Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 216/МА2017/00021

 

“С М г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүргийн  дугаар хороо Е с А гудамж, С т ө  корпуст байрлах “С М г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г аймгийн Ш сумын  дүгээр багт байрлах “Ш-О” ХК-д холбогдох

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 134/ШШ2017/00187 дугаар  шийдвэртэй,

Зээлээр авсан шатахууны төлбөр, алданги нийт 624,469,481 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, Б.Ганболор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “С М г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С М г” ХХК болон “Ш-О” ХК нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Дизель түлш, А-80 бензин нийлүүлэх СШ.№05-01.ШОХК.2015 тоот тендер”-ийн гэрээ байгуулан хамтран ажилласан. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж ажилласан бөгөөд “Ш-О” ХК-д нийт 6 тэрбум гаруй төгрөгийн шатахуун зээлээр нийлүүлсэн. Гэтэл “Ш-О”  ХК нь гэрээний үүргээ эс биелүүлж, зээлээр авсан шатахууны төлбөрөө бүрэн төлж барагдуулахгүй байсаар байна. “ШО” ХК манай компанид төлөх шатахууны төлбөрийн үлдэгдэл 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 1 280 082 415 төгрөг байсан болно. Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтын дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцон 591 341 753 төгрөг болоод байна. Манай компанийн зүгээс “Ш-О” ХК-ийг шатахууны төлбөр болон алдангийг төлөхийг удаа дараа шаардсан боловч тус “Ш-о” ХК нь төлбөр болон алдангийг төлөхгүй хугацаа өнгөрөөсөн байдалтай байсаар байна. “Ш-О” ХК нь шатахууны төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа нь манай компанид хүндээр тусаж шатахууны гадаад татан авалтын төлбөрөө төлж чадахгүй, цаашлаад шатахууны нөөцгүй болоход хүрээд байна.

Иймд, “Ш-О” ХК-иас шатахууны төлбөрийн үлдэгдэл 1 280 082 415 төгрөг, төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 591 341 753 төгрөг, нийт 1 871 424 168 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 515 071 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү хэмээн Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 134/ШШ2017/0086 тоот шийдвэрээр “Ш-О” ХК-иас үндсэн төлбөрийн үлдэгдэл болон алданги 591 341 753 төгрөгийг тус тус гаргуулж С М г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцаасан болно. Хэргийг дахин хянан хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаан 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 09 цагт зарлагдсан бөгөөд манай компанийн зүгээс холын замд автомашинд саатал гарсны улмаас шүүх хуралдаанд 20 минут хоцорч ирэхэд хэргийг буцаасан байсан.

Иймээс манай компанийн зүгээс шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно. Хариуцагч “Ш-О” ХК-ийн манай компанид төлөх төлбөрийн үлдэгдэл 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 1 280 082 415 төгрөг байсан ба 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тус компанийн шатахууны төлбөрийн үлдэгдэл 19 282 415 төгрөг, алданги 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 591 341 753 төгрөг байсан ба 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 605 187 066 төгрөг тус тус байна.

Иймд, “Ш-О” ХК-иас зээлээр авсан шатахууны үлдэгдэл төлбөр 19 282 415 төгрөг, алданги 605 187 066 төгрөг, нийт 624 469 481 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлбөр 3 280 298 төгрөгийн хамт гаргуулан өгч манай компанид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай “С М г ХХК болон “Ш-О” ХК нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээ байгуулж, хамтран ажилласан. Манай компаний зүгээс гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж ажилласан. Гэрээнд заасан шатахууныг гэрээнд зааснаар, зээлээр, тоо хэмжээнийх нь дагуу “Ш-О” ХК-д нийт 6 тэр бум гаруй төгрөгийн шатахууныг зээлээр нийлүүлсэн. Гэтэл “Ш-О” ХК гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлээр авсан шатахууны төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Мөн төлбөрийг хугацаандаа төлөхгүй, байнга хугацаа хэтрүүлж төлдөг. “Ш-О” ХК-ийн манай компанид төлөх шатахууны төлбөрийн үлдэгдэл 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 1 280 082 415 төгрөг, алдангийн хэмжээ 591 000 331 төгрөг байсан. Иймд манай компани 2015 оны 02 дугаар сард “Ш-О” ХК-д холбогдуулан Говьсүмбэр аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр хянагдаж байгаад анхан шатны шүүх рүү буцаад, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд манай компанийн зүгээс шүүх хуралдаанд 20 минут хоцорч ирсэн үндэслэлээр хэргийг буцаасан. Манай компаниас 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд хариуцагч компаниас шатахууны төлбөрийн үлдэгдлийг тодорхой хэмжээгээр төлсөн.

Өнөөдрийн байдлаар “Ш-О” ХК манай компанид төлөх шатахууны төлбөрийн үлдэгдэл 19 282 415 төгрөг, алданги 605 187 066 төгрөг байна. Алдангийг бид хуулийн дагуу тооцсон. Мөн гэрээнд заасны дагуу 0,1 хувиар, мөн нийт үнийн дүнгийн 25 хувиас хэтрэхгүй байхаар нэхэмжилсэн. Алдангийг гэрээгээр талууд харилцан тохиролцсон. Хуульд заасны дагуу анзын талаар гэрээнд тодорхой дурьдаж өгсөн. Манай компанийн зүгээс “Ш-О” ХК-ийг алдангийг төлөхийг удаа дараа шаардаж албан бичиг олон удаа явуулсан ч төлдөггүй. Иймд зээлээр нийлүүлсэн шатахууны үлдэгдэл 19 282 415 төгрөг, алданги 605 187 066 төгрөг, нийт 624 469 481 төгрөгийг гаргуулж манай компанид учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийгээ дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С М г компани манай компанид холбогдуулан шатахууны төлбөрийн үлдэгдэл, алданги нийт 624 469 481 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манайх бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа үлдэгдэл 19 282 415 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байсан. ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзах эрхтэй байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд холбогдох тооцоог хийсний үндсэн дээр тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр тооцоо хийх явцад нэхэмжлэгч тал гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгэсэн гэж байгаа боловч 2016 оны 01 дүгээр сарын 20-ноос 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийлүүлсэн түлшний хэмжээ нь гэрээнд заасан талуудын хооронд байгуулагдсан дизель түлш, бензин нийлүүлэх тендерийн гэрээний хугацаанаас хэтрүүлэн олгогдсон.

Гэрээний дагуу тооцохдоо 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 30-ны үлдэгдлийг нөхөн төлсөн байдлаар хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй асуудал гардаг. Энэ хугацааны төлбөрийг өмнө нь тодорхой хэмжээний мөнгө төлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Энэ хугацаанд төлсөн төлөлтөөс манай компани 44 186 485 төгрөгийн илүү төлөлттэй байгаа. Гэвч манай компани энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж үзсэн. Нэгэнт тухайн үед үүргээ биелүүлсэн байдлаар шаардлагагүй гэж үзсэн. Одоо нэхэмжлээд байгаа төлбөрийн үлдэгдэл болох 19 282 415 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч тал холбогдох нотлох баримтаар нотолж чадахгүй байна. 19 282 415 төгрөг үлдэж байгаа талаар нотлох баримт шинжлэн судлахад тайлбарлах байх. Тухайн гэрээ 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан. Энэ гэрээ 2015 оны 03 дугаар сарын 15-наас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 4 429 420 литр дизель түлш, 6550 литр А-80 авто бензин нийлүүлэхээр тодорхой график тогтоон гэрээ байгуулсан. 6550 литр А-80 авто бензин дээр талууд маргаагүй. Ямар нэгэн маргаан байхгүй. Тиймээс дизель түлшний талаар л яръя гэж бодож байна. Гэрээний хугацаанд 3 343 399 литр дизель түлш нийлүүлсэн. 14550 литр А-80 авто бензин нийлүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан вагоноос түлш хүлээн авсан акт, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргаж өгсөн хүү, алдангийн тооцоонд туссан түлшний хэмжээ зэрэг баримтаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. С М г ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гэрээнд заасан үүргээ зохих хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй болохыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай харуулж байна гэж ойлгож байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хугацаанд нь гүйцэтгэнэ, мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т хугацаа хэтэрсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараах үр дагавар үүснэ гээд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж зааснаар С М г ХХК энэ хугацаанд нийлүүлсэн шатахууны төлбөрт алданги авах эрхээ алдсан гэж үзэж байна. Нөгөө талаас талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар С М г ХХК-иас “Ш-О” ХК-д нийлүүлэх гэрээнд заасан дизель түлшнээс 1087559 литр дизель түлш нийлүүлэгдээгүй дутуу байсан. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. 2017 оны 10 дугаар сарын 27 буюу өнөөдрийн байдлаар 86020 литр дизель түлш нийлүүлэгдээгүй байгаа. Энэ нь нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэдгийг харуулж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу 9 дүгээр зүйлийн 9.2-т гэрээнд нэмэлт өөрчлөлт хийхээр шийдсэн бол өөрчлөлтийг гэрээний хавсралт хэсэгт хийнэ гэж заасан. 11.3-т гэрээний өөрчлөлтийг заавал бичгээр тохирч сунгаж болно гэж заасан. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхээр тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн 24 цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна гэж заасан. Нэхэмжлэгч тал 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээнд заагдсан 4400 тонн шатахууныг нийлүүлсэн байх үүргийг хүлээсэн. Энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Үүнийг хуулиар зохицуулсан заалт байдаг. “Ш-О” ХК нь төрийн өмчит хувьцаат компани. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуульд зааснаар худалдан авалтын ажиллагааг нь зохицуулсан.

Худалдан авах гэрээ нь энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т худалдан авах гэрээнд дараах өөрчлөлт хийхийг хориглоно гэж заасан байгаа. Захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн холбоотой гэрээний нөхцөлд өөрчлөлт хийхийг хориглосон. Гэрээний нөхцөлд үнэ, хугацаа зэрэг орж байгаа. Энэ гэрээ бичгээр сунгагдаагүй. Гэрээний 11.3-т гэрээний хугацааг сунгавал бичгээр гэрээ хийнэ гэж заагдсан. Өөрөөр хэлбэл алданги нэхэх эрх үүсэхгүй гэсэн үг. 2 нөхцөлийг л тендерийн хуулиар зөвшөөрсөн. 2 жилээс дээш хугацаанд хийгдсэн гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн, 40 дүгээр зүйлийн 40.2-т суурь үнэ огцом өөрчлөгдсөн тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн. Энэ хуулийн заалт, дээрх гэрээний заалт, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэхэд нэхэмжлэгч тал үүргээ тогтоосон хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй. Гэрээн дээр манайх хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол алданги төлнө, эднийх хугацаандаа бараагаа нийлүүлээгүй бол алданги төлнө гэж гэрээний нөхцөлд байгаа. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар манайх сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс гарах үр дагавар юм. Тиймээс гэрээний хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан үзээд манай тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ньхүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Ш-О” ХК-иас 19 282 415 /арван есөн сая хоёр зуун наян хоёр мянга дөрвөн зуун арван таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С М г” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 605 178 066 /зургаан зуун таван сая нэг зуун далан найман мянга жаран зургаан/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 280 298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 254 362 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо: “С М Г” ХХК-аас “Ш-О" ХК-д холбогдуулан гаргасан иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 134/ШШ2017/000187 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Тус шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцээгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Үүнд: Шүүхийн шийдвэр нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцэхгүй байгаа бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс тогтоосон байдаг. Гэрээний дагуу “С М Г” ХХК нь 4 429 420 литр дизель түлш, 6550 литр А80 бензиныг “Ш-О” ХК-д бараа нийлүүлэх хуваарийн хэсэгчлэн нийлүүлж дуусгах, Ш-О ХК нь гэрээний хавсралтанд заасан бараа нийлүүлэх хуваарийн дагуу үндсэн төлбөрийг хэсэгчлэн бараа хүлээн авсан акт үйлдсэнээс хойш 45-60 хоногийн дотор төлөр үүргийг тус тус хүлээсэн.

Анхан шатны шүүхээс “...гэрээнд төлбөрийг хэдийд төлөх хугацааны талаар бодитойгоор тохиролцсон байхад гэрээний нэг тал /нийлүүлэгч/ хугацаа хэтрүүлж нийлүүлсэн байх тул гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл 224.2.3-т “...хүү, анз авах эрхээ алдана, анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн заалттай зөрчилдөж байх тул төлбөрийн /гүйцэтгээгүй үүргийн/ үнийн дүнгээс алданги гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн алдангид тооцож нэхэмжилсэн 605,178,066 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.   

Нэхэмжлэгч талын хувьд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу бараа материалыг нийлүүлэхдээ үүрэг гүйцэтгэгч, хариуцагч талын хувьд тухайн бараа материалыг хүлээн авагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч байсан.

Шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй буюу бензин, шатахууныг нийлүүлж байх хугацаандаа хавсралтанд заасан хуваарыг зөрчиж хугацаа хэтрүүлсэн тал алданги авах эрхээ алдсан гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж тайлбарласан болохыг харуулж байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлээр үүрэг гүйцэтгэгч буюу С М Г ХХК-н хугацаа хэтрүүлсэн хариуцлага, түүнээс үүсэх үр дагаварын асуудал яригдах ба гэрээний хавсралтанд заасан хугацааг зөрчсөн гэж үзэж байгаа бол тус зүйлд заасан хариуцлагаар зохицуулна.

Нийлүүлэгч тал бараа материалыг хүлээлгэж өгсөнөөр төлбөр авах эрх нь үүсэх ба ингэснээрээ төлбөрөө шаардах эрхийнхээ хувьд гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч болно. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 223 дугаар зүйлээр зохицуулагдах харилцаа болж хувирна. Тухайн харилцаагаар ямар тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлэх талаар тодорхой зааж өгсөн. Харин 224 дүгээр зүйлээр 223-т заасан зөрчлийг гаргасан тохиолдолд үүсэх үүргийг зохицуулсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоосн материаллаг хуулийн 224.2.3-т заасан зохицуулалт бол 223-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн буюу “хүү алдангийн хэмжээг нэмэгдүүлэх зорилготой үүргийн гүйцэтгэлийг хүлээж авахгүй байх, түүнд саад хийсэн” тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм. С М г ХХК-н зүгээс Ш-О ХК-г үүргээ гүйцэтгэхээр ирэхэд түүнийг авахгүй байх, гүйцэтгэсэн үүргийг буцаасан зэрэг зөрчил гаргаагүй, гаргасан баримт байхгүй.

Мөн Ш-О ХК-н зүгээс нийлүүлэгчийг /үүрэг гүйцэтгэгчийг/ хугацаандаа барааг нийлүүлээгүй гэж байгаа бол гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэн тусдаа өөр шаардлагаар шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Гэвч тийм нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх диспозитив байх зарчмыг зөрчиж нийлүүлэгч талыг зөрчил гаргасан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан. Үндсэндээ үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлж болно түүнээс үүсэх хариуцлагыг хүлээхгүй гэсэн утга санаа бүхий шийдвэр гаргасан байна.

Хууль тогтоочийн зүгээс Иргэний хуулийн 222 дугаар зүйл, 224 дүгээр зүйлд үүргүүдийг тус тус зааж өгсөн нь аль нэг нь үүргээ зөрчихөд түүнээс үүсэх үр дагавар нь өмнөх үүргээ үгүйсгэж болохгүй гэх санаагаар энэхүү заалтуудыг оруулж өгсөн байна. 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-т “...төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцож нийлүүлэгчид төлнө гэж заасан бөгөөд хугацаа хэтэрсэн гэдгийг бараа материалыг нийлүүлсэнээс хойш 45-60 хоног өнгөрсөн байхыг ойлгохоор байна.

Гэрээнд зааснаар Ш-О ХК-н хувьд нийлүүлэлт хийж дууссанаас хойш 45-60 хоногийн дотор төлбөрийг шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд хуанлийн хугацаагаар энэхүү хугацаагаар дээрх хугацаа хэтэрсэн байна.Тухайн гэрээгээр тохиролцсоноор алданги авах эрх нь хуулийн дагуу үүссэн. Алдангийн тооцооллыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн ба “..гүйцэтгээгүй үүргийн 25 хувиас хэтрэхгүй” гэсэн заалтын хүрээнд тухайн нэхэмжилсэн алданги нь үүрэг гүйцэтгээгүй байх үед үүссэн учраас нэхэмжлэх эрхтэй байна. Иргэний хуулийн алданги авах зохицуулалт нь үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгчийн эрхийг хамгаалсан зохицуулалт бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд тавигдах шаардлага нь бичгээр хийсэн байхыг шаарддаг бол үүрэг гүйцэтгэгчийг алдангийн хувь хэмжээг хуульчилж өгсөнөөр хамгаалдаг.

С М г ХХК нь бичгээр гэрээ байгуулсан, хуульд заасан хэмжээгээр алдангийг нэхэмжилсэн нь шудрага ёсны болоод хууль ёсны байх зарчимд нийцсэн байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 134/ШШ2017/00187 дугаартай шийдвэрийн материаллаг хуулийг буруу хэрэглэсэн хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “С М г“ ХХК нь хариуцагч “Ш-О“ ХК-д холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны үлдэгдэл төлбөр 19 282 415 төгрөг, мөн шатахууны төлбөрийг хугацаа хэтрүүлж төлж байсантай холбогдуулан  гэрээний үндсэн дээр тооцсон алданги 605 187 066 төгрөг, нийт 624 469 481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй хэмээн  маргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу нийлүүлсэн шатахууны төлбөрийн үлдэгдэл 19 282 415 төгрөгийг гаргуулж, харин үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч тал шатахуун нийлүүлэх гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр алдангийн 605 187 066 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч  нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд тэднийг давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн хэмээн хариуцагч тал маргасан байх боловч нэхэмжлэгч талыг давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Учир нь ИХШХШТХуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, албажуулна, мөн хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй,  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Харин хэргээс үзэхэд: Энэ хэргийн шийдвэрийг  нэхэмжлэгч тал 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр гардаж авсан /баримт№11 хх-114/,  нэхэмжлэгч талын  2017.12.01-ний өдөр гаргасан давж заалдах гомдлыг анхан шатны шүүх  2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээж авсан байна.

Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, Ж.Бат-Эрдэнэ нар нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон байх тул ИХШХШТ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар 14 хоногийн дотор буюу 2017.11.17-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй атал энэ үүргээ биелүүлээгүй боловч, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д  “уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлнэ“  гэж заасны дагуу шүүх хүргүүлэх ёстой атал анхан шатны шүүх хуулийн энэ заалтыг хэрэгжүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгч тал  хуулийн 119.5-д заасан хугацаа дуусаагүй байхад буюу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шийдвэрийг гардаж авсан байх тул давж даалдах гомдол гаргах хугацааг мөн өдрөөс тооцох нь хуульд нийцнэ.

Анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Учир нь хэргийн материалаас үзэхэд: Нэхэмжлэгч “С М г” ХХК нь хариуцагч “Ш-О” ХК-тай 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр СШ №05-01. ШОХК.2015 тоот дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээг байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч нь дизель түлш, А-80 бензинийг биет байдлын доголдолгүй худалдан авагчийн талд шилжүүлэх, худалдан авагч нь дизель түлш, А-80 бензинийг хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ, түүний хавсралтыг байгуулсан байна.  /хх-6-15/

Тус гэрээний 2.1-т “Нийлүүлэгч нь дизель түлшийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2015.03.15-ны өдрөөс 2015.12.31-нийг хүртэл графикийн дагуу ”Ш-О” ХК-ийн ажлын салбар дахь ШТС-ын хадгалах агуулахад нийлүүлнэ” гэж,

Гэрээний 4.2-т “худалдан авагч нь худалдан авсан дизель түлшний төлбөрийг дизель түлшийг хүлээн авч акт үйлдсэнээс хойш хуанлийн /45-60/ хоногийн дотор хийнэ” гэж,

Гэрээний 7.1-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан  хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хэн аль нь хугацаа хэтэрсэн хоног тутам алданги тооцно гэж тус тус заажээ.  

Анхан шатны шүүх талуудын хооронд  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “худалдах- худалдан авах “ гэрээний  харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.

 Харин анхан шатны шүүх нь нэхэмжлэгч буюу “С М г“ ХХК нь хариуцагч буюу “Ш-О“ ХК-д гэрээний дагуу нийлүүлэх шатахууныг гэрээний хавсралтаар баталсан графикт тусгагдсан хугацааны дагуу нийлүүлээгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаа хэтрүүлж нийлүүлсэн, гэрээгээр нийлүүлэх дизель түлшийг бүрэн нийлүүлээгүй зэргээр “С М г“ ХХК-ийг  үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-д заасан хугацаа хэтрүүлсэн гэж, улмаар Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар “... анз авах эрхээ алдана “ гэсний дагуу алданги авах эрхээ алдсан гэж үзэж алдангитай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь  хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээний дагуу шатахуун нийлүүлэгчийнхээ хувьд үүрэг гүйцэтгэгч, харин нийлүүлсэн шатахууны төлбөрөө авахын хувьд үүрэг гүйцэтгүүлэгч байх бөгөөд энэхүү үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчаас гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг хүлээж аваагүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

          Ийнхүү хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран үүрэг, үр дагавар түүнд үүсч улмаар Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор...анз авах эрхээ алдана” гэж хуульчлан  зохицуулсан байна. 

         Гэтэл шүүх нэхэмжлэгчийг дизель түлш нийлүүлэх гэрээнд заасан үүргээ “үүрэг гүйцэтгүүлэгчийн”  хувьд хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь буруу байна.   

Хэргийн 6-15 дугаар талд авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1-т “нийлүүлэгчийн буруугаас дизель түлшийг хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийлүүлээгүй дизель түлш, ...үнийн дүнгээс 0.1 хувиар алданги тооцож худалдан авагчид төлнө. Худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгээс 0.1 хувиар алданги тооцож нийлүүлэгчид  төлнө. Алдангийн нийт дүн нь гэрээний үнийн дүнгийн 25%-иас ихгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгч буюу “С М г” ХХК нь  дээрх  гэрээнд заасны дагуу алданги тооцсон тооцоо /хх-52/, мөн тооцооны тайлбар /хх-68, 69/ зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг алдангийн тооцооны талаар хариуцагч буюу Ш-О ХК нь ямар  нэгэн тайлбар гаргаж маргаагүй байх тул нэхэмжилж буй алдангийн тооцоог хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудад дурдсан тооцоонд үндэслэх нь зүйтэй гэж үзэв.

           Тэрчлэн алдангийг тооцох талаар гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.1 %-иар тооцохоор зохицуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 –д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байх бөгөөд харин гэрээний 7.1-д алдангийн талаар “Алдангийн нийт дүн нь гэрээний үнийн дүнгийн 25%-иас ихгүй байна” гэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай зөрчилдсөн байна.

 Гэвч нэхэмжлэгч талын алдангид тооцсон төлбөрийн дүн буюу 605 187 066 төгрөг нь хариуцагчийн хугацаанд нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн /1 950 882 415 төгрөг гэж /хх 52/ тооцсон нь  50 хувиас хэтрээгүй /гэрээнд тусгагдсан 25 %-ийг гүйцэтгээгүй үүргийн 25 % гэж үзвэл 25 хувиас хэтэрсэн/ байх тул нэхэмжилж буй алдангийн үнийн дүн нь хуулиар зохицуулсан зохицуулалтаас хэтрээгүй өөрөөр хэлбэл хуулийг зөрчөөгүй байна гэж үзэж алдангийн хэмжээг нэхэмжлэгч талын нэхэмжилсэн шаардлагын хэмжээгээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.       

Хариуцагч тал гэрээний хугацаа 2015.12.31-ний өдөр дуусгавар болсон хэмээн тайлбарлан маргаж байх боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т “энэхүү гэрээ нь дизель түлшийг гэрээнд тохиролцсон үнэ, биет хэмжээгээр нийлүүлэгдэж дуустал, мөн хүлээн авсан дизель түлшнээс үүссэн төлбөр тооцоог бүрэн барагдуулж дуустал хүчин төгөлдөр хэвээр байна “ гэж, гэрээний 11.1-д “гэрээний үйлчлэх хугацаа гэрээ дүгнэж акт үйлдэн, тооцоо нийлэлт хийгдсэнээр гэрээ дуусгавар болно” гэж тус тус тусгасан байх бөгөөд талууд гэрээг дүгнэж, акт үйлдэн, тооцоо нийлэлт хийгдсэн талаарх баримт  хэрэгт авагдаагүй байх тул  гэрээний  2.2-т заасны дагуу  шатахуун нийлүүлэгдэж дуусах хүртэлх хугацаанд хэвээр үргэлжилж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

         Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болдог тул зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй “Ш-О” ХК-н хувьд гэрээгээр хүлээсэн нэмэлт үүрэг болох алдангийг үүрэг гүйцэтгүүлэгч шаардсан тохиолдолд биелүүлэх ёстой тул хариуцагч буюу “Ш-О” ХК-иас алданги 605 187 066 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч нь шатахуун нийлүүлэх үүрэг гүйцэтгэгчийн хувьд хугацаа хэтрүүлсэн учраас хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч хууль болон гэрээнд заасны дагуу  алданги болон хохирол тооцож сөрөг нэхэмжлэл гаргаагүй, мөн нэхэмжилж буй алдангийн  дүнгээс хасч тооцуулах хүсэлт гаргаагүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл хариуцагч нь ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч талын “...шүүхийн материаллаг хуулийг буруу хэрэглэсэн хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсч гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 134/ШШ2017/00187 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Ш-О” ХК-иас шатахууны төлбөрийн үлдэгдэл төлбөр 19 282 415 /арван ёсөн сая хоёр зуун наян хоёр мянга дөрвөн зуун арван таван/ төгрөг, алданги 605 187 066 /зургаан зуун таван сая нэг зуун наян долоон мянга жаран зургаан/ төгрөг, нийт 624 469 481 /зургаан зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун наян нэгэн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С М г“ ХХК-д олгосугай” гэж,

 

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... хариуцагчаас “254362 төгрөг” гаргуулж ... гэснийг  “3 280 298 төгрөг” ... гэж тус тус  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 183 841 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

               

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Х.БАЙГАЛМАА

                                                     ШҮҮГЧИД                                                   Т.БЯМБАЖАВ                                                                                                                            Г.ТЭГШСУУРЬ