Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 181/2019/02399/И |
Дугаар | 001/ХТ2020/00526 |
Огноо | 2020-09-17 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2020/00526
М.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02359 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 287 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: М.М-
Хариуцагч: “... пропертиес” ХХК-д холбогдох
ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогнямын гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Асланбек, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Асланбек нэхэмжлэлдээ: М.М- ... пропертиес ХХК-д 2016-06-10-ны өдөр дасгалжуулагч багш албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулсан болно. Тэрээр ажиллах хугацаандаа буюу өнөөдрийг хүртэл ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй бөгөөд сахилгын хариуцлага тооцуулж байгаагүй, ажлын үр дүн, үнэлгээгээрээ маш сайн байсан. Түүнийг ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2019-07-31-ний өдөр компанийн гүйцэтгэх захирал цомхтгол гэх шалтгаанаар ажлаас халагдсан тухай хэлсэн. Бусдаар албан ёсоор мэдэгдсэн болоод ажлаас халагдсан тухай тушаал гаргаагүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасныг ноцтой зөрчиж байна. 2019-07-31-с хойш ажилдаа ирэх хэрэггүй, ажиллуулахгүй, цалин тавихгүй тухай хэлж, ерөөсөө ажил хийлгээгүй. Энэ талаар шаардлага тавьж, ажлаас халагдсан тушаал гаргаж өгч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь өгөхийг хүссэн ч ажлаас халагдсан тушаал өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-т заасныг ноцтой зөрчиж байна. УДШ-н 2012-06-15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал тухай зөвлөмжийн 3.2-т заасны дагуу ажил олгогчийн дээрх үйлдэл нь нэхэмжлэгчийг халсантай адилтгаж үзнэ. Иймд ... пропертиес ХХК нь М.М-ыг ажлаас буруу халсан болохыг тогтоож, тус компанийн дасгалжуулагч багш ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Монгол улсад үүссэн эдийн засгийн хямралын улмаас компанид учирсан санхүүгийн хүндрэлийг даван туулах, үйл ажиллагааг доголдуулахгүй явуулах цогц арга хэмжээний хүрээнд зарим албан тушаалыг цомхтгож байгаа билээ. Иймд 2019-07-31-ний өдөр дасгалжуулагч багш албан тушаалтай М.М-ад мэдэгдэл хүргүүлж, 2019-08-31-ний өдрөөр цомхтгосон. Манай компани нийт 2 дасгалжуулагч багштай бөгөөд, дасгалжуулагч багшийн ажил үүрэг нь компанийн фитнесс зааланд ажилтнууд болоод түрээслэгчдэд хичээл заах, дасгалжуулах чиг үүрэг бүхий албан тушаал юм. Нэхэмжлэгч манай компанид ажиллаж байх хугацаандаа ажлын байрыг хувийн эзэмшлийн өмч мэтээр андуурч ажлын байран дээр хөзөр тоглож, компанийн бусад ажилчдад буруу үлгэр дуурайлал үзүүлж, ажилчдыг мөрийтэй тоглоомд уриалж ажилтан албан хаагчид байж болзошгүй ёс зүйн доголдлыг удаа дараа гаргаж байсан. Харин компанийн удирдлагын зүгээс М.М-ын ажилласан жилийг харгалзан алдаа дутагдал, ёс зүйн доголдол гаргах бүрт нь сахилгын арга хэмжээг шууд авалгүй аман сануулгыг өгсөөр явсан. Манай компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримтлан М.М-ад орон тоог цомхтгосон тухай мэдэгдсэнээс хойш буюу 2019-08-31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, энэ хугацааны цалинг нь олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-т заасны дагуу 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгохоор гүйцэтгэх захирал тушаал гаргаж, холбогдох цалин, тэтгэмжийг олгосон нь хариу тайлбарт хавсаргасан баримтуудаар нотлогдоно. Харин М.М- нь тус мэдэгдэлд гарын үсэг зуралгүй өдий хүрснээс болж ажлаас халсан тушаал гаргаж өгөх боломжгүй байсан. Иймд компани нь дасгалжуулагч багшийн орон тоог цомхтгох, энэ албан тушаалд ажиллаж байсан М.М-ыг хуульд заасан журмын дагуу цомхтголд оруулан, Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 181/ШШ2019/02359 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан М.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсан байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 287 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02359 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..Анхан шатны шүүх хуралдаан 2019-11-20-ны өдөр товлогдсон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбек нь тус шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тухай 2019-11-19-ний өдрийн 18 цагт мэдэгдсэн гэж давж заалдах гомдолд дурдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хуралд оролцох болсон тухайгаа мэдсэн даруйдаа шүүгчийн туслахад хэлэх гэсэн боловч утсаа авахгүй байсан учраас мессеж зурвас үлдээсэн гэдэг. ИХШХШТХ-н 100.1.2-т заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ гэж заасан. С.Асланбек нь шүүх хуралдаанд оролцож чадахгүй болсон тухай нотлох баримтыг анхан шатны шүүхэд ирүүлээгүй. Мөн шүүгчийн туслахад мэдэгдсэн, мессеж бичиж үлдээсэн зэрэг нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 172.2.2-т заасан хуулиар тогтоосон ХХША-ны журам зөрчсөн байх тул 2020-02-03-ны өдрийн 287 дугаар магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
М.М- 2019-08-26-ны өдөр “... пропертиес” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ажлаас буруу халсан болохыг тогтоолгох, дасгалжуулагч багш ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг шаарджээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Хэргийн оролцогч нь нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хуульд заасан тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь шүүхэд хандаж, бүтцийн өөрчлөлт хийсэн тухай эрх бүхий этгээдийн шийдвэр 2019-07-31-ний өдрийн 19/01 дугаар албан бичиг, хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ зэргийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ажил олгогчоос гаргуулах /хх37/-ыг хүссэн бөгөөд заасан баримтууд бодит байдал дээр байдаг эсэх талаар зохигч маргаж /хх 48-51/ мэтгэлцжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтэд заасан баримтууд ажил олгогчид байгаа эсэх нь тодорхойгүй байхад шүүх эдгээр баримтыг шүүхэд ирүүлэхийг хариуцагчид “даалгасан” дутагдалтай болсон байна. Өөрөөр хэлвэл, талууд маргаж байгаа тохиолдолд шүүх эдгээр баримтууд хариуцагчид байгаа эсэхийг үзлэг хийх байдлаар тогтоох боломжтой байгааг анхаараагүй тул шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу “...нотлох баримт бүрдүүлэх..” ажиллагааг хийсэн гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцэхгүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэв.
2. Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээж, нотлох баримт болон хэргийн материалтай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрх эдэлнэ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ.
Иймд шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 287 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020-02-27-ны өдөр төлсөн 70,300 төгрөг, 2020-03-02-ны өдөр төлсөн 144,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ