Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/00634

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/02715 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2064 дүгээр магадлалтай,

Д.Оийн нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Бат-Энх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О миний бие 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шатны шүүхийн 101/ШШ2019/04058 шийдвэрийг хүлээн зөвшөөрч төлбөрт эзэмшлийн Ү-0000000000улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 байрны 301тоот байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг өгөх болсон боловч өнөөдрийг хүртэл Голомт банк хүлээн аваагүй билээ. Мөн Голомт банк НШШГГт гүйцэтгэх ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан. Мөн Голомт банк НШШГГт гүйцэтгэх ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны дагуу миний бие НШШГГаас дуудах бүрд очиж уулзан бичгээр болон амаар тайлбар өгч шүүхийн шийдвэрийг хүндэтгэн өөрийн эзэмшлийн 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг төлбөрт тооцуулан өгөхөд бэлэн чөлөөлсөн байгаагаа мэдэгдэж байсан. Гэтэг НШШГГ 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ахлах байцаагч Даваасүрэн Шинжээч томилох тухай тогтоол гаргасан байна. Тус тогтоолын дагуу миний бие ахлах байцаагч Даваасүрэн болон Цолмонтуяа нартай уулзаж үнэлгээ хийлгэхгүй шүүхэд гомдол гаргана, үнэлгээ хийлгэх бол эхлээд өөрсдөө үнэлгээ хийлгэхээр тохирсон, энэ талаараа Голомт банкны ажилтан Баттүвшинтэй утсаар ярьж тайлбарлаж хэлээд ойлголцсон гэж бодоод хөдөө явсан. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байцаагч Цолмонтуяа утастаж байрны үнэлгээ хийгдсэн удахгүй дуудлага худалдаанд орно гэж ирж уулз гэсний дагуу уулзахад 2019 оны 4 дүгээр сарын 25-нд ахлах дэслэгч Даваасүрэн байцаагч миний байранд үнэлгээ тогтоосон мэдэгдлийг Мөнх-Оргил трейд ХХК-ийн 439,000,000 төгрөгөөр үнэлсэн нэг хуудас албан бичгийг хамт өгсөн. Үнэлгээ хийлгэхдээ мэдэгдлийг урьдчилан мэдэгдээгүй, мэдэгдлийг үнэлгээ хийлгэсний дараа НШШГГт миний бие өөрөө ирж авсан. Мөн үнэлгээ хийхдээ газар дээрх үнэлгээ хэмжилт хийгдээгүй миний байрны дотор огт ороогүй, үнэлгээ хийсэн байна.Үнэлгээнд хуурамч зураг хавсаргасан.Энэ нь НШШГГын шинжээч томилсон тогтоолдоо Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилсон боловч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13,14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13,14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг хэнд танилцуулсан нь тодорхойгүй мөн худалд дүгнэлт гаргасан байна. НШШГГын ахлах шийдвэр гүйцэтгэгч Даваасүрэн, гүйцэтгэгч Цолмонтуяа нар ажил үүрэгтэй хайнга хуумгай хандаж шинжээч томилох тогтоолдоо дээрх эрх үүрэг хариуцлагыг хэн гэдэг шинжээчид танилцуулсан, сануулсан талаар бичиж тэмдэглээгүй Мөнх-Оргил трейд ХХК эд хөрөнгө үнэлэхдээ миний орон сууцанд нэвтэрч үзээгүй бодит байдалтай тавилцаагүйгээр үнэлгээ хийсэн байна. Шинжээч хөрөнгө үнэлэх явцдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт заасны дагуу Хөрөнгийн үнэлгээ хийдээ шаардлагатай үнэн зөв баримт мэдээллээр хангахыг үйлчлэгчээс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй шинжээч томилсон эрх бүхий этгээдээс үнэлж буй үл хөдлөх хөрөнгийг шинж чанарын бүрэн тодорхойлоогүйгээс төлбөр төлөгч миний эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг, үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 475 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2018/00944 дүгээр тогтоолоор Даваасамбуугийн Д.Оээс 605,688,200 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 8 дугаар байрны 301 тоотод орших 208.м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжилж,хураасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу зах зээлийн үнэлгээг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн дотор ирүүлэх тухай 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4/28 дугаар хариу мэдэгдэх хуудсыг мөн өдөр баталгааг шуудангаар хүргүүлжээ. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй төлбөртөө тооцон барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгч байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4/249 дүгээр хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Төлбөр авагч Голомт банкны 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 09/762 тоот албан бичгийг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 110 дугаар тогтоолоор Мөнх-Оргил ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон байна. Төлбөр төлөгч Д.От энэ талаар танилцуулж, тогтоолын хуулбарыг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн. Төлбөр төлөгч Д.О хөндлөнгийн шинжээчийг түр хойшлуулах тухай хүсэлтийг гаргасныг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4/278 дугаар хариу мэдэгдэх хуудсаар хүлээн авах боломжгүй тухай хариуг хүргүүлсэн. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 439,800,000 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4/10190 дүгээр албан бичгээр мэдэгджээ. Үнэлгээтэй холбогдуулан гаргасан төлбөр төлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4/34 дүгээр тогтоолоор хариуг өгсөн. Улмаар 6 дугаар сарын 07-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр заруулсан байсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг ирүүлсэн байна.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/02715 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 475 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 00944 дүгээр тогтоолоор Д.Оээс 602 517 688.05 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3 170 538.44 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2064 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/02715 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай, гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Тус газар нь төлбөр авагч Голомт банкны 2019 оны 4 дүгээр 08-ны өдрийн 09/762 тоот албан бичгийг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 110 дугаар тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Тус хуулийн этгээдийн захирал, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий Б.Эрдэнэбаатарт дээрх хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд зааснаар эрх үүргийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр танилцуулж, Шүүхийн шинжилгээний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулахад шинжээчээс татгалзан гарах үндэслэл байхгүй гэж үзэн зөвшөөрсөн. Иймд шинжээчийн дүгнэлтийг гаргуулан, тухайн байгууллагын тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсны дүнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий Б.Эрдэнэбаатар нь манай шинжээч томилох тогтоолын дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Д.Оийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 8 дугаар байрны 301 тоотод орших 208 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг 439.800.000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлд үнэлгээчний эдлэх эрхийг хуульчлан заасан. Үнэлгээчин нь тус хуулийн 13.1.4-т зааснаар “хөрөнгийн үнэлгээ хийхэд бусад үнэлгээчин болон мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах” эрхтэй байна. Уг үнэлгээг хийх явцдаа Б.Эрдэнэбаатар нь дээрх хуульд заасан үнэлгээчний эдлэх эрхийг эдлэх эрхтэй. Хуульд заасан эрхийнхээ хүрээнд Б.Мягмарсүрэнг туслах шинжээчээр оролцуулж боломжтой байна. Хуульд заасан эрхийг эдэлж, туслах шинжээчийг томилон оролцуулж байгаа нь манай газартай огт холбоогүй бөгөөд гагцхүү Б.Эрдэнэбаатарын хуульд заасан эрхээ хэрэгжүүлж байгаа явдал гэж үзэж байна. Хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн шинжээчийн үйлдлийг тус газартай холбон тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Мягмарсүрэнг үнэлгээ хийлгүүлэхээр манай газар оролцуулаагүй болно. Туслах шинжээчийн асуудал нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй, шүүх хуралдааны явцад энэ талаар хэлэлцүүлэг хийгдээгүй, энэ талаар төлбөр төлөгч тал гомдол гаргаж байгаагүй, гаргасан тохиолдолд урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагатай байсан. Давж заалдах шатны шүүх өөрийн санаачлагаараа нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу өөрт мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4/10190 дугаар албан бичгээр мэдэгдсэн, төлбөр төлөгч Д.От нь 2019 оны 5 дугаар сарын 09-ны өдөр биечлэн мэдэгдснийг шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. /анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар тусгагдсан болно/. Хуульд зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо гаргах хугацаа нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дууссан байхад шүүх гомдлыг хүлээн авсан, давж заалдах шатны шүүх нь энэ талаар огт дурдахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3-т зааснаар “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”. Төлбөр төлөгч Д.От нь эд хөрөнгийн үнэлгээний талаар 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр биечлэн мэдэгдсэн байхад туслах шинжээчийн талаар гомдол гаргах боломжтой байсан боловч гаргаагүй, шүүхийн шатанд нэхэмжлэлд энэ талаар дурдаагүй, гуравдагч этгээдээр шинжээчийг оролцуулах хүсэлт гаргаж байгаагүй, анхан шатны шүүхийн тэмдэглэлд тусгагдаагүй. Гуравдагч этгээдээр шинжээчийг оролцуулсан тохиолдолд туслах шинжээч оролцуулсан шалтгаан, хийсэн гэрээний талаар тайлбарыг авч болох байлаа. Гэвч үндэслэлгүйгээр туслах шинжээчийг оролцуулсан явдлыг тус газартай холбон үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээч Б.Эрдэнэбаатарт тухайн үед ямар ч асуудал гарсан байж болно, өөрөө ганцаараа хийх боломжгүй болоод тус газартай хийсэн гэрээний дагуу үүргээ биелүүлэх шаардлагын үндсэн дээр туслах шинжээчтэй хамтран ажилласан байж болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар үнэлгээчин өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд туслах шинжээчийг оролцуулсан байхад манай газрыг туслах шинжээчид эрх үүрэг, танилцуулаагүй гэж үзснийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу өөрт мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй боловч хугацаа хэтрүүлэн шүүхэд хандсныг авч үзээгүйг хуульд нийцэхгүй гэж үзэж байна. 3. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. 4. Туслах шинжээчийн асуудлаар төлбөр төлөгчийн зүгээс гомдол гаргаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэхээр асуудлыг давж заалдах шүүхийн шатанд шууд хэлэлцэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд магадлалыг хэрэгсэхгүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч НШШГГт холбогдуулан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч магадлалын тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаартай шийдвэрээр Д.Оээс 602 517 688.05 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 3 170 538.44 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол Токио гудамжны 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаас хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах, хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн байна. /хэргийн 52-64 дүгээр тал/

Уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1263 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу НШШГГ барьцааны 4 өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 158/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 158/01 дугаартай тогтоолоор хураан авах ажиллагаа явуулж, хөрөнгийн үнийн санал авсан боловч талууд тохиролцоогүй тул Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч барьцаа хөрөнгийг 439 800 000 төгрөгөөр үнэлжээ. /хэргийн 82, 87-100 дугаар тал/

Үнэлгээг шинжээч Б.Эрдэнэбаатараас гадна туслах үнэлгээчин Б.Мягмарсүрэн хамтран гаргасан нь хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан, Б.Мягмарсүрэнд хууль сануулаагүй, дүгнэлтэд гарын үсэг зураагүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14, 17 дугаар зүйлийн 17.1, дүгээр зүйлийг зөрчсөн тул үнэлгээг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл хэрэгт байхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан дүгнэлтээс гадна шинжээч орон сууцны доторх байдалтай танилцсан эсэх нь эргэлзээтэй, зах зээлийн харьцуулалтын аргыг хэрэглэхдээ “...6 өрөөг 4 өрөө болгон өөрчилсөн...” гэх төлбөр төлөгч-өмчлөгчийн тайлбарыг харгалзан үнэлгээг хийсэн эсэх нь тодорхойгүй байв. Иймд магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой, ойлгомжтой байх ёстой тул магадлалын тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2064 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад  “...нэхэмжлэгчийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай...гэснийг ...Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол Токио гудамжны 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг үнэлсэн Мөнх-оргил трейд ХХК-ийн 2019 оны 4 сарын 25-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай...гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА