Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2399

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э ХХКнэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Т ХХК холбогдох

 

гэрээний үүрэгт 3,306,511,354 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

1,078,363,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч П.С, гэрч В.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар,

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “БНСУ-ын иргэн Кби 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийдвэрээр гадаадын хөрөнгө оруулалттай, “Э ХХК-ийг үүсгэн байгуулж гадаад худалдаа, бетон зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа амжилттай явуулж ирсэн. Тус компанийн ерөнхий захирал  К би 2007 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 017 дугаар тушаалаар Д.Д компанийн ерөнхий менежерийн ажилд авч хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 001//009 дүгээр тушаалаар  “Э” ХХК-ийн ерөнхий захирлаар томилж компанийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах үүрэг хариуцуулсан. ... “Т” ХХК нь  “Э” ХХК-ийн GBR/120m3/ Hr маркын бетон зуурмагийн 01 дүгээр үйлдвэрийг түрээслэн ажиллуулах, ийнхүү ажиллуулснаас олсон борлуулалтын орлогын 20 хувийг түрээслүүлэгч компанид шилжүүлж байхаар харилцан тохирч 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 009/001 дугаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан юм. Хамтран ажиллах 009/001 дугаар гэрээний хугацаа дуусмагц “Э” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд 2010 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 010/001 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г дахин байгуулж 5 жилийн хугацаатайгаар 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатайгаар өмнөх гэрээтэй ижил нөхцлөөр байгуулан ажилласан. Гэтэл 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Д.Д бид ажил төрлөөс болж маргалдан Д.Д нь “Т” ХХК-д холбогдох санхүүгийн тайлан, баримт, тамга тэмдэг зэргийг бүгдийг авч явсан. “Э” ХХК нь “Т” ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулж байсан тул “Э” ХХК-ийн бүхий л орлого, бусдаас авах өр төлбөр зэргийг “Т” ХХК-ийн данс, кассаар хүлээн авч байсан бөгөөд харилцагч компаниудаас шилжүүлсэн ихээхэн хэмжээний төлбөрийн мөнгийг хариуцагч компанийн данс, кассаар орж ашиглагдсан. ... Иймд “Т” ХХК-иас 2009 оны 009/001, 2010 оны 010/001 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу борлуулалтын орлогын 20 хувиар тооцон нэхэмжлэл гаргаж байгаа юм. Урьд нь гэрээнд заасны дагуу алданги, гэрээний үлдэгдэл төлбөр нийт 3,306,511,354 төгрөг нэхэмжилсэн. Харин шинжээчийн 120 дүгнэлттэй холбогдуулж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж одоо зөвхөн түрээсийн төлбөрийн үлдэгдэл буюу “Т” ХХК-тай байгуулсан 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 009/001 дугаартай хамтран ажиллах гэрээ, 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 010/001 дугаартай хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх борлуулалтын орлогын 20 хувийн төлбөрийн үлдэгдэл 392,041,562 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-аас нэхэмжилж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч К 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “ ... хариуцагч “Т” ХХК-аас үндэслэлгүй, худлаа гүтгэлэгийн шинжтэй гомдол гаргаж надад холбогдуулан эрүүгийн хэрэг үндэслэлгүйгээр үүсгэн шалгуулсан бөгөөд “Э” ХХК-нд төлөх өр төлбөрт харилцан тооцуулах зорилготой арга хэрэглэж байна.  ... Сөрөг нэхэмжлэлээс элс, хайрга, цементийн үнэ 85,098,000 төгрөгийг манай компани хүлээн зөвшөөрч, түрээсийн үлдэгдэл төлбөрөөс хасч тооцож болох бөгөөд “Э” ХХК нь шударгаар авсан өгснөө бүртгэн цаг тухай бүрт нь тайлагнаж, авсан бол авсан хэмжээн хүлээн зөвшөөрч ирсэн тул үлдэх хэсгийн тооцоог хүлээн зөвшөөрөхгүй гэж,

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сөрөг нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлдээ тооцуулах, ямар нэгэн байдлаар өөрсдөө хохирсон болж харагдах гэсэн ийм үйл ажиллагаа гэж харж байна.  Яагаад гэвэл энэ санхүүгийн баримтаар нэхээд байгаа зүйл нь өнөөдөр санхүүгийн баримтын анхан шатны шаардлагыг хангасан, хүлээн авсан хүний гарын үсэг, өгсөн мөнгөний зориулалт, тухайн мөнгийг хүлээн авсан гэдэг нь нотлогдож байх ёстой. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. ... “Э” ХХК нь “Т” ХХК-иас 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 009/001 дугаар “Хамтран ажиллах гэрээ”, 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 010/001 тоот гэрээний дагуу борлуулалтын орлогын 20 хувийг гаргуулахаар шаардаж шүүхэд хандсан ба гэрээний талууд уг байдалд маргадаггүй. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн үндэслэлээ “Э” ХХК-ийн удирдлагад холбогдох 2013 онд шалгасан гэх эрүүгийн 201201011744 дугаар хэргийн мөрдөн байцаалтын явцад авагдсан гэрчийн мэдүүлэг, үйл ажиллагааны тайланг хянаж байсан гэх санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй зөвхөн хянасан гэх ойлголтоор нэхэмжлэгч байгууллагын захирлын зурагдсан гэх гарын үсгийг гол нотлох баримт болгосон, нэхэмжлэгч болон хариуцагч компаниуд санхүүгийн анхан шатны баримтын хүрээнд тухайн цаг хугацаанд тооцоо нийлж, тооцооны үлдэгдлээ баталгаажуулаагүй байсан, эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд гарсан эдийн засгийн шинжээчийн тооцооллыг үндэслэл болгосон гэх боловч эрүү, иргэний хэрэгт авагдсан нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүтэй, цаг хугацааны хувьд таарахгүй, талууд харилцан маргаж байсан учраас “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Т” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгчийн захирамжаар шинжээч томилогдон 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 120 дугаар шинжээчийн дүгнэлтээр талуудын хоорондох өглөг, авлагын тооцоог эцсийн байдлаар тооцож гаргасан бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийг зохигчид харилцан хүлээн зөвшөөрсөн болно. ... Иймд дээр дурдсан тайлбарын үндэслэл болоод хэрэгт авагдсан баримтын хүрээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хоёр. Хариуцагч “Т” ХХК-ийн гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Э” ХХК-тай 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 009/001 тоот “Хамтран ажиллах гэрээ”, мөн 2010 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 010/001 тоот “хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, хамтран ажилласан. Гэрээний гол нөхцөл ньЭ” ХХК нь өөрийн эзэмшлийн GBR/120m3/Hr маркын бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрийг “Т” ХХК-нд түрээслүүлэх, түрээсийн төлбөртөө “Т” ХХК-ийн үйлдвэрлэсэн бетон зуурмагийн борлуулалтын орологоос 20 хувийг “Э” ХХК-д төлж байх үүргийг талууд хүлээсэн. “Т” ХХК гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрөө цаг тухайд нь төлж байсан боловч “Э” ХХК-ийн захирал К шалтгаангүйгээр гэнэт 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Т” ХХК-ийн ажилчдыг хөөн гаргасан. ... Нэхэмжлэгч нь анх шүүхэд гэрээний үүрэгт 3,306,511,354 төгрөг нэхэмжилсэн боловч сүүлийн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж гэрээний үлдэгдэл төлбөр 392,041,562 төгрөг нэхэмжилсэн байна. Хариуцагч тал гэрээний үлдэгдэл төлбөр 392,041,562 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийн талаар маргахгүй. Харин энэ төлбөрийг нэхэмжлэгч “Э” ХХК-нд үндэслэлгүйгээр түрээсийн төлбөрт илүү төлсөн хэсгээс хасч тооцсон гэж үзэж байгаа.” гэжээ.  

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: “ ... гэрээний дагуу үйл ажиллагаа хэвийн явагдаж байтал 2012 оны 9 сарын 10-ны өдөр “Э” ХХК-ийн зүгээс “Т” ХХК-ийг ажиллуулахгүй гэж хөөж гаргасан. ... гэрээний хугацаанд дараахи мөнгө болон эд хөрөнгийг "Э" ХХК нь түрээсийн төлбөрт авах ёстой дүнгээс илүү гарган "Т" ХХК-аас авч үндэслэлгүй хөрөнгөжсөн тул илүү төлсөн мөнгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

- "Т" ХХК-ийн захирал Д.Дэ нь 2011 оны 7 сард бага хүүгээ төрүүлсэн бөгөөд ирэн очин ажлаа хийж байсан ба энэ хугацаанд хамтран ажиллагч К өөрийн "Т" ХХК-ийн ажлыг хариуцуулан үлдээсэн байим нь тус компанийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой гүйлгээг өөрт ойлгомжтой байлгах үүднээс, "орсон-гарсан" гүйлгээний утгыг Монгол-Солонгос хэл дээр үйлдүүлж орлого, зарлагыг хянан, гарын үсэг зурж баталгаажуулан 28 хуудас бүхий кассын дэвтэр хөтлүүлж байсан байдаг. Энэ дэвтэрт авагдсан баримтаар нь нийт 65,000 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 856,831,340 төгрөг, төгрөгөөр 56,433,017 төгрөг, нийт 913,274,357 төгрөгийг авсан болохоо баталгаажуулан гарын үсэг зурсан байсан. Мөн энэ дэвтэрт хянасан, шалгасан гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг нь мөн болохыг Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2013 оны 5-р сарын 08-ны өдрийн 1368 тоот Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. нь өөрөө гарын үсэг зурж хүлээн авсан мөнгөө аваагүй гэж маргаж олон жил намайг хохироосон. Иймд түүнээс Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 913,274,357 төгрөгийг гаргуулах.

- 56,443,017 төгрөгийг егсөн талаар, 2011 оны 07-р сарын 08-нд бэлнээр 7,624,180 төгрөг, 2012 оны 04-р сарын 17-нд гаалийн татвараа төлнө гэж "Э" ХХК-ийн захирал К 7,150,837 төгрөг, 2012 оны 07-р сарын 01-нд мкд каргонд төлнө гэж "Э" ХХК-ийн захирал  1,828,000 төгрөг, 2012 оны 06-р сарын 12-нд "Э" ХХК-ийн захирал 300,000 төгрөг, 2012 оны 07-р сарын 09-нд "Э" ХХК-ийн захирал 3,000,000 төгрөг, 2012 оны 07-р сарын 01-нд Э ХХК-ийн захирал Ким Хю Жин 300,000 төгрөг, 2011 оны 09-р сарын 09-нд түрээсийн тооцоонд ХАОАТ-т 3 000 000 төгрөг /14 дахь хуудсанд 120 тоот дүгнэлтийн 3-р хавсралтын 183-д байгаа 2011 оны 09-р сарын 09-ний түрээсийн тооцоонд, ХАОАТ 3,000,000 төгрөгийг авсан гэснээ хянан "Э" XXК-ийн захирал гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 2012 оны 01-р сарын 24-ний Э ХХК-ийн захирал Ким Хю Жин 20,000, 000 төгрөг, 2011 оны 11-р сарын 06-нд Э ХХК-ийн захирал Ким Хю Жин 13,240,000 төгрөг, 1-р баримтаар Э ХХК-ийн захирал Ким Хю Жин нь Т ХХК-иас нийт 659,000 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 856,831,340 төгрөг, төгрөгөөр 56,443,017 төгрөг, нийт 913,274,357 төгрөгийг авсан нь нотлогдсон гэж үзэж байна. Учир нь энэ баримт нь монгол солонгос хэл дээр үйлдэгдсэн байх ба хянасан гэсэн хэсэгт Ким Кю Жин болон кассын нярав ч мөн гарын үсэг зурсан байсан. Хэрэв энэ мөнгийг аваагүй байсан бол Ким Хю Жин нь уг баримтыг хянаж шалгасан хүний хувьд гарын үсэг зурахгүй байх бүрэн боломж өөрт нь байсан.

- 335,934,900 төгрөг гаргуулах талаар, Э ХХК нь 2012 оны 09-р сарын 10-ны өдөр хамтран ажиллах гэрээний хугацаа дуусаагүй байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг гэнэт цуцлаж, Т ХХК-ийг ажилчидтай хамт хөөн гаргасан. Энэ үед Т ХХК-ийн түүхий эд болон үндсэн хөрөнгөндөө худалдан авсан бүх эд хөрөнгүүд нь "Эн ХХК-ийн мэдэлд буюу үйлдвэрийн хашаа болон конторын барилгад үлдсэн. Үүнийгээ өнөөдрийг хүртэл буцаан авч чадаагүй. Ингээд Т ХХК нь цагдаад өгч шалгуулсны үндсэн дээр УМБГ-ын эрүүгийн 201201011744 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөнд шинжилгээ хийлгэх 2013 оны 9-р сарын 20-ны өдрийн Шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу 2013 оны  9-р сарын 24-ний өдөр УМБГ-ын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахмад О.О, Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, Э ХХК-ийн байранд очиж үзлэг хийн, талуудын өмгөөлөгчдийг байлцуулан, Т ХХК-ийн түүхий эд болон үндсэн хөрөнгүүдийг газар дээр нь очиж шалган, санхүүгийн анхан шатны баримтаар нь тулган бүртгэж нийт 135,934,900 төгрөгний түүхий эд материал, үндсэн хөрөнгө нь Э ХХК-ийн үйлдвэрийн хашаанд болон конторт үлдсэн болохыг тогтоож дүгнэлт гаргасан. Гэтэл нэхэмжлэгч тал үүнээс зөвхөн элс, хайргатай холбоотой 85,098,000 төгрөгийг зөвшөөрсөн үлдэх хэсгийг нь өөрийн компанийн үндсэн хөрөнгө гэж худал төөрөгдүүлж байна. Иймд 2012 оны 9-р сарын 10-ны өдөр Э ХХК нь өөрийн үйлдвэрийн байрнаасаа Т ХХК-ийг хөөж гаргахдаа авч үлдэж өдий хүртэл өгөхгүй байгаа элс, хайрга болон пүү, ширээ сандал, эйркондейшн, компьютер, сэйф, зэрэг эд хөрөнгө, гэх мэт  Э ХХК-ний зам талбай бетондсон, агуулах, манаачийн байр, блокон хашаа бариулсаны үнэ нийт 335,934,900 төгрөг гаргуулах.

- Э ХХК-ийн татваруудыг төлсөн 221,195,413 төгрөгийг гаргуулах. ШШҮХ-ийн эдийн засгийн шинжээч нарын 2017 оны 07-р сарын 08-ны өдрийн 120 тоот дүгнэлтээр “Төгс зуурмаг"  ХХК-ийн Э ХХК-д төлсөн 1,055,579,944 төгрөг 1,983,686,664 төгрөг нийт 3,039,266,608 төгрөгийн дүнд 221,195,413 төгрөг ороогүй болох нь батлагдсан. 2017 оны 07-р сарын 08-ны өдрийн 120 тоот шинжээчийн дүгнэлтийн хавсралт 3-н 162-176 дугаар талд байгаа. Энэхүү 221,195,413 төгрөгийг Т ХХК нь өөрийн орлогоосоо гарган, Э ХХК-ийн өмнөөс бусдад төлөх ёстой төлбөр, улсад төлөх ёстой татваруудад нь төлсөн юм. Учир нь Э ХХК-д Т ХХК нь гэрээний дагуу түрээсийн төлбөр төлдөг байсан тул, тус компанийн төлөх ёстой төлбөр, татваруудыг өмнөөс нь төлөөд, дараа нь түрээсийн төлбөрийн тооцоондоо оруулж тооцох зарчмаар хамтран ажилладаг байсан. Гэтэл Э ХХК нь бидний хооронд ажил хэргийн хүрээнд тогтсон дээрх зарчмыг, өөртөө хууль бусаар ашиглан, манай Т ХХК-иар төлүүлсэн 221,195,413 төгрөгийг өөрөө төлсөн хэмээн балансандаа давхардуулан бүртгэж, гэрээний дагуу авах ёстой дүнгээсээ илүү гаргаж авсан болно. Иймд 221,195,413 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Энэ мөнгийг Э ХХК нь Т ХХК-иас илүү авсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2013 оны 5-р сарын 08-ны өдрийн 1368 тоот Шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг болох нь тогтоогдсон 28 хуудас кассын тайланд тусгагдсан байдлаар тогтоогдож байгаа.

Ингээд 913,274,357 төгрөгийг нь Д.Д эзгүйг далимдуулан санхүүгийн тайлан балансанд нь тусгуулалгүйгээр үндэслэлгүйгээр авсан болох нь түүний өөрийнх нь хянаж баталгаажуулсан Монгол-Солонгос хэл дээр үйлдүүлсэн кассын дэвтэр бүхий 28 хуудас баримтаар нотлогдно. Үүнд 335,934,900 төгрөгийг Э ХХК нь өөртөө авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг мөрдөн байцаагч, шинжээч, 2 талын төлөөлөгчдийг байлцуулан газар дээр нь нэг бүрчлэн үзэж тулган “Итгэлт Эстимэйт” ХХК дүгнэлтээрээ гаргасан. 221,195,413 төгрөгийг гаргуулах тухайд 28 хуудас кассын тайлан болон анхан шатны баримтаар нотлогдно. Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 1,470,404,670 төгрөгийг түрээсийн төлбөрт илүү авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул үүнээс шинжээчийн 120 тоот дүгнэлтээр тогтоогдсон Э ХХК-нд хариуцагчийн төлөх ёстой 392,041,562 төгрөгийг хасаж, үлдэх 1,078,363,100 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж, “Т” ХХК-нд олгож өгнө үү.” гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч “Т” ХХК-нд холбогдуулж анх шүүхэд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3,306,511,354 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 392,041,562 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,914,469,792 төгрөгийн шаардлагаасаа таталзжээ.

 

Хариуцагч “Т” ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар буюу түрээсийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөрт 392,041,562 төгрөг төлөх талаар маргаагүй боловч 2011-2012 оны хооронд түрээсийн төлбөрт ногдох орлогоос 1,470,404,670 төгрөгийг нэхэмжлэгч нь илүү авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул гэрээний үлдэгдэл төлбөрт өгөх ёстой 392,041,562 төгрөгийг хасч, үлдэгдэл 1,078,363,100 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн талаар,

 

Нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч “Т” ХХК-уудын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай 009/001 дугаар, 2010 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр 5 жилийн хугацаатай 010/001 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” тус тус байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах GBR/120m3/Hr маркийн бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрийг түрээслэж, түрээсийн төлбөрийг бетон зуурмагийн борлуулалтын орлогын 20 хувиар тооцож сар бүр нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” нэртэй бичгийн гэрээний агуулга, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байдал зэргээс үзэхэд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл өөрийн бетон зуурмагийн үйлдвэрийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлж, хариуцагч компани үйлдвэрийг түрээслэх үйл ажиллагааны дүнд бетон зуурмагийн үйлвэрлэл, худалдан борлуулах үйл ажиллагааг явуулж байсан боловч хоорондын маргаантай асуудлын улмаас нэхэмжлэгч өөрийн үйлдвэрийг буцаан авч, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан байна.

 

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээг хугацаанаас нь өмнө 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн санаачилгаар цуцлагдсантай холбоотой дээрх үйл баримтын талаар маргаагүй.

 

Харин гэрээ цуцлагдсантай холбоотой нэхэмжлэгч нь 2009 оны 009/001, 2010 оны 010/001 дугаар гэрээний дагуу гэрээ байгуулагдсан 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээ цуцлагдах хүртэл буюу 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны бетон зуурмагын борлуулалтын орлогын 20 хувиар тооцож түрээсийн төлбөрийн үлдэгдлийг шаардсан.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй байна.  

Түрээсийн төлбөрийн талаар 2009 оны 009/001 дугаар гэрээний 4-т “Түрээсийн төлбөр нь “Б” талын сар бүрийн борлуулалтын хэмжээг үндэслэх бөгөөд нийт бетон зуурмагын борлуулалтын хэмжээний 20 хувийг “А” талд түрээсийн төлбөр болгон төлнө. Сар бүрийн борлуулалтын хэмжээг хавсралтаар баталгаажуулж, төлбөрийг сар бүр хийнэ.”, 2010 оны 010/001 дугаар гэрээний 4-т “Түрээсийн төлбөр нь “Б” талын сар бүрийн борлуулалтын хэмжээг үндэслэх бөгөөд борлуулалтын хэмжээний 20%-ыг “А” талд түрээсийн төлбөр болгон төлөх бөгөөд төлбөрийг сар бүр хийнэ.” гэж тусгасан нь Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1-д “Түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно.” гэсэн хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

Нэгэнт талууд гэрээндээ түрээсийн төлбөрийг бетон зуурмагын борлуулалтын хэмжээнд үндэслэхээр тохиролцож, шүүхэд борлуулалтын орлого, төлөх төлбөрийн хэмжээний талаар маргасан учир түрээсийн гэрээний хугацаанд хариуцагчийн бий болгосон бетон зуурмагын борлуулалтын орлогын хэмжээ тодорхой байх шаардлагатай юм.

 

Шүүх маргаанд ач холбогдолтой, тусгай мэдлэг шаардагдах асуудал болох хариуцагч “Т” ХХК-ийн бетон зуурмаг борлуулсан орлогын хэмжээг тодорхой болгох үүднээс хэргийн оролцогчдын хүсэлтээр шинжээч томилсны дагуу Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 120 дугаар дүгнэлт гарсан.

 

Шинжээчийн дүгнэлтийн 1-т “ ... ”Т” ХХК-нь 2009.01.01-2012.09.10-ны өдөр хүртэл 17,156,540,851 төгрөгийн зуурмагийн борлуулалтын орлого тайлагнаж, бүртгэсэн байна”, 2-т “”Т” ХХК нь Э ХХК-нд гэрээний дагуу 17,156,540,851 төгрөгийн зуурмагийн борлуулалтын орлогын 20 хувь 3,431,308,170 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр байна. Үүнээс хоёр тал санхүүгийн тайлан бүртгэлдээ орлого, зарлагаар хүлээн зөвшөөрч бүртгэж тайлагнасан 1,055,579,944 төгрөг, шинжилгээгээр өглөг авлагаар тогтоогдсон 1,983,686,664 төгрөг нийт 3,039,266,608 төгрөгийг хасч тооцоход “Т” ХХК нь Э ХХК-нд 392,041,562 төгрөгийн өглөгийн тооцоотой байна.” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан арга, журмаар гаргуулсан шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотолгооны хэрэгсэл болох бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулсан дээрх шинжээчийн дүгнэлтийн талаар нэхэмжлэгч, хариуцагч талууд маргаагүй.

 

Түүнчлэн хариуцагч “Т” ХХК-аас шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт гаргаагүй ба шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчид төлөх түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар 392,041,562 төгрөг болохыг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүхийн хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, хуулийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасан тул шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан журмын дагуу гарсан шинжээчийн дүгнэлт, энэ талаар хэргийн оролцогчдын гаргасан тайлбар зэргийг үндэслэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 392,041,562 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,914,469,792 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн талаар,

 

Хариуцагч “Т” ХХК нь 1,078,363,100 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

1. Тус компанийн захирал Д.Д жирэмсэний амралттай байх хугацаанд компанийн үйл ажиллагааг  өөрийн гарын үсгээ зурж баталгаажуулан касснаас 856,831,340 төгрөг,

Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 7,624,180 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 3,000,000 төгрөг,  11 дүгээр сарын 6-ны өдөр 13,240,000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаалийн татвар төлнө гэж 7,150,837 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр каргонд төлнө гэж 1,828,000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөг, мөн оны 7 дугаар сарын 9-ний өдөр 3,000,000 төгрөг, 7 дугаар сарын 01-ний өдөр 300,000 төгрөг, 01 дүгээр сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг тус тус өгсөн,

Нийт 913,274,357 төгрөгийг Э ХХК нь Т” ХХК-аас түрээсийн төлбөрт авах ёстой төлбөрөөс илүү авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

 

2. Гэрээ цуцлагдсантай холбогдуулж Э ХХК-ийн эзэмшилд үлдсэн “Т” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн элс, хайрга болон пүү, ширээ сандал, эйркондейшн, компьютер, сейф зэрэг эд хөрөнгө, мөн бетондсон зам талбай, агуулах, манаачийн байр, блокон хашаа нийт 335,934,900 төгрөгийн үнэ бүхий түүхий эд, үндсэн хөрөнгийг Э ХХК нь өөртөө авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

 

3. Э ХХК-ийн өмгөөллийн хөлс гэж бусдад 21,854,050 төгрөг, Э ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварт 120,402,200 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 73,251,385 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 3,972,100 төгрөг, хүн амын орлогын албан татварт 600,000 төгрөг, ажилчдын цалинд 1,115,678 төгрөг нийт 221,195,413 төгрөгийг Э ХХК-ийн өмнөөс бусдад төлсөн.

 

Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,470,404,670 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэрээний үлдэгдэл төлбөрт төлөх 392,041,562 төгрөгийг хасаад үлдэх 1,078,363,100 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ түрээсийн төлбөрөөс илүү гаргаж мөнгө аваагүй, нэхэмжлэгч, хариуцагчийн хоорондын орлого, зарлагын тооцоог шүүхийн шатанд гарсан шинжээчийн дүгнэлтээр тогтоочихсон, үүнээс өөрөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, хохироосон зүйл байхгүй, манай компани хариуцагчийн өмчлөл, эзэмшлийн хөрөнгийг шилжүүлж аваагүй, үнэлгээний тайланд дурдсан хөрөнгө хариуцагчийн эзэмшлийн гэдэг нь тогтоогдоогүй, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс 1. Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийг хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 2. Үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэсэн хоёр тохиолдолд буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.

 

Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх, тухайлбал, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байхыг хуулиар зохицуулсан байна.

 

Мөн зохигчдын хооронд үүрэг үүсээгүй гэж тодорхойлоход тэдгээрийн хооронд хийгдсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус буюу анхнаасаа ямар нэгэн үр дагавар үүсгэх үндэслэлгүй байх учиртай.

 

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаж, харилцан үүрэг үүссэн ба уг үүрэг нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээ цуцлагдсантай холбоотойгоор дуусгавар болсон.

 

Гэхдээ хариуцагч түрээсийн төлбөрт илүү төлсөн хэсгийг болон эсхүл үндэслэлгүйгээр шилжүүлсэн хөрөнгө, мөнгөө буцаан шаардах эрхтэй боловч ийнхүү илүү төлснөө, нэхэмжлэгч хэрхэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг нотлох үүрэгтэй.

 

Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг юм.

 

Хариуцагч “Т” ХХК шинжилгээнд хамрагдсан баримтуудаас өөр, шинээр нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба хэргийн оролцогчдын хүсэлтээр хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 120 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “”Т” ХХК нь 2012 онд Э ХХК болон захирал нийт 3,966,878,490 төгрөг өгсөн гэснээс шинжилгээгээр 1,983,689,664 төгрөгийг өгсөн нь тогтоогдож байна. 221,195,413 төгрөгийг Э ХХК-тай давхардуулан тооцсон байх тул хасагдаж байна, 1,761,993,413 төгрөг нь шинжилгээгээр тогтоогдох боломжгүй”, мөн энэ шинжээчийн дүгнэлтэд сөрөг нэхэмжлэлд дурдсан 913,274,357 төгрөгийн талаар “ ... 913,274,357 төгрөгийг Э ХХК-ийн захирал авсан эсэхийг тогтоох боломжгүй учир нь шинжилгээнд ирүүлсэн Э ХХК-ийн санхүүгийн баримт болон санхүүгийн тайлангуудад 913,274,357 төгрөгийн гүйлгээний баримт байхгүй, тусгагдаагүй, “Т” ХХК-ны  нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд нь шинжилгээний обьектийн шаардлага хангахгүй байна ... “ гэжээ.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.1-д “нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь” гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг”, 3.1.3-т “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” хэлнэ гэж заасан ба мөн хуулийн 6.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө”, 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.” гэж тус тус заасан.

 

Хариуцагч 913,274,357 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 28 хуудас кассын тайлангаар тогтоогдоно гэсэн боловч уг баримт зөвхөн орлого, зарлага, гүйлгээний утгыг илэрхийлсэн байгууллагын дотоод бүртгэлийн баримт байх бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу орлого, зарлага гарсныг нотлох анхан шатны баримт болохгүй юм.

 

Нөгөө талаар дээрх баримтын хянасан хэсэгт гэх хувь хүн гарын үсэг зурсан нь бодит байдалд мөнгөн гүйлгээ хийгдсэн эсэхийг цаашлаад тухайн мөнгийг Э ХХК хүлээн авсныг нотлохгүй бөгөөд энэ талаар гэрч В.Ц мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байна.

 

Хариуцагч “Т” ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлд, хүн амын орлогын албан татварт болон ажилчдын цалинд, өмгөөллийн хөлс нийт 221,195,413 төгрөгийг Э ХХК-ийн өмнөөс төлсөн гэсэн боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлд ”шимтгэл төлөгч” гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг ойлгоно, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1-д ажил олгогч хуульд заасан хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна гэж тус тус зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх, хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь аливаа хуулийн этгээдийн үүрэг юм. 

 

Хавтаст хэрэгт “Т” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар болон бусад татварын тайлангууд баримтаар авагдсан боловч Э ХХК-ийн өмнөөс татвар, ажилчдын цалин, өмгөөллийн хөлс зэргийг төлж байсныг нотолсон баримт хэрэгт байхгүй байна.

 

 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гэх баримтууд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээнгийн 2017 оны №120 дугаар шинжээчийн дүгнэлтэд бүрэн хамрагдсан байх бөгөөд тус дүгнэлтийн 3-т “ ... 221,195,413 төгрөг нь “Т” ХХК, Э ХХК-уудын санхүүгийн тайланд давхардаж бүртгэгдсэн тул Э ХХК-аас авах авлагаас хасагдаж тооцогдсон байна гэж үзсэн нь үндэслэлтэй ... ” гэснийг дурдах нь зүйтэй.  

 

Нөгөө талаар талуудын байгуулсан гэрээнд түрээсийн төлбөрийг бетон зуурмагын борлуулалтын орлогын тодорхой хувиар төлөхөөс өөрөөр түрээсийн төлбөр төлөх нөхцөлийн талаар тохиролцоогүй тул дээрх мөнгийг түрээсийн төлбөрт төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч талын тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Хариуцагч гэрээ цуцлагдсантай холбогдуулж Э ХХК-ийн эзэмшилд үндэслэлгүйгээр шилжсэн өөрийн өмчлөл, эзэмшлийн гэх эд хөрөнгийн үнийг нэхэмжилсэн ба тухайн эд хөрөнгө одоо бодитойгоор байгаа эсэх, хаана байгаа нь тодорхой бус болсон тул мөрдөн байцаалтын шатанд гарсан “И” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг үндэслэн үнийг нь нэхэмжилнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК нэхэмжлэлийн энэ шаардлагыг эс зөвшөөрч хариуцагчийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө манайд шилжиж ирээгүй, үнэлгээний тайлангийн хавсралтад тусгагдсан эд хөрөнгүүд нь “Т”     ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө мөн болохыг нотолсон баримт байхгүй гэж маргасан.

 

 Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.” гэж заасан бөгөөд шударга эзэмшигч нь өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Харин эд хөрөнгийг эзэмших эрхгүй этгээд буюу шударга бус эзэмшигч нь эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй.

 

Хуулийн этгээдийн хувьд хөрөнгө өмчлөх, эзэмших эрх нь тухайн байгууллагын эрх бүхий этгээдийн хянаж, шалгасан бүртгэл, тооллого, тайлангаар тогтоогдох ба Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12.1-д “хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна.”,  хуулийн 12.2-т жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө, эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг заавал хийнэ гэжээ.

 

Нэхэмжлэлд дурдсан 91 нэр, төрлийн эд хөрөнгийг хариуцагч “Т” өөрийн өмчлөл, эзэмшлийн хөрөнгө гэж тодорхойлсон боловч хууль ёсоор тухайн хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхтэйг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.  

 

Хавтаст хэргийн 1 хавтас 207-р хуудсанд үндсэн хөрөнгийн жагсаалт гэсэн баримт авагдсан боловч тухайн баримтад эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, шалгаж баталгаажуулаагүй байх ба жагсаалтад заасан хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тайлан нь хөрөнгийн эзэмшигч хэн болохыг нотлох баримт болохгүй. 

 

Аливаа байгууллага ямар хөрөнгөтэй болох нь тухайн байгууллагын эд хөрөнгийн орлогын журнал, дэлгэрэнгүй бүртгэл болон балансаар тогтоогдож байх ёстой бөгөөд хариуцагч талын гаргасан бараа худалдаж авсан бэлэн мөнгө зарлагын баримт, кассын орлогын ордер, ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нь тухайн байгууллагад хөрөнгө бий болсон болон гүйлгээ хийгдсэнийг бүрэн нотолж чадахгүй байна.

 

Харин хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох Баянгол дүүргийн Прокурорын газрын эд хөрөнгө битүүмжлэх 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тогтоол, тэмдэглэлд “ ... Э ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн хашаанд зуурмагын түүхий эд хайрга /103м урт, 2м өндөр, 3,5м өргөн нуруулдсан/, элс /16м өргөн, 28м урт, 13м өргөн/ эд хөрөнгийг битүүмжлэв.“, хөрөнгө үнэлгээний “И” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланд “ ... 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр битүүмжлэгдсэн 103м урт, 2м өндөр, 3,5м өргөн хайргыг хэмжиж үзэхэд 88м урт, 13,3м өргөн, 2м өндөр болж хэмжээ нь өөрчлөгдсөн байсан ч суулт өгч тарсан байв. Холбогдох эрх бүхий хүмүүс хэмжилт хийж анхны битүүмжилсэн хэмжээ бүрэн байгааг шалгаж тогтоосон. 28м урт, 2,5м өндөр, 16м өргөн, мөн 58м урт, 2,5м өндөр, 13м өргөн нуруулдсан хоёр хэсэг элс байсныг түрж нийлүүлсэн ба хэмжиж үзэхэд 56м урт, 12м өргөн, 3м өндөр хэмжээтэй газрууд байв.” гэсэн байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч К 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “ ... сөрөг нэхэмжлэлээс элс, хайрга, цементийн үнэ 85,098,000 төгрөгийг Э ХХК хүлээн зөвшөөрч түрээсийн үлдэгдэл төлбөрөөс хасч тооцож болно ... “ гэх тайлбар, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон В.Ц “ ... “Т” ХХК үйл ажиллагаа явуулж байсан ба гэрээ цуцлагдсан гээд тэнд буулгасан элс, хайрга тэр чигтээ хашаанд үлдсэн, энэ нь баримтжуулагдсан байгаа ... “ гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж тухайн үед үед Э ХХК-ийн хашаанд үлдээсэн элс, хайрга нь “Т” ХХК-ийн үйлдвэрлэлд ашиглагдаж байсан түүхий эд материал болох нь тогтоогдож байна. Хариуцагч элс, хайрганы үнийг эрүүгийн хэрэг шалгаж байх үед тухайн үеийн зах зээлийн ханшаар гаргасан хөрөнгө үнэлгээний тайланд тодорхойлсон үнээр нэхэмжилсэн ба нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний талаар маргаагүй байна.

 

Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг буюу элс, хайрганы үнэ болох 85,098,000 төгрөгийг нэхэмжлэгч Э ХХК-аас гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 993,265,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх хэсгээсээ татгалзсан, хариуцагч “Т” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 16,848,468 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 6,017,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “Т” ХХК-аас 2,118,157 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, сөрөг нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 583,440 төгрөгийг Э ХХК-аас гаргуулж “Т” ХХК-нд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүхийн зардал болох шинжээчийн ажлын хөлс 2,400,000 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-аас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-аас 392,041,562 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,914,469,792 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-аас 85,098,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 993,265,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 16,848,468 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 6,017,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид “Т” ХХК-аас 2,118,157 төгрөг гаргуулж Э ХХК-нд, сөрөг нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 583,440 төгрөгийг Э ХХК-аас гаргуулж “Т” ХХК-нд тус тус олгосугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “Т” ХХК-аас шинжээчийн ажлын хөлс 2,400,000 төгрөгийг гаргуулж Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн /Төрийн сан банкин дахь 100900012005 данс/-д олгосугай.

           5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ЛХАГВАСҮРЭН