| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2017/0509/Э |
| Дугаар | 145 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 145.2., 17.1.3.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 145
Ө.О-, М.Б-, Э.Ө- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Ө.О-,
шүүгдэгч Ө.О-, М.Б- нарын өмгөөлөгч Г.Баярмаа,
шүүгдэгч Э.Ө-ийн өмгөөлөгч Б.Энхтуяа,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 973 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ө.О-, М.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ө.О-, М.Б-, Э.Ө- нарт холбогдох эрүүгийн 1709007620012 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Хэрэйд овгийн Ө.О-, 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1014 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эдгээр хэргийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2. Боржигон овгийн М.Б-, 1994 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,
- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ялаа эдэлж дууссан,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ялаа эдэлж дууссан,
3. Магалан овгийн Э.Ө-, 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зөөгч, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
А/ Ө.О- нь дангаараа 17 удаагийн үйлдлээр:
1. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “King Kids” сургуулийн 101 тоот өрөөнд нэвтэрч, иргэн Д.Зоригоогийн өмчлөлийн “Samsung Galaxy J5” загварын гар утас, “Canon Rebel” загварын гэрэл зургийн аппарат зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 648.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг”-ийн мэс заслын 5 дугаар палатанд нэвтэрч, иргэн Б.Анхжаргалын өмчлөлийн “Samsung Galaxy S8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.159.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Таны төлөө бид” эмнэлгийн 312 тоот өрөөнд нэвтэрч, иргэн Н.Энхзулын өмчлөлийн “IPhone 6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 490.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нэгдүгээр төрөх эмнэлгийн 238 тоот өрөөнд нэвтэрч, иргэн Д.Болормаагийн өмчлөлийн “Samsung Galaxy Note4” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 168.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нэгдүгээр төрөх эмнэлгийн 238 тоот өрөөнд нэвтэрч, иргэн Б.Цэрэнбатын өмчлөлийн “IPhone 5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 184.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ирээдүй” цогцолборын 2 дугаар бага сургуулийн 206 тоот өрөөнд нэвтэрч, иргэн Н.Мандухайн өмчлөлийн “Lenovo” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 330.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Peace Tower” төвийн 10 дугаар давхрын 1004 тоот өрөөнд нэвтэрч, иргэн Г.Ганжаргалын өмчлөлийн “Dell” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 432.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн уушгины тасгийн 9 дүгээр хороонд нэвтэрч, иргэн Г.Билгүүний өмчлөлийн “Dell” загварын компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 520.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхоны багачууд” цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөнд нэвтэрч, иргэн Б.Цэндээгийн өмчлөлийн “Samsung Grand” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 200.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 18 дугаар сургуулийн 203 тоот өрөөнд нэвтэрч, иргэн Б.Бямбацэцэгийн өмчлөлийн “Lenovo” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 909.177 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын 207 тоот өрөөнд нэвтэрч, иргэн А.Мэргэний өмчлөлийн “IPhone 5s” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соманг Плаза” төвийн 507 тоот өрөөнд нэвтэрч, иргэн Д.Болорчимэгийн өмчлөлийн “Dell” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 390.000 төгрөгийн хохирол учруулсан,
13. 2017 оны 5 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очирваань” эмнэлэгт нэвтэрч, иргэн Б.Золжаргалын өмчлөлийн “Samsung Galaxy S6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн эмнэлгийн цайны газраас иргэн Ж.Оюуннямын өмчлөлийн “Samsung S7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 576.000 төгрөгийн хохирол учруулсан,
15. 2017 оны 5 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн 7 дугаар төвийн Сонгомол тасгийн 5 тоот өрөөнөөс иргэн Н.Отгонбаатарын өмчлөлийн “IPhone 6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 472.000 төгрөгийн хохирол учруулсан,
16. 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэгэ” цамхагийн 15 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “TV-9” телевизийн студид нэвтэрч, “Sony” загварын камерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Н.Нарангэрэлд 840.000 төгрөгийн хохирол учруулсан,
17. 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Twin Tower” цамхагийн 7 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Алтай Констракшн” ХХК-ийн оффисын өрөөнд нэвтэрч Д.Халиуны өмчлөлийн “IPhone 5”, “Lamborghini” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 340.800 төгрөгийн хохирол учруулсан,
мөн М.Б-, Э.Ө- нартай бүлэглэн, 83-34 УНЭ улсын дугаартай, “Kia Lotze” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж, 1 удаагийн үйлдлээр:
18. 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 69 дүгээр байрны гадна байсан иргэн Т.Цэрэндашийн эзэмшлийн 14-62 УБА улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслээс “Dell” загварын зөөврийн компьютер, бэлэн 250.000 төгрөг, цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 808.800 төгрөгийн хохирол учруулсан,
Б/ М.Б- нь дангаараа 5 удаагийн үйлдлээр:
1. 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 16 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 18/3 дугаар байрны гадна автозогсоол дээр байршуулсан байсан иргэн Б.Мөнхбатын эзэмшлийн 83-38 УБК улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн бүхээг дотроос бэлэн 1.000.000 төгрөг, 34 ам.доллар, 6 ширхэг пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 3.175.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2017 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 47 дугаар байрны гадна автозогсоол дээр байршуулсан байсан иргэн С.Зоригтбаатарын эзэмшлийн 09-92 УБӨ улсын дугаартай, “Toyota Camry” загварын тээврийн хэрэгслийн бүхээг дотроос 2 ширхэг гар цүнх, 2 ширхэг цамц, 1 ширхэг костьюм, зангиа зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 982.269 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 14/2-и байрны 28 тоотод оршин суух иргэн А.Ганчимэгийн гэрт нэвтэрч, алт монетон ээмэг, бөгж, гинж, кулон, зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 4.563.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2017 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны гадна байрлуулсан байсан иргэн Ч.Дөлгөөний эзэмшлийн 77-10 УНИ улсын дугаартай, “Jeep” загварын тээврийн хэрэгслээс зөөврийн компьютер, бараа тоологч машин, гар утасны цэнэглэгч, үүргэвч, жижиг цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Г.Чулуундоржид нийт 966.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-141 тоот хашааны гадна байрлуулсан байсан иргэн Г.Лхагвадоржийн эзэмшлийн 93-54 УБЯ улсын дугаартай, “Toyota Premio” загварын тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы гурвалжин шилийг хагалан, дотроос нь Юнителийн 3.657.000 төгрөгийн нэгж, “Samsung” загварын таблет, пос принтер, цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 3.951.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Ө.О-, Э.Ө- нартай бүлэглэн, 83-34 УНЭ улсын дугаартай, “Kia Lotze” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж, 1 удаагийн үйлдлээр:
6. 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 69 дүгээр байрны гадна байсан иргэн Т.Цэрэндашийн эзэмшлийн 14-62 УБА улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслээс “Dell” загварын зөөврийн компьютер, бэлэн 250.000 төгрөг, цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 808.800 төгрөгийн хохирол учруулсан,
В/ Э.Ө- нь Ө.О-, М.Б- нартай бүлэглэн, 83-34 УНЭ улсын дугаартай, “Kia Lotze” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж, 1 удаагийн үйлдлээр:
1. 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 69 дүгээр байрны гадна байсан иргэн Т.Цэрэндашийн эзэмшлийн 14-62 УБА улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслээс “Dell” загварын зөөврийн компьютер, бэлэн 250.000 төгрөг, цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 808.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ө.О-, М.Б- нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Э.Ө-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.О-г хулгайлах гэмт хэргийг 18 удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, шүүгдэгч М.Бат-Эрдэнийг хулгайлах гэмт хэргийг 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, шүүгдэгч Э.Ө-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Ө.О-г 7 жилийн хорих ялаар, М.Бат-Эрдэнийг 6 жилийн хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Ө-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар Ө.О-г Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1014 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас чөлөөлж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ө.О-гийн цагдан хоригдсон 790 хоногийг, М.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 576 хоногийг, Э.Ө-ийн цагдан хоригдсон 56 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг СиДи-г энэ хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ө.О-гоос 5.696.777 төгрөг, М.Б-эс 10.242.869 төгрөг тус тус гаргуулан нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт уг тогтоолын тодорхойлох хэсэгт заасан хэмжээгээр олгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж гаргуулан улсын орлого болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Э.Ө- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Э.Ө-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Ө.О-, М.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Э.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “...уг хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтэй байна. Учир нь:
1. 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Ө-, О-, Бэгээнээ, Хатнаа, Анараа нарын хамт Ө-ийн автомашинтай явж хулгай хийсэн. Бид хулгайлсан бэлэн мөнгөө хамтдаа үрж дуусгасан. Харин зөөврийн компьютерыг нь Бэгээнээ, Ө- хоёр худалдан борлуулахаар авч явсан байдаг.
2. 2017 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Гантулга, Ганзул нартай хамт явж хулгай хийсэн. Тэр өдрөө бид Гантулгын гэрт очиж хоносон. Маргааш нь Ганзулын ахын ломбарданд очиж хулгайлсан зөөврийн компьютероо худалдаад мөнгөө тэнцүү хувааж авсан.
3. 2017 оны 8 дугаар сарын 13-ний өдөр Хатнаа, Бэгээнээ нартай хамт явж хулгай хийсэн. Би Бэгээнээгээр түшүүлж байгаад 2 дугаар давхрын цонхыг хөшиж, дотогш нэвтэрсэн. Харин энэ үед Хатнаа байрны буланд хүн хараад зогсож байсан.
4. 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр найз Улаакаатай хамт түүний автомашинтай явж хулгай хийсэн. Хулгайлсан эд зүйлсээс Улаака 1 ширхэг пүүз, 1 ширхэг кет авсан.
5. 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр найз “Томми” хочтой Анхбаяртай хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Бид хоёр хулгайлсан эд зүйлээ Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуудаг өөрийн танил У.Анхбаяр ахад худалдахаар тохиролцсон. У.Анхбаяр ах эд зүйлийг надаас хямд авдаг байсан.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч нар надаас байцаалт авахдаа, сэтгэл санаагаар дарамталж, зодож, хэргийг ганцаараа үйлдсэн болгож, миний эрх зүйн байдлыг дордуулсан. Эдгээр хэргийг би Хатанбаатар, Бэгээнээ, Улаакаа нарын хамт үйлдсэн болохоо удаа дараа хэлсэн боловч огт авч хэлэлцээгүй. Миний бие өөрийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй. ...” гэжээ.
Шүүгдэгч Ө.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим хулгайлах гэмт хэргүүдэд хамтран оролцсон этгээдүүдийг шалгаагүй тул давж заалдах гомдлынхоо үндэслэлийг өөрчилж байна. Тухайлбал 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн хулгайлах гэмт хэрэгт Бэгээнээ, Хатнаа, Анараа нар хамтран оролцсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр хүмүүсийг шалгуулах талаар эрх бүхий албан тушаалтанд хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн боловч огт байцаалт аваагүй. Түүнчлэн тухайн болсон үйл явдлыг тодорхой харуулсан камерын бичлэг алга болсон байна. Мөн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр үйлдэгдсэн хулгайлах гэмт хэрэгт Гэгээнээ буюу Гэлэгсамбуу хамт оролцсон. 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөгч энэ хэргийн талаар надаас байцаалт авсан. Гэлэгсамбуу нь “Чи энэ хэргийг ганцаараа даачих, би хохирол төлбөрийг хариуцна” гэж надад хэлсэн...” гэв.
Шүүгдэгч Ө.О-, М.Б- нарын өмгөөлөгч Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлын тухайд хэлэх тайлбаргүй...” гэв.
Шүүгдэгч Э.Ө-ийн өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Э.Ө- нь 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж тогтвортой мэдүүлж байсан. Анхан шатны шүүхээс түүнийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож дүгнэснийг эсэргүүцэх зүйл алга. Шүүгдэгч нар мэдүүлэхдээ Э.Ө- хулгайлах замаар олсон эд хөрөнгийг авсан гэдэг. Миний хувьд шүүгдэгч Э.Ө-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж хардаг. Энэхүү хэргийг урьд нь анхан болон давж заалдах шатны шүүхүүд шийдвэрлэж байсан бөгөөд тухайн шүүх хуралдаануудад Хатнаа, Бэгээнээ, Анараа гэх хүмүүс огт яригдаж байгаагүй. Харин тэр өдөр Ө.О-, М.Б-, Э.Ө- нар 3-уулаа хамт явж байсныг Э.Ө- тууштай мэдүүлсэн байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр анхан шатны шүүх уг хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Харин миний хувьд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг дахин хийлгэж, шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй байсан гэж үздэг...” гэв.
Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ө.О-, М.Б-, Э.Ө- нар нь 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 3-уулаа хамт явсан гэж анхнаасаа мэдүүлж байсан. Харин хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх явцад Хатнаа, Бэгээнээ, Анар гэх хүмүүсийг хамт явсан, тэдэнтэй хамт хохирол төлбөрийг хариуцна гэсэн асуудлыг ярьдаг. Гэвч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, тэдний зүгээс хохирол төлбөр барагдуулаагүйн гадна, Хатнаа, Бэгээнээ, Анар гэх хүмүүс гэмт хэрэг, зөрчилд холбогдсон талаарх үндэслэл тогтоогдоогүй. Түүнчлэн уг хэрэгт хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан талаарх баримт байдаггүй. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан буюу битүүмжилсэн автомашиныг үрэгдүүлсэн асуудлыг тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Шүүгдэгч М.Бат-Эрдэнийн 2017 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө үйлдсэн гэмт хэрэгт Ганзул, Гантулга гэх хүмүүсийг холбогдуулан шалгасан боловч тэдгээрийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон. 2017 оны 8 дугаар сарын 13-ний өдөр үйлдсэн гэмт хэрэгт Хатнаа, Бэгээнээ гэх хүмүүсийн үйлдэл оролцоо тогтоогддоггүй бөгөөд М.Б- нь тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн хэмээн мэдүүлж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад хэрхэн, яаж үйлдсэн тухайгаа заасан байдаг. Мөн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ганцаараа гэмт хэрэг үйлдсэн болох нь нэгжлэг хийсэн тэмдэглэл, өөрийнх нь мэдүүлэг, гэрч Булгантамирын мэдүүлгээр тогтоогддог. Түүнчлэн мөрдөгч нар зодож дарамтлан байцаалт авсан гэх боловч тэрээр энэ талаар хэн нэгэн албан тушаалтанд холбогдуулж гомдол гаргаж байгаагүйн гадна, сэжигтнээр баривчилсан тухай тэмдэглэлүүдэд түүний биед ил харагдах шарх, гэмтэл учраагүй болох нь тодорхой харагдана. Шүүгдэгч Ө.О-гийн тухайд тэрээр 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Нэгдүгээр эмнэлэгт ганцаараа нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж байгаа нь хяналтын камерын бичлэгээс тодорхой харагддаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн талаараа тогтвортой мэдүүлсээр ирсэн. Иймээс шүүгдэгч Ө.О-, М.Б- нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Ө.О- нь дангаараа 17 удаагийн үйлдлээр, мөн М.Б-, Э.Ө- нартай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр, 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэний улмаас иргэн Д.Зоригоо, Б.Анхжаргал, Н.Энхзул, Д.Болормаа, Б.Цэрэнбат, Н.Мандухай, Г.Ганжаргал, Г.Билгүүн, Б.Цэндээ, Б.Бямбацэцэг, Э.Мэргэн, Д.Болорчимэг, Б.Золжаргал, Ж.Оюунням, Н.Отгонбаатар, Н.Нарангэрэл, Д.Халиун, Т.Цэрэндаш нарт нийт 10.227.777 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
М.Б- нь дангаараа 5 удаагийн үйлдлээр, мөн Ө.О-, Э.Ө- нартай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр, 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэний улмаас иргэн Б.Мөнхбат, С.Зоригтбаатар, А.Ганчимэг, Г.Чулуундорж, М.Отгончимэг, Г.Лхагвадорж, Т.Цэрэндаш нарт нийт 14.446.069 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Э.Ө- нь Ө.О-, М.Б-тэй нартай бүлэглэн, 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 69 дүгээр байрны гаднах авто зогсоолд байрлуулсан иргэн Т.Цэрэндашийн эзэмшлийн 14-62 УБА улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслээс “Dell” загварын зөөврийн компьютер, бэлэн 250.000 төгрөг, цүнхтэй эд зүйлсийг хулгайлан авч, нийт 808.800 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг 83-34 УНЭ улсын дугаартай, “Kia Lotz” загварын автомашин ашиглаж үйлдсэн хэргийн үйл баримт тус тус тогтоогдлоо.
Хохирогч Д.Зоригоо /1хх-ийн 26-28/, Б.Анхжаргал /1хх-ийн 122/, Н.Энхзул /1хх-ийн 161-162/, Д.Болормаа /1хх-ийн 195-196/, Б.Цэрэнбат /1хх-ийн 198/, Н.Мандухай /1хх-ийн 4хх-ийн 46-47/, Г.Ганжаргал /4хх-ийн 100-101/, Г.Билгүүн /2хх-ийн 129-130/, Б.Цэндээ /2хх-ийн 182-184, 6хх-155-157/, Б.Бямбацэцэг /2хх-ийн 194-195/, Э.Мэргэн /2хх-ийн 208-210/, Д.Болорчимэг /3хх-ийн 17-18/, Б.Золжаргал /3хх-ийн 47-51/, Ж.Оюунням /3хх-ийн 206/, Н.Отгонбаатар /3хх-ийн 243-244/, Н.Нарангэрэл /7хх-ийн 55/, Д.Халиун /7хх-ийн 180/, Б.Мөнхбат /8хх-ийн 197/, С.Зоригтбаатар /9хх-ийн 2-3/, А.Ганчимэг /8хх-ийн 144-145/, Г.Чулуундорж /6хх-ийн 233-234/, М.Отгончимэг /8хх-ийн 119-120/, Г.Лхагвадорж /8хх-ийн 46-48/, Т.Цэрэндаш /4хх-ийн 210, 5хх-ийн 135/ нар нь эд хөрөнгөө алдсан цаг хугацаа, газар, алдагдсан эд хөрөнгийн онцлог, шинж байдал, үнэ өртгийн талаар тус бүр тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлгүүд нь:
- гэрч Г.Даваадорж /1хх-ийн 30/, Б.Уламбаяр /1хх-ийн 32, 145, 164-165, 203-204, 3хх-ийн 83-84/, Г.Отгонзаяа /1хх-ийн 200/, Т.Ирмүүн-Очир /4хх-ийн 50-51/, Б.Солонго /4хх-ийн 104/, Б.Баярчулуун /3хх-ийн 81-82/, М.Б- /8хх-ийн 198-199/, М.Булгантамир /8хх-ийн 200-201/, С.Дуламсүрэн /8хх-ийн 162/, Б.Чингүүнжав /6хх-ийн 236/, О.Анхбаяр /8хх-ийн 53-54/, Д.Цогзолмаа /8хх-ийн 55-56/, У.Анхбаяр /8хх-ийн 90-91/, Ц.Болормаа /8хх-ийн 121-122/, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхболд /6хх-ийн 235/, Э.Батзаяа /8хх-ийн 37-38/ нарын мэдүүлгүүд,
- яллагдагч Ө.О- /1хх-ийн 65-66, 85-87, 130, 138, 148, 182, 226, 234, 2хх-ийн 240-242, 3хх-ийн 67, 224, 4хх-ийн 3-4, 76-77, 110-111, 5хх-ийн 75, 136-138, 7хх-ийн 67/, М.Б- /5хх-ийн 72-75, 137, 8хх-ийн 167/, Э.Ө- /5хх-ийн 1, 139, 6хх-ийн 96/ нарын мэдүүлгүүд,
- хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-11, 156-157, 190-191, 2хх-ийн 173-177, 199-121, 3хх-ийн 199-200, 4хх-ийн 92-93, 193-195, 185-188, 6хх-ийн 144-148, 155-157, 227-229, 7хх-ийн 49-53, 8хх-ийн 22-25, 147-155, 190-192, 245-246/, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, тухайн цаг үед болж байгаа үйл явдлыг харуулсан хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 12-15, 173, 207, 2хх-ийн 122, 4хх-ийн 7-8, 97/, яллагдагч Ө.О-, М.Б- нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 16-18, 5хх-ийн 13-24, 26-28, 8хх-ийн 156-157/, алдагдсан эд зүйлсийн үнэлгээ /4хх-ийн 60, 8хх-ийн 94, 232, 9хх-ийн 52-128/, алдагдсан зарим эд зүйлсийг хураан авч, хохирогч нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 23, 143-144, 168-169, 192-193, 6хх-ийн 230, 8хх-ийн 6, 34, 119-120, 204, 9хх-ийн 58-60/ зэргээр давхар нотлогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.
Шүүгдэгч М.Б- давж заалдсан гомдолдоо, мөн шүүгдэгч Ө.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...зарим хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийг шалгаж, хохирол төлбөрийг хариуцуулах шаардлагатай...” хэмээн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэл заан маргажээ.
Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч Ө.О-, М.Б-, Э.Ө- нарын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргүүдэд өөр бусад этгээдүүд оролцсон байдал тогтоогдоогүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэгт хамтран оролцсон байж болох “Хатнаа, Бэгээнээ, Анараа, Гэгээнээ, “Томми” хочтой Анхбаяр” гэх хүмүүсийг Ө.О-, М.Б- нараас зааж өгч чадаагүй, харин Ө.О-, М.Б- нар нь сэжигтэн, яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ ганцаараа явж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд өөр хэн нэгэн уруу татаж, шахаж шаардсан зүйл байхгүй хэмээн мэдүүлж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн талаараа тодорхой заасан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлууд няцаагдаж байна.
Ө.О-, М.Б-, Э.Ө- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад, Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.
Буцаан хэрэглэгдэж буй хөнгөн хууль гэдэгт гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтана.
Прокуророос Ө.О-, М.Б- нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, Э.Ө-ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2015 оны Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг тогтоон хуульчилсан. Энэхүү шинжийг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон буюу бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар амьдрах боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулсан байдал, гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа, учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан үздэг.
Гэмт хэргийн үйл баримтаас дүгнэвэл, шүүгдэгч Ө.О- нь 2015 онд бусдын эд хөрөнгийг хулгайлах, залилан мэхлэж авах гэмт хэргүүдийг үйлдэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсний дараа 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 1 жил 8 сарын хугацаанд, 17 удаагийн үйлдлээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг, албан байгууллагын өрөө, тасалгаанд зөвшөөрөлгүйгээр, сэм орж, мөн бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр хүн тээвэрлэх зориулалттай автомашины цонхыг хагалан бүхээг рүү нь нэвтэрч, гар утас, зөөврийн компьютер, гэрэл зургийн аппарат, бэлэн мөнгө зэрэг эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас нь хөдөлгөн хууль бусаар өөрийн болгон авснаас бусдад 10.227.777 төгрөгийн, шүүгдэгч М.Б- нь 2013, 2014 онуудад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлсэний дараа 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 1 жил 11 сарын хугацаанд 5 удаагийн, бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байр болон хүн тээвэрлэх зориулалттай автомашины цонхыг багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр хагалан дотогш нэвтэрч, хувцас, үнэт эдлэл, бэлэн мөнгө, нэгж, зөөврийн компьютер, таблет, дагалдах хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас нь хөдөлгөн хууль бусаар өөрийн болгон авснаас бусдад 14.446.069 төгрөгийн хохирол тус тус учруулсан байх ба тэд гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг цааш худалдан борлуулах, өөрийн гэр бүл, хамаарал бүхий хүмүүст тараах зэргээр амьдралдаа хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэргийг тодорхой цаг хугацааны давтамжтайгаар үйлдэж амьдралынхаа багагүй цаг хугацааг өнгөрөөсөн, хулгайлсан эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж, өөрөөр амьдрах боломж нөхцлийг бий болгоогүй бөгөөд энэхүү гэмт хэргийн улмаас бусдад учирч буй хохирол, хор уршгийн хэр хэмжээ байнга өсөн нэмэгдсэн байна.
Шүүгдэгч Э.Ө-ийн холбогдсон гэмт хэргийн тухайд түүний үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах гэмт хэргийг ... тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бүлэглэн үйлдсэн...” гэх гэмт хэргийн шинжтэй нийцэж байх боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг ... машин механизм хэрэглэж, ... агуулах саванд нэвтэрч үйлдсэн ... бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад “Энэ гэмт хэргийг ... тусгайлан хамгаалсан ... агуулахад нэвтэрч, ... машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилснаас үзэхэд 2015 оны Эрүүгийн хуулиар энэ гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ нэмэгдсэн байна.
Түүнчлэн шүүгдэгч Ө.О- урьд “оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтаас зориуд зайлхийлсэн” гэмт хэргийг үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1014 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн нь тогтоогдсон.
Гэвч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон байна.
Дээрх байдлуудыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Ө.О-г хулгайлах гэмт хэргийг дангаараа болон бусадтай бүлэглэн 18 удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч М.Бат-Эрдэнийг хулгайлах гэмт хэргийг дангаараа болон бусадтай бүлэглэн 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Ө-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэнээс бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болсон байх ба 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг баримтлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1014 дугаартай шийтгэх тогтоолоор Ө.О-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.О-, М.Б-, Э.Ө- нарын гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, хорих ял эдлэх байгууллагын дэглэм нөхцлийг хуульд нийцүүлэн тогтоосны гадна, шүүгдэгч Э.Ө-д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй хэмээн үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, тодорхой хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон нь хуульд нийцсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээтэй.
Шүүгдэгч Ө.О- давж заалдсан гомдолдоо өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч тэрээр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа давж заалдах гомдлынхоо үндэслэлийг өөрчлөн гэмт хэрэгт хамтран оролцсон байдлын талаар маргасан тул хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн зохицуулалтыг түүнд хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үндэслэлтэй зөв тогтоосон байх ба шүүгдэгч нарын хариуцвал зохих төлбөрийн хэмжээнээс хохирогч нарт буцаан олгогдсон зарим эд хөрөнгийн дүнг хасаж, үлдэх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 83-34 УНЭ улсын дугаартай, “Kia Lotz” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилж, уг эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргийг зохих этгээдэд хүлээлгэсэн боловч тухайн этгээд нь үүргээ зөрчин эд хөрөнгийг захиран зарцуулсан байх тул дээрх тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны болжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гэмт хэрэгт хамтран оролцсон байдал болон ялын талаар гаргасан шүүгдэгч Ө.О-, М.Б- нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 973 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.О, М.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН