шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар нэхэмжлэгч Б.А-ын гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заах үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй, тухайлбал ажлаас халах үндэслэлээ тодорхой зааж, шийдвэрийг бичгээр гаргаагүй, ажил хүлээлцэх хугацааг тогтоогоогүй эс үйлдэхүй гаргасныг давж заалдах шатны шүүх анхаараагүй, нэхэмжлэгч Б.А-ыг ажлаас халсан шийдвэр бичгээр гараагүй болон цалин олгосныг үндэслэн, зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа хэвээр үргэлжилж байгаа гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Иймд магадлалыг хүчингүй болгов.
Б.А-ыг ажлаас халагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.
Э Ү ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019.04.15-ны өдрийн А/244 тоот тушаалаар тус үйлдвэрийн газрын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц болон орон тоог баталсан ба уг бүтэц зохион байгуулалтаар Спорт цогцолборын Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн “хэсгийн дарга” гэсэн ажлын байрны нэршлийг “ахлах арга зүйч” гэж өөрчилж, нийт 17 орон тоотой хэвээр үлдээжээ. Нэхэмжлэгч Б.А-, тус хэсгийн даргаар ажиллаж байсан бөгөөд дээр дурдснаар даргын нэршил өөрчлөгдсөн ч ажил үүргээ 2019.07.22-ны өдөр хүртэл эрхэлж байсан тул түүнийг ...Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн ахлах арга зүйчээр ажиллаж байсан гэж үзнэ.
Б.А-ын эрхэлж байсан ажлын байрны орон тоонд тус хэсгийн арга зүйч Я.Болдыг томилон тушаал гаргаж, улмаар нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2019.07.22-ны өдөр ажлыг хүлээлцүүлснээр тэрээр ажил үүргээ гүйцэтгээгүй нь тогтоогджээ.
Я.Б-ыг ахлах арга зүйчээр томилсон тушаалд Б.А-ыг ээлжийн амралттай байх хугацаанд түүний ажлыг түр хариуцуулах агуулга тусгагдаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар ...хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох... энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ ...хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй ба нэхэмжлэгч Б.А-той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын ажил үүргийг бодитоор гүйцэтгүүлээгүй атлаа цалин хөлс олгосон нь хөдөлмөрийн харилцаа хэвийн үргэлжилж байгаа гэж үзэх үндэслэлгүй болно.
Тэрчлэн хариуцагч Э Ү ТӨҮГ нь нэхэмжлэгч Б.А-ыг ээлжийн амралттай байхад ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан “ээлжийн амралттай байгаа үед албан тушаалыг хэвээр хадгалах” зохицуулалтыг зөрчсөн, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Иймд нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт хийж түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.
Ажил хүлээлцсэн тухай тэмдэглэлийг 2019.07.17-ны өдөр үйлдсэн хэдий ч 2019.07.22-ны өдөр ажлыг хүлээлцүүлсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2019.08.20-ны өдөр шүүхэд гаргасныг үндэслэн Хөдөлмөриййн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.
Дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 164 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/01229 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ