Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 00866

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2017/00866

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7а-30 тоотод оршин суух, Хоохолдой овогт Ө.Б /Регистрийн дугаар: ФД82061311/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7а-30 тоотод оршин суух Хоринхоёрынхон овогт Н.А / Регистрийн дугаар: ИЭ78060267 / хариуцагдах гэрлэлт цуцлуулах, эмчилгээний төлбөр гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, хариуцагч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Н.А-тай 2009 онд танилцаж ханилаад 2014 оны 10 сард гэрлэлтээ батлуулан 1 гэрт амьдарсан.Танилцсанаасаа хойш 2009-2014 онд хүүхэдтэй болох гэж байнгын эмчилгээнд явж байсан. Ингээд үр дүн өгөөгүй учир 2014-2016 он хүртэл үр суулгах эмчилгээнд 3 удаа орсон боловч тодорхойгүй шалтгааны улмаас эмчилгээ амжилтгүй болж байсан. Цуг амьдарч, эмчилгээ хийлгэж байх хугацаанд эхнэр Н.А намайг байнга элдэв янзаар хараан зүхэж, хүүхэдтэй болохгүй байгаа шалтгаанаа надаас болж байгаа мэтээр эр хүний минь хувьд дорд үзэн харьцдаг байсан ба гэр орондоо тайван амарч чадахаа байсан. Өдөр бүр хэрүүл хийж, сүүлдээ хардаж, сэрдэж тайван байлгахаа больсон.Үүгээр ч зогсохгүй гэр бүлийн хэрүүлдээ миний гэр бүл, ээж дүү нарыг минь оролцуулж удам угсаагаар минь доромжлох болсон. Би энэ бүх хугацаанд бидний зан ааш, үзэл бодол таарахгүй гэдгийг маш сайн ойлголоо.Намайг эр нөхрөө гэж хүндэтгэж үздэггүй, ёс бусаар харьцдаг.Би цаашид энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй.Миний ээж өнөөдөр хүү бэр хоёроороо халамжлуулж чадахгүй, хөлсний байранд амьдарч байна.Бидний дундаас төрсөн хүүхэд байхгүй,татлаа түтлээ байхгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ө.Б нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ө.Бминий бие А-тай хамт амьдарч байх хугацаандаа үр хүүхэдтэй болохыг хичээж 2012 оноос эхлэн эмнэлэгээр эмчлүүлж эхэлсэн. 2012 оноос Бүлтэн эмчид үзүүлж байгаад дараа нь Өөжин мед эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Энэ эмнэлэгт эмчлүүлэхэд 20 гаран сая төгрөгийн зардал гаргасан боловч баримтаар 16,275,150 төгрөгийн зардал нь нотлогдож байгаа. А нь гэрт байсан бүхий л эд эд хөрөнгийг дундын гэж тооцон үнэлүүлж хуваалгах шаардлага гаргаж байхад би эмчилгээнд зориулсан 16,275,150 төгрөгийн тал хувийг түүнээс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймээс Н.А-аас эмчилгээний төлбөрийн тал хувь болох 8,137,575 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Ө.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ө.Б миний бие Н.А-г хуурч байсан удаа надад байхгүй. Бид 2 үр хүүхэд олдохгүйн улмаас хоорондын харьцаанд цав үүсч хэрүүл маргаан тасрахаа больсон. Хүүхэдтэй болохгүй байгаа шалтгааныг Н.А миний бузраас болж болохгүй байна гэж байнга элдвээр хараан хэлж эр хүний хувьд байнга доромжилж төрсөн эхийг минь хүртэл элдвээр дуудан хөөж түүний энэ байдал нь байнга давтагдах болсон тул би салах хүсэлт гаргасан. Н.А бид хоёр 2014 оны 08 сард орон сууц авахааар шийдэж 5-7а-30 тоот 61.4 мкв 2 өрөө авах болсон боловч Н.А-г хамтран зээлдэгчээр оруулах гэсэн боловч ажилласан жилийн хугацаа нь хүрэхгүйгээс 2 сараар хойшилж 2014 оны 10 сард авахаар болсон ч урьдчилгаа мөнгө дутаж Ө.Б би үеэл дүү Уранчимэгээс удаан хугацаагаар мөнгө зээлж энэ байрыг авсан. 2016 оны 02 сард амьдралдаа нэмэр болгохоор хот хоорондын тендэрт оруулж амралтаараа таксинд явж байхаар 40-59 ОРХ дугаартай Соната 7 маркын машинаа хувь лизингээр авсан нь үнээн. Авсанаас хойш тендэр нь явахгүй байсны улмаас эргэн төлөлтөө хийж чадахгүйн улмаас 2016 оны 09 сарын 11-ны өдөр зарж өрөө дарсан нь үнэн болно.

            Хабитатад байсан байшингийн дээвэр дээр хураасан гэрээс Ө.Б би гэрийн хаалга, 2 ширхэг дээвэр л дүүдээ өгсөн нь үнэн. Гэрийн хаалганаас бусад мод нь Дэнжид байдаг Н.А-ийн төрсөн эгч болох Н.А-гийн байшингийн дээвэр дээр хураалттай байгаа. Мөн Хабитатаас нүүхдээ илжирсэн шалавчнуудыг нь хаяж гайгүй үлдсэнийг нь Дэнжид байдаг эгчийнх нь хашаанд зуух тулгатай нь аваачиж буулгасан. 03-62 ОРХ дугаартай Мазда маркийн авто машиныг Н.А бид 2 ярилцаж тохироод эмнэлгийн зардалд мөнгө хэрэгтэй тул 5.000.000 төгрөгийг бэлнээр авч үлдсэн 5.000.000 төгрөгийг сүүлд авахаар болж зарсан. Энэ машин нь сугалааны машин байсан тул 2.700.000 төгрөгийг нь эмнэлгийн төлбөрт оруулж үлдсэнийг нь азын юм гээд гэртэй тавилга авсан. Ө.Батмандах би эд хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлж Н.А-д оногдох хувийг олгоход татгалзах зүйлгүй. Байрыг өөрийн өмчлөлдөө авч оногдох хувийг Н.А-д олгоно гэжээ

Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Б миний бие Н.А-ийн шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах нэмэлт тайлбарыг өгч байна.

Бид хоёр “2009 онд танилцаад 2010 оны 03 сард бие биеийнхээрээ орж байгаад 2010 оны 08 сараас Н.А-ийн ах Н.Батбаярын Хабитатын 213 тоотод цуг амьдарч эхэлсэн”.2011 оны 05 сараас хашаа байшин барьж тусдаа гарч амьдаръя гэхэд Н.А Батбаяр ахынх хашаагүй жижиг байшингаа зарж байр авна гэсэн дахиж өөр байшин барьж байхаар энийг худалдаад авчихъя гээд 8.000.000 төгрөгөөр авахаар болоод би ХХБ-с цалингийн зээл 4.000.000(зээлийн дансны хуулга хавсаргав) төгрөг авч 1.000.000 төгрөгийг нэмж 5.000.000 төгрөгийг бэлнээр төлж үлдэгдэл 3.000.000 төгрөгийг “Монгол Хабитат Хүмүүнлэгийн байгууллагад цувуулан төлсөөр 2014 оны 02 сард төлж дуусган өөрийн гэсэн хашаа байшинтай болсон.

2012 оны 07 сарын 19-нд ХХБ-с нэмж цалингийн зээл болох 7.000.000( зээлийн дансны хуулга хавсаргав) төгрөгийн зээл авч хашаа байшиндаа өргөтгөл хийн томсгож барьсан.2014 оны 02 сард хашаа байшингаа өөрийн нэр дээр шилжүүлж аваад 2014 оны 11 сард орон сууцны зээлд хамрагдахаар хашаа байшингаа 28.000.000 төгрөгөнд зарсан.

Анх Н.А-тай учрахдаа өөрийн 0495 ОРХ дугаартай жижиг тэрэгтэй байсан. ”2012 онд машинаа зарсан.2014 оны 02 сард Тоуоtа Grand Магк 2 машин худалдаж аваад 2014 оны 11 сард байрны зээлд орохын тулд (Тоуоtа Grand Магк 2 машинаа 8.000.000 төгрөгөнд зарсан нийт 16,000,000 төгрөг миний данснаас гарч Улаанбаатарт ажилладаг дүү Уранчимэгээс 3.000.000 төгрөг зээлж аваад байрны 57А-30 тоотын урьдчилгаа 48.000.000 төгрөгийг бүрдүүлж, 2014 оны 11 сарын 27-нд байраа авсан”.

Одоо амьдарч байгаа орон сууцыг авахад урьдчилгаа 48.000.000 төгрөгийг би бүгдийг нь бүрдүүлж, тухайн үед Н.А нь тодорхой эрхэлсэн ажилгүй байсан.

Үнэн бодит байдал ийм байхад намайг гэр оронгүй гуйлгачин орцны жижүүрийн хүүхэд гэж дайрч давшлан, ахынх нь байшинд ирээд бэлэн юман дээр амьдарсан мэт хариу тайлбар өгсөн. Байрны урьдчилгааг бүрдүүлэхэд мөн байшингаа худалдан авахад, өргөтгөл хийж томсгоход авсан зээлийн дансны хуулгуудыг нотлох баримтаар хавсаргаж өгнө. Бүх зүйл нотлох баримттай байх ёстой гэж үзэж байна.

Бид хоёрын амьдарч байх энэ хугацаанд үр хүүхэдтэй болохгүй байсан учир Бүлтэн эмчид 2011-2013 он хүртэл эмчилгээ хийлгээд үр дүн өгөөгүйн учир өр ширээ дарж дуусгаад дахин 2015 оны 6 сараас Өөжин-Мэд үр шилжүүлэн суулгах эмнэлгээр эмчлүүлээд 2-3 удаа үр шилжүүлэн суулгасан боловч үр дүн өгөөгүй. Өөжин Мэд үр шилжүүлэн суулгах эмнэлэгт бид хоёр хүүхэдтэй болохын тулд хийлгэсэн эмчилгээний зардал 20 гаран сая төгрөг болсон.

Үүний 4.000.000 төгрөг нь А-аас гарсан, бусдыг нь би хүнээс зээлж эмчилгээнд зориулсан.Би амьдралаа авч үлдэхийн тулд үр хүүүхэдтэй болбол энэ хүний ааш зан засрах байлгүй гэж бодон хүнд зээл тавьж эхнэртээ эмчилгээ хийлгэсэн.

Үр хүүхэдтэй болохгүй байгаагаас болж хэрүүл маргаан тасрахаа больж болохгүй байгаа бүх буруу шалтгааныг надаас хайж эцэстээ миний гэр бүл ээж, дүү нар луу минь хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог болсон. Үр хүүхэдтэй болохгүй байгаа болохоор хөгшин ээжийгээ гомдоогоод байгаа болохоор үр хүүхэд заяахгүй байгаа юм болов уу гэж бодоод ээжтэй гурвуулаа хамт амьдаръя гэж эхнэр Амарзаяад санал тавихад эрс эсэргүүцэж удам угсаа хамаатан садангуудыг минь доромжилж гуйлгачингуудтай ба хамт амьдрахгүй надаас дээрд тэднийгээ үздэг хэн юм гэж надруу орилж хашгичсан. Тэрнээс хойш хэрүүл маргаан тасрахгүй хэд хоног хэрүүл хийж намайг элдвээр дуудаж “золбин жингэрийн гөлөг гэж хашгиран надруу нулимж байсан. Би гэртээ ээжийгээ хүчээр авчирч хамт амьдрахаар болсон. 7 ч хонолгүй ээжийг минь эхнэр Н.А хөөгөөд явуулсан. Миний ээж дүү нар манайд ирж усанд орох болгонд ямар ч өвчтэй юм билээ битгий надад өвчин халдаачих гэж уурладаг. Энэ 7 жилийн хугацаанд би эхнэр Н.А сайхан амьдруулах гэж хичээж зүтгэж амьдруулж байхад намайг дандаа дорд үзэж, доромжилж эхийг минь хүртэл байнга доромжилдог тул миний тэсвэр тэвчээр алдагдаж салахад хүрлээ. Эр нөхөр нь гэж бодож явсан намайг хамт олонтойгоо яваад ирэхэд хэрүүл өдөж хардаж сэрдэж улаан нүүр лүү минь нулимсанд би гомдож явдаг. Энэ хэрүүл маргаанаас болоод би ээжийгээ хөлсний байранд амьдруулж байгаа.

Анх Н.А-тай 2009 онд танилцаад “Ариранг” ресторанд нягтлан хийдэг байсан. 2010 онд ажлаасаа гараад 2014 он хүртэл гэртээ суусан. Эрдэнэт хивсэнд ажлын байр гарлаа гэхээр нь Н.А-г анкет өгүүлж 2014 оны 03 сард Эрдэнэт хивсэнд ажилд оруулсан.

Хабитатад байсан байшингийн дээвэр дээр хураасан гэрээс Ө.Батмандах би гэрийн хаалга, 2 ширхэг дээвэр л дүүдээ өгсөн нь үнэн гэрийн хаалганаас бусад бүх мод нь Дэнжид байдаг н.А-гийн төрсөн эгч болох н.А-гийн байшингийн дээвэр дээр хураалттай байгаа. Мөн хабитатаас нүүхдээ илжирсэн шалавчнуудыг нь хаяж гайгүй үлдсэнийг нь дэнжид байдаг эгчийнх нь хашаанд зуух тулгатай нь аваачиж буулгасан. Гэтэл надаас бүтэн гэр нэхэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ажилгүй байх хугацаанд нь аль болох сайн сайхан байлгахыг хичээж байсан. Гэтэл юугаараа гийгүүлсэн юм гэж орилж чаралж байнга доромжилдог байсан. Байрны урьчилгаанд зээлсэн 3.000.000 төгрөгний 1.000.000 нь үлдсэн байгаа. Байраа авснаас хойш лизигийн эргэн төлөлтийг 2014 оны 12 сарын 10 - 2016 оны 08 сарын 10-ыг хүртэлх бүх төлөлтийг Ө.Б миний бие төлсөн. Иймд тус байрыг авахдаа урьдчилгаа 30 хувийг би өөрөө бүрдүүлж төлсөн. Өнөөдрийг хүртэл байрны зээлийг дангаараа би төлж байгаа учраас байраа Н.А-гийн өмчлөлд шилжүүлэхгүй өөрийн өмчлөлд авч үлдэнэ гэжээ.

Хариуцагч Н.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Намхай овогтой Амарзаяа нь Өлзийжаргал овогтой Б-тай 2009 оны 5 танилцаад 2 сар гаран үерхэж байгаад 2009 оны 11 сард Б нь намайг ээжтэйгээ хамт ах Батбаярын 4-14-130 тоотод амьдарч байхад манай гэрт өмссөн хувцастайгаа орж ирж, хамт амьдрах болсон.Удаагүй урд Хапитатад ах Батбаяр хашаа байшин бариад ээж бид хоёрыг тусад нь гаргасан.Бид хамтдаа л хороололд гарсан.Энэ үед Б нь дүү нар болон ээж Өлзийжаргалын хамт орон гэр байхгүй 6-20-4-р орцонд шатан доор амьдардаг байсан ба ээж нь орцны жижүүр хийдэг байсныг сүүлд мэдсэн....Хамтдаа амьдрахын төлөө өдийг хүртэл хэн хэн маань зүтгэж явсан.Хамт амьдарснаас хойш 2 жилийн дараа Хапитатын байраа томсгоод тэндээ амьдарч байгаад 28.0 төгрөгөөр зараад, унаж байсан машинаа зарж, хадгаламжинд байсан мөнгөө нэмж, байрны урьдчилгаа 48.0 сая төгрөг хийж, одоо амьдарч байгаа байраа 2014 оны 11-р сард авсан.Амьдарч эхлээд эхний 2 жилд амьдралаа сайжруулах гэж бид 2 үр хүүхдэд анхаарлаа хандуулаагүй явсаар 3 дахь жилэээс нь жирэмсэн болохгүй болохоор нь эмнэлгээр явж эхэлсэн.

Ө.Батмандах шүүхэд гаргасан өргөдөлдөө намайг буруутан мэтээр бичээд байгааг ойлгохгүй байна. Хамт амьдарч эхэлснээс хойш 3 дахь жилээс гэхээр 2012 оноос л эмчилгээ хийлгэж эхэлсэн.Картан дээр тодорхой байгаа.Бүлтэн эмчийн эмнэлэг дээр эмчлүүлээд гаргахад Бүлтэн эмч за одоо 2 сарын дараа жирэмслэхгүй бол нөхөрөө үзүүлээрэй гэж хэлсэн.Батмандах өөрөө сайн мэдэж байгаа. Тэрнээс хойш 6 сар өнгөрөхөд жирэмсэн болоогүй ээ...

Эвлэрүүлэн зуучлалд, шүүхэд өргөдөл өгөөд заавал сална гээд байгаа Ө.Батмандахын байгаа байдал одоо бодоход 2015 оны 11 сараас эхэлж хөрч эхэлснийг би сая л анзаарлаа.Үр шилжүүлэн суулгах ажилбарт 2 дахь удаагаа 2016 оны 5-р сард явахад хэрүүлтэй маргаантай л намайг эмнэлэг рүү хүргэж өгөөд л буцсан.Буцаж ирэхэд хүний нөхөр байна даа, хөндий хүйтэн ... би л дурандаа хүүхэдтэй болох гээд байгаа юм шиг л аашилж байсан. Миний сэтгэл санаа тайван, хоёулаа хамтдаа зүтгэж явсан бол энэ 2 суулгалтын нэг ч гэсэн амжилттай болох л байсан.Батмандах өөрөө сэтгэл гаргаж, надад халуун дулаан хандаж, хамтдаа зүтгээгүй байж намайг буруутгаж болохгүй...Хамт амьдарч байсан хугацаанд сайн сайхан зүйл зөндөө л байсан.Тийм ч болохгүй болчихсон амьдрал бишээ.

Бидний босгосон 7 \долоон\ жилийн амьдралд би л болохгүй бүтэхгүй байсан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Ө.Батмандах өөрөөсөө жаахан ч гэсэн алдаагаа хайж үзсэн нь дээр болов уу? ...Хадам ээж, дүү нарынх нь гаргаж байгаа ааш авирыг дуугай тэвчиж байсан нь буруу юм болов уу? Манайхыг байранд орсны дараа хадам ээж хэд хоног манайд байхдаа согтуу орж ирэн орилж чарлан хаалга саван агсан тавьж байсан. Батбаатар гэдэг дүү нь хүртэл орж ирж агсан тавьдаг. Дүү нар нь ээжийгээ хүртэл тайван байлгахгүй агсан тавьж зовоодог. Надаас гадна 2 бэр байгаа тэд нартайгаа ч таардаггүй хэрүүл зодоон хийдэг л хүмүүс....

Би Ө.Батмандахтай 7 жил ханилахдаа энэ амьдралын минь насны хань гэж итгэж явсан одоо ч итгэж л байгаа. Намайг яаж гомдоож явсанаа өөрөө мэдэх байлгүй дээ.Энэ бүгдийг би уучилж амьдарсан даа.Энэ амьдарлын эцсийг нь үзтэл салах тал дээр миний хувьд эсрэг байр суурьтай байгаа.Бид хоёрын дундаас төрсөн хүүхэд татлаа түтлээ байхгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна...” гэж Батмандахын амнаас ямар амархан гарч байна...Долоон жилийн хамтын амьдрал, ханиа гэж бүх амьдралаа зориулсан миний сэтгэлийг торох юмгүй нулимж байгаа юм уу?...Бидний хамтын амьдралыг Батмандах ганцаараа шийдэж дуусгавар болгох эрх түүнд байхгүй гэж бодож байна.Бидэнд зээлтэй ч 5-7А-30 тоот 61.04 м.кв 2 өрөө байр \тавилгатай\, 40-59 орх Соната-7 автомашин, миний унаж байсан Мазда автомашиныг 10.0 сая гөг зарсаны үлдэгдэл /8-р сард орж ирэх 5.0 сая\төг гээд дутуу юм байхгүй.Миний хувьд цаашид эмнэлэгийнхээ үр дүнг үзээд түүнийг уучилж, эвлэрэн амьдарч болно гэж бодож байна.

Долоон жил хамтдаа зовох цагтаа зовж, зүдрэх цагтаа зүдэрч байж босгосон амьдралаа сүйтгэхийг Бүсгүй хүн би хүсэхгүй байна.Батмандахыг уучилж, хамтдаа амвдарая гэж бодож, итгэж чадаж байхад эр хүн та ухаарч амьдрах хэрэгтэй.Гэрлэлтээ цуцлуулах гэж яарч, адгаад байгаа учрыг би саяхан мэдсэн.Шүүхэд өргөдөл өгсөн цагаасаа надтай утсаар ярихгүй, миний дуудлагыг авахгүй байгаа ч би өдөр бүр залгаж, түүнтэй учраа олох гэж хичээж байгаа... утас руу нь залгатал эмэгтэй хүн авсан...”Батмандахтай танилцаад 3 сар гаруй болж байгаа түүнийг эхнэртэй гэж мэдээгүй... би хуурагдсан байна шүү дээ ... би жирэмсэн ... нэг болохоор үгүй ч юм шиг... “ зүйл яриад бид хоёр 1 цаг гаруй ярьсан.Шаардлагатай гэвэл утсаар ярьсан бичлэгийг шүүхэд гаргаж өгч болно. Салах гээд байгаа шалтгаан нь энэ эмэгтэй юм бол эр хүн шиг үнэнээ хэлэхэд ... би эмэгтэй хүн долоон жил хамт амьдарсан болохоор түүнийг уучилж чадна шүү дээ.Үнэхээр тэр эмэгтэйгүйгээр амьдрал нь дуусах гээд байгаа бол хамтдаа эвээр асуудлыг шийдье л дээ гэжээ

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... Гэр бүл цуцлах асуудал дээр би салахаар шийдсэн.Нөхөр Ө.Батмандах нь намайг яаж хуурч, гэр бүлээсээ гадуур нэг биш хоёр эмэгтэйтэй дотно харьцаатай байж, адаг сүүлд нь хүүхэдтэй болохгүй байгаа нь зөвхөн миний буруу мэтээр ярьж, надад хүйтэн хөндий хандаж байгаа байдлыг нь тэвчиж чадахгүй байгаа.Дундын өмчлөлийн эд хөрөнгөн дээрээ эвлэрэн хэлэлцэх боломжгүй байх тул дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 40-59 ОРХ улсын дугаартай “Соната-7” маркийн автомашиныг дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг тогтоолгож, бүх эд хөрөнгөө хуваалгахаар шүүхэд сөрөгнэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.Энэ долоон жилийн хамтын амьдралын туршид зээлтэй ч 5-7а-30 тоот 61.04 м.кв 2 өрөө \тавилгатай\, байр,40-59 ОРХ улсын дугаартай “Соната-7” маркын машин, миний унаж байсан Мазда автомашиныг 10.0 сая\төг зарсны үлдэгдэл 7-р сарын сүүлээр Ө.Батмандах авсан 5.0 сая төгрөг зэрэг нь бүгд бидний дундын өмчлөлийн эд хөрөнгүүд.Ө.Батмандах нь 40-59 ОРХ улсын дугаартай “Соната-7” маркийн автомашиныг тендертэй тээвэрт явахаар 2016 оны 3-р сарын 23 ны өдөр өөрийн санаачилгаараа “Хүчит Арслан” ХХК-ний нэр дээр шилжүүлсэн.Энэ автомашин нь бидний дундын өмчлөлийн хөрөнгө гэж үзэж байна.

1. 40-59 ОРХ улсын дугаартай “Соната-7” маркын автомашиныг 2016 оны 3-р сард А.Батмандах  “Хүчит Арслан” ХХК-ний нэр дээр шилжүүлсэн байх тул уг автомашиныг дундын эд хөрөнгө болохыг тогтоох.

2. Зээлтэй ч 5-7А-30 тоот 61.04 м.кв 2 өрөө \тавилгатгй\, байр, 40-59 ОРХ улсын дугаартай маркын автомашин, миний унаж байсан Мазда автомашиныг 10.0 сая төгрөгөөр зарсны үлдэгдэл 7-р сарын сүүлээр Ө.Батмандах авсан 5.0 сая'төг, бүгд бидний дундын өмчлөлийн хөрөнгүүд. Эдгээр эд хөрөнгөөс байр, автомашиныг үнэлүүлж, зээлээ дараад үлдсэн эд хөрөнгөө хувааж авах.

3.Ө.Батмандахтай танилцахаас өмнө 2002 онд Завханаас шилжиж ирэхдээ 5 ханатай гэрийн 2 давхар бүрээстэй, шалавч, битүү ширдэг,  2 давхар хаалгатай, зуух зэрэг эд хогшлын хамт Хабитатын байрны дээвэр дээр хураалттай  байсныг минь миний зөвшөөрөлгүй аваад үгүй хийсэн.Хоёр дүүдээ хуваагаад өгсөн байсан.Энэ талаар асуухаар түр бариулж байгаа,өгнө л гээд саяхан гал голомтоо тахиулахаар зуух, гэрийг асуухад чи шүүхдээд аваарай, миний авч өгсөн хувцаснуудаа зараад аваарай, миний авч өгсөн хувцаснуудаа зараад ав гэж тавлаад байгаа юм.Энэ гэр миний төрж өссөн, манай удмын гал голомт учраас Ө.Батмандахаас гэрээ бүрэн бүтнээр нь зуухтай нь авна.Эдгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байгаа тул шүүх хүлээн авч, ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.         

Хариуцагч Н.Амарзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрч байна.Батмандах 5 сарын 10-наас хойш гэртээ ирж хонохгүй байгаа.Өөр хүнтэй байгаа болохыг би мэдсэн.Би цаашид амьдрах боломжгүй.Эд хөрөнгийн хувьд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжинэ.Байр зээлийн барьцаанд 62 сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа.Соната-7,Мазда машинуудыг зарсан байгаа.Нийт 116 533 703 төгрөгний дундын эд хөрөнгөө байгаа.Үүнээс байрны зээлийн төлбөр 62 сая төгрөгийг хасаад үлдсэнийг 2 хуваах саналтай. Батмандах 2 машинаа зарж 22 800 000 төгрөг авсан тул түүнд оногдох хэсгээс хасаж би өөрөө байраа авч үлдэх хүсэлтэй. Бид 2 манай ээжийн гэрт амьдарч байгаад ахын барьж өгсөн хашаа байшинд орсон.Уг хашаа байшингаа 2014 онд 28 000 000 төгрөгөөр зараад дээр нь би унаж байсан машинаа зараад 48 сая төгрөг байршуулж байрны зээлд хамрагдсан. Соната-7 машиныг урд нь байсан Соната-6 машиныг зараад авсан. Бурмаагаас 10 сая төгрөг зээлж авсан гэдэг нь худал.Соната-7 машиныг 13 сая төгрөгөөр авсан.12 800 000 төгрөгөөр Батмандах зарсан.Мазда машиныг сугалаагаар хожоод 10 сая төгрөгөөр зарсан. Байр авахад Батмандахын дүүгээс их мөнгө аваагүй 2 сая орчим төгрөг Батмандах л авсан байх.Миний аав ээжийн 5 ханатай гэр байсан.Түүнээс бүрээс эсгий туурга,дээвэр,ширдэг,зуух зэргийг Батмандах дүүдээ өгсөн.Эдгээрийг гаргуулж авна гэжээ.

Хариуцагч Н.Амарзаяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Н.Амарзаяа надад байрыг тавилгын хамт үлдээж өгнө үү. Лэндс ХХК-д тавилга үнэлүүлэх төлбөр 300,000 төгрөг төлсөн учир уг төлбөрийг Ө.Батмандахаас гаргуулж өгнө үү. /өмнө нь тавилгуудыг бүгдийг намайг ав гэж ярьж байсан. Хэлсэн үгэдээ хүрэхгүй дур мэдэн хургай хийж зохисгүй авир гаргасан учраас тавилгуудыг үнэлүүлэхэд хүргэсэн/ гэжээ.

Хариуцагч Н.Амарзаяа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Батмандахаас тус шүүхэд зарлагдсан 2016 оны 05 дугаар сарын 16 ны өдөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн баримтыг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэмэгдүүлсэн шаардлагадаа: “ ... би эмчилгээнд зориулсан 16.275.150 төгрөгийн тал хувийг түүнээс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймээс Н.Амарзаяагаас эмчилгээний төлбөрийн тал хувь болох 8.137.575 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. Нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь: Ө.Батмандахын нэхэмжилж байгаа эмчилгээнд зориулсан зардал гэдэг нь бид баталгаатай гэр бүл, үр хүүхэдтэй болъё гэж хэн хэн нь хүсээд анх би зөндөө эмчилгээ хийлгэсэн, дараа нь Ө.Батмандах эмчилгээ хийлгэсэн, тэгээд үр шилжүүлэн суулгах дээрээ тулаад эмчилгээг сайн дурын үндсэн дээр хийлгэсэн юм. Эмчилгээний төлбөрийг төлөхдөө Ө.Батмандахын картнаас уншсан, Н.Амарзаяа би байгууллагаас болон хувь хүмүүсээс мөнгө зээлэх зэргээр бэлэн, карт хэлбэрээр төлбөрөө аваачиж өгч, тооцоо хийдэг байсан.Энэ төлбөрийн талаар баримт “Өөжин Мөд” эмнэлгээс баримт ирсэн байгаа. Нийт төлсөн зардлаас Н.Амарзаяа би 8.601.950 төгрөг \Найман сая зургаан зуун нэг мянга есөн зуун тавин төгрөг\ төлсөн. Ө.Батмандахад төлөх төлбөр Н.Амарзаяа надад байхгүй болно.

Хамт амьдрах хугацаанд яагаад хүүхэдтэй болохгүй байсныг дэлгэрэнгүй тайлбарлая гэж бодлоо. Бид хоёр амьдарч эхлээд эхний 2 жил амьдралаа сайжруулах гэж үр хүүхдэд анхаарлаа хандуулаагүй явсаар 3 дахь жилэээс нь жирэмсэн болохгүй болохоор нь эмнэлэгээр явж эхэлсэн. Бүлтэн эмчийн эмнэлэг дээр эмчлүүлээд гаргахад Бүлтэн эмч за одоо 2 сарын дараа жирэмслэхгүй бол нөхөрөө үзүүлээрэй гэж хэлсэн.Батмандах өөрөө сайн мэдэж байгаа. Тэрнээс хойш 6 сар өнгөрөхөд жирэмсэн болоогүй ээ. Тэгсэн нэг орой Батмандах согтуу утастаад би шинжилгээ өглөө би үргүй юм байнаа чи амьдралаа бод гээд уйлж ярьсан.Тэгэхэд нь би сэтгэл гаргаж нэгэнт сонгосон амьдрал жаргасан ч зовсон ч энэ хүнийг хаяж болохгүй гээд хоёулаа эмчилгээ хийлгээд үзье болж л таараа гээд хот орж Гарьд Манлай эмнэлэгт шинжилгээ өгөхөд амьд эсийн тоо цөөн хөдөлгөөн муутай эсүүд нь толгойгоороо наалдсан өөрөөрөө үр тогтоох чадваргүй гэж хариу гарсан. Тэгээд Батмандахад сар гарангын эм уулгаад дахин шинжилгээ өгөхөд шинжилгээний үзүүлэлт нь 5, 5 хувиар л өссөн байсан. Ингээд Батмандах жил гаран эм тариа хэргэлсэн ч бид хоёр хүүхэдтэй болоогүй. Тэрнээс хойш нэг хэсэг эмнэлэгээр явахаа зогсоосон. Байгалийн жамаар хүүхэдтэй болохгүй болохоор үр суулгуулаад үзье гээд хамтдаа ярилцаад 2015.06 сараас Өөжинмэд эмнэлэгээр явж эхэлсэн. Үр шилжүүлэн суулгах ажилбарыг эхний удаа 2015.10 сард, хоёр дахь удаа 2016.05 сард үр суулгуулсан ч бүтээгүй. Одоо Өөжин мэд эмнэлэгт 1 эс хөлдөөлгөсөн байгаа. Үр хүүхэдтэй болохгүй байгаа шалтгаан нь Ө.Батмандахаас өөрөөс нь болж байгаа. Н.Амарзаяа миний хувьд энэ хүнтэй амьдарч эхлэхээс өмнө хүүхэд төрүүлж байсан. /Завхан аймгийн архиваас хүүхэд төрүүлсэнийг бүртгэсэн баримт авчирч өгнө. Завхан аймагт лавлагаа авахаар хүсэлт гаргасан байгаа/

Харин Ө.Батмандахын өмнө нь Батгэрэл гэж эмэгтэйтэй 3 жил амьдраад хүүхэдтэй болохгүйн улмаас салсан юм байна лээ. Батгэрэл нь Ө.Батмандахаас салаад өөр хүнтэй суугаад хүүхэдтэй болсон байгаа. Харин ч энэ хүнээс болж эрүүл мэнд сэтгэл санаагаар хохирсон хүн нь би болохоор өөрийн төлсөн мөнгө, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролыг үнэлж болдог юм бол хохирлоо барагдуулмаар л байна. Хүүхэдтэй болохгүй шалтгаан нь Ө.Батмандахаас болсон гэдгийг шинжлэх ухаан болон амьдралаар /н.Батгэрэл салаад хүүхэдтэй болсон/ батлагдчаад байхад төлбөр нэхэж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй, бодит үнэнтэй нийцэхгүй байна.

Ө.Батмандах надаас эмчилгээний төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ө.Батмандах нь хариуцагч Н.Амарзаяад холбогдуулан гэрлэлт цуцлуулах эмчилгээний зардал 8,137,575 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

            Хариуцагч Н.Амарзаяа гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хувааж өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Ө.Батмандах, Н.Амарзаяа нар нь 2009 оны 09 сард гэр бүл болж 2014 оны 10 сард гэрлэлтээ батлуулсан байна. Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас хүүхэд төрөөгүйн улмаас гэрлэгчдийн дунд үл ойлголцол бие биенээ үл хүндэтгэх байдал үүсч, хэрүүл маргаан байнга гарах болсон байх бөгөөд  гэрлэлтээ цуцлуулах талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч үр дүн гараагүй тул шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болгосон байна.

             Шүүх гэрлэгчид нь нэгэнт цаашид таарч тохирохгүй, хамт амьдрах боломжгүй гэдгээ хэн аль нь илэрхийлэн гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа, эвлэрэх боломжгүй байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

            Харин эд хөрөнгийн маргааны тухайд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг,5-7А-30 тоот 61.04 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг гэрлэгчид банкнаас хамтран зээл авч худалдаж авсан, уг орон сууц өнөөдөр банкны барьцаанд байгаа ажээ. Мөн гэрлэгчдийн өмчлөлд 03-62 улсын дугаартай Мазда маркийн автомашин, 40-59 ОРХ дугаартай Соната-7 маркийн машин тус тус байсан байх бөгөөд нэхэмжлэгч Ө.Батмандах Мазда маркийн машиныг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөгөөр, Соната-7 маркийн машиныг 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөгөөр тус тус бусдад худалдсан болох нь тогтоогдож байна. Дээрх машинуудыг худалдсан мөнгийг хэрхэн яаж юунд зарцуулсаныг нарийвчлан тогтоох боломжгүй, гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хамтын хэрэгцээнд зарцуулсан болох нь тогтоогдож байна. Мазда маркийн машины хувьд гэрлэгчид сугалаагаар хожсон, харин Соната-7 маркийн машиныг нэхэмжлэгч хариуцагчид хамаагүй, өөрийнх нь өмч гэж байгаа боловч үүнийгээ нотлож чадахгүй байна.

Мөн 2ш автомашиныг нэхэмжлэгч Ө.Батмандах тус бүр 10,000,000 төгрөгөөр худалдсан, тавилгын үнэ 11,673,700 төгрөг. Нийт хөрөнгийн хэмжээ 125,417,403 төгрөг болж байх ба 2 хүнд хуваахад гэрлэгчдэд тус бүр 62,708,701 төгрөг оногдоно. Нэхэмжлэгчид оногдох хувиас 2ш автомашиныг худалдан борлуулж өөрөө авсан 20,00,000 төгрөг, өөрөө авсан гэх тавилгын үнэ 7,145,000 төгрөг, нийт 27,145,000 төгрөг хасахаар 35,563,701 төгрөг оногдоно. Үүнээс банкны зээлийн үлдэгдэл 65,369,381.28 төгрөгийг 2 хуваасны нэг 32,684,690 төгрөгийг хасвал Ө.Батмандахад 2,879,011 төгрөг оногдохоор байна. Гэрлэгчдийн хамтран авсан банкны зээлийн одоогийн байдлаар 65,369,381 төгрөг болсон байх бөгөөд зээлийн үлдэгдлийн үнийн дүн дээр талууд маргахгүй байна.

Зохигчдын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг, 5-7А-30 тоот 61.04 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шинжээч 93,743,703 төгрөгөөр үнэлсэн байна.

Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дагуу Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн 5-7а-30 тоот 61.04 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Н.Амарзаяагийн өмчлөлд үлдээж, хариуцагчаас оногдох хэсэг 46,646,851 төгрөгийг гаргуулж Ө.Батмандахад олгон, үүнээс банкны зээлийн оногдох хэсэг 32,684,690 төгрөгийг суутгаж тооцоход 13,962,161 төгрөг болж байх бөгөөд үүнээс 2 ширхэг машины үнийн оногдох 10,000,000 төгрөгийг хасаж тооцон 3,962,161 төгрөгийг хариуцагч Н.Амарзаяагаас гаргуулан нэхэмжлэгч Ө.Батмандахад олгох үндэстэй байна. Хариуцагч нь гэрийн тавилга 11,673,700 төгрөгөөр үнэлэгдснээс оногдох тавилга авна гэсэн бөгөөд нэхэжлэгч Ө.Батмандах нь телевизор, арьсан буйдан, гүйлтийн зам, индукцын плетка, зурагт, хөм театр, дунд гарын мөнгөн 2ширхэг буюу нийт 7,145,000 төгрөгийн эд хөрөнгө авсан, үлдэх тавилгыг хариуцагч Н.Амарзаяа тус тус авсныг шүүх гэрийн доторх тавилга хуваагдсан байх тул шийдвэрлэх шаардлагагүй байна гэж дүгнэлээ. Мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагаа дэмжээгүй, гэрийн доторх тавилга тэнцүү хуваагдсаныг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Н.Амарзаяа дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгээ гаргуулах шаардлагаас гадна гэр бүлийн гишүүдийн хуваарьт эд хөрөнгө болох 5 ханатай гэрийн хаалга 1 ширхэг, эсгий 2 давхар дээвэр /4 ширхэг/, эсгий 2 давхар туурга /8 ширхэг/, ширмэл ширдэг /гараар оёсон 5 ширхэгтэй/, 1 иж бүрдэл /эсгий дээвэр/, зэргийг биет байдлаар нэхэмжилсэн бөгөөд шинжээч дээрх эд зүйлийг 1,755,000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Ө.Батмандах 1 ширхэг дээвэр, 1 ширхэг туурга, хаалга зэргийг авснаа хүлээн зөвшөөрч байх тул хаалга 1 ширхэг 65,000 төгрөг, дээвэр 1 ширхэг 100,000 төгрөг, туурга 1 ширхэг 60,000 төгрөг нийт 225,000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Нэхэмжлэгч нь орон сууц болон 2 машины талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд эмчилгээний зардал 16,275,150 төгрөгөөс хариуцагчид оногдох хэсэг 8,137,575 төгрөг  нэхэмжилсэнийг хангах боломжгүй байна. Учир нь гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд дундаас нь хүүхэд гараагүй, хүүхэдтэй болохыг хамтран чармайж харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх мөнгийг эмчилгээ хийлгэхэд зарцуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. 

Түүнчлэн хариуцагч Н.Амарзаяа нь шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 300,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч гэрийн доторх тавилгын зах зээлийн үнийг тогтоолгохоор хариуцагч өөрөө хүсэлт гаргасан байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Ө.Б, Н.Анарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д заасныг баримтлан 4059 ОРХ улсын дугаартай Соната-7 маркийн автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоосугай.

3. Монгол Улсын Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1,129.2,130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7А-30 тоот 61.04 м.кв 2 өрөө орон сууцыг Н.А-гийн өмчлөлд банкны зээлийн төлбөрийн үлдэгдлийн хамт хуваарилан үлдээж, Н.А-аас 3,962,161 /гурван сая есөн зуун жаран хоёр мянга нэг зуун жаран нэг/ төгрөг гаргуулан Ө.Б-д олгосугай.

4. Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Ө.Батмандахаас дээвэр 1 ширхэг-100,000 төгрөг, туурга 1 ширхэг-60,000 төгрөг, хаалга 1 ширхэг-65,000 төгрөг буюу нийт 225,000 төгрөг гаргуулан Н.А-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас дээвэр 3 ширхэг, туурга 7 ширхэг, шалавч, битүү ширдэг, зуух буюу нийт 1,530,000 төгрөг, шинжээчийн төлбөрт төлсөн 300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн гаргасан эмчилгээний зардал 8,137,575 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,58 дугаар зүйлийн 58.1-д заасны баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 215,351 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 276,730 төгрөгийг тус тус төрийн санд үлдээж, хариуцагч Н.А-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Б-д, 349,939 төгрөг гаргуулан төрийн санд, Н.Б-аас 101,545 төгрөг гаргуулан Н.А-д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.

            7. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБАСҮРЭН