Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2017/01108

 

2017 оны 05 сарын 15 өдөр                   Дугаар 183/ШШ2017/01108                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Хансвилл хотхон, 104 байр, 1001 тоотод оршин суух, Боржигон овогтой Дүйхэрсүрэнгийн Ганболдын /РД:АЮ71052718/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Хансвилл хотхон, 103 байр, 302 тоот, “Асар пропертиз” ХХК-д /РД:5551765/ холбогдох,

 

Орон сууцны талбайн зөрүү болон түрээсийн төлбөрт 12.775.000 /арван хоёр сая долоон зуун далан таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013-07-24-ний өдөр бэлтгэн нийлүүлэгч “Асар пропертиз” ХХК-иас 45.88 м2 бүхий 2 өрөө байрыг 1м2 тутмыг 2.500.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцон гэрээ байгуулж, байрны төлбөрт 114.700.000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэтэл тус компани нь гэрээнд заасан хугацаанд буюу 2013 оны 11 сард байр хүлээлгэж өгөөгүйгээс сарын 400.000 төгрөгөөр 2013.12.01-нээс 2014.04.01 хүртэл 4 сарын хугацаанд 1.600.000 төгрөгөөр байр түрээсэлж амьдарсан. Мөн худалдан авсан байр маань тусгай зөвшөөрөл бүхий Инжкон ХХК-р хэмжилт хийлгэхэд 41.41м2 буюу 4.47 м2-ын зөрүү гарсан. Шүүхээс шинжээч томилж, Хот айл ХХК-иар дүгнэлт гаргуулахад 42.11 м2 гарсан тул 3.77 м2 талбайн зөрүүнд 9.425.000 болон байр түрээсэлсэн 1.600.000, нийт 11.025.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ганболд нь 2013 оны 7 сарын 24-ний өдөр Орон сууц захиалан бариулах Б2/1001 дугаар гэрээ байгуулж, Хан-уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт баригдах Б2 байрны 1001 тоот 45.88 м2 талбай бүхий орон сууцанд 114.700.000 төгрөгийн хөрөнгө оруулж бариулсан. Орон сууцны зураг төслийг Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдээр гүйцэтгүүлж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсаны үндсэн дээр орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу бариулсан, Д.Ганболд нь өрөөний доторх зохион байгуулалт, өрөө тус бүрээр харуулсан дэлгэмэл масштаб зурагтай танилцан хүлээн зөвшөөрсөн. Гэрээний 1.3-т талбайн хэмжээг тэнхлэгээс тооцно гэж заасан ба ингэж тооцоход тохиролцсон хэмжээнд байгаа. Нэхэмжлэгч 2013-12-01 өдрөөс 2014-04-01 хүртэл 4 сарын хугацаанд 1.600.000 төгрөгөөр байр түрээслэх эсэх нь манайд ямар ч хамааралгүй, байрны түрээсийн төлбөр төлөх үүрэг манайд үүсээгүй, хуульд зааснаар зөвхөн өөрт учирсан бодит хохирлыг шаардах эрхтэй ба Ганболдын учирсан хохиролд түрээсийн мөнгийг тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ганболд нь “Асар пропертиз” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү болон түрээсийн төлбөрт 12.775.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр шаардлагаа 11.025.000 төгрөг гаргуулахаар багасгалаа.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч захиалах гэж байгаа орон сууцны дэлгэмэл зурагтай танилцан зөвшөөрсөн, байр түрээслэх эсэх нь хамааралгүй, түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсээгүй, учирсан бодит хохиролд түрээсийг тооцох үндэслэлгүй гэж маргав.

 

Д.Ганболд нь “Асар пропертиз” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 45.88 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалахаар Б2/1001 дугаар гэрээ байгуулж, хариуцагч нь өөрийн материалаар орон сууцыг барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь 1м2 талбайг 2.500.000 төгрөгөөр тооцон, орон сууцны төлбөрт 114.700.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Талуудын байгуулсан гэрээний нөхцлөөс дүгнэхэд тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Гэрээний дагуу захиалагч Д.Ганболд нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг биелүүлсэн, хариуцагч буюу ажил гүйцэтгэгч нь орон сууцыг гэрээнд заасан 2013 оны 4 дүгээр улиралд багтаан орон сууцыг барих үүргээ хугацааг хэтрүүлэн биелүүлж, нэхэмжлэгчид орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээний хамт хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэж заасан байна.

 

Орон сууцны талбайн хэмжилтийг нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий “Инжкон” ХХК-иар хийлгэж зөрүүг мэдсэн гэж тайлбарласан тул хуулийн хугацаанд гомдлыг гаргажээ.

 

Хариуцагч нь гэрээгээр тохирсон 45.88 м2 талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч нь “Инжкон” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн 4.47 м2 талбайн зөрүүг нэхэмжилсэнд хариуцагч тал маргаснаар шүүхээс “Хот айл” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг хүлээхээр зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “Инжкон” ХХК нь талбайн хэмжээг Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартын дагуу хэмжилт зохих зааврын дагуу хийж, талбайн хэмжээг 41.41 м2 гэж, хариуцагчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон “Хот айл” ХХК нь талбайн хэмжээг Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолыг мөрдлөг болгон хэмжилт хийж, талбайн хэмжээг 42.11 м2 гэж тус тус дүгнэжээ.

 

Хариуцагч нь шинжээч томилуулах хүсэлтийн үндэслэлээ хэмжилт хийх аргын хувьд маргаж, гэрээгээр тохирсноор барилгын хананы тэнхлэгээс хэмжилт хийлгэх гэж тайлбарлах ч шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, ойлгомжгүй, зөрүүтэй зэргээр тайлбарлаагүй болно.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-д гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй” гэж үзэхээр заасан ба хүлээлгэн өгөх ажлын үр дүн болох 45.88 м2 талбайг хүлээлгэн өгөөгүй буюу доголдолтой хөрөнгө хүлээлгэн өгсөн гэж үзэн, “Хот айл” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ”, 352.2.3-д “доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах”-аар зааснаар учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна

 

Ажил гүйцэтгэгч нь захиалагчид орон сууцыг гэрээнд заасан хугацааг хэтрүүлснээс шалтгаалан нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээг үргэлжлүүлэх шаардлага үүсч, 2013 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх хугацааг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх гэж ойлгоно.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагчаас доголдолтой хөрөнгө шилжүүлсэн болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлоо нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Иймд талбайгаас 3.77 м2 хэмжээгээр дутуу зөрүүг талуудын гэрээгээр тохиролцсон 2.500.000 төгрөгөөр тооцож, 9.425.000 төгрөг болон 3 сарын хугацааны орон сууц хөлсөлсний төлбөрт /400.000х3/ 1.200.000 төгрөг, нийт 10.625.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч тал гэрээний 1.3-т заасан тохиролцоогоор талбайн хэмжээг барилгын зураг төсөлд тусгагдсаны дагуу тэнхлэгээс тооцсон гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа боловч Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартыг орон сууцны барилга барихад мөрдөж ажиллах үүрэгтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219.350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 184.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “Асар пропертиз” ХХК-иас /РД:5551765/ орон сууцны талбайн зөрүү болон гэрээнээс учирсан хохиролд 10.625.000 /арван сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Боржигон овогтой Дүйхэрсүрэнгийн Ганболдод /РД:АЮ71052718/ олгож, шаардлагаас үлдэх 400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219.350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 184.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ