Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2017/02424

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 07 өдөр                   Дугаар 183/ШШ2017/02424                            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэрийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д М А Л Р-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.М-д холбогдох,

Орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Орхон, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 7 сарын 10-нд Хан-Уул дүүргийн 11 хороо, Хөх тэнгэр хотхон, 46Б байр, 1 тоот 179 м2 талбайтай эрхийн улсын бүртгэлийн 2206014849 дугаартай 3 өрөө байрыг 322.200 ам доллараар худалдан борлуулахаар хариуцагчтай харилцан тохиролцож, 2012/09/45Б-1 тоот худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан юм. Хариуцагч худалдах, худалдан авах гэрээний 3.2.2-т “Гэрээний төлбөрийн 100 хувийг төлсний дараа байр хүлээлцсэн акт үйлдэж, түлхүүр хүлээлцэж, байранд нүүн орж, ашиглаж эхлэх” гэж заасны дагуу орон сууцныг төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг ашиглах эрх үүсэх байсан боловч, хариуцагч байрны мөнгөө удахгүй өгнө, байранд орж байя гэж удаа дараа гуйсан тул түүнд итгэж гэрээ байгуулсан өдрөө байраа хүлээлгэн өгч, ашиглуулж эхэлсэн. Гэтэл гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 195.050 ам доллар буюу 391.623.340 төгрөгийг хариуцагч өнөөдрийг хүртэл төлөлгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь орон сууц худалдан авсан гэх нэрийн дор 2013 оны 7 сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд ямар ч үнэ төлбөргүй амьдарч байна. Иргэний хуулийн 110.1-д зааснаар эрхийн бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсч, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болдог. Иймд төлбөрөө төлөх хүртэл хариуцагч байрыг эзэмших, ашиглах эрхгүй тул Иргэний хуулийн 243.1, 106.1-д зааснаар Хан-Уул дүүргийн 11 хороо, Хөх тэнгэр хотхон, 46Б байр, 1 тоот орон сууцнаас Мөнхзулыг албадан гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-уул дүүргийн 11 хороо. Хөх тэнгэр хотхон, 46Б байр, 1 тоот 179 м2 талбай бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2206014849 дугаарт бүртгэгдсэн 4 өрөө орон сууц, автомашины дулаан зогсоолыг 471.056.400 төгрөгөөр худалдан авахаар болж, төлбөрөөс 166.160 ам долларыг төлсөн. Энэхүү төлбөрийг буцаан надад төлсөн тохиолдолд орон сууцнаас гарахад татгалзахгүй. Төлөөгүй тохиолдолд албадан гаргах үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.5-д “Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төпбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, хүний орон байр, бусад газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно” гэж заасныг үндэслэн байрны урьдчилгаанд төлсөн 166.160 ам долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2441 төгрөгөөр тооцож 405.596.560 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариуу тайлбар болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талууд гэрээний 3.2.2-д худалдан авагч С.М- нь байрны үнийг 100 хувь төлсний дараа нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд нүүж орохоор тохиролцсон боловч хариуцагчийн зүгээс байрны үнийг бүрэн төлж дуусгаагүй байх үедээ байрандаа нүүж орох, амьдрах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч түүнийг өөрийн өмчлөлийн байрандаа амьдрах нөхцөл боломжийг олгож байрандаа оруулсан. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авсан байрныхаа үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байсан учир нэхэмжлэл гаргаж шийдвэрлэсэн ба Монгол Улсын дээд шүүх 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 001 199 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 808 дугаар шийдвэрээр хариуцагчаас 234.000 ам доллар буюу 469.827.540 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шийдвэрт 195.050 ам доллар буюу 391.623.340 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүрэг, шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд үнэ төлбөргүй амьдарч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байсан учир нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрийн өмчлөлийн байрнаас албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч худалдан авсан байрныхаа үнийг бүрэн төлж дуусгаагүй байж нэхэмжлэгчээс 166.160 ам доллар буюу 405.596.560 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Учир нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00808 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1996 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 001/ШТ2017/00199 дугаар тогтоолуудаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний үнэ төлбөртэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д М А Л Р- нь С.М-д холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрөө гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ орон сууц худалдан авсан нэрийн дор 2013 оны 7 сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд ямар ч үнэ төлбөргүй амьдарч байгаа тул төлбөрөө төлөх хүртэл орон сууцыг эзэмших, ашиглах эрхгүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь төлбөрийг буцаан төлсөн тохиолдолд орон сууцнаас гарна гэж тайлбарлан, 166.160 ам доллар буюу 405.596.560 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.

 

Нэхэмэлэгч нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсан тойруу, 46Б байр, 1 тоот орон сууцыг худалдахаар С.М-тай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт хариуцагч нь 166.160 ам доллар төлж, үлдэгдэл төлбөрийг 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өгөхөөр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах харилцан үүргийг зохицуулжээ.

 

Талуудын байгуулсан гэрээний 3.2.2-д худалдан авагч нь байрны үнийг 100 хувь төлсний дараа нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд нүүж орохоор тохиролцсон байгаа боловч хариуцагчийн хүссэнээр уг орон сууцанд орохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн байх бөгөөд С.М- нь үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, 4 жилийн хугацаанд орон сууцыг эзэмшиж, төлбөр төлөх үүргээ биелүүлэээгүй байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байна.

 

Тухайн хуулийн зохицуулалтаар шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна тухайн эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх 2 нөхцлийн аль аль нь зэрэг бүрдсэн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.

 

Дээрх орон сууцны өмчлөгч нэхэмжлэгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 163482 дугаар гэрчилгээгээр нотлогдож байх ба харин хариуцагч төлбөр төлөх хүртлээ эзэмших эрхгүй тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл төлбөр төлсөн тохиолдолд орон сууцыг эзэмших эрх үүсэх юм.

 

Иймд нэхэмжлэгчээс тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх хариуцагчид үүсээгүй гэж үзэн албадан гаргуулах шаардлага гаргаж байгааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч С.М-ыг Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 46Б байрны 1 тоот орон сууцнаас албадан гаргуулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь худалдах, худалдах авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж, хариуцагч нь гэрээнээс татгалзах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, харин эд хөрөнгийн доголдлын талаар болон ханшийн зөрүүнээс орон сууц өндөр үнэтэй болсон талаар маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00808 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1996 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 001/ШТ2017/00199 дугаар тогтоолоор дээрх гэрээний үүргийн маргааныг эцэслэн шийдвэрлэж, орон сууцны үлдэгдэл төлбөрт 391.623.340 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар 166.160 ам доллар буюу 405.596.560 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 2.185.950 төгрөгийг орлогоос гаргуулж С.М-д олгох нь зүйтэй.

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний 99118538 дугаарын утсаар 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15.05 цагт мэдэгдсэн, түүний өмгөөлөгч нь товыг хариуцагчаас мэдэж хүсэлт гаргасан байгаа боловч өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтийг С.М- шүүхэд ирүүлээгүй, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өгөөгүй, хариуцагч нь өөрийн биеэр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч С.М Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 46Б байрны 1 тоот орон сууцнаас албадан гаргуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар 166.160 ам доллар буюу 405.596.560 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 2.185.950 төгрөгийг орлогоос буцаан гаргуулж С.М-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ