Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 181

 

 

 

 

 

 

 

 

 

 

     Ц.Т-т холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Х.Цэвээнжав,

шүүгдэгч Ц.Т-ийн өмгөөлөгч Р.Батцогт,  

            нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1040 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Т-ийн өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Т-т холбогдох 1808009380261 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Ц-ийн Т, Төв аймгийн ............... суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......................... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..; эцэг, эхийн хамт Төв аймгийн ............. сумын ...... дугаар баг, ........, ... гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ..................../,

 

Ц.Т нь 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 25-14 тоот хашааны гадна иргэн А.Б-ы 300,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung J7” загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Т-ийг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 136 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Т нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Т-ийн өмгөөлөгч Р.Батцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч А.Б мөрдөн байцаалтад “... Хашаа руу орох гэтэл Ц.Т намайг түлхэж, хөлөөрөө хавирч унагасан. Тэгээд миний халаас руу гараа хийж, гар утсыг минь хүчээр авсан. Би өгөхгүй гэж нилээн зууралдсан. Тэр үед би айгаад туслаарай гэж орилоход хүн сонсохгүй байсан. Тэгтэл манай найз Х.Д гарч ирсэн. Х.Д, Ц.Т-ийн араас гүйсэн. Би наадах чинь миний утсыг аваад зугтчихлаа гэж хэлсэн. Х.Д араас нь барьж авсан...” гэж мэдүүлдэг. Харин шүүх хуралдаанд “...Би нохойтой гэж хэлээд холдуулах гээд гар руу нь түлхтэл Ц.Т-ийн царай сонин болоод намайг түлхэж хавирч унагаасан. Тэгээд миний халаасыг ухсан бөгөөд би цагдаад хэлнэ гэхэд “хохь чинь” гэж хэлсэн. Би ээжээ дуудаж орилсон. Би уначихаад арай гэж босоход найз Х.Д гарч ирсэн, миний утсыг авчихлаа гэхэд Ц.Т-ийг зам тосоод бариад авсан юм. Мөн Х.Д-ын ах, эхнэртэйгээ гараад ирсэн байсан...” гэж хоёр өөр зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Мөн хохирогч А.Б-ы хувийн байдал зэргээс харахад Ц.Т хүч хэрэглэсэн гэхэд эргэлзээ төрүүлж байна.

Мөн уг хэргийн гэрч Х.Д мөрдөн байцаалтад “... Гэртээ ороод удаагүй байхад А.Б “Даавкаа” гээд дуудах сонсогдсон. Гарч ирэхэд нөгөө хамт зогсож байсан залуу А.Б-ыг түлхэж газар унагаад, гар утсыг нь булааж аваад зугтаасан. Би араас нь хөөгөөд малгайтай цамцных нь араас татаж унагаад...” гэж мэдүүлсэн атлаа мөн шүүхийн хэлэлцүүлэгт “... Би тэр өдөр гэрийнхээ хашаанд мод хагалаад байж байсан бөгөөд намайг гэртээ орох гэж байхад А.Б-ы “туслаарай, бариад аваарай” гэсэн дуу сонсогдсон. Тэгэхээр нь би хашааны үүдэнд гүйж гарахад Ц.Т гэх залуу зугтааж байхаар нь би тосож барьж авсан ...” гэж мөн л анх мөрдөн байцаалтад мэдүүлж байснаасаа огт өөрөөр мэдүүлсэн. Учир нь хохирогч А.Б-ы хашаа, гэрч Х.Д-ын хашаанаас хүнийг араас нь хөөж барьж авах боломжгүй хол газар буюу 131 метр газар байгаа гэсэн нотлох баримтыг гаргаж өгсөний дараа ийнхүү мэдүүлгээ өөрчилж хөөж барьж аваагүй амдаж барьж авсан мэтээр мэдүүлсэн. Тухайн хэрэг болсон гэх гудамж нь огт гэрэлтүүлэггүй харанхуй гудамж, тухайн цаг хугацаанд cap гараагүй байсан бөгөөд тэр хол газраас харанхуйд чухам юу болж байгааг харах боломжгүй. Мөн А.Б ямар нэг байдлаар тусламж дуудан хашгирсныг сонсоод гарч ирсэн байлаа ч гэрч Х.Д, Ц.Тийн түлхэж унагасан үйлдлийг цаг хугацааны хувьд харах боломжгүй. Хохирогч А.Б нь мөрдөн байцаалтад “манай ээжийн сонсгол муу” гэж мэдүүлсээр атал А.Б-ы ээжийн сонсголын тодорхойлоогүй, ийм ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай байсан. Учир нь 131 метрийн зайнаас хүний дууг сонсох, 10 орчим метрийн зайнаас хүний дууг сонсох нь, сонсогдох байдлын хувьд өөр байна.

Хүч хэрэглэсэн гэдгийг тогтоохын тулд хохирогч А.Б-д учирсан гэмтлийг заавал шүүх эмнэлгээр тогтоолгох шаардлагатай байсан боловч ийм ажиллагаа огт хийгээгүй. Хохирогч А.Б-ы мэдүүлэг нотлох баримт болох ч давхар өөр нотлох баримтаар батлагдсан байх шаардлагатай.

Дээрх нөхцөл байдлаас харахад хохирогч, гэрч хоёр мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд зөрүүтэй мэдүүлэг өгсөн, гэмтэл тогтоолгоогүй зэрэг нь шүүгдэгч Ц.Тийг хүч хэрэглсэн гэх үйлдэл бүрэн тогтоогдоогүй, түүнийг хохирогч А.Б-ыг хүч хэрэглэн дээрэмдсэн гэдэгт эргэлзээ төрүүлж байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасныг зөрчсөн байна. Учир нь талуудыг мэтгэлцэх боломжоор хангахдаа өмгөөлөх талын гаргаж өгсөн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэг гаргасан тайлбарыг үнэлээгүй.

Мөн Анхан шатны шүүх эргэлзээтэй нөхцөл байдал байсаар атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг хэрэгсээгүй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1040 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.

Ц.Т “дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн, хүч хэрэглээгүй” гэж хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хохиролд 1,000,000 төгрөг төлсөн. Ц.Т-ийн хувьд айлын ганц хүү, дунд сургууль болон их сургуулиа онц дүнтэй төгсч, математикийн улс, аймгийн чанартай олимпиадад оролцож, удаа дараа нэг болон хоёрдугаар байр эзэлж байсан. Эдгээр материал нь хавтас хэрэгт авагдсан. Залуу хүн учраас дээрх байдлыг харгалзан үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

            Хохирогч А.Б давж заалдах гомдолд бичгээр гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Т-ийн өмгөөлөгч Р.Батцогт ээжийг маань илт доромжилсон үг хэлж, ээжийнх нь чих хатуу учраас охиныхоо гадаа орилсныг сонсоогүй, тиймээс ээжийнх нь сонсгол муутай эсэхийг шалгуулъя, мөн яагаад охин хүүхдээ оройн цагаар ажил хийлгэж, харж ханддаггүй юм гэсэн утга бүхий зүйл ярьсан. Би 26 настай, насанд хүрсэн хүн учраас эцэг, эхээсээ хараат бус, эрх зүйн бүрэн чадамжтай болсон хүн. Өглөөний цагаар сургалтанд сууж, өдрийн цагаар ажил хийж өөрийгөө дайчилж гэр бүлдээ туслалцаа үзүүлдэг. Миний энэ байдалд буруу зүйл байхгүй.

            Өмгөөлөгч Р.Батцогт хувь хүний мэдээллийг хуулиар хамгаална гэсэн Монгол Улсын Үндсэн хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, миний зөрчлийн хувийн мэдээллийг зохих байгууллагын зөвшөөрөлгүй хаанаас авсан нь тодорхойгүй гарган ирж дэлгэсэнд гомдолтой байна. Миний хувийн асуудал энэ хэрэгт ямар ч хамааралгүй ба тухайн үед шалгаж эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл хууль бусаар авсан баримтаа анхан шатны шүүхэд өгч миний нэр хүндийг гутаасан. Анхан шатны шүүхийн шүүгч хүнийг мөрдөж, нотлох баримтыг хууль бус арга хэрэгслээр цуглуулж, хуулиар олгогдсон эрхэнд нь халдаж, нэр төрийг нь гутааж болохгүй гэж өмгөөлөгчийн гаргасан нотлох баримтыг хүлээн аваагүй. Гэтэл өмгөөлөгч давж заалдах гомдолдоо дээрх асуудлыг үндэслэл болгон дурьдсан байна.

            Иймд миний бие гомдолтой байгаа тул миний нэр хүнд болон ээжийг минь доромжилж байгаа энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Прокурор Х.Цэвээнжав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч А.Б нь “хавирч унагаасан” гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтвортой мэдүүлж ирсэн. 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд гэрч Х.Д оролцож, мэдүүлэг өгөхдөө “хавирч унагаахыг харсан” гэж, дараа нь “унасан байхыг нь харсан” гэж мэдүүлсэн. Эхний мэдүүлэгтээ “унах үед нь хамт байсан” гээд, хоёр дахь мэдүүлэгтээ “угтаж, гүйж очиход уначихсан байсан” гэж мэдүүлснийг өмгөөлөгч зөрүүтэй гэж үзээд байгаа. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч, хохирогч нар өөрийн биеэр ирж мэдүүлэг өгсөн. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар Ц.Т-т холбогдох хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Ц.Т нь 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 25-14 тоот хашааны гадна иргэн А.Б-ыг хавирч унаган, халааснаас нь 300,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung J7” загварын гар утсыг дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч А.Б-ы “... намайг Ц.Т түлхэж, хавирч унагаад халаас руу гараа хийж гар утсыг минь хүчээр авсан...” /хх 12-13, 14-15, 16-17, 113-114/,

гэрч Х.Д-ын “... А.Б “Даавкаа” гэж дуудах шиг болохоор нь гараад иртэл гудамжинд А.Б-ыг хамт зогсож байсан залуу нь түлхэж газар унагаад гар утсыг нь аваад зугтаасан...” /хх 20-21/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогчийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 5/,

эд зүйлийн үнэлгээ /хх 27/, шүүгдэгч Ц.Т-ийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх, Ц.Т-ийг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулжээ. 

 

Шүүгдэгч Ц.Т-ийн өмгөөлөгч Р.Батцогт “... хохирогч А.Б, гэрч Х.Д нарын мэдүүлгүүд зөрүүтэй, шүүгдэгч Ц.Т дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хүч хэрэглэсэн болох нь эргэлзээтэй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна. 

 

Учир нь, шүүгдэгч Ц.Т дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийг түлхэж, хавирч унаган хүч хэрэглэсэн талаар хохирогч А.Б-ы өгсөн тодорхой, тогтвортой удаа дараагийн мэдүүлгүүд нь гэрч Х.Д-ын шүүх хуралдаанд “... намайг Т гэж залууг барьж авах үед Булган хашааныхаа үүдэнд унасан харагдаж байсан...” гэх мэдүүлгээр давхар нотлогдсон болно.

 

Хохирогч А.Б, гэрч Х.Д нарын мэдүүлгүүдэд шүүгдэгчийн хүч хэрэглэсэн дээрх үйлдлийн талаар ноцтой зөрүүтэй байдал тогтоогдоогүй тул тэдний мэдүүлэгт үндэслэн Ц.Т-ийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Батцогт гэмт хэрэг үйлдэгдсэн газар орон, орчин тойрны байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтийг нотлох баримтаар гарган өгч мэтгэлцэх үндэслэлээ болгосон байхад шүүх огт дүгнэлт хийгээгүй хэмээн гомдолдоо дурьджээ.

 

Хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг эрх бүхий албан тушаалтан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шалгаж үнэлсэний эцэст шүүхийн шийдвэрийн үндэслэл болох бөгөөд энэхүү хуульд заасан журмыг зөрчиж цугларсан аливаа баримтыг нотлох баримтаар үнэлж болохгүй тул өмгөөлөгч Р.Батцогтын шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй нь зөв болжээ.

 

Шүүгдэгч Ц.Т болон түүний өмгөөлөгч Р.Батцогт нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Т-ийн өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1040 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Т-ийн өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН

 

                                    ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН