Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
Хэргийн индекс | 183/2017/00262/и |
Дугаар | 01588 |
Огноо | 2017-07-05 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 01588
2017 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2017/01588
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигон овогтой, Тогоохүүгийн Бямбажавын нэхэмжлэлтэй,
/Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Туул 89А дугаар байр, 2 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧБ73122966/
Хариуцагч: “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-т холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Засгийн газрын 14 дүгээр байрны өргөтгөлд байрлах/
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Бямбажав, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал, нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Бямбажав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-т 2009 оны 5 дугаар сараас няраваар, 2013 оноос мөнгөн хөрөнгө, харилцах тайлан хариуцсан ажилд томилогдон ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй. Манай байгууллагын дарга 2016 оны 9 дүгээр сард солигдож, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулна гээд гарын үсэг зуруулсан. Тухайн үед яагаад нэг сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж байгаа талаар асуухад “гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаад сунгаад явна” гэж хэлсэн. Ингээд ажлаа хэвийн хийж явтал 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн мэдэгдэл өгч, ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн. Мэдэгдэл болон ажлаас чөлөөлсөн тушаал нь нэг өдөр байсан ба намайг ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Иймд намайг эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагч “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Т.Бямбажав нь захирлын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/4 тоот тушаалаар Аж ахуйн менежер бөгөөд няравын албан тушаалд нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Уг гэрээний хугацааг дуусмагч анх заасан хугацаагаар сунгаж байсан боловч 2016 оны хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар гэрээний хугацааг сунгахгүй болохыг мэдэгдэж, түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан тул хууль зөрчөөгүй, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тэрээр Диспетчерийн үндэсний төвд нягтлан бодогчоор ажиллаж байгаа нь тогтоогдсон тул түүнийг ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олгох боломжгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Бямбажавын нэхэмжлэлтэй, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-т холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/1 дүгээр тушаал, түүний нэгдүгээр хавсралт, мөн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/2 дугаар тушаал, түүний нэгдүгээр хавсралтаар Т.Бямбажавыг уг байгууллагын Санхүү эдийн засгийн хэлтэст Няраваар түр томилж, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/4 дүгээр тушаал, түүний нэгдүгээр хавсралтаар Т.Бямбажавыг Санхүү эдийн засгийн хэлтсийн Аж ахуйн менежер бөгөөд няраваар, 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/55 дугаар тушаалаар Т.Бямбажавыг Санхүү эдийн засгийн хэлтэст Мөнгөн хөрөнгө, харилцах, тайлан хариуцсан нягтлан бодогчоор томилж, талууд 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 80 дугаар “Хөдөлмөрийн гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Уг гэрээний “Нэмэлт өөрчлөлт” гэсэн хэсэгт гэрээний хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд сунгав гэсэн байх боловч ажилтан болон ажил олгогч хэн аль нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурагдаагүй байна.
Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн Санхүү, бүртгэлийн хэлтсийн Тооцооны нягтлан бодогч Т.Бямбажавын хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусч цаашид сунгагдахгүй болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “Байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хугацаагүй байна” гэснийг зөрчжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын Санхүү, бүртгэлийн хэлтсийн Тооцооны нягтлан бодогч нь байнгын ажлын байранд хамаарах бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлагын улмаас хугацаатай байгуулж болох талаар заасан хэдий боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон нь нотлогдоогүй юм.
Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б/04 дүгээр тушаал гаргаж, ажилтан Т.Бямбажавыг Санхүү, бүртгэлийн хэлтсийн Тооцооны нягтлан бодогчийн ажлаас нь чөлөөлсөн байх тул түүнийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг үндэслэн Т.Бямбажавын А000092928 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийн сүүлийн 3 сар буюу 2016 оны 10, 11, 12 дугаар саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох 76.842 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны буюу 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх нийт ажлын 132 хоногоор тооцож 10.143.144 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Т.Бямбажавт олгов.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Бямбажавын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.
Т.Бямбажав нь өөр байгууллагад ажил эрхэлж байгаа нь түүний энэ нэхэмжлэл гаргах хүсэл зориг болон эрхийг хязгаарлахгүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргалын “...өмгөөлөгч маань Баянгол дүүргийн шүүхэд хуралтай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан бөгөөд шүүхээс түүнийг өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан бөгөөд мөн хариуцагчийн өмгөөлөгч хуралдаан давхацсан талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Бямбажавыг “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын Санхүү, бүртгэлийн хэлтсийн Тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10.143.144 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бямбажавт олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Т.Бямбажавын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-т даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Бямбажав нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 177.240 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД