Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 113

 

Г.А-од холбогдох эрүүгийн

                                                                             хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогч Ц.Энхзаяа,

хохирогч Б.Цэндсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэг,

насанд хүрээгүй хохирогч Н.Тэргэл, Н.Тэмүүлэн нарын хууль ёсны төлөөлөгч Н.Нямдаваа, тэдгээрийн өмгөөлөгч Н.Санчиндорж,

шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч С.Намжилмаа, Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 828 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.А-од холбогдох эрүүгийн 1803006580364 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Ишгин овгийн Г.А- 1981 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Г.А- нь согтуугаар, 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 18 цаг 15 минутын үед, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, зуслангийн замд, “Toyota Prius 20” загварын, 53-42 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын эсрэг урсгалд орж Ц.Энхзаяагийн жолоодон явсан “Toyota Prius 30” загварын, 95-88 УНТ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Б.Цэндсүрэнгийн эрүүл мэндэд хүнд, жолооч Ц.Энхзаяа, зорчигч Н.Тэргэл нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Н.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Г.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.А-ыг согтуурсан үедээ, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Г.А- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 01775636 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, Г.А-ын 207647 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.А-оос 36.412.920 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Цэндсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэгт олгож, хохирогч Ц.Энхзаяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэг, Н.Нямдаваа нар нь нотлох баримтаа бүрдүүлж цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Г.А-ыг цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэгт холбогдож, бусдын эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учруулсандаа гэмшиж байна. Тэтгэвэрт гарсан эцэг, эх маань тэтгэврийн зээл авч хохирлоос тодорхой хувийг нөхөн төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний бие баримтаар гарсан бодит төлбөрийг бүрэн гүйцэд заасан хугацаанд төлж барагдуулна. Иймээс надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хохирогч нараас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” гэв. 

Шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн тухайд маргах зүйлгүй. Шүүгдэгч Г.А-ын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлыг болон түүний ар гэрийн байдлын харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломж байгаа. Хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас үзвэл зарим нь нотлох баримтын шаардлага хангаагүй, энэ хэрэгт хамааралгүй буюу өдөр тутмын хүнсний зүйлс худалдаж авсан баримтууд байна. Өөрөөр хэлбэл эм тариа, эмчилгээнд 17.163.167 төгрөг, бусад хүнс шатахуунд 3.883.267 төгрөг нийт 21.046.454 төгрөгийн баримт байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн. Энэ нь хуульд нийцээгүй. Хэдийгээр Г.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч тэрээр 2 хүүхэдтэй, цаашид ямар нэгэн зөрчил гаргалгүй зөв амьдрах чин хүсэл эрмэлзэлтэй, өөртөө маш сайн дүгнэлт хийж байгаагийн гадна, түүний ажил хөдөлмөр эрхэлж хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулах боломж нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэв.

Хохирогч Ц.Энхзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хохирлын баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа. Үүнд эм тарианы зардал 23.189.920 төгрөг, эмч, сувилагчийн зардал 770.000 төгрөг, эмнэлгийн ор хоногийн төлбөр 240.000 төгрөг, автомашинд эвдрэл, гэмтэлд 5.453.000 төгрөг, цалингийн зээл, ажилгүй байсан хугацааны цалин 12.000.000 төгрөг зэрэг багтаж байгаа. Энэ ослын улмаас миний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд би байнгын өвчин намдаах эм тариа хэрэглэж байна. Цаашид намайг өвдөг, нурууны хэсэгтээ хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Эхлээд эхийгээ эрүүл саруул болгосны дараа өөрийгөө эрчимтэй эмчлүүлнэ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Цэндсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Г.А- нь биднээс өдийг хүртэл уучлалт гуйгаагүй. Өнөөдөр манай гэр бүл тэр чигээрээ хар дарсан зүүдэнд амьдарч байна. Бид сэтгэл санаа, бие махбодь, эдийн засгийн маш их хохирол амсаж байна. Миний эх өдөр бүр үхэлтэй тэмцэж байна. Өнөөдрийн төлсөн гээд байгаа мөнгө бидний хүмүүсээс зээлсэн мөнгөний хүүнд ч хүрэхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

Насанд хүрээгүй хохирогч Н.Тэргэл, Н.Тэмүүлэн нарын хууль ёсны төлөөлөгч Б.Нямдаваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хоёр хүүхдийн нэг нь хөнгөн, нөгөөх нь хүндэвтэр гэмтэл авсан. Бариа заслаар их явдаг тул холбогдох баримтууд алга байна. Шүүгдэгч Г.А- нь өнөөдрийг хүртэл биднээс уучлалт гуйгаагүй, бидэнд санаа тавиагүй. Маш их гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна” гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч Н.Санчиндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт нийт 41.412.920 төгрөгийн хохирлын баримтууд авагдсан. Үүнд эм тариа худалдаж авсан болон эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөрийн баримтууд, эмч, сувилагчтай байгуулсан гэрээ, тэдний дансны мөнгөн гүйгээний хуулга, автомашины эвдрэл гэмтэлд үнэлгээ хийсэн баримт, Ц.Энхзаяа, Ц.Энхцэцэг нарын цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын хуулбар зэрэг багтсан. Үүнээс гадна Ц.Энхзаяа, Ц.Энхцэцэг нар нь яагаад ажил хөдөлмөр эрхэлж болохгүй байгаа талаарх фото зураг, хохирогч Б.Цэндсүрэнг бусдын асаргаанд заавал байлгах шаардлагатай гэж үзсэн эмнэлгийн магадлагаа, дүгнэлт зэрэг авагдсан байгаа. Гэмт хэрэг үйлдсэн залуу хүн бүрийг уучилж өршөөх тухай ойлголт эрх зүйт төрд байхгүй. Шүүгдэгч Г.А- нь анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан. Гэтэл энэ хугацаанд хохирогч нартай ганц ч удаа холбогдоогүй, идэвхи санаачилга гаргаагүй байдаг. Тэрээр хохиролд нийтдээ 8.700.000 төгрөгийг төлсөн гэх боловч энэ мөнгийг өөрөө бус эцэг, эхээрээ төлүүлж, бусдад хариуцлага хүлээлгэсэн. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй, өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгч С.Намжилмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй, хохирогч нараас уучлалт гуйсан. Хохиролд нийт 8.930.000 төгрөгийн хохирол төлснөөс 8 дугаар сарын 22-ны өдөр 1.200.000 төгрөг, 9 дүгээр сарын 5-ны өдөр 1.500.000 төгрөг, 10 дугаар сарын 11-ний өдөр 230.000 төгрөг, 11 дүгээр сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үндэслэлтэй дүгнээгүй гэж үзэж байна. Үүнээс гадна шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад, тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлэх талаар заасан боловч шүүх энэхүү шийдвэрээ шүүх хуралдаанд уншиж сонсгоогүй” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            Г.А- нь согтуугаар /2,7 промилли/, 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 18 цаг 15 минутын үед, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зуслангийн замд, “Toyota Prius 20” загварын, 53-42 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж замын эсрэг урсгалд орж Ц.Энхзаяагийн жолоодон явсан “Toyota Prius 30” загварын, 95-88 УНТ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Б.Цэндсүрэнгийн эрүүл мэндэд хүнд, жолооч Ц.Энхзаяа, зорчигч Н.Тэргэл /10 настай/ нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Н.Тэмүүлэнгийн /16 настай/ эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Toyota Prius 30” загварын, 95-88 УНТ улсын дугаартай автомашинд 5.453.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Г.А- нь зам тээврийн осол гаргасан нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж /2хх-ийн 49, 115/, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд энэ нь хохирогч Ц.Энхзаяа /1хх-ийн 35-39/, насанд хүрээгүй гэрч Н.Тэмүүлэн /1хх-ийн 28/ нарын мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 8-13/, жолооч Г.А-ын согтолтын зэрэг болон хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8147, 987, 9923, 9931, 9932 дугаартай дүгнэлтүүд /2хх-ийн 57, 73, 77, 81, 84/, осол гаргасан тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 88-89/, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ /2хх-ийн 103/ зэргээр нотлогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.А-ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүхээс тухайн зүйл, хэсэг, заалтад заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, хорих ял эдлэх байгууллагын дэглэм нөхцлийг хуульд нийцүүлэн тогтоосон байх ба шүүгдэгч Г.А-ын эдэлбэл зохих үндсэн болон нэмэгдэл ялын хэмжээ нь гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон байна.

Иймээс “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хэзээнээс эхлэн тоолох талаар шийтгэх тогтоолд тусгалгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, магадлалдаа тусгах боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хохирогч Ц.Энхзаяа болон насанд хүрээгүй хохирогч Н.Тэргэл, Н.Тэмүүлэн нарын хууль ёсны төлөөлөгч Н.Нямдаваа нарын зүгээс эрүүл мэндэд учирсан хохирлыг тодорхойлсон нотлох баримтууд гаргаж өгөөгүйн гадна, хохирогч Б.Цэндсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэгээс цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэдгээ илэрхийлсэн тул анхан шатны шүүх тэдгээрийн цаашид гарах эмчилгээний зардал, гэм хор учруулсаны төлбөр зэрэг урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэгийн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт энэ талаар тодорхой хууль зүйн дүгнэлт өгөөгүйн гадна, нийт хохирлын хэмжээг буруу тооцсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэсэн болно.

Хэргийн материалд авагдсан хохирогч Б.Цэндсүрэнгийн эмчилгээ, түүнтэй холбогдон гарсан бусад зардлын баримтуудыг нягталж үзвэл эмчилгээ, хоол хүнс, тээврийн зардалд 23.400.700 төгрөг, асаргаа сувилгаанд 770.000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөрт 240.000 төгрөг, Ц.Энхзаяа, Ц.Энхцэцэг нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлс, орлогод 12.000.000 төгрөг, автомашины эвдрэл гэмтэлд 5.453.000 төгрөг нийтдээ 41.863.700 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.А-ын ар гэрээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.700.000 төгрөгийг хохиролд төлсөн боловч хохирогч уг мөнгийг нийт хохирлоос хасч нэхэмжилсэн, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул баримтаар тогтоогдсон хохирлын дүн болох 41.863.700 төгрөгөөс 6.000.000 төгрөгийг хасч үлдэх 35.863.700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэгт олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж, ял болон хохирлын тооцооны талаар гаргасан шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгч С.Намжилмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад ... тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын харьяа лицензийн төвд хүргүүлэх талаар заасан боловч шүүх энэхүү шийдвэрээ шүүх хуралдаанд уншиж сонсгоогүй...” гэж маргасан боловч шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрсөн нөхцөл байдал тогтоогдоогүйн гадна, тэрээр дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүйг дурьдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 828 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.А-оос 36.412.920 /гучин зургаан сая дөрвөн зуун арван хоёр мянга есөн зуун хорин/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цэндсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэгт /РД:ЧР71070103/ олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.А-оос 35.863.700 /гучин таван сая найман зуун жаран гурван мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Цэндсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэгт /РД:ЧР71070103/ олгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН