Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00612

 

Д.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/02229 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1856 дугаар магадлалтай,

Д.Тын нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай 1 өрөө орон сууцыг үнэлсэн ажиллагаа болон 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдааны, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай 1 өрөө орон сууцыг худалдан борлуулсан ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Тын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Жуниор Натур Инвестмент ББСБ ХХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Тагнуулын 50 айлын орон сууцны 19 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцаа барьцаалан 30 000 000 төгрөг зээлсэн. Гэвч зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Миний байрыг Мөнх оргил трейд ХХК-ийн үнэлгээчин зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллага нь надад хуульд заасан журмын дагуу мэдэгдэлгүй дуудлага худалдаагаар хөрөнгийг худалдан борлуулсан. Миний өмчлөлийн дээрх байр нь гал тогтоо тусдаа 1 өрөө байр бөгөөд хэмжилт хийж үзвэл 18.6 м.кв талбайтай биш учраас талбайг бодит байдлаар хэмжилт хийж, бодит талбайн хэмжээгээр үнэлгээг тогтоох ёстой байсан. Түүнчлэн миний хүү өвчний улмаас эмчлүүлж байсан, дараа нь миний бие өвдөж, эмнэлэгт хэвтэж удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсний улмаас шийдвэр гүйцэтгэлийн талаар мэдээлэл авч чадаагүй, дуудлага худалдаа болсныг мэдээгүй. Иймд НШШГГын зүгээс хийж гүйцэтгэсэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай 1 өрөө орон сууцыг үнэлсэн ажиллагаа болон 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдааны, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай 1 өрөө орон сууцыг худалдан борлуулсан ажиллагааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2017/02396 дугаартай захирамж болон шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ГХ2017/00478 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 17271191 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Хуульд заасан журам, дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, улмаар төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгч Д.Тд үлдээсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу Мөнх оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээ тогтоолгоход 66 200 000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээ тогтоосон. Төлбөр төлөгч Д.Т нарт 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4/3991 дугаартай мэдэгдлээр үнэлгээг мэдэгдсэн. Төлбөр төлөгч Д.Т нь мэдэгдлийг хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бичгээр хүсэлт гаргаж, өөрөө хөрөнгийг худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэнийг хангаж шийдвэрлэсэн. Ингээд хөрөнгийг өөрөөр худалдан борлуулаагүй тул 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, энэ талаар төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4/8169 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо хуульд заасан журмын дагуу 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн дээд шатны албан тушаалтанд төлбөр төлөгч нь хандаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Жуниор Натур Инвестмент ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хөрөнгө үнэлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, мэдэгдэх хуудсыг холбогдох этгээдэд хуульд зааснаар хүргүүлсэн байна. Түүнчлэн дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдлоо эхлээд гаргаагүй тул шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/02229 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан НШШГГт холбогдох, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай 1 өрөө орон сууцыг үнэлсэн ажиллагаа болон 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдааны, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай 1 өрөө орон сууцыг худалдан борлуулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай Д.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Таас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1856 дугаар магадлалаар Сонгинохайран дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/02229 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Т хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Т нь НШШГГт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны 19 тоот, 1 өрөө орон сууцыг үнэлсэн ажиллагаа болон 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдаагаар орон сууцыг худалдан борлуулсан ажиллагааг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. Нэхэмжлэгч нь “...үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн, үнэлгээг хуулийн дагуу явуулаагүй, албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хэмжээнд, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр Д.Т, С.Янжмаа нар 45 376 268 төгрөгийг Жуниор Натур Инвестмент ББСБ ХХК-д төлөх, ББСБ нь барьцааны зүйлээр үүргийг хангуулах нэхэмжлэлээсээ татгалзахаар харилцан тохиролцон гэрээ байгуулж, талуудын эвлэрлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2017/02396 дугаар шүүгчийн захирамжаар баталсан, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ. /хх 19-25/

Шүүгчийн захирамжид Жуниор Натур Инвестмент ББСБ ХХК нь барьцааны зүйлээр үүргийг хангуулахаас татгалзсан тухай тусгагдсан байх боловч барьцааны зүйлийг чөлөөлөөгүй, зээлийг хэсэгчлэн төлөх талаар харилцан тохиролцож, харин барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлээ татан авсан агуулгатай байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өөр хөрөнгө байхгүй тул барьцааны зүйл болох хамтран өмчлөлийн орон сууцыг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, төлбөр төлөгч өөрөө хөрөнгөө борлуулах 1 сарын хугацааг олгосон зэрэг ажиллагаа явагдсан, шүүх “үнэлгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүрээнд Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дотор үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч Д.Т, С.Янжмаа нарт мэдэгдсэн, төлбөр төлөгч Д.Т 95 000 000 төгрөг, С.Янжмаа 110 000 000 төгрөгийн үнийн санал өгсөн, талууд үнийг тохиролцоогүй тул 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна. /хх 34-36, 42/

Шинжээч 1 өрөө орон сууцыг 66 200 000 төгрөгөөр үнэлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Мөн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 4/3991 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Д.Т, С.Янжмаа нарт хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн,   2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4/27 тоот “анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолыг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4/8169 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарт баталгаат шуудангаар мэдэгдсэн баримт хэрэгт авагджээ. Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдлийг хүргүүлж, үүргээ биелүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон хугацааны дотор шүүхэд гомдол гаргаагүй болохыг шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/02229 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1856 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

                     ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА